| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 155/2024/01271/и |
| Дугаар | 320/ШЗ2025/00365 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 320/ШЗ2025/00365
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ### сумын “” дугаар багт оршин суух, ### ### ### (### 8)-ын мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 155/2024/01271/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч П.### ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч П.### нь мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
1.1.Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.### би одоо 55 настай, малчин нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох болоход миний мал маллаж байсан А данс сумын архивт устсанаас мал тооллогын А данс байхгүй тул малчин нөхцөл хангахгүй болж, тэтгэвэр тогтоох боломжгүй гэх хариу өгсөн. Миний улсад ажиллаж байсан жил минь хүрч байгаа боловч бүрдүүлэх материал буюу малын А данс байхгүй байгаа юм. Энэ бол миний буруутай асуудал байхгүй, тухайн үеийн сум орон нутгийн бичиг хэргийн, засаг захиргааны буруутай үйлдэл, гал түймрийн аюулаас үүдэлтэй юм. Ийм учраас Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд хандсан боловч мөн надад “1996-1997, 1999-2000 оны баримтууд ирүүлэх” гэсэн зөвлөмж өгсөн. Би улсаас 1990-2000 оны нөхөн даатгалд хамрагдаж 11 жил авсан юм. Тус 11 жилийн баримтаас 1996-1997, 1999-2000 оны жилийг А дансаар баталгаажуулна гэсэн шаардлага тавиад байна. Тухайн үеийн буюу одоогоос 25-28 жилийн өмнөх баримтуудыг би олох боломжгүй, нотлох баримт бүрдүүлэх боломжгүй байна.
Иймд ### ### миний 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 1999 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
1.2.Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын сургуулийн 8 дугаар ангийг төгсөж, тус сумын Жаргалант Амьдралд нэгдэлд илтгээлтээр 1985 онд гарч тасралтгүй малчнаар ажилласан. Би 1987-1989 оны хооронд хугацаат цэргийн цэргийн албыг хаасан. Ингээд 1990 оноос хувьчлал гарч хувийн малаа өнөөдрийг хүртэл малласан. Гэтэл одоо малчнаар өндөр насны тэтгэвэрт орох гэтэл 1996-1997, 1999, 2000 онуудын малын А данс олдохгүй байна. Би Нийгмийн даатгалын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд хандсан бөгөөд зөвлөлөөс 1996, 1997, 1999, 2000 оны малын А дансыг авчир гэсэн. Гэвч малын А данс олдохгүй байгаа учраас шүүхэд хандсан.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын Тоом багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хувийн малаа маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгчээс ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд гаргасан нотлох баримтууд:
-Иргэний үнэмлэхний хуулбар,
-Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн зөвлөмж,
- Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1990 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал нөхөн тооцуулсан тухай ### ### ### ын 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
- Үндэсний архивын сан хөмрөг, 2000 оны Хүн амын тооллогын архивын лавлагааны хуулбар,
-Малын А дансны тооллогын баримтын хуулбар,
-Малчин мэргэжлийн үнэмлэхийн хуулбар,
-Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 6729001368 дугаартай гэрчилгээний хуулбар хувь,
-Монгол улс Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн №3192 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар хувь болон эх хувь,
-Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 155/ШШ2024/00284 дугаартай шийдвэрийн хуулбар,
-Малын эмч М.Батцэнгэлийн тодорхойлолт,
-Хөвсгөл аймгийн ### сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 61 дугаартай албан бичиг,
-### эмнэлгээс гарагчийн картын хуулбар,
-### өвчний түүхийн хуулбар,
-### 2001 оны Төрөлтийн түүхийн хуулбар,
-П.### ын Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын ЗДТГ-ын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлд гаргасан хүсэлтийн хуулбар,
-Жаргалант Амьдрал нэгдлийн “Баялаг” компанийн захирал ### н тодорхойлолт,
-Гараар бичсэн дэвтрийн хуулбарууд
2.1.Хүсэлт гаргагчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Гэрч: ### нарын шүүхэд өгсөн мэдүүлэг.
2.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн 30/1486 дугаартай албан бичиг,
-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн CVL2467010001008584 дугаартай ### ### ын төрсний бүртгэлийн лавлагаа,
--Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн CVL2467010001008562 дугаартай ### ### ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,
-### ### ### ын Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаягийн хуудас № 7 баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),
- ### ### ### ын Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 21 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),
-Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 332 дугаартай албан бичиг,
- П.### ын малын тоо толгойн албан төлсөн лавлагаа,
- Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1990 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал нөхөн тооцуулсан тухай лавлагаа,
-Архивын Ерөнхий газрын харьяа Үндэсний төв архивын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02/1175 дугаартай албан бичиг,
-Архивын Ерөнхий газар Үндэсний төв архивын 1989, 2000 онуудын Хүн амын тооллогын лавлагаа,
-Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний 11/1116 дугаартай албан бичиг,
-Хөвсгөл аймгийн ### сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 3/335 дугаартай албан бичиг зэрэг болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.### нь мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанд П.### ... Би Нийгмийн даатгалын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд хандсан бөгөөд зөвлөлөөс 1996, 1997, 1999, 2000 оны малын А дансыг авчир гэсэн. Гэвч малын А данс олдохгүй байгаа учраас шүүхэд хандсан... гэж тайлбарлаж байна.
П.### ын Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын Тоом багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хувийн малаа маллаж байсан байдлаа тогтоолгохоор Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд хандсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн Нийгмийн даатгалын Улсын байцаагч Ням-Очирын Хөвсгөл-далайгийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ### сумын 3 дугаар баг, овог: Пүжий, нэр: ### , регистрийн дугаар: РН69041848, 1-р хэсэг: зөвлөмж 1995-2000 оныг малчнаар тооцуулах, 2-р хэсэг: баримт бичгийн бүрдэл, 3-р хэсэг: ажилласан жил тооцох, 4-р хэсэг: бичиг баримтын зөрчилтэй, 5. Зөвлөмж /анхан шатны баримт бүрдүүлэх/ цэргийн батлах /лавлагаа/, шүүхийн шийдвэр, 1989 оны ХАОСТооллогын лавлагаа, аав цэргийн батлах /лавлагаа/, аав Пүжий 2000 оны ХАОСТооллогын лавлагаанд байхгүй тул тодруулах, 1995, 1998 оны баримтуудыг эх хувьтай тулган баталгаажуулалт хийх, 1996-1997, 1999-2000 оны баримтууд ирүүлэхийг зөвлөж байна гэх бичилттэй зөвлөмж бичгээр тогтоогдов.
Нэхэмжлэгч П.### нь Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын Тоом багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хувийн малаа маллаж байсантай холбоотой баримтуудыг Нийгмийн даатгалын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн зөвлөмжийн дагуу хүргүүлэх нь зүйтэй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой...гэж заасан байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна. Иймд П.### ын мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлттэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч П.### д олголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д зааснаар нэхэмжлэгч П.### ын хүсэлттэй мал маллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч П.### д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН