| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0089/э |
| Дугаар | 115 |
| Огноо | 2018-02-01 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | П.Нямцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Сүхжаргал,
улсын яллагч П.Нямцэцэг,
шүүгдэгч Г.О,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Намжилмаа нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайжи овгийн Ганжуурын Отгонлхагвад холбогдох эрүүгийн 201725012114 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Т овгийн Г О, 1984 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 996/Б тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Г.О нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 4-612/б тоотод оршин суух О.Цэнд-Ауюшийн байшингийн хаалганы цоожийг эвдэн орж зурагт, эмэгтэй хүний хувцас, хөнжил зэрэг эд зүйл хулгайлж 298.232 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр намайг дүүгийндээ байхад Баасансүрэн орж ирээд нэг шил архи уугчихаад намайг дагуулаад гарсан. Баасансүрэн ахындаа орж юм авах хэрэгтэй байна гээд нэг байшингийн гадаа явж очсон. Тэгээд байшин руу ороод хэсэг хугацааны дараа намайг дуудаж зурагтын антенийг салгуулсан. Тэгээд бид хоёр зурагт, хөнжил аваад гарсан …” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч О.Цэнд-Аюуш мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр манай ээж Оюунцэцэг 16 цагийн үед манай гэрийг цоожлоод сургуулиас хүүхэд авахаар гарсан байсан. 17 цагийн үед манай гэрт дүү Уулзахбаяр ирэхэд манай хашааны хаалга онгорхой, байшингийн үүдний амбаарын цоожийг хашаанд байсан хуучин дугуйн дорцовоор цохиод цоожийг нь эвдчихсэн, дотор хаалганы зүүдэг цоожийг мөн цохиод эвдсэн байсан. Тэгээд байшингийн хаалганууд онгорхой байсан гэсэн. Цагдаад мэдэгдээд цагдаа ирж үзлэг хийсэн байсан. Гэрт очиход гэрийн доторх зүйлсийг эмх замбараагүй болгоод орхисон байсан. Эд зүйлээ бүртгээд үзэхэд том өрөөний шүүгээн дээр байсан 43 инчийн Самсунг плазма зурагт алдагдсан байсан. Том өрөөний зүүн урд буланд хураасан байсан хөнжил 2 ширхэг, хөнжлийн даавуу 2 ширхэг, гудас 1 ширхэг, дэрний уут 2 ширхэг алдагдсан байсан. Унтлагын өрөөнд байсан авдар дотроос эхнэрийн хувцаснууд алдагдсан байсан. Тэр авдраас 4 шил архи, А4 хэмжээний сувинер алдагдсан, том өрөөнөөс хүүхдийн тоглоом алдагдсан…” гэжээ /хх-22-23/.
ДАМНО ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан “эд зүйл үнэлсэн үнэлгээ” /хх-73/.
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-7/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 06/598 дугаар дүгнэлт:
“1. Хэргийн газраас бэхжүүлж авсан 2 дугаартай гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд тэнцэж байгаа 2 дугаартай гарын мөр нь 2003.10.20, 2016.08.26 өдөр тус тус санд бүртгэгдсэн Ганжуур овогтой Отгонлхагвын зүүн гарын дунд хурууны дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна” гэжээ /хх-29/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-85, 89-90/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.О нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 4-612/б тоотод оршин суух О.Цэнд-Ауюшийн байшингийн хаалганы цоожийг эвдэн орж зурагт, эмэгтэй хүний хувцас, хөнжил зэрэг эд зүйл хулгайлж 298.232 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Отгонлхагвыг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Отгонлхагвын үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед буюу 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр үйлдэгдсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан хорих ялын доод хэмжээг оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Мөн шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал болон бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзэж, оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн автомашины 1 ширхэг дорцов төмрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Хохирогч О.Цэнд-Аюуш нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлэхдээ “...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би хохирол нэхэмжлэхгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Г.Отгонлхагвыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Прокуророос шүүгдэгч Г.Отгонлхагвыг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Тайжи овгийн Ганжуурын Отгонлхагвыг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Од эд хөрөнгө хураахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Шүүгдэгч Г.Од оногдуулсан хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Хэрэгт хураагдан ирсэн автомашины 1 ширхэг дорцов төмрийг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шүүгдэгч Г.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
7. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Од энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг цагдаагийн байгууллагад даалгасугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН