| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 2313001500160 |
| Дугаар | 2023/ДШМ/35 |
| Огноо | 2023-10-13 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Х.Өрен |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 2023/ДШМ/35
К.Х-т холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/128 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч К.Х-т холбогдох эрүүгийн 2313001500160 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрен, шүүгдэгч К.Х, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан, Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бахытбек нар оролцов.
1. Монгол Улсын иргэн, *****-ний өдөр, *****-д төрсөн, *** настай, эрэгтэй, **** боловсролтой, ***** мэргэжилтэй, ******* ажилтай, ам бүл *** хүнтэй, ***** хамт амьдардаг, *****-т оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй Х овогт К.Х.
2. Шүүгдэгч К.Х нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус аймгийн Буянт сумын Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/63 дугаартай захирамжаар батлагдсан бүтэц, орон тооны хязгаараас хэтрүүлж, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 дугаартай “Орон тооны жишиг норматив батлах тухай” тушаалд огт байхгүй хүмүүжлийн эрхлэгчийн орон тоог шинээр бий болгож 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Ү.К-ыг тус сургуулийн хүмүүжлийн эрхлэгч гэх албан тушаалд томилж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж бусдад давуу байдал бий болгож улсын төсөвт 8,412,942.8 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
3. Прокурорын 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 119 дүгээр яллах дүгнэлтээр К.Х-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/128 дугаар шийтгэх тогтоолоор:
4.1. Шүүгдэгч Х овогт К.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Х-ын нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,
4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Х-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж,
4.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Х-т оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,
4.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч К.Х-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас улсад учирсан хохирол болох 8,412,942.8 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1. Анхан шатны шүүхээс шүүгдэгч К.Х надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан явдлыг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс надад оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ял хүндсэн гэж үзэж байна.
5.2. Шүүгдэгч К.Х би анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн гэмт хэргээ мөрдөн байцаалтын шатнаас эхлэн чин санаасаа гэмшин ухамсарлаж байгаа, өнгөрсөн хугацаанд хуулийн байгууллагаас дуудсан хугацаанд саадгүй ирж байсан.
5.3. Шүүгдэгч К.Х би анх удаа тохиолдлын шинж чанартай гэмт хэрэгт холбогдсон буюу урьд тус сургуульд олон жил захирал, эрхлэгч байсан Ү.К-г ажилтай болгохын тулд уг асуудалд хөнгөмсгөөр хандаж ийм буруу асуудал гаргаснаа ойлгож байна.
5.4. Уг гэмт хэргийн улмаас улсын төсөвт учирсан хохирол 8,412,942 төгрөгийг сайн дураар төлөхийг удаа дараа илэрхийлсэн болно.
5.5. Миний ар гэрийн байдал гачигдалтай буюу эхнэр Жанерке маань судасны хатуурал, бөглөрлийн өвчтэй, байнга эмчийн хяналтад байдаг, одоо жирэмсэн байгаа, бага насны 2 ба 4 насны хүүхдийн хамт амьдардаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү.
5.6. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн 2023/ШЦТ/128 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулан нийтийн албанд томилогдох эрхийг багасган, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх эсвэл торгуулийн ялаар сольж өгөхийг хүсье.
6. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлт:
6.1. Шүүгдэгч нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус аймгийн Буянт сумын Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А65 дугаартай захирамжаар батлагдсан бүтэц орон тооны хязгаараас хэтрүүлж, Боловсрол шинжлэх ухааны сайд болон Сангийн сайд нарын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тоот дугаартай орон тооны жишиг норматив батлах тухай тушаалд огт байхгүй хүмүүжлийн эрхлэгчийн орон тоог шинээр бий болгож, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс К-ыг тус сургуулийн хүмүүжүүлэгчийн эрхлэгч гэх албан тушаалд томилж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, бусдад давуу байдал үүсгэж, улсын төсөвт 8,412,942 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон.
6.2. Энэхүү гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс холбогдох хэргийг 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэж 128 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож түүнд нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн байна.
6.3. Энэхүү шийтгэх тогтоол нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохирлыг барагдуулаагүй зэрэг байдлыг харгалзан үзэж, оногдуулсан үндэслэл бүхий шийдвэр болсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж дүгнэлтээ гаргаж байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан боловч дараах үндэслэлүүдээр хэргийн зүйлчлэл болон ял шийтгэлийг хүндрүүлэхгүйгээр өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
8. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
9. Баян-Өлгий аймгийн Буянт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал ажилтай К.Х нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18 дахь заалтад заасан төсвийн шууд захирагч мөн болохын хувьд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалтад зааснаар удирдаж буй байгууллагынхаа төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах байдлаар санхүү, төсвийн зохистой, хууль ёсны удирдлагыг хэрэгжүүлэх төсвийн зарчмыг баримтлах үүрэгтэй.
Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтын дагуу төрийн үйлчилгээний албаны удирдах ажилтан буюу нийтийн албан тушаалтан мөн болохын хувьд тухайн сургуулийн бүтэц, орон тоог төсвийн ерөнхийлөн захирагч буюу сумын Засаг даргаас баталсан хязгаарын дотор оновчтой, үр ашигтай, хэмнэлттэй удирдаж, төсвийн шууд захирагчийн чиг үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэрвээ тухайн нийтийн албан тушаалтан батлагдсан орон тоонд зохих сонгон шалгаруулалтгүйгээр ажилтан авч ажиллуулсан, эсхүл батлагдсан орон тооны дээд хязгаараас хэтрүүлж буюу батлагдаагүй орон тоонд ажилтан авч ажиллуулсан, эсхүл огт байхгүй орон тоонд ажилтан авч ажиллуулах зэргээр албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн /төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, зохистой удирдах/ эсрэг урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байвал бий болгосон бол энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангах юм.
10. Шүүгдэгч К.Х нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус аймгийн Буянт сумын Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/63 дугаартай захирамжаар батлагдсан бүтэц орон тооны хязгаараас хэтрүүлж, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 дугаартай “Орон тооны жишиг норматив батлах тухай” тушаалд огт байхгүй “хүмүүжлийн эрхлэгч”-ийн орон тоог шинээр бий болгож 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Ү.К-ыг тус сургуулийн хүмүүжлийн эрхлэгч гэх албан тушаалд томилж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж бусдад давуу байдал бий болгож улсын төсөвт 8,412,942.8 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон бөгөөд түүний энэхүү үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдлыг тогтоох болон хууль ёсны, гэм буруугийн зарчмуудад тус тус нийцсэн гэж үзнэ.
11. Анхан шатны шүүх шүүгдэгч К.Х-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор мөн зүйл, хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчмын шаардлыг хангасан байна. Иймээс шүүгдэгчийн “...нийтийн албанд томилогдох эрхийг багасган, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх эсвэл торгуулийн ялаар сольж өгөхийг хүсье” гэх давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй.
12. Шүүгдэгч К.Х-ын сургуулийн төсвийн шууд захирагчийн хувьд батлагдсан бүтэц орон тооны хязгаараас хэтрүүлж, орон тооны жишиг нормативд огт заагдаагүй орон тоог шинээр бий болгож 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Ү.К-ыг Баян-Өлгий аймгийн Буянт сумын Ерөнхий боловсролын сургуулийн хүмүүжлийн эрхлэгч гэх албан тушаалд томилж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж бусдад давуу байдал бий болгосон гэмт үйлдлийн улмаас улсын төсөвт 8,412,942.8 төгрөгийн хохирол учирсан нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүгдэгч энэхүү хохирлыг нөхөн төлөхөө бодитой илэрхийлсэн байна.
13. Хэргийн баримтаар шүүгдэгч К.Х нь Ү.К-ыг сургуулийн бүтэц, орон тоонд огт байхгүй хүмүүжлийн эрхлэгч гэх албан тушаалд томилж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж бусдад давуу байдал бий болгохдоо улсын төсөвт 8,412,942.8 төгрөгийн хохирол учруулсан, харин тухайн гэмт хэргийг үйлдэж тодорхой хөрөнгө, орлого олсон нь баримтаар тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдийг хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсныг залруулж, зөвтөх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Иймд давж заалдах шатны шүүх хуралдаанаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 5 дахь заалтад К.Х-ын гэмт үйлдлийн улмаас улсын төсөвт учирсан 8,412,942.8 төгрөгийн хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс гаргуулан улсын төсөвт оруулахаар өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
14. Шүүгдэгч К.Х-ын “анхан шатны шүүхээс оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах нэмэгдэл ялын хэмжээг багасган, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх эсвэл торгуулийн ялаар солих” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь К.Х-ын үйлдсэн гэмт хэрэг, авлигын гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж үзвэл, түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг журам, шударга ёсны зарчмыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/128 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч К.Х-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК