Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2025/0032

 

 

   2025         01           07                                     128/ШШ2025/0032

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М” ХХК /РД:/,

Хариуцагч: Улаанбаатар хотын Гаалийн газар,

Нэхэмжлэлийн шаардлага: “Улаанбаатар хотын Гаалийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/303, мөн Гаалийн газрын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/387 дугаар албан бичгүүдийг хүчингүй болгуулах, Улаанбаатар хотын Гаалийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэрээр “М” ХХК-ийн нэр дээр ачаа тээврийн №29, №24 дугаартай вагонуудаар ирсэн цагаан будааг Улаанбаатар хотын гаалийн хяналтын АБТЭМА-1 бүсэд буулгасан үйл ажиллагааны *******с манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирч байх тул тухайн захиргааны актыг буюу шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Л.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхсаруул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Нэхэмжлэгч “М” ХХК нь Бүгд Найрамдах В Улсын MTD “Vietnam import export company”-тай байгуулсан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу В улсаас 29, 524 дугаартай вагоноор тус бүр нь 59.5 тонн буюу нийт 119 тонн цагаан будааг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хот дахь Гаалийн газрын АБТЭМА-1 гаалийн хяналтын бүсэд оруулж ирсэн.

1.2. Дээрх 119 тонн цагаан будааг гаалийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн дор вагонуудаас буулгасан ба буулгасан будааг агуулахад хурааж “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******г байлцуулан бүтээгдэхүүнд биет шалгалт хийж, лабораторийн шинжилгээнд хамруулсан байна.

1.3. Стандарт хэмжил зүйн газрын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 23/2025, 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 23/2078 дугаартай шинжилгээний хариуд 29 дугаартай вагоноор тээвэрлэгдэн ирсэн 59.5 тонн цагаан будаанаас гадаад хорио цээртэй гурилын жижиг жуулгавч үхсэн хэлбэрээр 1 ширхэг, толгой 3 ширхэг, хэвлий 3 ширхэг авгалдайн гуужсан хальс 2 ширхгээр тус тус бохирлогдсон мөн 524 дугаартай вагоноор тээвэрлэгдэн ирсэн 59.5 тонн цагаан будаанаас шавжийн толгой 1 ширхэг, хэвлий 1 ширхэг, авгалдайн гуужсан хальс 2 ширхэг тус тус бохирлогдсон гэсэн шинжилгээний хариу ирснээр,  

1.4. Улаанбаатар хотын Гаалийн газар 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 01/303 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “...2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 23-2025 тоот, 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 23-2078 тоот давтан шинжилгээний дүнгээр тус тус гадаад хорио цээртэй Гурилын жижиг жуулгавч /Tribolium confysum Duv/ үхсэн хэлбэрээр илэрсэн, толгой, хэвлий хэсгийн тасархай, авгалдайн гуужсан хальсаар бохирлогдсон ... улсын хилээр нэвтрүүлэхийг хориглож байна...” гэж, мөн Гаалийн газар 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 01/387 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “... Cтандарт хэмжил зүйн газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 23-2561 тоот шинжилгээний дүнгээр гадаад хорио цээртэй Суринамын гурилч цохын /Oryzaephilus surinamensis/ толгой цээж-1ш, цээж хэвлий-1ш илэрсэн, шавжийн толгой, авгалдайн гуужсан хальсаар бохирлогдсон гээд ... бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглож байна...” гэж мэдэгджээ.

1.5. “М” ХХК-ийн зүгээс дээрх мэдэгдлүүдийг хүлээн зөвшөөрөөгүй тул Гаалийн ерөнхий газарт гомдол гаргасан ба 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 02-1.2/2318 дугаар албан бичгээр  “Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн шинжилгээгээр гадаад хорио цээртэй хөнөөлт шавж илэрсэн нь тогтоогдсон тул Улаанбаатар хотын Гаалийн газраас өгсөн мэдэгдлийн дагуу дээрх хуулийн холбогдох заалтад заасан үүргийг биелүүлэх нь зүйтэй” гэсэн хариуг авчээ.

1.6. Улмаар нэхэмжлэгч “М” ХХК-аас “Улаанбаатар хотын Гаалийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 01/303, 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 01/387 дугаар албан бичгүүдийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Улаанбаатар хотын Гаалийн газарт холбогдуулан гаргаснаар тус шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 6550 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн байна.

1.7. Нэхэмжлэгчээс 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “Улаанбаатар хотын Гаалийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэрээр “М” ХХК-ийн нэр дээр ачаа тээврийн 29, 24 дугаартай вагонуудаар ирсэн цагаан будааг Улаанбаатар хотын гаалийн хяналтын АБТЭМА-1 бүсэд буулгасан үйл ажиллагааны *******с манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирч байх тул тухайн захиргааны актыг буюу шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” гэх шаардлагаар нэхэмжлэлээ нэмэгдүүлсэн байна.

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

         2.1. “М” ХХК нь Бүгд Найрамдах Социалист В Улсын MTD "Vietnam import export company"-тай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж гэрээний үндсэн дээр В улсаас ачаа тээврийн 29, 524 дугаартай вагонуудаар тус бүр нь 59.5 тонн буюу нийт 119 тонн цагаан будааг илгээснийг импортлон оруулахаар Улаанбаатар хот дахь Гаалийн газрын АБТЭМА-1 гаалийн хяналтын бүсэд орж ирсэн.

         Эдгээр вагон дээрх 119 тонн цагаан будааг гаалийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн дор вагонуудаас буулгасан ба буулгасан будааг агуулахад хурааж шинжилгээ хийсэн ба шинжилгээгээр илэрсэн нөхцөл байдал, үр дүнгээс хамаарч импортоор оруулж ирж байсан 119 тонн цагаан будааг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй гэсэн шийдвэр гаргасан буюу хилээр нэвтрүүлэхээс татгалзсан.

         Тодруулбал, Улаанбаатар хот Гаалийн газрын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 01/303 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг “М” ХХК-д хаяглан ирлүүлсэн ба уг албан бичигт .... “Улаанбаатар хот дахь Гаалийн газрын АБТЭМА-1 гаалийн хяналтын бүсээр танай байгууллагын В улсаас MTD Vietnam “import export company”-aac 29 дугаартай вагоноор импортолсон 59.5 тн цагаан будаанд 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ургамлын хорио цээрийн хяналт шалгалт хийн лабораторийн шинжилгээнд хамрууллаа. Биет үзлэг болон САЗГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 23-2025 тоот мөн давтан шинжилгээний 2023 оны 04 дугаар сарын 14-ний өдрийн 23-2025 тоот дүнгээр тус тус гадаад хорио цээртэй гурилын жижиг жуулгавч /Tribolium confysum Duv/ үхсэн хэлбэрээр илэрсэн, толгой, хэвлийн тасархай, авгалдайн гуужсан хальсаар бохирлогдсон байна.

         Иймд Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио, цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 9.1.1, 10.1 дэх заалтыг үндэслэн тус хуулийн 13.1.1 заалтын дагуу бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглож байна. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио, цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 13.4 дэх заалтаар экспортлогч улсад буцаах үүрэгтэй болохыг мэдэгдэж байна. Дээрх үүргийг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.22.8 дахь заалтын дагуу арга хэмжээ авч ажиллах болно...” дарга Б.Батгэрэл гэсэн байдаг. 

         Улаанбаатар хотын Гаалийн газрын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 01/387 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг “М” ХХК-д хаяглан ирүүлсэн ба уг албан бичигт: “...Улаанбаатар хот дахь Гаалийн газрын АБТЭМА-1 гаалийн хяналтын бүсээр танай байгууллагын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр В улсаас MTD Vietnam import export company" 524 дугаартай вагоноор импортолсон 59.5 тн цагаан будаанд гадаад хорио цээрийн хяналт шалгалт болон лабораторийн шинжилгээт хяналтыг хийсэн. Стандарт хэмжилзүйн газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 23-2561 тоот шинжилгээний дүнгээр гадаад хорио цээртэй Суринамын гурилч цохын толгой цээж-1ш, цээж хэвлий 1ш, шавжийн толгой, авгалдайн гуужсан хальсаар бохирлогдсон байна. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 9.1.1, 10.1 дэх заалтыг үндэслэн тус хуулийн 13.1.1 заалтын дагуу бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглож байна.

         Иймд Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио, цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 13.4 дэх заалтаар экспортлогч улсад буцаах үүрэгтэй болохыг мэдэгдэж байна. Дээрх үүргийг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.22.8 дахь заалтын дагуу арга хэмжээ авч ажиллах болно...” дарга Б.Батгэрэл гэсэн байдаг.

         2.2. Захиргааны ерөнхий хуулийн есдүгээр бүлэгт заасны дагуу Гаалийн ерөнхий газарт буюу тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад нэхэмжлэгчийн зүгээс гомдол-хүсэлт гаргасан байдаг. Гомдлыг дээд шатны захиргааны байгууллагаас хүлээн авч хянаж үзээд Гаалийн ерөнхий газрын Хорио цээрийн хэлтсийн 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 02-1.2/2318 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичгийг 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүргүүлснийг хүлээн авсан. 02-1.2/2318 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичигт: “... Бүгд найрамдах Социалист В улсын MTD export and import компаниас цагаан будаанаас ургамлын хорио цээрийн үзлэг шалгалт хийж МХЕГ-ын хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн шинжилгээнд хамруулахад, тус лабораторийн шинжилгээний 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 23-2561 дугаартай шинжилгээний дүнгээр гадаад хорио цээртэй суринамын гурилч цох /Oryzaephilus surinamensis L./-толгой цээж, цээж хэвлий, шавжийн толгой, авгалдайн гуужсан хальсаар бохирлогдсон гэсэн хариу гарч, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А/100 дугаар тушаалаар батлагдсан Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаад хорио цээртэй болон тус улсад хязгаарлагдмал тархалттай дотоод хорио цээртэй ургамлын өвчин хог ургамал, хөнөөлт шавж, амьтдын нэрсийн жагсаалтад багтсан суринамын гурилч цох /Oryzaephilus surinamensis L./-н илэрсэн. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио, цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдэл хүлээн авсан иргэн, хуулийн этгээд амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцаах үүрэгтэй гэж заасны дагуу Улаанбаатар хотын Гаалийн газрын 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 01/387 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр будааг экспортлогч улс руу буцаах үүрэгтэйг мэдэгдсэн байна. Иймд хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн шинжилгээгээр гадаад хорио цээртэй хөнөөлт шавж илэрсэн нь тогтоогдсон тул Улаанбаатар хотын гаалийн газраас өгсөн мэдэгдлийн дагуу дээрх хуулийн холбогдох заалтад заасан үүргийг биелүүлэх нь зүйтэй...” гэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтыг үндэслэн дараах нэхэмжлэлийг гаргаж байна.

         2.3. Гаалийн байгууллага гадаад хорио цээртэй шавж илэрсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн импортлон оруулж ирэх гэж буй цагаан будааг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглож хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэхээс өмнө хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж байгаа эсэх асуудлыг нэг мөр болгох нь зүйтэй юм. “Гадаад хорио цээртэй амьтан” гэх ойлголтыг нэр мөр мухарласан байвал зохилтой гэж холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс үзэж байна.   

         Тодруулбал, эхний дугаарт “хорио цээртэй амьтан” гэдэгт юуг ойлгох талаар нэг тогтоох буюу “М” ХХК-ийн оруулж ирсэн цагаан будаанаас илэрсэн гэх гадаад цээртэй амьтан буюу “тэрхүү үхсэн шавж эсхүл үхсэн шавжийн биеийн хэсгүүд илэрсэн нь “хорио цээртэй амьтан” гэдэгт хамаарах эсэх”-ийг мухарлах зайлшгүй шаардлагатай. Цаашлаад “гадаад хорио цээртэй амьтан”, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглож байгаагийн буюу энэхүү хууль тогтоомжийн үзэл баримтлал ямар харилцааг зохицуулж байгаа, зохицуулалтын эцсийн зорилго буюу ач холбогдлыг зөв ойлгож хэрэглэх, тодруулан тогтоох ёстой. Хуулийн үзэл баримтлалд хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага (хууль болон практик шаардлага), хуулийн зохицуулах харилцаа, хамрах хүрээ, хуулийн төсөл батлагдсаны дараа үүсэж болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал зэргийг дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл энэ хуулийн зорилго нь гадаад хорио цээртэй амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг манай улсын хилээр оруулахгүй байх эцсийн туйлын зорилгыг агуулах бөгөөд ингэхийн учир шалтгаан нь эдгээрийг хилээр нэвтрүүлсний *******с дотоодод ямар нэгэн байдлаар хор хөнөөл учруулах боломж бүрдэх тул үүнийг нь хуулиар хориглож байгаа явдал юм.

         Жишээ нь гадаад хорио цээртэй амьтан тэр дундаа шавж орж ирснээс газар тариалангийн салбар хор хөнөөл учруулах буюу газар тариалангийн 30-40 орчим хувийг сүйтгэдэг гэх албан бус мэдээлэл байдаг. Ерөнхийдөө гадаад хорио цээртэй амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг монгол улсын хилээр нэвтрүүлснээр хүний амь бие, эрүүл мэнд, экосистем, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж хор хохирол учруулах тул үүнийг л хориглож байгаад хуулийн гол зорилго оршиж байна. Энэ ч үүднээс хуулийн 3 дугаар зүйлд эрсдэл, зөвшөөрөгдөх эрсдэл, эрсдэлийн задлан шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ, аюул гэх зэрэг ойлголтуудыг нарийвчлан тодорхойлсон байдаг. Тэгэхээр бидний оруулж ирсэн 119 тонн цагаан будаанд эрсдэл байгаа эсэх, хэрэв байгаа бол энэ нь зөвшөөрөгдөх эрсдэл эсэх, эрсдэлийн гаалийн байгууллага задлан шинжилсэн эсэх, мөн эрсдэлийг үнэлсэн эсэх, хэрэв ямар нэгэн байдлаар эрсдэлтэй бол эрсдэлийг буруулах боломжтой эсэх, эцэст нь аюултай эсэхийг гаалийн байгууллага тогтоох чиглэлээр ямар нэгэн ажиллагаа хийх зайлшгүй шаардлагатай байсан. Хэрэв эдгээр үхсэн шавж болон түүний биеийн хэсгүүд нь гадаад хорио цээртэй амьтан гэдэгт хамаарч байгаа бол үүнийг тогтоосон байвал зохино.

         2.4. Нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №100 дугаартай албан бичиг буюу тодорхойлолтоор Суринамын гурилч цох (Oryzaephilus surinamensis L.) болон Гурилын жижиг жуулгавч цох (Tribolium confysum Duv)-ын ангилал зүй, гарал үүсэл, амьдрах орчин, биологи, экологийн онцлог, идэш тэжээл, хор хөнөөл болон тэдгээрийн зүйлийн үхсэн хэлбэрийн хор хөнөөлийн талаарх мэдээллийг ирүүлсэн байдаг. Уг албан бичигт: “... 2. Үхсэн бодгалийн сэг зэм дахин сэргэж амьдрах боломжгүй тул байгаль орчин сөрөг нөлөөгүй ба байгальд задарч шингэдэг. Манай хүрээлэн хүний эрүүл мэндэд шавжийн үзүүлэх нөлөөг судалдаггүй тул тэдгээрийн сэг зэмээр бохирлогдсон бүтээгдэхүүн нь хүний амь нас эрүүл мэндэд нөлөөлөх эсэх асуудлыг нийгмийн эрүүл мэндийн харьяа байгууллагад хандаж мэдээлэл авах нь зүйтэй...” гэсэн байна. Өөрөөр хэлбэл бидний импортоор оруулж ирж буй 119 тн цагаан будаанд илэрсэн “...суринамын гурилч цох /Oryzaephilus surinamensis L./-толгой цээж, цээж хэвлий, шавжийн толгой, авгалдайн гуужсан хальс, гурилын жижиг жуулгавч /Tribolium confysum Duv/ үхсэн хэлбэрээр илэрсэн, толгой, хэвлийн тасархай, авгалдайн гуужсан хальс” зэргээс эргээд шавж амилах боломжгүй бөгөөд байгаль орчин хүрээлэн буй орчиндоо ямар нэгэн хор хөнөөлгүй болох нь тогтоогдсон.

         2.5. Нэмж хэлэхэд бидний зүгээс анх цагаан будааг тээвэрлэн ирсэн вагон дээрээс буулгахыг хэн нэгэн зөвшөөрөөгүй, нөгөөтээгүүр нь вагоноос ачаа барааг буулгах эсэхийг бид ч шийдвэрлэхтэй эрхтэй субъект биш. Вагоноос ачаа барааг гаалийн талбайд буулгасны дараагаар агуулахад байхад нь шинжилгээнд дээж авсан. Авсан дээжид шинжилгээ хийгдэж хариу гарсны дараа буцаах мэдэгдлийг Улаанбаатар хотын гаалийн байгууллагаас ирүүлсэн. Холбогдогч байгууллагын хувьд дээр дурдсанчлан буцаахаас урьтаж шинжилгээний хариу, гаалийн байгууллагын мэдэгдлийн үндэслэл болж буй гадаад хорио цээртэй амьтан мөн эсэх, ямар нэгэн байдлаар хүний амь бие эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хор хөнөөлтэй эсэх асуудлыг эргэцүүлж салбарын мэргэжилтнүүдээс албан бусаар лавлах зэргээр судалж үзсэн. Үүнтэй зэрэгцээд цагаан будааг буцаах боломжтой эсэхийг тодруулж олон улсын ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдсон. Тэдний зүгээс "...бид буцаах боломжгүй, та бүхэн анхнаасаа вагоноосоо буулгалгүй тээвэрлэж ирсэн вагоноор нь буцаавал зохилтой байсан, мөн олон улс хороонд ачаа тээвэрлэхэд тээвэрлэж буй ачаа барааг тодорхой шалгуур үзүүлэлтээр ангилан кодолдог ба цагаан будааны хамрагдах код бүхий барааг ОХУ болон БНХАУ аль аль нь өөрийн улсын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэхгүй байх дотоодын хууль эрх зүйн орчин үйлчилдэг...” гэсэн хариуг ээлж дараалан өгч байсан...” гэжээ.

         2.6. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ: “.... импортлон ирсэн хоёр вагон, нийт 119 тонн цагаан будаа бүхий ачаа тээврийг гаалийн хяналтын бүсийн, гаалийн байцаагчийн шийдвэрийн дагуу АБТЭМА-1 буюу Монгол- Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар Төмөр замын агуулах (битүү агуулахад)-д хоног тутам төлбөр төлөх нөхцөлтэйгөөр хадгалагдах байдлаар буулгасан байна.

         Дээрх шийдвэрийг гаргаж, маргааш нь буюу 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/294 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Гаалийн ханалтын бүсийн журам”-д заасны дагуу хяналт шалгалтын үйл ажиллагааг хорио цээрийн албаны гаалийн хяналтын байцаагч Ч.Ж******* явуулж шинжилгээний дээж авах үйл явц болж өнгөрсөн.

         СХЗГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори нь шинжилгээг 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хийж дуусгаад манай байгууллагад маргааш өдөр нь буюу тухайн сарын 14-ний өдөр хүргүүлсэн байдаг. Бидний зүгээс гадаад хорио цээртэй ургамлын хөнөөлт шавж буюу хоёр улсын хооронд байгуулагдсан хэлэлцээрт тусгагдсан “гурилын жижиг жуулгавч” шавжаар бохирлогдсон тухай шинжилгээний дүнг эс зөвшөөрч дахин шинжилгээг хийлгэх санал гаргасны дагуу дахин шинжилгээний дээд авч, дахин шинжилгээ хийлгэсэн ба 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 23-2078 дугаар шинжилгээний дүнгээр “гурилын жижиг жуулгавч” шавжаар бохирлогдсон боловч илрээгүй гэж, 2023 оны 5 дугаар сарын шинжилгээний дүнгээр бас өөр утга санаа бүхий дүн гарсан ба бидний зүгээс дүн гарсан талаарх мэдээллийг илгээгч  улс болох БНСВУ-ын “МТД” XXK /MDT LLC/-ид албан ёсны майл хаягаар нь мэдэгдэл хүргүүлсэн байдаг.

         Манай талаас илгээгч улс болох БНСВУ-д буцаах шийдвэрт хүрч буцаах гэсэн боловч хадгалалтын зардлыг биднээс АБТЭМА буюу УБТЗ-аас нэхэмжилсэн. Нэхэмжлэгч байгууллага нь тус хадгалалтын агуулахад буулгах шийдвэр гаргаагүй тул буулгах шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтан эсхүл буруутай этгээдээс төлбөрийг гаргуулах нь зүйтэй гэж үзсэн. Гэтэл Улаанбаатар хотын Гаалийн байгууллага энэ талаар тодорхой шийдвэр өгөөгүй болно. Гаалийн байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу дээрх барааны хадгалалтын зардлыг АБТЭМА-1 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар биднээс ачаа хадгалалтын зардалд нийт 361,684,600.00 төгрөгийг нэхэмжилж байна. Тухайн хадгалалтын зардлын үнийн тарифыг бидэнд хуулбар хувиар гаргаж өгсөн. Одоо манай байгууллагын зүгээс тухайн будааг илгээгч улс уруу буцаахад дээрх төлбөрийг төлөх хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байх тул АБТЭМА-ийн агуулахад үүссэн хадгалалтын зардлыг төлж байж барааг буцааснаар МТД ХХК-аас худалдаж авсан барааны үнийг эгүүлэн авах боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Иймд дээрх Улаанбаатар хотын гаалиас 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан агуулахад хадгалуулах буюу хадгалуулахаар агуулахад оруулах шийдвэр бүхий захиргааны акт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

         3.1. Хариуцагч Улаанбаатар хотын Гаалийн газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа:  “...Улаанбаатар хот дахь гаалийн газрын хорио цээрийн гаалийн улсын байцаагч Ч******* овогтой Ж******* нь 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Абтэма-1 гаалийн хяналтын бүсэд Бүгд найрамдах социалист В улсын MTD Vietnam import export company-aac “М” ХХК-ний импортолсон 119 тн цагаан будааг 02-2211022-23-130157 дугаартай гаалийн мэдүүлгээр гаалийн байгууллагад мэдүүлснийг (29, 524 дугаартай 2 вагон) тухайн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******г байлцуулан бүтээгдэхүүнд биет шалгалт хийж, лабораторийн шинжилгээнд хамруулсан. Биет шалгалтаар цагаан будаанаас үслэг зүйлээр бүрхэгдсэн шавж илэрсэн. (гэр үүсгэсэн)

         Стандарт хэмжил зүйн газрын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 23/2025, 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 23/2078 дугаартай шинжилгээний дүнгээр 29 дугаартай вагоноор тээвэрлэгдэн ирсэн 59.5 тн цагаан будаанаас гадаад хорио цээртэй гурилын жижиг жуулгавч [tribolium confusum Duv] үхсэн хэлбэрээр 1 ширхэг, толгой 3 ширхэг, хэвлий 3 ширхэг, авгалдайн гуужсан хальсан 2 ширхгээр тус тус бохирлогдсон. 524 дугаартай вагоноор тээвэрлэгдэн ирсэн 59.5 тн цагаан будаанаас шавжийн толгой 1 ширхэг, хэвлий 1 ширхэг, авгалдайн гуужсан хальс 2 ширхэг тус тус бохирлогдсон (шавжийн төрөл зүйл тодорхой бус) гэсэн шинжилгээний дүн ирүүлсэн.

         “М” ХХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу 524 дугаартай вагоноос 6 хүний бүрэлдэхүүнтэй дахин дээж авч Стандарт хэмжил зүйн газрын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид хүргүүлэхэд 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 23/2561 дугаартай шинжилгээний дүнгээр гадаад хорио цээртэй суринамын гурилч цохын [Oryzaephilus surinamensis L] толгой 1 ширхэг, цээж хэвлий 1 ширхэг илэрсэн. Шавжийн авгалдайн гуужсан хальс 2 ширхэг, толгой хэсгийн тасархай 2 ширхгээр бохирлогдсон гэх шинжилгээний дүн ирүүлсэн. Дээрх шинжилгээний дүнгүүдийг үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 01/303, 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 01/387 тоот албан бичгээр бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцаах үүрэгтэй болохыг мэдэгдсэн ч биелүүлээгүй, мөн 23******* дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа дуудсан хугацаанд ирээгүй. Иймд дараах нотлох баримтуудаар “М” ХХК-ийн импортолсон 119 тн цагаан будааг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байх нь үндэслэлтэй гэж үзэж байна.     

         Үүнд: тухайн бүтээгдэхүүнд биет шалгалт хийхэд шавж илэрсэн нь тус аж ахуй нэгжийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******гийн гараар бичсэн тэмдэглэл болон гэрэл зураг, видео бичлэг. Стандарт хэмжил зүйн газрын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторийн 3 удаагийн шинжилгээний дүн. Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах социалист В улсын Засгийн газрын хооронд ургамал хамгаалал, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн 1 дүгээр хавсралтад шинжилгээний дүнгээр илэрсэн гадаад хорио цээртэй 2 шавж багтсан.

         Эрүүл мэндийн сайдын 2019 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн А/200 дугаартай Аюулгүйн үзүүлэлт батлах тухай тушаалын 1 дүгээр хавсралтад илэрсэн 2 шавж нь шинжилгээгээр илрэхгүй гэх. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 26- ний өдрийн А/90 дугаартай тушаалаар Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаад хорио цээртэй шавжийн жагсаалтад дээрх 2 шавж байдаг.

         Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд. бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт. шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтаар "Монгол Улсаас гадаад улстай амьтан, ургамлын хорио цээрийн талаар байгуулсан хэлэлцээр, Монгол Улсын нэгдэн орсон гэрээ, конвенцод заасан стандарт, удирдамж, зөвлөмжийн нөхцөлийг мөрдөх” гэх нийтлэг шаардлагыг хангаж, энэ хуулийн 10.1. “Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлоход энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан нийтлэг шаардлагаас гадна дараахь шаардлагыг хангасан байна” гэж заасан. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалтаар энэ хуулийн 10.1, 11.1-д заасан шаардлагыг хангаагүй амьтан, ургамал, түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглодог, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.4. “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдэл хүлээн авсан иргэн, хуулийн этгээд амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцаах үүрэгтэй”, 15 дугаар зүйлийн 15.1.3.“тухайн ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд ургамлын гадаад хорио цээртэй зүйл илэрсэн” улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон амьтан ургамал түүхий эд бүтээгдэхүүнийг устгахаар заасан.

Дээрх баримтуудад үндэслэн “М” ХХК-ийн импортолсон 119 тн цагаан будаа будааг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх боломжгүй гэж үзэж байгаа тул тус аж ахуй нэгжийн гаргасан нэхэмжлэлээс татгалзаж өгнө үү...” гэжээ.

         3.2. Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулан шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: “...Тус гаалийн газар "М" ХХК-ийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хувийг хүлээн авч танилцан хариу тайлбар, татгалзах үндэслэлийг хүргүүлж байна.

         Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага "... Улаанбаатар хотын Гаалийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн шийдвэрээр "М" ХХК нь 29, 524 дугаартай вагонуудаар В Улсаас импортлогдсон 119тн цагаан будааг тус гаалийн газрын хяналтад байх Улаанбаатар төмөр Замын "АБТЭМА1" /Ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан анги/-ийн гаалийн баталгаат агуулахад буулгасан үйл ажиллагаа нь тухайн цаг үед гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж буй Гаалийн улсын ахлах байцаагч болон гаалийн хорио цээрийн гаалийн улсын байцаагч нарын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй болно. Үүнд:

         3.2.1. Гаалийн ерөнхий газраас гаргасан хуваарийн дагуу 2023 оны 04 дүгээр сард "АБТЭМА1" гаалийн хяналтын бүсийн гаалийн улсын ахлах байцаагч нь ГЕГ-ын даргын 2019 оны А275 дугаар тушаалын хавсралт “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын төмөр замаар тээвэрлэн гаалийн хилээр оруулах бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтад авах хэсгийн 2.16-д заасны дагуу дагалдах баримт бичиг бүрэн эсэхэд хяналт тавьж гарын үсгээр баталгаажуулан бүртгэл хийсэн болно. “М” ХХК-ийн В улсаас импортолсон 119 тн цагаан будааг “АБТЭМА1”-ийн агуулахын эрхлэгчид буулгах зөвшөөрлийг гаалийн байгууллага олгоогүй, нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь буулгах зөвшөөрлийг гаалийн эрх бүхий албан тушаалтан буулгасан мэтээр гарган өгч буй баримт бичиг нь гаалийн хяналтын бүсэд орж ирсэн ачаа барааны бичиг баримтыг хүлээн авсан “Гаалийн бүртгэлийн дэвтэр” болно.

         3.2.2. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын “АБТЭМА1”-ийн албан хаагчид нь “М” ХХК-ийн ачаа 119 тн цагаан будааг 29, 524 дугаарын вагоноос гаалийн хяналтын бүсийн баталгаат агуулахад буулгахдаа тус хяналтын бүсэд ажиллаж байсан Ургамлын хорио цээрийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагчийн хяналт дор буулгаагүй нь Амьтан ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалт хийх тухай хуулийн 20 дугаар зүйл. Тээврийн хэрэгсэлд хийх хорио цээрийн үзлэг, шалгалт 20.2 /Хорио цээрийн хяналт, шалгалтын үед амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг зөвхөн улсын байцаагчийн хяналтын дор тээврийн хэрэгслээс буулгана/ заалтыг зөрчиж буулгасан.

         3.2.3. “М” ХХК-д Улаанбаатар хот дахь гаалийн газраас ХАБҮЛЛ-ийн хоёр удаагийн сорилын дүнг үндэслэн хуулийн хугацаанд хоёр удаа буюу 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 01/303 тоот албан бичиг, 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 01/387 тоот албан бичгүүдээр буцаах мэдэгдэл хүргүүлсэн болно.

         3.2.4. Улаанбаатар хот дахь гаалийн газар нь хяналтын бүс эзэмшигчтэй хамтран ажиллах гэрээг жил бүр байгуулан ажилладаг. Улаанбаатар хот дахь гаалийн газрын харьяа гаалийн хяналтын бүс эзэмшигчтэй 2023 онд байгуулсан гэрээний 18-д  “Зохих журмын дагуу шийдвэрлэгдэх хүртэл саатуулагдсан, хураагдсан, улсын орлого болсон бараа, тээврийн хэрэгслийн хадгалалт, хамгаалалтыг хариуцна” заасны дагуу 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш "АБТЭМА1" дэх гаалийн хяналтын бүсэд битүүмжлэн, хадгалагдаж байгаа 119 тн цагаан будааг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэр гартал хадгалалтын зардлыг тооцохгүй байхыг Улаанбаатар төмөр замын олон улсын тээвэр зуучлалын төв. Төмөр замын “АБТЭМАТ” ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан ангид хүргүүлсэн байгаа. Мөн Улаанбаатар хот дахь гаалийн газраас 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01/341 тоот албан бичгээр тус газрын харьяа гаалийн хяналтын бүсүүдэд чиглэл хүргүүлэх тухай, 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 01/386 тоот албан бичгээр “Улаанбаатар төмөр замын тээвэр зохион байгуулалтын албанд” мэдэгдэл хүргүүлсэн. Уг мэдэгдэлд гаалийн хяналтын бүсүүдээр нэвтрүүлж буй ургамал, мал, амьтан, тэдгээрийн түүхий эд, бүтээгдэхүүнийг гаалийн улсын байцаагчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслээс буулган шилжүүлсэн хууль зөрчсөн үйлдлүүд удаа дараа гарч байгаа тул дахин ийм үйлдэл гаргавал хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг анхааруулсан.

“АБТЭМА1” гаалийн хяналтын бүсийн төмөр замын албан хаагчид нь гаалийн хяналтад байгаа барааг холбогдох гаалийн албан тушаалтны зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслээс буулгасан зөрчлийг удаа дараа гаргасан. Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны А/339 дугаартай тушаалаар батлагдсан "Гаалийн хяналтын бүсийн" журмын шаардлага хангахгүй байгаа тул манай байгууллагын хувьд "АБТЭМА1" гаалийн хяналтын бүс эзэмшигчтэй 2024 оны хамтран ажиллах гэрээг байгуулаагүй байна.  Амьтан ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалт хийх тухай хуулийн 7 дугаар бүлгийн 29 дүгээр зүйл. Иргэн, хуулийн этгээдийн үүрэг 29.1.6. /амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд шинжилгээ хийж баталгаажуулах, тэдгээрийг саатуулах, эмчилгээ, цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийхэд шаардагдах зардлыг тухай аж ахуй нэгж хариуцах үүрэгтэй/ гэж заагдсан байдаг.

3.3. Иймд “М” ХХК-ийн В улсаас импортолсон 119 тн цагаан будааг тус гаалийн газрын харьяа гаалийн хяналтын бүсэд буулгаснаас болж 361,684,600.00 төгрөгийн хохирол шаардсан нэхэмжлэл нь Улаанбаатар хот дахь гаалийн газарт хамааралгүй болно...” гэжээ.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Улаанбаатар хотын Гаалийн газрын ургамлын хорио цээрийн байцаагч Ч.Ж******* нь “М” ХХК-тай холбогдох шийдвэрийг гаргахдаа нэгдүгээрт, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд тухайн бүтээгдэхүүнээс дээж авч, шинжилгээнд хамруулсан байдаг. Шинжилгээнд хамруулахдаа тухайн байгууллагын гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх хүнийг өөрийг нь байлцуулаад, анхан шатны үзлэг хийхэд тухайн бүтээгдэхүүнээс сэжиг бүхий бүтээгдэхүүн илэрсэн байгааг нь бичиг баримт, видео бичлэгээр хангасан байдаг. Үүнийг хавтаст хэрэгт хавсаргачихсан байгаа. Тус дээжээр Стандарт хэмжил зүйн газрын Хүнсний аюулгүй байдал үндэсний лавлагаа лаборатори, түүний хорио цээрийн лабораторид дээжийг хүргүүлж, дээжээс гадаад хорио цээртэй гурилын жижиг жуулгавч, дараагийн шинжилгээгээр нь гадаад хорио цээртэй суринамын гурилч цохууд гэсэн 2 төрлийн гадаад хорио цээртэй шавжууд илэрсэн байдаг. Эдгээр шавжууд нь 2018 оны Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын баталсан гадаад хорио цээртэй амьтан, ургамал жагсаалтад багтсан 2 төрлийн шавж учраас шийдвэрлэх арга хэмжээнийхээ хүрээнд байцаагч лабораторийн шинжилгээг үндэслэж, тухайн бүтээгдэхүүнийг буцаах шийдвэр гаргасан байдаг. Энэ бол тухайн байцаагчид хуулиар олгогдсон эрх юм. Гадаад хорио цээртэй шавж гэдэг нь хууль дээр үхсэн буюу амьд гэж үг өгүүлбэр огт байдаггүй. Яагаад гэвэл, гадаад хорио цээртэй шавж гэдэг нь хөгжлийн үе шат нь өнгөрөөд үхсэн байж болно, мөн ариутгал халдваргүйжүүлэлт хийлгээд үхсэн байж болно. Гэхдээ тухайн бүтээгдэхүүн 100% тухайн шавжаар бохирлогдоогүй, шавж байхгүй гэсэн үг биш. Тиймээс энэ шавжууд илэрч байна гэдэг нь үхсэн, амьд эсэхээс үл хамаарч хуульд гадаад хорио цээртэй, хөнөөлт организм, хөнөөлт шавж, мэрэгч амьтан гэж заасан байдаг. Үүний дагуу улсын байцаагч буцаах мэдэгдлийг 2 удаа хүргүүлсэн. Харин нэхэмжлэгч хуулийн этгээд түүнийг хүлээн зөвшөөрөлгүйгээр өдийг хүртэл явсан. Хэрвээ буцаахгүй бол Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 8 дахь заалтаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль оногдуулсан байдаг. Үүнийг мөн тухайн аж ахуйн нэгж нь хүлээн зөвшөөрөөгүй байдаг.

3.4.1. Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага бол хадгалалтын хугацааны зардал байдаг. Энэ хадгалалтын хугацааны зардлыг гаалийн байгууллага баталгаат агуулах буулгахаас үл хамааран тухайн аж ахуйн нэгжийн АБТЭМА гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаатай хамаарагддаг учраас уг нэхэмжлэлийг манай байгууллагаас биш нөгөө байгууллагын шүүхийн асуудал гэж үзэж байна. Манай байгууллагаас шүүхэд тайлбар хүргүүлсэн. Үүнд, Улаанбаатар хот дахь Гаалийн газар нь хяналтын бүс эзэмшигчтэй хамтран ажиллах гэрээ жил бүр байгуулан ажилладаг. Улаанбаатар хот дахь Гаалийн газрын харьяа гаалийн хяналтын бүс эзэмшигчид нь 2023 онд байгуулсан гэрээний 18 дугаар зүйлд зохих журмын дагуу шийдвэрлэгдэх хүртэл саатуулагдсан, хураагдсан, улсын орлого олсон бараа, тээврийн хэрэгслийн хадгалалт, хамгаалалтыг хариуцна гэсний дагуу 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш АБТЭМА-1 нь гаалийн хяналтын бүсэд битүүмжлэгдэн, хадгалагдаж байгаа 119 тонн цагаан будааны зардлыг хариуцах үүрэгтэй юм. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэр гартал хадгалалтын зардал тооцохгүй байхыг Улаанбаатар төмөр замын Олон улсын тээвэр зуучлагчийн төв, төмөр замын АБТЭМА-1 ачиж буулгах, тээврийн экспедицийн механикжсан ангид хүргүүлсэн байгаа гэсэн тайлбарыг өгсөн байна...” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

2. Үйл баримтын тухайд,

2.1. Эрх бүхий албан тушаалтнаас Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 8 дахь хэсгээр зүйлчлэн шалгасан, “М” ХХК-д холбогдох  23******* дугаартай зөрчлийн хэргийн материал хэрэгт авагдсан ба,

Тус хуулийн этгээдийн В улсаас импортлон оруулж ирсэн 119 тонн цагаан будаанд хяналт шалгалт хийснээр, гадаад хорио цээртэй шавж илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон гэж үзэж, экспортлогч улсад буцаах мэдэгдлийг хүргүүлсэн авч экспортлогч улс уруу буцаах үүргээ биелүүлээгүй зөрчилд 2000 нэгжээр торгох шийтгэлийг оногдуулж, бүтээгдэхүүнийг устгах албадлагын арга хэмжээ авахаар 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 00112521 дүгээр шийтгэлийн хуудсыг Улаанбаатар хотын Гаалийн газрын Хорио цээрийн албаны гаалийн улсын байцаагч үйлджээ.

2.2. Тус шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1/6668 дугаар албан бичгээр шаардсан нотлох баримтыг Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 138 дугаар албан бичгээр ирүүлсэн ба,

Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “Хортон шавжийн тухай тодорхойлолт гаргуулах хүсэлтийн тухай” 100 дугаар албан бичгээр “Суринамын гурилч цох, гурилын жижиг жуулгавч цохын ангилал зүй, гарал үүсэл, амьдрах орчин, биологи, экологийн онцлог, идэш тэжээл, хор хөнөөл болон тэдгээр зүйлийн үхсэн хэлбэрийн хор хөнөөлийн талаарх мэдээлэл”-ийг нэхэмжлэгч “М” ХХК-д хүргүүлсэн. Үүнд:

1. Суринамын гурилч цох

Шавжийн ангийн /Insecta/, Хатуу далавчитны багт /Coleoptera/ хамаарагддаг. Овог: Silvandae, Төрөл: Oryzaephilus surinamensis Linnaeus, 1758 онд Карл Линней Суринам улсын Голландын Гвинагаас дээж авч анх тодорхойлсон. Өмнөд Америкаас /Суринамаас/ гаралтай. Үр тариа, хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтээр тархдаг. Хадгалалтын /агуулах/ үеийн хортон шавжийн ангилалд ордог. Анх 1839 онд хойд Америкийн Westwood-д элсэн чихрээс илрүүлсэн. Амьдрах орчин нь дулаан, харанхуй, хүнсний агуулах. Цох, авгалдай хүйтэнд бага зэрэг тэсвэртэй, 00С хэмд 3 долоо хоног тэсвэрлэдэг. Бүх үе шатанд үхлийн хэм 24 цагийн турш -15.60С хооронд байна. Хөгжлийн дээд хязгаар нь 37.50-аас 400C, тохиромжтой хэм нь 30-350С байна. Хөгжлийн үе шат нь бүрэн хувиралтай шавж. Өндөгний хөгжил ойролцоогоор 3-8 хоногт, авгалдайн хөгжил 12-15 хоног, хүүхэлдэйн хөгжил 22-27 хоног үргэлжилнэ. Бие гүйцсэн цохын дундаж наслалт 4-19 долоо хоног. Зарим эх цох 7 сараас дээш хугацаагаар амьдардаг нь тогтоогдсон. Цох нисдэггүй. Үрийн гэмтсэн ан цав болон бүтээгдэхүүн дотор өндөглөнө. Элдэв идэшт шавж. Хадгалалтын үед тарианы үр, бүтээгдэхүүнд /хатаасан жимс, борц, гурил, хивэг, талх, гурвалжин будаа, цагаан будаа, шош, эрдэнэ шиш/ хамгийн их тохиолддог бөгөөд ургамлын гаралтай аливаа хүнсний бүтээгдэхүүнээр хооллодог. Хагарсан үр түүний хүнсний гол эх үүсвэр бөгөөд бүрэн бүтэн үрийн гадаргууд өндөглөдөггүй. Гэмтэж хагараагүй үр тариа, цагаан будааны үрээр хооллодоггүй. Бүтээгдэхүүнд хэт олширсон үедээ нүүдэллэдэг. Тэжээвэр амьтдын хоол тэжээл мөн тохиолддог. Дэлхийд өргөн тархсан. Монголд бүртгэгдсэн.

2. Гурилын жижиг жуулгавч цох:

Шавжийн ангийн /Insecta/, Хатуу далавчтны багт /Coleoptera/ хамаарагддаг. Овог: Tenebrionidae, Төрөл:Tribolium, Зүйл: Tribolium confusum Jacquein du Val, 1863.  Зүүн өмнөд Ази буюу Энэтхэг, Австралийн бүсээс гаралтай. Амьдрах орчин нь дулаан, харанхуй, хуурай, хүнсний агуулах. 32-350C хэмд өндөгнөөс авгалдай гарна. Хөгжил явагдах харьцангуй бага чийг 10-30 %, тохиромжтой бага хэм 20-220С,  дээд хязгаар нь 37,5-40.00С. Бүрэн хувиралтай шавж. Өндөгний хөгжил ойролцоогоор 6-10 хоногт, авгалдайн хөгжил 25-35 хоногт, тохиромжгүй нөхцөлд 80-100 хоног, хүүхэлдэйн хөгжил 7-10 хоног үргэлжилнэ. Өндөглөх хугацаа 4-5 хоног байна. Өндөгнөөс бие гүйцэх хугацаа ойролцоогоор 25-30 хоног боловч орчны  нөхцөл, чийг дулаанаас хамаарна. Үрийн гэмтсэн ан цав болон бүтээгдэхүүн дотор өндөглөнө. Элдэв идэшт шавж. Хадгалалтын үед үр тарианы үр, бүтээгдэхүүнд /хатаасан жимс, борц, гурил, хивэг, талх, гурвалжин будаа, цагаан будаа, шош, эрдэнэ шиш,  хатаасан ногоо, малын арьс, какао, хөвөн, самар, халуун ногоо, шоколад, хатаасан сүү/ хамгийн их тохиолддог шавж бөгөөд ургамлын гаралтай аливаа хүнсний бүтээгдэхүүнээр хооллодог. Хагарсан үр түүний хүнсний гол эх үүсвэр бөгөөд бүрэн бүтэн үрийн гадаргууд өндөглөдөггүй. Гэмтээж хагараагүй үр тариа, цагаан будааны үрээр хооллодоггүй. Дэлхийд өргөн тархсан. Монголд бүртгэгдсэн.

            Гэх тайлбарыг хавсралтаар өгчээ.

            2.3. Стандарт хэмжил зүйн газрын Хүнсний аюулгүй байдал лавлагаа лабораторийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 23-2025 бүртгэлийн дугаартай шинжилгээний дүнгээс үзвэл, /1-р хх 14 тал/ Таримал ургамлын үр, хорио цээрийн дэд лаборатори нь 29, 524 дугаарын вагон тус бүрээс 3,5 кг цагаан будааг дээжийн 9712, 9713 дугаараар 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч “хорио цээртэй хөнөөлт шавж, хачиг илрэхгүй” байх шаардлагаар, MNS 2782-01:2014, MNS 2782-02:2014 шинжилгээний стандартын аргаар шинжлэхэд гурилын жижиг жуулгавч үхсэн хэлбэрээр гэж үзсэн,

Стандарт хэмжил зүйн газрын Хүнсний аюулгүй байдал лавлагаа лабораторийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 23-2078 бүртгэлийн дугаартай шинжилгээний дүнгээр “29, 524 дугаарын вагон тус бүрээс 1,0 кг цагаан будааг дээжийн 9979, 9980 дугаараар 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч “хорио цээртэй хөнөөлт шавж, хачиг илрэхгүй” байх шаардлагаар, MNS 2782-01:2014, MNS 2782-02:2014 шинжилгээний стандартын аргаар шинжлэхэд гурилын жижиг жуулгавч үхсэн хэлбэрээр, шавжийн толгой, хэвлий, авгалдайн гуужсан хальсаар бохирлогдсон” хэмээн Таримал ургамлын үр, хорио цээрийн дэд лабораториос үзсэн,

2.4. Стандарт хэмжил зүйн газрын Хүнсний аюулгүй байдал лавлагаа лабораторийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 23-2561 бүртгэлийн дугаартай “Шинжилгээний дүн”-ээс үзвэл, 524 дугаарын вагоноос 3,5 кг цагаан будааг дээжийн 12457 дугаараар 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн “хорио цээртэй хөнөөлт шавж, хачиг илрэхгүй” байх шаардлагаар MNS 2782-01:2014, MNS 2782-02:2014 шинжилгээний стандартын аргаар шинжлэхэд, суринамын гурилч цохын толгой цээж, шавжийн авгалдайн гуужсан хальсаар  бохирлогдсон” хэмээн Таримал ургамлын үр, хорио цээрийн дэд лабораториос үзсэн.

2.5. Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” А-90 дүгээр тушаалд мөн сайдын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” А-100 дугаар тушаалаар өөрчлөлт оруулсан байх ба Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 01/3209 дүгээр албан бичгээр тус шүүхэд ирүүлсэн баримтад,

Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2018 оны А-100 дугаар тушаалын хавсралтын Ургамлын гадаад, дотоод хорио цээртэй өвчин, хөнөөлт шавж, хог ургамал, мэрэгч амьтдын нэрсийн жагсаалтыг баталсны дотор Нэг. “Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон хорио цээртэй хөнөөлт организм”-ийн жагсаалтын 2. зүйлийн нэр: Ургамлын хөнөөлт шавж, хачиг, “латинаар Cryptolestes minitus L, монголоор жижиг гурилч цох”, “латинаар Tribolium confusum Duv, монголоор гурилын жижиг жуулгавч”, “латинаар Oryzaephilus surinamensis L, монголоор суринамын гурилч цох” гэжээ.

2.6. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” х/950 дугаар албан бичгээр “Гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай” Засгийн газрын 2002 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 70 дугаар тогтоол, Засгийн газрын 2002 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 40 дүгээр хуралдааны тэмдэглэл, танилцуулга, “Монгол Улсын Засгийн газар, БНСВУ-ын Засгийн газрын хооронд Ургамал хамгаалал, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн төсөл, хавсралтын хуулбар”-ыг нотлох баримтаар ирүүлснээс, тухайлбал, Хэлэлцээрийн 1 дүгээр зүйлийн 4. “ургамлын хөнөөлт шавж гэдэг нь эдийн засагт аюултай, яг одоо байдаггүй буюу байдаг боловч нэг их тархаагүй бөгөөд хавсралтад заагдсан ургамал хорио цээрийн хөнөөлт шавжийн жагсаалтад орж албан ёсны хяналтан дор байдаг шавьжуудыг хэлнэ. Энэ хавсралт нь тус Хэлэлцээрийн салшгүй хэсэг байна” гээд уг хавсралтын хоёр. Хөнөөлт шавьж: “...суринамын гурилч цох- Oryzaephilus surinamensis L, жижиг гурилч гурилч цох- Cryptolestes minitus L” гэжээ.

3. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн В улс “MTD Vietnam import export company”-аас 29 дугаартай вагоноор импортлон оруулж ирсэн цагаан будаанаас дээрх 2.3-д заасан 23-2025 дугаар шинжилгээний дүнгээр, мөн 23-2078 дугаар давтан шинжилгээний дүнгээр гадаад хорио цээртэй гурилын жижиг жуулгавч үхсэн хэлбэрээр илэрсэн, хальсаар бохирлогдсон нь Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 13.1.1-д заасны дагуу бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, *******р мөн хуулийн 13.4-д зааснаар экспортлогч улсад буцаах үүрэгтэй болохыг, Улаанбаатар хотын Гаалийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/303 дугаар албан бичгээр,

4. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн В улс “MTD Vietnam import export company”-аас 524 дугаартай вагоноор импортлон оруулж ирсэн цагаан будаанаас дээрх 2.4-д заасан 23-2561 дүгээр шинжилгээний дүнгээр гадаад хорио цээртэй Суринамын гурилч цохын /Oryzaephilus surinamensis/ толгой цээж-1ш, цээж хэвлий-1ш илэрсэн, хальсаар бохирлогдсон нь Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 13.1.1-д заасны дагуу бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, *******р мөн хуулийн 13.4-д зааснаар экспортлогч улсад буцаах үүрэгтэй болохыг, Улаанбаатар хотын Гаалийн газрын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/387 дугаар албан бичгээр,

5. Тус тус мэдэгдэж, энэ үүргийг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 8-д заасан арга хэмжээ авахыг дурдан, нэхэмжлэгч “М” ХХК-д дээрх хоёр албан бичгийг хүргүүлжээ.

6. Нэхэмжлэгчээс дээрх 3 болон 4-д дурдсан хоёр албан бичгийг маргаан бүхий захиргааны актаар нэрлэн хүчингүй болгуулахаар,

6.1. Үндэслэлээ “...“Гадаад хорио цээртэй амьтан” гэх ойлголтыг нэг мөр мухарлах, тодруулбал “хорио цээртэй амьтан” гэдэгт юуг ойлгох талаар тогтоох буюу “М” ХХК-ийн оруулж ирсэн цагаан будаанаас илэрсэн гэх гадаад цээртэй амьтан буюу “тэрхүү үхсэн шавж эсхүл үхсэн шавжийн биеийн хэсгүүд илэрсэн нь “хорио цээртэй амьтан” гэдэгт хамаарах эсэх”-ийг мухарлах шаардлагатай, “гадаад хорио цээртэй амьтан”, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглож байгаа хууль тогтоомжийн үзэл баримтлал ямар харилцааг зохицуулж байгаа, зохицуулалтын эцсийн зорилго буюу ач холбогдлыг зөв ойлгож хэрэглэх, тодруулан тогтоох ёстой, бидний оруулж ирсэн 119 тонн цагаан будаанд эрсдэл байгаа эсэх, хэрэв байгаа бол энэ нь зөвшөөрөгдөх эрсдэл эсэх, эрсдэлийн гаалийн байгууллага задлан шинжилсэн эсэх, мөн эрсдэлийг үнэлсэн эсэх, хэрэв ямар нэгэн байдлаар эрсдэлтэй бол эрсдэлийг буруулах боломжтой эсэх, эцэст нь аюултай эсэхийг гаалийн байгууллага тогтоох чиглэлээр ямар нэгэн ажиллагаа хийх зайлшгүй шаардлагатай...” зэргээр гаргасан.

7. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хууль нь маргаан бүхий харилцаанд хэрэглэгдэх нарийвчилсан хууль байх ба шүүхийн зүгээс уг хуулийн 2.1-т “Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын  тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Гаалийн тухай хууль, ... Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж зааснаар Гаалийн тухай, Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай /Ургамал хамгааллын тухай хууль/, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг мөн давхар тайлбарлан хэргийг хянан шийдвэрлэв.

8. Гаалийн тухай хуулийн IV хэсэг. Гаалийн хяналт. Арван гуравдугаар бүлэг. Гаалийн хяналт. 232 дугаар зүйлийн 232.1. “Гаалийн байгууллага гаалийн хяналтыг гаалийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлнэ”, 233 дугаар зүйлийн 233.1. “Гаалийн хяналтыг гагцхүү хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгжүүлнэ”, 240 дүгээр зүйлийн 240.1. “гаалийн хяналт дараах хэлбэртэй байна”, 240.1.6. “бараа ...шалгах”, 248 дугаар зүйлийн 248.1. “гаалийн байгууллага, албан тушаалтан нь дараах бараа байрших байр, агуулах, талбайд шалгалт хийнэ”, 248.1.3. “түр агуулах, гаалийн баталгаат бүсэд байгаа бараа”, 256 дугаар зүйлийн 256.1. “Гаалийн байгууллага, албан тушаалтан нь гаалийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор барааны сорьц, дээж, загварыг авч болно”, 2691 дүгээр зүйлийн 2691.1. “Гаалийн байгууллага дараах үндсэн үүргийг гүйцэтгэнэ”, 2691.1.1. “гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих”, 2691.1.11. “улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт шалгалт хийх”, 273 дугаар зүйлийн 273.1. “Гаалийн хууль тогтоомжийн дагуу хяналт, шалгалт хийх эрх эдэлж, үүрэг хүлээх гаалийн албан тушаалтныг гаалийн улсын байцаагч гэнэ”, 274 дүгээр зүйлийн 274.1.1. “энэ хуульд заасны дагуу гаалийн хилээр нэвтрүүлэх бараа ...гаалийн хяналт тавих” гэж,

9. Маргаан зүйлийн хүрээнд нэхэмжлэгч хуулийн этгээдийн импортолсон цагаан будаа улсын хилээр орж ирэх үед 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Ургамал хамгааллын тухай хууль хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байсан, уг хуулийн 13 дугаар зүйлийн 13.3. “Иргэн, хуулийн этгээд ургамал, түүнээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхтэй холбогдсон харилцааг Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд зааснаар зохицуулна” гэж заасан бол, одоо хуулийн хүчин төгөлдөр үйлчилж буй 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2. “Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний импорт, экспорт, ре-экспорт, дамжин өнгөрөх асуудлыг Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулиар зохицуулна” хэмээн хуулийн үйлчлэх хүрээг заасныг дурдах нь зүйтэй.

10. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.“Стандартчилал, хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлтийн талаарх лабораторийн шинжилгээний мэдээллийн нэгдсэн санг удирдах, энэ хуулийн 15.3-т заасан лабораториудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий Үндэсний лавлагаа лаборатори ажиллана”, 15.5. “энэ хуулийн 15.1-д заасан Үндэсний лавлагаа лаборатори болон багийн ажиллах журмыг Засгийн газар батална” гэж зааснаар Засгийн газрын 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Журам батлах тухай” 330 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар “Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн ажиллах журам”-ыг баталсан.

10.1. Уг журмын зорилго нь “хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлтийн талаарх лабораторийн шинжилгээний мэдээллийн нэгдсэн санг удирдах, ... холбогдох төрийн захиргааны байгууллагад дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэг бүхий Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн үйл ажиллагааг зохицуулахад байх ба журмын 2.1. “Үндэсний лавлагаа лаборатори нь дараах шалгуур үзүүлэлтийг хангасан байна” 2.1.1. “Үндэсний лавлагаа лаборатори нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд хими, физик, биологийн бохирдлыг шинжлэх, малын эм, пестицидийн үлдэгдэл, хувиргасан амьд организмаас гаралтай эсэхийг тодорхойлох төрөлжсөн дотоод лаборатори бүхий нэгдсэн лабораторийн бүтэцтэй байх”, 4.1.“Yндэсний лавлагаа лаборатори нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 15.2-т заасан чиг үүргийг хэрэгжүүлж дараах үйл ажиллагааг явуулах”, 4.3. “Үндэсний лавлагаа лабораторийн шинжилгээний хариу Монгол Улсын хэмжээнд эцсийнх байх бөгөөд маргаан үүсгэгч талууд энэхүү хариуг эс зөвшөөрвөл ...илгээн шинжлүүлж болно” гэж,

11. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль нь “олон улсын худалдааны чөлөөт байдлыг дэмжих, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөл, шаардлагыг хангуулах, аюулгүй байдлыг баталгаажуулж холбогдох гэрчилгээ олгох, хяналт, шалгалт хийх, улсын хилээр нэвтрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах” зорилготой байх бөгөөд 3 дугаар зүйлийн 3.1.2.“ургамлын хорио цээрийн гэрчилгээ гэж экспортлогдож буй ургамал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд ургамлын хорио цээртэй хөнөөлт организм байхгүй болохыг гэрчлэн экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон баталгаажуулалтын баримт бичгийг”, 3.1.3. “импортын гэрчилгээ гэж амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулахыг зөвшөөрч гаалийн улсын байцаагчаас энэ хуулийн 3.1.1, 3.1.2 дахь хэсэгт дурдсан баримт бичгийг /экспортын гэрчилгээг/ хураан авч оронд нь олгож буй баримт бичгийг”, 3.1.9. “аюул гэж амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээс хүн ам, амьтан, ургамлын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болох ямар нэгэн эмгэг төрүүлэгч зүйлийг” хэмээн нэр томьёоны утгыг хуульчилсан.

11.1. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. “Хорио цээрийн улсын хяналт, шалгалт нь хилийн боомт, гүний гаалиар нэвтрүүлж буй амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд хорио цээрийн хяналт, шалгалтыг хийж, зөрчилтэй болон эрсдэлтэй зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чиглэгдэнэ”, 7 дугаар зүйлийн 7.1. “Гаалийн байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 7.1.1. “хорио цээрийн хяналт, шалгалтын талаарх хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хангах”, 7.1.2. “амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын болон гаалийн хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалт хийх ажлыг өдөр тутмын удирдлагаар хангах, хяналт тавих”, 7.1.5. “улсын байцаагчийн хийсэн үзлэг, бичиг баримтын шалгалтаар илэрсэн зөрчил нь энэ хуулийн 13.1-д хамаарч байгаа бол тухайн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцаах буюу устгах арга хэмжээ авхуулах”, 8 дугаар зүйлийн 8.1. “Улсын байцаагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 8.1.3. “хилээр нэвтрүүлж буй ургамал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд хорио цээрийн анхдагч үзлэг хийх”, 8.1.5. “анхдагч болон эрүүл мэндийн үзлэгээр халдварт өвчний шинж тэмдэг, хөнөөлт организм илэрвэл амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг зориулалтын байранд түр саатуулж, лабораторийн шинжилгээний дээж авч, хорио цээрийн хяналтад оруулах”, 8.1.6. “олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ, ургамлын хорио цээрийн гэрчилгээ бусад дагалдах бичиг баримт зөрчилтэй, тээвэрлэлтийн нөхцөл нь энэ хууль болон Монгол Улсын олон улсын гэрээнд заасан шаардлага, нөхцөлийг хангаагүй бол амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхгүй байх” гэж заажээ.

12. Хуулийн дээрх зохицуулалтууд болон хариуцагчийн хэрэгжүүлсэн захиргааны үйл ажиллагааг маргаан бүхий үйл баримтын хүрээнд авч үзвэл, “М” ХХК нь Бүгд Найрамдах Социалист В Улсаас импортолсон цагаан будаа /бараа/-г гаалийн хяналтаар оруулж, 02-2211022-23-12157R дугаартай гаалийн мэдүүлгээр мэдүүлж, гаалийн харилцаанд орсон, харин Гаалийн байгууллага нь гаалийн хилээр нэвтэрч буй бараа /цагаан будаа/-нд гаалийн хяналтыг хэрэгжүүлж, тэр дундаа гаалийн улсын байцаагчаас хилээр нэвтрүүлж буй ургамал, түүний гаралтай бүтээгдэхүүнд анхдагч үзлэг хийх, дээж авах, шинжилгээ хийлгэх эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

Энэ утгаараа тодруулбал,

12.1. Улаанбаатар хотын Гаалийн газрын харьяа гүний гаалиар нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс гаальд мэдүүлсэн мэдүүлгийн дагуу, улс хоорондын ачаа тээврээр дамжин, импортоор оруулж ирсэн бараа болох 119 тонн цагаан будааг гаалийн улсын байцаагч Ч.Ж******* /ГтХ-ийн 273.1/-ээс улсын хилээр нэвтрүүлэх цагаан будаанд хорио цээрийн хяналт шалгалт хийж /ГтХ-ийн 2691.1.11/, гаалийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор цагаан будаанаас дээж авч /ГтХ-ийн 256.1/ шинжилгээнд хамруулсан, шинжилгээ хийх эрх бүхий Стандарт хэмжил зүйн газрын Хүнсний аюулгүй байдал лавлагаа лаборатори нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн 15.1, 15.5-д зааснаар шинжлээд “суринамын гурилч цох, гурилын жижиг жуулгавч үхсэн хэлбэрээр, шавжийн толгой, хэвлий, авгалдайн гуужсан хальсаар бохирлогдсон” байсныг энэ хэсгийн 2.3-2.4-д заасан дүгнэлт гаргаж, хариу хүргүүлснийг /уг дүгнэлт нь Засгийн газрын 2013 оны 330 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан журмын 4.3-д зааснаар “Үндэсний лавлагаа лабораторийн шинжилгээний хариу Монгол Улсын хэмжээнд эцсийнх байх” агуулгаар Стандарт хэмжил зүйн газрын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Гомдолд хариу хүргүүлэх тухай” 01/636 дугаар албан бичгээр хариу өгсөн/ хүлээн авснаар улсын байцаагчаас Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 7.1, 7.1.2, 8.1, 8.1.5, 8.1.6-д заасан бүрэн хэрэгжүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.

13. Иймд Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.“Лабораторийн шинжилгээний хариу болон хорио цээрийн хугацаанд хийсэн ажиглалт, үзлэгийн дүнг үндэслэн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх эсэхийг хилийн боомт, гаалийн байгууллага шийдвэрлэнэ” гэж зааснаар маргаан бүхий энэ хэсгийн 3-д заасан буюу Улаанбаатар хотын Гаалийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/303 дугаар албан бичгээр, энэ хэсгийн 4-д заасан буюу Улаанбаатар хотын Гаалийн газрын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/387 дугаар албан бичгээр тус тус хориотой буюу “ургамлын хөнөөлт шавжаар бохирлогдсон” цагаан будааг экспортлогч улс уруу буцаах үүргээ биелүүлэхийг шаардсан нь хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

14. Нэхэмжлэгчээс, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэрээр манай компанийн В улсын “MTD Vietnam import export company” 29, 524 дугаартай вагоноор импортолсон тус бүр 59.5 тонн, нийт 119 тонн цагаан будааг Улаанбаатар хот дахь Гаалийн газрын АБТЭМА-1 гаалийн хяналтын бүсэд буулгасан үйл ажиллагааны *******с манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирч байх тул тухайн захиргааны актыг буюу шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлээ нэмэгдүүлэн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэнд ажиллагаа явуулснаар хариуцагчаас 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01/410 дугаар албан бичгээр хариу тайлбар, холбогдох баримтыг ирүүлсэн байдаг.

15. Энэ шаардлага дахь маргасан шийдвэр нь цагаан будааг АБТЭМА-1 гаалийн хяналтын бүсэд буулгасан үйл ажиллагааг тэмдэглэсэн “гаалийн бүртгэлийн дэвтэр”-т “... вагоны № 29, 524, явуулсан өртөө: Синьгау, ломбоны дугаар 63164, 63162, ачааны нэр: будаа, ...хүлээн авагчийн нэр ОУТЗ...” гэж бичигдсэн, энэ баримтыг Улаанбаатар хотын Гаалийн газрын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01/409 дүгээр албан бичгээр ирүүлсэн нь хэрэгт авагдсан.

16. АБТЭМА гэх товчлол нь “ачих буулгах тээвэр экспертизийн механикжсан анги” гэсэн утгатай бөгөөд Улаанбаатар төмөр замын харьяанд байх, гаалийн байгууллага нь гаалийн хяналтын бүсээр, гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих журмаар ашигладаг байна.

17. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн, Улаанбаатар хотын Гаалийн газрын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 01/341 дугаар албан бичгээр Улаанбаатар хот дахь Гаалийн газрын харьяа гаалийн хяналтын бүсүүдэд хүргүүлсэн баримт, мөн Газрын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/386 дугаар албан бичгээр Улаанбаатар төмөр замын Тээвэр зохион байгуулалтын албанд хүргүүлсэн баримт зэргээс үзвэл, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3. “хилээр нэвтрүүлж буй ургамал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд хорио цээрийн анхдагч үзлэг хийх”, 8.1.5. “анхдагч болон эрүүл мэндийн үзлэгээр ..., хөнөөлт организм илэрвэл амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг зориулалтын байранд түр саатуулж, лабораторийн шинжилгээний дээж авч, хорио цээрийн хяналтад оруулах” талаарх улсын байцаагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжийг хангахыг, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2. “хорио цээрийн хяналт, шалгалтын үед амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг зөвхөн улсын байцаагчийн хяналт дор тээврийн хэрэгслээс буулгана” гэж заасны дагуу ажиллахыг тус тус гаалийн хяналтын бүс эзэмшигчид мэдэгдэж байсан нь харагдаж байна.

18. Иймд шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...гаалийн хяналтын бүс эзэмшигчид нь 2023 онд байгуулсан гэрээний 18 дугаар зүйлд “зохих журмын дагуу шийдвэрлэгдэх хүртэл саатуулагдсан, хураагдсан, улсын орлого олсон бараа, тээврийн хэрэгслийн хадгалалт, хамгаалалтыг хариуцах”-аар заасны дагуу 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш АБТЭМА-1 нь гаалийн хяналтын бүсэд битүүмжлэгдэн, хадгалагдаж байгаа 119 тонн цагаан будааны зардлыг хариуцах үүрэгтэй” гэх тайлбар үндэслэлтэй, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

19. Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүс  АБТЭМА-д хүлээн авахаар мэдүүлсэн 119 тонн цагаан будааны хадгалалтын зардал, тэр дундаа гаалийн улсын байцаагчийн хяналт дор тээврийн хэрэгсэл /вагон/-ээс буулгаагүй үйл ажиллагаа, шийдвэртэй холбоотойгоор нэхэмжлэгчээс маргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй тэмдэглэв.

20. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Улаанбаатар хотын Гаалийн газарт холбогдох захиргааны хэргийг анх 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүх хурлыг товлосноос хойш,

20.1. 2023 оны 11 дүгээр сарын 29 өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******ын газар дээр нь үзлэг хийлгэх, шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгож, хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн. Энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхгүй байдаг. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүлээж аваад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлбэл гомдол гаргах эрхтэй. Дараа нь 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н******* “Э.Т******* өмгөөлөгчтэй гэрээ хийсэн учраас, өмгөөлөгч авна” гэх хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан. 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******, Э.Б******* нар эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т******* хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг тус тус хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан байна. Үүний дараа 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н******* шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан ба татгалзан гарсантай холбоотойгоор шүүх хурлыг хойшлуулж, тус шүүхийн Ерөнхий шүүгчээс шийдвэрлэж ирснээр 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасныг шүүхээс нэмэгдүүлсэн шаардлагад бүрдүүлбэр хангуулахаар боломж олгож, шүүх хуралдаан хойшилсон.

20.2. Дараа нь 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н******* “бүрдүүлбэр хангуулж, шууданд хийсэн” гэж шүүгчийн туслахад мэдэгдсэн учраас уг үйл баримтыг нь үнэлээд, дахин шүүх  хуралдааныг хойшлуулсан. 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргаж, уг нэмэгдүүлсэн шаардлагад нь бүрдүүлбэр хангуулж, *******р хариу тайлбар авах шаардлагатай гэсэн үндэслэлээр 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Дараа нь 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б******* өвчний *******с шүүх хуралдаанд оролцох боломжгүй, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан. 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б*******ын эмнэлгийн магадалгаагаа сунгуулж, шүүх хуралдаанд оролцох боломжгүй, биечлэн оролцох хүсэлт гаргасныг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан. Үүний дараа 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс зохион байгуулж буй шүүгчийн мэргэшүүлэх сургалт давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулсан. 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н******* шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг хойшлуулсан. 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б******* “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******ыг байлцуулж шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан.

20.3. 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан. 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шинээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.Б******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орж, хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн. 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шүүх хурал давхацсан үндэслэлээр хойшилсон. 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*******ийн эхнэр Ц.Сувдаа хөлөө хугалж гэмтээсэн учраас асрах шаардлагатай, шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авч, хойшлуулсан. 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б******* өмгөөлөгч Ц.Туяажаргалыг авч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулсан. 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б******* эрүүл мэндийн шалтгааны *******с хойшлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан. Үүний дараа, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3-т заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан. 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б******* шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай гаргасан хүсэлтийг хангаж, хойшлуулсан.

20.4. 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б******* шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулсан. 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н******* нь Э.Б******* өмгөөлөгчийн хамт, шүүх хуралдаанд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох хүсэлтийг гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан. Хамгийн сүүлд 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б******* нар шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулсан.

21. Ийнхүү дэлгэрэнгүй, нэг бүрчлэн бичихийн учир нь өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хурал хойшлуулах тухай хүсэлтийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс удаа дараа шүүх хурал хойшлуулсан талаар хүчтэй шүүмжилсэн болохыг дурдаад, нэхэмжлэгч хуулийн этгээдээс гаргасан үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлийг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзэж, уншиж сонсгосон, шүүх процессын хэмнэлттэй зарчим алдагдсан зэрэгт дүгнэлт хийж, нэхэмжлэгч талыг байлцуулахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэснийг тэмдэглэхэд байв.

22. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.“нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч хуулийн этгээдээс мөн хуулийн 48.1-д зааснаар урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг зааж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гаалийн тухай хуулийн 233 дугаар зүйлийн 233.1, 240 дүгээр зүйлийн 240.1.6, 2691.1.1, 2691.1.11, 274 дүгээр зүйлийн 274.1.1, Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 7.1.2, 7.1.5, 8 дугаар зүйлийн 8.1.6, 14 дүгээр зүйлийн 14.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-аас Улаанбаатар хотын Гаалийн газарт холбогдуулан гаргасан “Улаанбаатар хотын Гаалийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/303, мөн газрын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/387 дугаар албан бичгүүдийг хүчингүй болгуулах, Улаанбаатар хотын Гаалийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэрээр “М” ХХК-ийн нэр дээр ачаа тээврийн №29, №24 дугаартай вагонуудаар ирсэн цагаан будааг Улаанбаатар хотын гаалийн хяналтын АБТЭМА-1 бүсэд буулгасан үйл ажиллагааны *******с манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирч байх тул тухайн захиргааны актыг буюу шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч хуулийн этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 У.БАДАМСҮРЭН