| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/01158/И |
| Дугаар | 192/ШШ2025/02322 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 192/ШШ2025/02322
2025 03 26 192/ШШ2025/02322
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ****** -ын
Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, мөн сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Монголын Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн Барилга трестэд гагнуурчнаар хуваарилагдан ажилласан. 1993 оны 06 дугаар сард өмч хувьчлалын зохион байгуулалтаар барилга трест хувьчлагдан “*******-*******” ББХК болон өөрчлөгдсөн. “*******-*******” ББХК-ид 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гагнуурчнаар ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үед байгууллагаас өгсөн хөдөлмөрийн дэвтрийг үрэгдүүлсэн. 1993 онд Монголын Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн барилга трестээс ажлаас чөлөөлсөн тушаал, 1995 онд “*******-*******” ББХК-иас ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй шалтгаанаар улсад ажилласан 7 жил минь хасагдах байдалд хүрээд байна. Иймд 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Монголын Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн Барилга трестэд гагнуурчнаар, 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл “*******-*******” ББХК-ид гагнуурчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Монголын Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн Барилга трестэд гагнуурчнаар, 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл “*******-*******” ББХК-ид гагнуурчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэсэн байна. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдлаа тогтоолгох талаарх хүсэлтийг тус шүүхэд гаргасан тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж шүүх иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.
Нэхэмжлэгч нь ******* дүүрэгт оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхийн хуулбараар нотлогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргажээ.
Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.
Хүсэлт гаргагч ******* нь 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Монголын Үйлдвэрчний төв зөвлөлийн Барилга трест/барилга анги/-эд гагнуурчнаар, 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд “Магнай пүүс” ХК-ид гагнуурчнаар, 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд “******* өргөө” ББХК-д гагнуурчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт цугларсан баримтууд болон түүний гаргасан хүсэлт, МҮЭ-ийн Төв зөвлөлийн Барилга трестийн даргын 1989 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 65 дугаартай тушаалын хуулбар/хх 5-6 тал/, Үйлдвэр худалдааны “******* өргөө” компанийн ерөнхий захирлын 1993 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаартай тушаалын хуулбар/хх 7-8 тал/, *******, нарын гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэх болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/хх 9-12/, Үндэсний төв архивын тодорхойлолт/хх 13 тал/, *******, нарыг гэрчээр асуусан тэмдэглэл/хх 23-28 тал/, Шүүхийн журмаар бүрдүүлсэн Нийслэлийн архивын газрын 01/191 дугаартай албан бичиг/хх 43-44 тал/, нийгмийн даатгалын ерөнхий газрын 03-565 дугаартай албан бичиг/хх 45 тал/, Үндэсний төв архивын газрын 02/283 дугаар албан бичиг/хх 46-47 тал/, улсын бүртгэлийн ерөнхий газрын 9/3924, 3/3887, 9/3619 дугаартай албан бичиг, хавсралтууд болох ***** нарын ХААТР-1 маягтын хуулбарууд/хх 48-64/, улсын бүртгэлийн ерөнхий газрын 9/3918 дугаартай албан бичиг, хавсралтууд болох “*******-*******” ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэрэг, дүрэм, шийдвэрийн хуулбарууд/хх 65-122 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэсэн байх ба *******ын хүсэлтээр гэрч *******, нараас гэрчийн мэдүүлэг авсан байна. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.
Харин *******ын гаргасан хүсэлтээс 1995 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хүртэлх хугацаанд “*******-*******” ББХК-ид гагнуурчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт нь холбогдох баримтаар тогтоогдоогүй тул хангахаас татгалзан энэ хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч ******* харьяа нийгмийн даатгалын байгууллагад уг асуудлаар хандан шийдвэрлүүлбэл зохилтой болохыг дурдав.
Иймд *******ын гаргасан хүсэлтээс заримыг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч *****-ыг 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Монголын Үйлдвэрчний төв зөвлөлийн Барилга трест/барилга анги/-эд гагнуурчнаар, 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нэр хэлбэрээ өөрчилсөн Улсын нийгэм хангамжийн газрын барилга трестийн “Магнай пүүс” ХК-ид гагнуурчнаар, 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нэр хэлбэрээ өөрчилсөн Улсын нийгэм хангамжийн газрын барилга трестийн хувьчлагдсан үйлдвэр худалдааны “******* өргөө” ББХК-д гагнуурчин, засалчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ****