Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 123

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Солонго,

улсын яллагч Н.Булганчимэг,

хохирогч Б.Адъяатөмөр,

шүүгдэгч Б.Н/өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Даян овгийн Батновын Нацагдоржид холбогдох эрүүгийн 1711000000373 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Даян овгийн Батновын Нацагдорж, 1979 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, Орчлон сургуульд фитнессийн багш ажилтай, ам бүл 3, эх дүүгийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн наран 9 дүгээр гудамжны 22 тоотод бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 10а байрны 46 тоотод түр оршин суух,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, регистрийн дугаар ЧК79021611.  

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Ннь 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 10а байрны 12 давхарт хохирогч Б.Адъяатөмөрийг түлхэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Ншүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Яллах дүгнэлтэнд дурдагдсан хэргийн агуулга үнэн. Гэхдээ хохирогч намайг түлхэж унагаасан, лифт рүү шийдсэн гэдэг нь худлаа. Би гараас нь татахад өөрөө хойшоо унасан. Манай 12 давхар уг нь камертай боловч тухайн үед ажиллаагүй байсан. Камер ажиллаж байсан бол бүх зүйл тодорхой харагдах байсан. Намайг түүний хоёр гараас бариад татахад өөрөө хойшоо унаад “хүн аллаа” гээд орилохоор нь би болиод гэртээ орсон. Тийм л асуудал болсон…” гэв.

Хохирогч Б.Адъяатөмөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Энэ хүний хамтран амьдрагч Гантөгс гэх эмэгтэй 25.000.000 төгрөг залилаад явчихсан юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын байцаагч давхар та өөрөө очиж байгаарай гэж хэлэхээр нь очсон юм. Таньдаг хүнээс нь гэрийнх нь хаягийг аваад очиход энэ хүмүүс үүдээ хааж зогсоод тийм хүн байхгүй гээд байсан. Эгч нь хаалгаа нээгээд миний бэрсүүтэй хөх рүү түлхэхэд Б.Нгэх залуу намайг зуураад, тохойлдсон. Мөрдөн байцаалтын шатанд Гантөгс, Б.Нхоёр намайг их доромжилсон. 25.000.000 төгрөг авчихаад шүүхийн шийдвэрээр 500.000 төгрөг гуйлгуулж өгсөн. Одоо миний толгой байнга өвддөг, үүнээсээ болж ээрч, муурч, гацдаг. Эмч “амбулториор эмчилгээ хийлгэх нь чамд хангалтгүй, ар дагзанд мэдрэлийн төвүүд байдаг, их гэмтсэн байна, хэвтэж эмчлүүл” гэж хэлсэн юм. Цаашид би эмнэлэгт хэвтэн эмчлүүлнэ. Эмчлүүлсэн эмчилгээний зардал болон цаашид гарах зардлыг нэхэмжилж байна…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

   Гэрч Н.Гантөгс мэдүүлэхдээ: “...Нацагдорж, Адъяатөмөрийг лифт рүү түлхсэн. Гэхдээ би өөрөөр хараагүй дотор байсан. Нацагдорж надад хэлсэн. Нацагдоржийн хэлснээр цахилгаан шат руу түлхээд л оруулсан гэсэн. Өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй...” гэжээ /хх-16/.  

  Гэрч Н.Амаржаргал мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр өөрийн төрсөн дүү Гантөгсөөс гоёлын даашинз авъя гэж утсаар ярьж байгаад Нацагдоржийн гэрт хүрээд ир гэхээр нь яваад очсон. Тэгтэл 19 цагийн үед гэрт очоод байж байтал  гэрийнх нь хаалга дуугарсан. Гантөгс очоод хэн бэ гэхэд цаанаас нь өөртэй чинь уулзъя гээд хэлсэн. Тэгэхэд Гантөгс зугтаагаад уулзмааргүй байна гээд жижиг өрөө рүү гүйгээд орчихоор нь би очоод хэнтэй уулзах юм гээд асуутал Гантөгстэй уулзмаар байна гээд нэг эмэгтэй хүн байсан. тэгээд тэр эмэгтэй намайг харчихаад та ээж нь байна гэхээр нь биш гэхэд нөгөө эмэгтэй Гантөгсийн хүүг сургуулиа тараад явж байгааг нь гар утсан дээрээ бичлэг хийснээ харуулаад энэ танай ач чинь байна гээд хаалга алдалж зогсчихоод байхаар нь би айлд байна, холдоодох хаалга хаамаар байна гээд цээж рүү нь түлхсэн. Тэгэхээр эмэгтэй ёо ёо гэж орилоод хөхний хорт хавдартай хүн гээд өөрийгөө хэлээд байсан. Тэгээд би шууд болъё гээд Гантөгсөөс авсан даашинзаа уутанд хийгээд гадуур хувцсаа өмсөөд цахилгаан шат дуудаад зогсож байхад том өрөөнд байсан Нацагдорж хүрээд ирсэн. Тэгээд Нацагдорж тэр хоёр маргалдаад тэр эмэгтэйг цаашаа гээд цээж рүү нь түлхээд холдохгүй байхаар нь хоёр гарын шуунаас нь бариад өргөөд цахилгаан шат руу оруулсан. Хоёр хөл нь газраас хөндий байсан болохоор хоёр хөлөө савчаад байсан. Тэгээд Нацагдорж цахилгаан шат руу оруулаад ханыг нь налуулчихаад гэр рүүгээ орчихсон. Намайг цахилгаан шат руу орох гэтэл нөгөө эмэгтэй мөлхөөд  орц руу буцаж яваад би гараад явсан…” гэжээ /хх-21/.

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн ¹15124 дугаар дүгнэлтэд: 

“1. Б.Адъяатөмөрийн биед тархи доргилт, хоёр шуу, баруун гуя, хоёр өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.  

3. Тархи доргилт гэмтэл нь тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх-25/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-33-34/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ннь 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 10а байрны 12 давхарт хохирогч Б.Адъяатөмөрийг түлхэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Нацагдоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Б.Нацагдоржийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага буюу хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав. 

Хохирогч Б.Адъяатөмөр нь шүүгдэгчээс нийт 5.000.000 төгрөг нэхэмжилж байна гэх боловч баримтаар тогтоогдсон 498.000 төгрөгийг Б.Нацагдоржоос гаргуулан олгож, үлдэх 4.502.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов. 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Даян овгийн Батновын Нацагдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нацагдоржийг 700 (долоон зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ннь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Б.Нацагдоржоос 498.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Адъяатөмөрт олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 4.502.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нацагдоржид хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН