| Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Одонтуяа |
| Хэргийн индекс | 109/2024/0034/З |
| Дугаар | 109/ШШ2025/0005 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Бусад, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 109/ШШ2025/0005
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Г
Хариуцагч: Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,
Архангай аймгийн Засаг дарга
Гуравдагч этгээд: Б.Б нарын хоорондын “Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 01/10 дугаар тогтоол, Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Д.Г-ыг албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/65, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Б.Б-ыг албан тушаалд томилох тухай” Б/66 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагч Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга В.Б, хариуцагчийн өмгөөлөгч В.У, хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г, гуравдагч этгээд Б.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Д.Г нь Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Архангай аймгийн Засаг дарга нарт холбогдуулан “Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01/10 дугаар тогтоол, Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Д.Г-ыг албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/65, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Б.Б-ыг албан тушаалд томилох тухай” Б/66 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн тухайд:
2.1. 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль явагдсантай холбогдуулан Архангай аймгийн Цахир сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар тогтоолоор тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдааныг 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 11 цагт сумын Иргэний танхимд зарлан хуралдуулахаар товложээ. (Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны материал 3 дахь тал)
2.2. Улмаар Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 01/02 дугаар тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудал баталсны 5 дугаарт Засаг даргад нэр дэвшүүлэх талаар хэлэлцэхээр тогтоожээ. (Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны материал 12 дахь тал)
2.3. Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн хуралдаанд сумын Засаг даргад Монгол Ардын намын бүлгээс Б.Б-ыг, Ардчилсан намаас Д.Г-ыг нэр дэвшүүлж, санал хураалт явуулснаас Б.Б 19 төлөөлөгчийн буюу 90.5 хувийн санал авсан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 6-12 дахь тал)
2.4. Дээрх саналыг үндэслэн Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 01/10 дугаар тогтоолоор сумын Засаг даргад Монгол Ардын намаас нэр дэвшиж, хуралд оролцсон Төлөөлөгчдийн 90.5 хувийн санал авсан Б-ийн Б-ыг сумын Засаг даргад нэр дэвшүүлж, аймгийн Засаг даргад уламжлахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгажээ. (1 дүгээр хавтаст хэргийн 5 дахь тал)
2.5. Ийнхүү Архангай аймгийн Засаг дарга нь Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 01/10 дугаар тогтоолыг үндэслэн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/65 дугаар захирамжаар Д.Г-ын бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Цахир сумын Засаг даргын албан тушаалаас 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, мөн өдрийн Б/66 дугаар захирамжаар Б.Б-ыг Цахир сумын Засаг даргын албан тушаалд томилжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 27-28 дахь тал)
2.6. Нэхэмжлэгч Д.Г-аас 2024 оны 11 дүгээр сарын 7-ний өдөр “Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 01/10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргаж, шүүх 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг хянан шийдвэрлэв.
Гурав. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагч тайлбар, татгалзал, гуравдагч этгээдийн тайлбарын тухайд:
3.1. Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Г миний бие Архангай аймгийн Цахир сумын Засаг даргад нэр дэвшигч иргэн юм. Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн анхдугаар хуралдаанаар сумын Засаг даргад нэр дэвшүүлж, дээд шатны Засаг даргад уламжлах асуудлыг хэлэлцсэн бөгөөд миний бие сумын иргэдийн хурлын төлөөлөгч Б.Б-ийн санал гаргасны дагуу сумын Засаг даргад нэр дэвшсэн юм. Тус хуралдаанд сумын Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Э Монгол Ардын намын бүлгээс Б-ийн Б-ыг сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн. Б.Б нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2-т заасан “...төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх” хуулийн шаардлагыг хангаагүй байхад сумын хурал уг нэр дэвшигчийн нэрийг хуралд оруулж тухайн нэр дэвшигч дээр санал хураасан нь тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалт “ ... Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч болон аймаг нийслэл дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь нам эвслийн бүлэг түүнчлэн иргэдийн нийтийн хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-д заасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана” гэж хуульчилжээ. Гэтэл энэхүү хуулийн шаардлагыг зөрчиж, сумын хуралд тус хурлын төлөөлөгч биш, намын бүлгээс нэр дэвшүүлсэн нь мөн хуулийн дээрх заалтыг зөрчсөн. Дээрх хууль зөрчиж сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн, хурал тухайн нэр дэвшүүлсэн хүнийг хүлээн авч санал хураасан үйлдэл нь Архангай аймгийн Цахир сумын Засаг даргад нэр дэвшигч Д.Г миний эрх ашгийг зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна. Иймд Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 01/10 дугаар тогтоол, Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/65, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/66 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 01/10 дугаар тогтоол, мөн Аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/65, Б/66 захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ нь Монгол улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчиж гарсан хууль бус шийдвэр гэж үзэж үзсэн. Нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь нэр дэвшигч Б.Б нь төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй. Нэр дэвшигч өөрөө шаардлагаа хангасан гэдгээ нотолсон тохиолдолд нэр дэвшүүлнэ гэдгийг хуульчлан заасан байна. Дээр нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нам эвслийн бүлэг гэж байхгүй. Хуульд байхгүй асуудлаар бүлгээс нэр дэвшүүлж байгаа нь хууль зөрчиж байна. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийг гаргасан гэв.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д аймаг нийслэл, сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна. 56 дугаар зүйлийн 56.3.2-д төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байна гэсэн шаардлагыг хангаагүй гэж гол үндэслэлээ тайлбарлаж байгаа. Энэ асуудлаар иргэдийн Төлөөлөгчдийн хурал анх хуралдаад Б.Б-ыг нэр дэвшүүлэх үед энэ шаардлагаа хангаж байгаа юм уу гэдгийг анхнаас нь сануулсан. Тэр үед шалгах шаардлагагүй, аймгийн Засаг даргаас өөрсдөө шалгачихна гэсэн байдлаар хэлэлцэгдээд явсан нь хурлын тэмдэглэлд тэмдэглэгдэж үлдсэн байгаа. Мөн Засаг даргад танилцуулахдаа намтрыг нь өгч холбоотой баримтуудыг хавсаргасан байсан. Тэгэхээр Б.Б-ыг төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан гэдгийг нь нотлох зүйл байгаагүй. Гэтэл мөн хуулийнхаа 56 дугаар зүйлийн 56.5.1, 56.3, 56.4-д заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана гэсэн байна. Энэ саналаа гаргах үедээ иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нэр дэвшиж байгаа хүнийг энэ шаардлагыг хангасан байна гэдгээ тогтоочихсон байх ёстой. Гэтэл үүнийгээ хэрэгжүүлээгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа. Цаашлаад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.4-д заасан шаардлагыг хангасан байх гэсэн байна. Заавал энэ шаардлагыг хангасан хүнийг л томилно гэдгийг хуульчлаад өгчихсөн байгаа. Гэтэл төрийн албанд гурваас доошгүй жил ажиллаагүй хүнийг нэр дэвшүүлээд санал болгоод аймгийн Засаг даргаас хүлээж аваад томилж байгаа нь хууль зөрчсөн байна. Үүнд үндэслээд Д.Г-ыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Д.Г-ыг нэр дэвшүүлсэн. Тэгэхээр нэр дэвшигчийн хувьд өрсөлдөж буй хүн нь хуулийн шаардлага хангаагүй байхад санал болгож байгаа нь тухайн нэр дэвшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж байна. Үүнд үндэслээд 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Б/65 дугаар захирамжаар Д.Г-ыг албан тушаалтнаас чөлөөлж байгаа нь хөдөлмөрлөх эрхэд халдсан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
3.4. Хариуцагч Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд гаргасан тайлбартаа: 2024 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үр дүнд Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хуралдсан. Тус хуралдаанд төлөөлөгч Д.Э нь Б.Б-ыг Цахир сумын Засаг даргад нэр дэвшүүлснээр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оролцсон нийт 21 төлөөлөгчөөс 19 төлөөлөгч нь буюу 90,5 хувийн саналаар дэмжигдсэнээр Б.Б-ыг Архангай аймгийн Цахир сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тогтоолын төсөл 100 хувийн саналаар батлагдсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 тухайн шатны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2. 3асаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ гэсэн тусгайлсан эрхийнхээ хүрээнд Архангай аймгийн Цахир сумын Засаг даргаар Б.Б-ыг томилуулахаар нэр дэвшүүлсэн 01/10 дугаартай тогтоол гарсан. Уг тогтоолыг Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн дийлэнхи олонхоор шийдвэрлэсэн улс төрийн шийдвэр. Нэхэмжлэгч Д.Г нь нэхэмжлэлдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалт “...Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч болон аймаг нийслэл дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь нам эвслийн бүлэг түүнчлэн Иргэдийн нийтийн хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-д заасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана" гэж хуульчилжээ. Гэтэл уг хуулийн шаардлагыг зөрчиж, сумын хуралд тус хурлын төлөөлөгч биш, намын бүлгээс нэр дэвшүүлсэн нь мөн хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэжээ. Б.Б-ыг Засаг даргад иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгч Д.Э нь нэр дэвшүүлсэн учир Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1-д заасан журмыг зөрчөөгүй. Б.Б- нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангаж байгаа бөгөөд Б.Б нь Цахир сумын Монгол Ардын намын даргаар 3 жил ажилласан учраас Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу төрийн алба хаасан гэж үзсэн. Иргэн Д.Г-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, хөндөгдөөгүй, Архангай аймгийн Цахир сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 11 сарын 01-ний өдрийн 01/10 дугаар тогтоол нь зорилгодоо нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл тогтоол. Иймд Д.Г-ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.5. Хариуцагч Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга В.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн анхдугаар хуралдаанаар Б.Б-ыг Д.Э төлөөлөгч нэр дэвшүүлж 21 төлөөлөгчийн 19 төлөөлөгч дэмжиж 90.5 хувийн олонхын саналаар Засаг даргын нэр дэвшүүлсэн тогтоолыг хүчинтэй гэж үзэж байна гэв.
3.6. Хариуцагч Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн. Эдгээр асуудлууд дунд Цахир сумын Засаг даргад Б.Б-ыг нэр дэвшүүлсэн тогтоолыг хууль бус гэж үзсэн байдаг. Ингэж үзэхдээ Б.Б-ыг Засаг даргад тавигдах шаардлагын нэг болох төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл тухайн өдөр болсон 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 01 тоот тэмдэглэл байгаа. Уг тэмдэглэлд Б.Б төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан шаардлагыг хангаж байгаа гэж үзсэн үндэслэлээ тайлбарласан байдаг. Төрийн албанд төрийн өмчийн компанид 12 жил ажилласан. Мөн улс төрийн болоод намын даргаар ажилласан хүнийг төрийн албанд ажилласан хугацаагаар тооцно гэсэн ил үндэслэлээр тайлбараа хэлсэн. Ингээд Засаг даргад нэр дэвшүүлэх тогтоолыг баталсан. Ирц хуульд зааснаар хангалттай хүрсэн. Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 25 дугаартай албан бичгээр иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол, Б.Б-ыг нэр дэвшүүлж холбогдох 31 хуудас материалыг томилох эрх бүхий этгээд буюу аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Б.Б-ыг төрийн албанд гурваас доошгүй хугацаагаар ажилласан ийм хууль зүйн шаардлагыг хангана гэсэн үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 310, 382 дугаар тогтоолд зааснаар төрийн алба хаасан хугацаанд улс төрийн улсын их хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллах гэж байгаа тохиолдолд төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно гэсэн журмын дагуу хуулийн шаардлагыг бүрэн хангаж байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Архангай аймгийн Цахир сумын Засаг даргад Б.Б-ыг нэр дэвшүүлсэн тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн боломж байхгүй гэж харж байна гэв.
3.7. Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Д.Г-ын нэмэгдүүлсэн шаардлага буюу аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/65, Б/66 дугаар захирамжуудыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тухайн сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн 2024 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 25 дугаар албан бичгээр ирүүлсэн баримтуудад үндэслэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасан шаардлагыг хангаж байсан тул нэр дэвшсэн этгээд Б.Б-ыг томилсон, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасан хугацаа дууссан тул Цахир сумын Засаг дарга Д.Г-ыг чөлөөлсөн захирамжийг хууль ёсны гэж үзэж байна гэжээ.
3.8. Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал 21 төлөөлөгч буюу мандаттай, 21 төлөөлөгчөөс 19 төлөөлөгч нь Монгол Ардын намаас, Ардчилсан намаас хоёр төлөөлөгч сонгогдсон. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь хуулийн дагуу хуралдаад сумын Засаг даргад нэр дэвшүүлдэг. Сумын Засаг даргад нэр дэвшсэн Б.Б-ын материал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан тоот зэрэг 31 хуудас холбогдох материалууд аймгийн Засаг даргад ирсэн. Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэс уг материалуудыг нэг бүрчлэн судалж үздэг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд 5 үндсэн шаардлага заасан байдаг. Энэ үндсэн 5 шаардлагыг хангаж байна уу гэдгийг ирүүлсэн материал холбогдох газраас лавлагаа тодруулгыг авсан. Мөн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хуулийн дагуу хянуулдаг. Авлигатай тэмцэх газрын дүгнэлт болон бусад холбогдох материалыг үндэслээд энэ хуульд заасан эрх үүргийнхээ хүрээнд аймгийн Засаг дарга шийдвэрээ гаргаж Цахир сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.Г-ыг бүрэн эрхийн хугацаа нь дууссан учраас ажлаас чөлөөлсөн. Дараагийн Засаг даргад нэр дэвшигчээр Б.Б-ыг холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн томилсон байгаа. Өөрөөр хэлбэл Цахир сумын Засаг даргаар томилох энэ процесс нь хуулийн дагуу бүх шаардлагыг хангасан хүнийг холбогдох эрх бүхий байгууллагаас авсан лавлагаа тодорхойлолт дүгнэлтийг үндэслэн томилсон учраас энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй гэж үзэж байна гэв.
3.9. Гуравдагч этгээд Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус хэрэгт гуравдагч этгээдээр татагдан оролцож байгаа Б.Б миний бие уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан гэж үзэж байгаа тул Архангай аймгийн Цахир сумын Засаг даргад нэр дэвшигдэхэд тавигдах шаардлагыг бүрэн хангасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3.10. Гуравдагч этгээд Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2011 онд их дээд сургууль төгсөөд 2012 оны 1 дүгээр сараас эхлээд Хадгаламж банк Цахир суманд анх үүсгэн байгуулагдахад эрхлэгчээр нь томилогдон ажилласан. Хадгаламж банк 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Төрийн банк болж төрийн банкинд эрх шилжихэд Төрийн банкны эрхлэгчээр томилогдоод 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл тасралтгүй ажилласан. Мөн 2016 онд Монгол Ардын намд элсэн орж 2016, 2020 оны сонгуульд Монгол Ардын намаас Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж төлөөлөгчөөр сонгогдсон. Төлөөлөгчөөр сонгогдох 8 жилийн хугацаандаа 2016 онд тэргүүлэгчээр сонгогдож, 2024 онд тэргүүлэгч, намын бүлгийн дарга гэсэн төлөөлөгчийн давхар үүргийг гүйцэтгэж ажилласан. 2021 оны 8 дугаар сараас эхлэн Цахир сумын Монгол Ардын намын хорооны даргаар одоог хүртэл ажиллаж байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 10 гаруй жил ажиллаж байгаа нь төрийн албанд ажилласан гэж өөрийгөө үзэж байна гэв.
3.11. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэр дэвшигч Б.Б Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2-д төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх хуулийн шаардлагыг хангаагүй байхад хуралд нэр оруулж тухайн нэр дэвшигч дээр санал хураасан нь дээрх хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг зөрчиж байна гэжээ. Энэ хурлын процесс хэрхэн яаж явагдсан, ямар асуудал хэлэлцсэн гэдгийг үзэхэд Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 21 төлөөлөгчтэй байх ёстой юм байна. 21 төлөөлөгчөөс хуралдааны ирц зуун хувьтай хүчин төгөлдөр эхэллээ гэж байна. Тэгэхээр 21 төлөөлөгч 4 асуудлыг хэлэлцээд 4 дэх асуудалд нь сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудал хэлэлцсэн байна. Энэ хэлэлцсэн асуудалд иргэдийн Төлөөлөгчдийн дарга “Б- сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудал байгаа, дэгийн дагуу нэр дэвшүүлэх үйл ажиллагаа эхэлье гээд Монгол Ардын намын Д.Э Засаг даргад Б.Б-ыг нэр дэвшүүлж, товч намтрыг нь уншиж танилцуулсан байна. Мөн төлөөлөгч Б.Б сумын Засаг даргад Ардчилсан намаас Д.Г-ыг нэр дэвшүүлж байна гэжээ. Б.Б, Д.Г хоёр дээр санал хураалт явагдсан хурлын процесст ямар ч алдаа байхгүй, Б.Б 19 санал буюу 90.5 хувийн санал авч Д.Г 2 хүний санал авсан байна. Өнөөдрийн гол маргаан болж байгаа үйл фактын тухайд төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байхад нэр дэвшүүлсэн гэдэг асуудал яригдаж байна. Төрд ажилласан, төрийн албанд ажилласан гэдэг нь хоёр өөр нэр томьёо юм. Төрийн банканд 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаалаар Төрийн банкны харьяа Архангай аймаг дахь салбарын Цахир сумын тооцооны төвийн эрхлэгчээр томилогдсон. Тухайн үед болон одоо ч гэсэн Төрийн банкинд төрийн өмч давамгайлсан хуулийн этгээд болж байгаа. Үүгээрээ төрд ажиллаж байгаа гэдэг шинжийг нь тодорхойлж хэлээд байна. Үүнд төрийн албан хаагчдад тавигдах шаардлагыг яриагүй, төрд ажилладаг гэсэн үүднээс ярьж байгаа. Ингээд төрийн банкны нийгмийн даатгал төлсөн баримтаар гарч ирнэ. Дараачийн асуудал Б.Б нь хуралд нэр дэвшээд гарч ирсэн биш. Б.Б нь 2016 оноос 2020 онд Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон. Мөн 2020-2024 онд Б.Б нь дахин сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдсон. 2024 оны сонгуулийн үр дүнд Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдсон. 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор 7 хүний бүрэлдэхүүнтэй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийг сонгосон байдаг. Үүнд Б.Б багтсан байгаа. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчээр сонгогдож байгаа нь төрийн ажил юм. Мөн 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 1/7 тоот Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор тухайн үед нь намын бүлгийн ахлагч нарыг сонгож байсан. Энд үед Монгол Ардын намын бүлгийн ахлагчаар Б.Б сонгогдсон. Мөн дараа нь Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 04/0115 тоот иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай тогтоол батлагдсан байна. Мөн долоон гишүүнтэй баталсан байна, долоо дахь гишүүн нь Б.Б гэсэн нэр байна. Энэ нь төрийн төлөө зүтгэж байгаа бас л нэг шинж юм. Тэгэхээр энэ хурлын төлөөлөгчдийн тэргүүлэгчдээр сонгогдчихоод төрийн албаны нэг гол асуудал байна. Энэ 2 үндсэн шинжээр Б.Б-ыг төрд ажиллаж байсан гэж үзэж байна. Одоо төрийн албанд гурван жил ажилласан гэдэг нөхцөл байдлыг ярья. Монгол Улсад мөрдөгдөж байгаа энэ хуулийг ерөнхийд нь хоёр ангилаад байна. Хүчин төгөлдөр хуулийг өнөөдөр бид нар хэрэглэх хуулийн заалттай. Архангай аймгийн Монгол Ардын намын тэргүүлэгчдийн 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 31 тоот тогтоол байгаа. Энэ тогтоолоор Цахир сумын Монгол Ардын намын хорооны даргаар Б.Б-ыг түр томилсон. 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Цахир сумын Монгол Ардын намын бүх гишүүдийн хурал хуралдаад 142 гишүүн оролцсон. Үүнээс 100 хувийн саналаар Архангай аймгийн Цахир сумын Монгол Ардын намын хорооны даргаар Б.Б-ыг сонгож батлав гэсэн байгаа. 1995 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль үйлчилж байсан. Тухайн үед Төрийн албаны тухай хуулийг дагаж гарсан байгаа боловч өнөөдөр тэр хуулийг хүчингүй болгосон боловч Төрийн албаны хуулийг дагаж мөрдөх журмын тухай 1995 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн энэ хуулийг хүчингүйд тооцсон шийдвэр гараагүй. Төрийн албаны хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчин төгөлдөр байна. Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль өнөөдөр яагаад хүчин төгөлдөр байна вэ гэхээр өмнөх хуульд тусгагдсан нарийн процессын ажиллагаа дараагийн Төрийн албаны тухай хуульд тусгагдчихсан учраас 1995 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болгох шаардлагагүй, хүчинтэй байгаа учраас дагаж мөрдөх ёстой болж байгаа юм. Уг хуулийн 6 дугаар зүйлд УИХ-ын суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан дээрх хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно гэж байгаа. Тэгэхээр Монгол Арын нам нь Улсын Их хуралд суудалгүй байсныг мэдэхгүй байх. Намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан гэдэг нь Архангай аймгийн Цахир сумын Монгол Ардын намын даргын албан тушаалыг хашиж байгаа энэ албан тушаал орж байгаа. 2021 оноос эхэлж одоог хүртэл мөрдөгдөөд 3 жил 2 сар болж байна. Энэ хуулийн дагуу албан тушаал эрхэлж байсан бол төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан дээрх хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно гэсэн байна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ бичсэн Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2-т заасан төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх хуулийн шаардлагыг хангаагүй биш харин хангасан гэж харагдаж байна. 2018 оны Засгийн газрын 382 дугаартай тогтоол байгаа. Уг тогтоолоор баталсан журмын 3 дугаар зүйлд Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад ажилласан дээрх хугацааг төрийн албанд шилжин ажилласан хугацаанд оруулан тооцно гэж заасан. Тэгэхээр намын байгууллагад 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийн хүртэл бид нарын эрх зүйн маргаан үүсгээд байгаа цаг хугацааны хувьд Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 01/10 дугаартай тогтоол гарах хүртэл хугацаанд гурван жилээс илүү ажилласан байгаа. Б.Б-ын материалыг Авлигатай тэмцэх газарт явуулсан, Авлигатай тэмцэх газар 2 үндэслэлээр шалгасан. Нэгдүгээрт ашиг сонирхлын зөрчил байна уу гэдгийг шалгасан. Хоёрт нь хуульд заасан болзлыг хангасан байна уу үгүй юу гэдгийг шалгасан гэж байна. Өнөөдөр Авлигатай тэмцэх газраас энэ хоёр нөхцөл байдлыг нэр дэвшүүлээд байгаа Б.Б хангасан. Ийм учраас төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх хуулийн шаардлагыг Б.Б- нь хангачихсан байна гэв.
Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Учир нь:
Нэг. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн тухайд:
1.1. Иргэн Д.Г-аас 2024 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр “Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 01/10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргаж, түүний үндэслэлээ “ ... Д.Г- миний бие Архангай аймгийн Цахир сумын Засаг даргад нэр дэвшигч иргэн юм. Тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн анхдугаар хуралдаанаар сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн. Б.Б нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2-т заасан “...төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх” хуулийн шаардлагыг хангаагүй байхад сумын хурал уг нэр дэвшигчийн нэрийг хуралд оруулж тухайн нэр дэвшигч дээр санал хураасан нь тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалт “ ... Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч болон аймаг нийслэл дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь нам эвслийн бүлэг түүнчлэн иргэдийн нийтийн хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-д заасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана” гэж хуульчилжээ. Гэтэл энэхүү хуулийн шаардлагыг зөрчиж, сумын хуралд тус хурлын төлөөлөгч биш, намын бүлгээс нэр дэвшүүлсэн нь мөн хуулийн дээрх заалтыг зөрчсөн. Дээрх хууль зөрчиж сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн, хурал тухайн нэр дэвшүүлсэн хүнийг хүлээн авч санал хураасан үйлдэл нь Архангай аймгийн Цахир сумын Засаг даргад нэр дэвшигч Д.Г миний эрх ашгийг зөрчсөн ...” гэж дурджээ.
1.2. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 01/10 дугаар тогтоол, Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/65, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/66 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэн тодорхойлсон болно.
1.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж заасан ба маргаан бүхий дээрх захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй.
1.4. Учир нь нэхэмжлэгч Д.Г-ыг Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн хуралдаанд сумын Засаг даргад нэрийг нь дэвшүүлж өрсөлдсөн.
1.5. Улмаар Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 01/10 дугаар тогтоолыг үндэслэн нь Цахир сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.Г-ыг аймгийн Засаг дарга 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/65 дугаар захирамжаар албан тушаалаас чөлөөлж, мөн өдрийн Б/66 дугаар захирамжаар сумын Засаг даргаар Б.Б-ыг томилсон байх тул уг тогтоол, захирамж нь нэхэмжлэгчид чиглэсэн үр дагавар үүсгэсэн бөгөөд түүний улмаас иргэн Д.Г-ын хөдөлмөрлөх, хуулийн өмнө эрх тэгш байх эрх хөндөгдсөн байна.
1.6. Иймд иргэн Д.Г-ын шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт зааснаар тус шүүхийн харьяалан шийдвэрлэвэл зохих маргаан мөн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
1.7. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7. дахь хэсэгт “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ .., буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, .... хууль зөрчсөн эсэхийг шалгана.” гэж зааснаар хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар зэргийг шинжлэн судалж дүгнэлт гаргасан болно.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл: ... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалт “ ... Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч болон аймаг нийслэл дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь нам эвслийн бүлэг түүнчлэн иргэдийн нийтийн хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-д заасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана” гэж хуульчилжээ. Гэтэл энэхүү хуулийн шаардлагыг зөрчиж, сумын хуралд тус хурлын төлөөлөгч биш, намын бүлгээс нэр дэвшүүлсэн нь мөн хуулийн дээрх заалтыг зөрчсөн ... эсэх тухайд:
2.1. Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 01/01 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 38 дугаар зүйлийн 38.3, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 11 тоот тогтоолыг үндэслэн 2024 оны сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд сонгогчдын олонхийн санал авсан хавсралтад заасан нэр бүхий 21 нэр дэвшигчийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр баталж, бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн байна. (Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны материал 7 дахь тал)
2.2. Мөн өдрийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 01/03 дугаар тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны дэгийг хавсралтаар баталж, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны дэгийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2., 8.3.-т хуралд намын бүлэг байгуулагдсан тухай мэдээлэх талаар тусгажээ. (Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны материал 13-18 дахь тал)
2.3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5. дахь хэсэг Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дараах журмаар явуулна: 56.5.1.-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон аймаг, ... иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нам, эвслийн бүлэг, түүнчлэн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана”, 56.6. дахь хэсэгт “Энэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг ......, сум, дүүргийн Засаг даргаар аймаг, .. Засаг дарга, .. томилно.” гэж заасан.
2.4. Тус аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Хуралдааны дэг батлах тухай” 01/03 дугаартай тогтоолын хавсралтаар “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Анхдугаар хуралдааны дэгийг баталж, уг дэгийн 8 дугаар зүйлийн 8.1.,8.2., 8.3.-д тусгасан байна.
2.5. Хуулийн дээрх зохицуулалтаас дүгнэхэд, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нам, эвслийн бүлэг, түүнчлэн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч тухайн шатны Засаг даргыг нэр дэвшүүлэх эрхтэй.
2.6. Өөрөөр хэлбэл, Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч бөгөөд Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Э-аас Б.Б-ын нэрийг дэвшүүлсэн, дээрх хуульд зааснаар сумын Засаг даргад нэр дэвшүүлэх эрх тус хуралд оролцсон хэн алинд ч олгогдсон гэж үзнэ.
Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл: ... Б.Б нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2.-т “... төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан” байх хуулийн шаардлагыг хангаагүй байхад сумын хурал уг нэр дэвшигчийн нэрийг хуралд оруулж тухайн нэр дэвшигч дээр санал хураасан нь тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1. дэх заалтыг зөрчсөн ..” эсэх тухайд:
3.1. Гуравдагч этгээд Б.Б-ын тухайд, Архангай аймгийн Монгол Ардын намын хорооны тэргүүлэгчдийн 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор Цахир сумын Монгол Ардын намын хорооны даргын сонгуульт албан тушаалд түр томилогдож, Архангай аймгийн Цахир сумын намын анхан шатны байгууллагын бүх гишүүдийн хурлын 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаар тогтоолоор Цахир сумын Монгол Ардын намын хорооны даргаар сонгогдон ажиллажээ. (1 дүгээр хавтаст хэргийн 84-85 дахь тал)
3.2. Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас “ ... Б.Б- нь Цахир сумын Монгол Ардын намын даргаар 3 жил ажилласан учраас 1995 оны Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу төрийн алба хаасан гэж үзнэ ... учир нь уг хууль хүчин төгөлдөр байгаа ...” хэмээн тайлбарлаж байна.
3.3. 1995 оны Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан дээрх хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно.” гэж заасан боловч тус хуулийн 7 дугаар зүйлд “Энэ хуулийг Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасан ба 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуулийг 2002 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Төрийн албаны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулиар хүчингүй болгосон байна. /Төрийн мэдээлэл №28/265/ дугаарт нийтлэгдсэн 2002 он/
3.4. Үүнээс дүгнэхэд, 1995 оны Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн үйлчлэл нь тухайн “дагаж мөрдөх” гэж буй хууль буюу 1994 оны Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтад хамааралтай бөгөөд уг хэрэг маргаанд дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй.
3.5. Өөрөөр хэлбэл, 1995 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь 1994 оны Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөгдөхөөр гарсан, гагцхүү уг хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үе болон шилжилтийн үеийн харилцааг зохицуулахад хэрэглэгдэхээр байна. (Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 04 дүгээр дүгнэлт, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 175 дугаар магадлал)
3.6. Түүнчлэн дээрхи журмын 6 дугаар зүйлийг баримтлан төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцохгүй.
3.7. Учир нь, гуравдагч этгээд Б.Б-ын эрхэлж байсан Цахир сумын Монгол Ардын намын хорооны даргын албан тушаал нь 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалын ангилалд хамаарахгүй.
3.8. Иймд гуравдагч этгээд Б.Б-ын 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс хойш Архангай аймгийн Цахир сумын Монгол Ардын намын хорооны даргаар ажилласан хугацааг “төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан” байх хугацаанд хамааруулж, уг шалгуурыг хангасан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Дөрөв. “Төрийн банк” ХК-ийн Архангай аймгийн Цахир сумын тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан тухайд:
4.1. “Төрийн банк” хувьцаат компани /нээлттэй/ нь анх Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 348 дугаар тогтоолоор үүсгэн байгуулагдсан, мөнгөн хадгаламж, зээл, төлбөр тооцоо, гадаад валют, үнэт металл, эрдэнийн чулуу худалдан авах, худалдах, хадгалах, хадгалуулах, үнэт зүйл хадгалах, гадаад төлбөр тооцоо хийх, үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах үйл ажиллагааны чиглэл бүхий ашгийн төлөө хуулийн этгээд байна. (1 дүгээр хавтаст хэргийн 96-100 дахь тал)
4.2. Гуравдагч этгээд Б.Б нь Хадгаламж банкны Архангай салбарын захирлын 2012 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 07 дугаар тушаалаар Архангай аймаг дахь Хадгаламж банкны харьяа Цахир тооцооны төвийн эрхлэгчийн албан тушаалд түр хугацаагаар, Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн БЗ85/1824 дүгээр тушаалаар Төрийн банкны харьяа “Архангай” салбарын “Цахир” тооцооны төвийн эрхлэгчээр томилогдон ажиллаж, Төрийн банкны Архангай салбарын захирлын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/65 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачилгаар цуцалжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 103-104 дэх тал)
4.3. “Төрийн банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 02 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн банк” хувьцаат компанийн дүрмийн 1.3-т “Банк нь .... энэхүү дүрмийн хүрээнд ашгийн төлөө, банкны нийтлэг үйл ажиллагаа явуулах нээлттэй хувьцаат компани байна”, 1.6-д “Банк нь Монгол Улсад болон гадаадад өөрийн салбар, төлөөлөгчийн газартай байж болно. Банкны салбар төлөөлөгчийн газар нь хуулийн этгээдийн эрхгүй болно гэж заасан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 206 дахь тал)
4.4. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1. дэх хэсэгт “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ.”, 25.2. дахь хэсэгт “Хуулийн этгээд нь ашиг олох зорилготой ашгийн төлөө, хууль буюу дүрэмд заасан зорилготой, ашгийн төлөө бус байж болно.”, 25.3. дахь хэсэгт “Хуулийн этгээд нь нийтийн, хувийн, холимог өмчийн байна.” 25.5. дахь хэсэгт “Хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг хуулиар тогтооно.”,
4.5. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дэх хэсэг Улсын бүртгэлийн байгууллага дараах хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрыг бүртгэнэ: 7.1.2.-т “компани”,
4.6. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. дэх хэсэгт “Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ.”, 3.4. дэх хэсэгт “Компани нь хязгаарлагдмал хариуцлагатай болон хувьцаат компани гэсэн хэлбэртэй байна.”, 3.6. дахь хэсэгт “Хувьцаат компани нь нээлттэй болон хаалттай гэсэн төрөлтэй байна.”, 3.7. дахь хэсэгт “"Нээлттэй хувьцаат компани" гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, нийтэд чөлөөтэй арилжаалагддаг компанийг хэлнэ.” гэж тус тус заасан.
4.7. Дээрх хуулийн зохицуулалтаас дүгнэхэд гуравдагч этгээд Б.Б 2012 оноос хойш төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд буюу “Төрийн банк” ХК-ийн Архангай салбарын Цахир сумын тооцооны төвийн захирлаар ажилласан боловч энэ нь “төрийн алба”-нд ажилласан хугацаанд хамааралгүй.
4.8. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д "төрийн алба" гэж төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх, төрийн бодлого боловсруулах, төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай бусад үйлчилгээг нийтэд хүргэх үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг; 3.1.2.-т "төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг хэмээн тодорхойлсон ба төрийн албаны эрхэм зорилго нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд оршдог.
4.9. Дээрх нөхцөлөөс дүгнэхэд гуравдагч этгээд Б.Б-ыг ашгийн төлөө хуулийн этгээдэд Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан хугацааг “төрийн албан тушаал” хашиж, төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажилласан гэж үзэх үндэслэлгүй байна.
Тав. Маргаан бүхий Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 01/10 дугаар тогтоол, Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/65, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/66 дугаар захирамжийн үндэслэлийн тухайд
5.1. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2.-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, ... , хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” , Жаран гуравдугаар зүйлийн 2.-т “Хурлын тогтоол, Засаг даргын захирамж нь хууль тогтоомж, ..... нийцсэн байх ... мөрдөнө.” гэж тус тус зааснаар тухайн сумын Хурлын тогтоол, аймгийн Засаг даргын захирамж нь хууль дээдлэх үндсэн зарчим зөрчигдсөн байна гэж шүүх дүгнэв.
5.2. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.5-д зааснаар Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Архангай аймгийн Засаг дарга нь захиргааны байгууллага (албан тушаалтан) болохын хувьд өөрийн үйл ажиллагаандаа мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. дэх хэсэгт “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ.”, 4.2. дахь хэсэг Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:4.2.1.-д “хуульд үндэслэх” гэж тухайлан заасан зарчмыг баримтлах үүрэгтэй.
5.3. Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 01/10 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 56 дугаар зүйлийн 56.2., 56.3 дахь заалтыг үндэслэн Б.Б-ыг Цахир сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 5 дахь тал)
5.4. Ингэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1. дэх хэсэг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 35.1.4.-т “тухайн шатны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх”, 56 дугаар зүйлийн 56.2. дахь хэсэгт “Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ.”, 56.3. дахь хэсэг Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна: 56.3.1.-д “дээд боловсролтой”, 56.3.2.-т “төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан”, 56.3.3.-т “шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх”, 56.3.4.-т “шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх”, 56.3.5.-д “ялгүй байх” гэж тус тус зааснаар тухайн сумын Засаг даргад санал болгосон хүнийг буюу нэр дэвшигч Б.Б нь дээрхи хуулийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг хариуцагч нар тодруулах үүрэгтэй.
5.5. Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга нь 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/65 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийн үндэслэн Д.Г-ыг албан тушаалаас чөлөөлж, мөн өдрийн Б/66 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 56.6, 66 дугаар зүйлийн 66.1, Засгийн газрын 2024 оны 128 дугаар тогтоолын 12 дугаар хавсралт, 2023 оны 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралт, 2007 оны 73 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Б.Б-ыг Цахир сумын Засаг даргаар томилжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 27-28 дахь тал)
5.6. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийг 56.3. дахь хэсэгт “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна: ...” , 56.6. дахь хэсэгт “Энэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга, сум, дүүргийн Засаг даргаар аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргаар Ерөнхий сайд томилно.”, 57 дугаар зүйлийн 57.1. дэх хэсэгт “Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.”, 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.” гэж тус тус заасан.
5.7. Маргаан бүхий Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 01/10 дугаар тогтоол, Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/65, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/66 дугаар захирамжууд нь дээр дурдсан үндэслэлээр хууль дээдлэх, хуульд нийцсэн байх, хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
5.8. Түүнчлэн хариуцагч Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуульд заасан шаардлага хангасан этгээдийг сумын Засаг даргад дахин нэр дэвшүүлэх, томилох эрх бүхий албан тушаалтанд саналаа уламжлах эрх нь нээлттэй болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12, 106.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1., 4.2.1. дэх заалт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийг 56.3., 56.3.2 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 01/10 дугаар тогтоол, Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Д.Г-ыг албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/65, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Б.Б-ыг албан тушаалд томилох тухай” Б/66 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА