Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/00620

 

 

 

 

 

 

 

 

 

А- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2021/00330 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А- ХХК-ийн хариуцагч Н-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 сарын 06-ны өдрийн 1772 дугаар шийдвэрээр А- ХХК-иас 54 427 950 төгрөгийг гаргуулж, Прохит ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Ковид-19 цах тахлын улмаас тус төлбөрийг төлөхгүй хожимдуулсан. Төлбөртөө өөрийн охин З.Мөрөнгийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг суутган тооцох санал өгсөн боловч төлбөр авагч дээрх саналыг хүлээж аваагүй. Төлбөрт хураагдсан Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу 21-р байр, 23 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг Виннер вэй ХХК нь 57 638 000 төгрөгөөр үнэлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар 57 638 000 төгрөгийн 70 хувиар дуудлага худалдаанд оруулан төлбөрт тооцох болсонд маш их гомдолтой байна. Үнэлгээний компани уг эд хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн бодит үнэлгээнд тулгуурлаагүй, ижил төрлийн үйлчилгээний байрууд 250 000 000 төгрөгөөр борлогдож байгааг үнэлгээний тайландаа тусгаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд 30 мкв боловч бараг 48 мкв талбай бүхий агуулах гэтэл хэт доогуур үнэлсэн. Манай компанийн хувьд тус байрыг зарахад 250 000 000 төгрөгийн үнэ хүрэх боломжтой гэж үзэж байгаа. Иймд Виннэр вэй ХХК-ний үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1772 дугаар шийдвэрээр А- ХХК-иас 54 427 950 төгрөгийг гаргуулж, Прохит ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу төлбөр төлөгч А- ХХК-д шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдлийг удаа дараа өгч биелүүлээгүй тул хуулийн дагуу тус компанийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу 21-р байр, 23 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг үнэлгээний Виннэр вэй ХХК-ийг шинжээчээр томилоход уг үл хөдлөх эд хөрөнгийг 57 638 000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр авагч Прохит ХХК нь уг үл хөдлөх хөрөнгө болон өөр үл хөдлөх эд хөрөнгө санал болгосныг төлбөртөө авахыг зөвшөөрөөгүй. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дах хэсэгт зааснаар уг үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Н-т холбогдох Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, бага тойруу, 21-р байр, 23 тоотод байрлах, 30 м.кв талбайтай, 2 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203004969 дугаарт бүртгэлтэй А- ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай А- ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх шинжээчийн тайлбар, болон хариуцагчийн тайлбарт тулгуурлан зах зээлийн бодит ханшид тулгуурласан үнэлгээ гаргасан байна гэж дүгнэсэн. Гэтэл манай байгууллагаас тухайн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бодит ханш нь хэд дахин өндөр байгаа тухайд нэхэмжлэлдээ болон шүүх хуралдааны явцад тайлбарласан боловч үнэлэлт өгсөнгүйд гомдолтой байна. Мөн шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлж, үүргээ биелүүлж нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж дүгнэсэн байна. Бодит нөхцөл байдал, тухайн маргааны зүйлийг шүүхийн зүгээс нэг бүрчлэн нарийвчлан тогтоож шийдвэр гаргах ёстой атал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд шүүхийн санаачлагаар шинжээч томилно гэх хуулийн заалтыг хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл маргаан бүхий үнэлгээнд талбайн хэмжээг бүрэн бодитой тогтоон хэмжсэн эсэх, нэгж талбайн ханшийг жишиг үнээр зөв тооцсон эсэхийг шүүхээс эцэслэн шийдвэрлэх ёстой байсан. Одоо маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ханш нь өдөр ирэх тусам өсөж, цаашид ч улам үнэ цэнэтэй байна гэдгийг харгалзсан, шинжээч судалгаа хийж, жишиг ханшийг сайн тодорхойлоогүй дүгнэлтийг хүчингүй болгож дахин шинжилгээ хийлгэн бодит ханш тогтоогдох ёстой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч А- ХХК нь хариуцагч Н-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/01772 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч А- ХХК-иас 54 000 000 төгрөг гаргуулан, Прохит ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2221 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 399 дугаар тогтоолоор дээрх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 49-62-р тал/

 

Нэхэмжлэгч А- ХХК нь шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагч Прохит ХХК-ийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 181/ГХ2019/00435 дугаар гүйцэтгэх хуудас олгожээ. /хх-ийн 47-р тал/

 

Хариуцагч Н- нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, нэхэмжлэгч А- ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу, 21 дүгээр байр, 23 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203004969 дугаарт бүртгэлтэй, 30 м.кв талбай бүхий, хоёр өрөө орон сууцыг 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хураасан байна. /хх-ийн 63, 71, 75-р тал/

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоохоор талуудаас үнийн санал авахад нэхэмжлэгч А- ХХК нь өөрийн өмчлөлийн орон сууцны 1 м.кв-ыг 3 000 000 төгрөгөөр, төлбөр авагч Прохит ХХК нь 55 000 000 төгрөгөөр тус тус үнэлжээ. /хх-ийн 78-79-р тал/

 

Талууд дээрх байдлаар үнийн саналд тохиролцоогүй байх тул хариуцагч Н- нь 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 9/485 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор Виннэр вэй ХХК-ийг томилж, шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийг 57 638 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд хариуцагч байгууллага нь уг үнэлгээг хуульд заасан хугацаанд талуудад мэдэгдсэн байна. /хх-ийн 87-110-р тал/

 

Хариуцагч Н- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй, анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний .хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт нийцсэн байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу шүүхээс шинжээч томилж, үнэлгээг зөв тогтоосон эсэхэд дүгнэлт өгөх боломжтой байсан гэжээ.

 

Гэвч хөрөнгийн үнэлгээний Виннэр вэй ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу өртгийн, орлогын болон зах зээлийн харьцуулан жиших аргыг хэрэглэж, үнэлгээг гаргасан байна. Мөн хариуцагч байгууллага нь Виннэр вэй ХХК-ийг шинжээчээр томилохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэхийг урьдчилан тодруулж, санаатайгаар худал дүгнэлт гаргасан тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулж гарын үсэг зуруулсан байх бөгөөд дээрх үнэлгээ хуульд нийцээгүй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Энэ тохиолдолд шинжээч томилуулах тухай нэхэмжлэгч талын хүсэлтийг хангахгүй орхисон шүүхийн ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

 

Нөгөө талаар, орон сууцыг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн гэх тайлбараа нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2021/00330 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

Г.ДАВААДОРЖ