| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0077/З |
| Дугаар | 128/ШШ2024/0977 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2024/0977
2024 12 02 128/ШШ2024/0977
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Н*******” ХХК /РД: *******/,
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд,
Маргааны төрөл: “Нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон хариуцагчийн маргаан бүхий тушаал, газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хуульд нийцсэн эсэхийг болон газар ашиглах эрхтэй холбоотойгоор хариуцагчаас шийдвэр гаргуулахыг хүссэн” маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхсаруул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2015 оны А/27 дугаар тушаалаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт 2.8 га газар ашиглах эрхийг “Н*******” ХХК-д олгож, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 2015/******* дугаар гэрчилгээ олгосон.
1.2. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/350 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг тус тус үндэслэн газар ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.
1.3. Нэхэмжлэгч “Н*******” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-д холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/350 дугаар тушаалын “Н*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргаснаар тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 0477 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн.
1.4. Нэхэмжлэгчээс 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “...“Н*******” ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах эрхийн талаар холбогдох шийдвэр гаргахыг даалгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
1.5. Улмаар нэхэмжлэгчээс 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/350 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, “Н*******” ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах эрхийн талаар холбогдох шийдвэр гаргахыг даалгах” гэж тодруулснаар энэхүү шаардлагууд бүхий нэхэмжлэлийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Хоёр: Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл.
2.1. Нэхэмжлэгч “Н*******” ХХК-аас шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ: “...Манай компани нь 1997 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 366 дугаар Нийслэлийн шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу шүүхийн шийдвэр биелүүлэх газар, Төрийн өмчийн хорооны шийдвэр, 1997 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн корпорац болон "Н*******" ХХК-ийн хооронд байгуулсан №1 дугаартай хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Б******* уулын Т аманд байрлах Б*******гийн аж ахуйг худалдаж авсан.
Нийслэлийн шүүхийн шийдвэрээр “” корпорацыг худалдан авч Б******* ахуйн контор, ажилчдын орон сууцыг түшиглэн “Т*******” жуулчны баазыг байгуулан тасралтгүй аялал жуулчлалын чиглэлээр ажиллаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн А-27 тоот тушаалаар улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт 2.8 га газар ашиглах эрхтэй болж, 2015/******* дугаар гэрчилгээ олгосон. Жуулчны баазын орчны газрыг байгалийн төлөв байдлыг хамгаалж үлдэх, голын орчмыг барилгажуулахгүй аялал жуулчлалаар байлгах зорилгоор төсөл боловсруулж, 2015 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлж ажиллахаар зураг төсөл бүтээн байгуулалт хийж аялал жуулчлал хөгжүүлэхээр чармайн ажиллаж өдийг хүрлээ.
2.2. “Н*******” ХХК-ийн Т аманд ашигладаг 2.8 га газрыг 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/350 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын тусгай хамгаалалттай бодлого зохицуулалтын алба манай гомдлыг хянаж үзэж байна, материал авч шалгаж байна, дараа долоо хоногт хариу өгнө, удахгүй бичгээр хариу өгнө гэсээр өнөөдрийг хүрлээ. 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хариугаа аваарай гэсэн боловч бүтэн өдөр хүлээлгээд өгөхгүй байгаа учир ийнхүү шүүхэд хандаж байна.
Б******* уулын дархан цаазат газар болох т аманд байрлах тусгай хамгаалалттай газар нутагт "Аялал жуулчлалын үйл ажиллагаа" явуулах нэрийдлээр олон газар олгогдож, тэр орчим бүхэлдээ барилга байшин, хаус хотхонууд бий болж, тусгай хамгаалалтын бус суурьшлын бүс болж хувирч байна. Энэхүү тусгай хамгаалалттай газар болох уулын аманд “аялал жуулчлалын үйл ажиллагаа” явуулж байгаа цөөн тооны аж ахуйн нэгжийн нэг нь манай компани бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/350 тушаалаар манайд олгосон газар ашиглах эрхийг дуусгавар болгож байгаад гомдолтой байна.
“Н*******” ХХК нь жуулчны баазынхаа зориулалт чиглэлээр үйл ажиллагаа өргөжүүлэх зорилготой, байгалийн унаган байдлыг хадгалж үлдээх хүсэл сонирхолтой байсан боловч эдийн засгийн хямрал, ковид цаг үеийн хүнд нөхцөл байдалд орж, төлөвлөөгүй хүчин зүйлүүдийг даван туулж, үйл ажиллагаагаа жигдэрч байна. Аялал жуулчлалын үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлж аялал жуулчлалын хөгжилд хувь нэмэр оруулах боломжийг олгохыг Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд удаа дараа хүсэж хамтран ажиллах нөхцөлийг ярилцаж байсан боловч ийнхүү газрын эрхийг цуцлах гэж байгаа талаар манайд мэдэгдэж зөвшилцсөнгүйгээр шийдсэнд гомдолтой байна.
2.3. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон яамнаас манай өргөдөл гомдлыг шийдвэрлэхгүй, хариу өгөхгүй байгаа учир сайдын 2023 оны 08 сарын 15-ний өдрийн А/350 дугаар тушаалын "Н*******" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
2.4. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ: “...Энэхүү хэргийн хариуцагч нь "Н*******" ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон тушаалын гол үндэслэл болон шүүхэд гаргасан хариу тайлбартаа газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ яам болон харьяа хамгаалалтын захиргаанд гаргаагүй...” гэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь “Н*******" ХХК нь 1. 2017 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн А/1 тоот албан бичгээр газрын тухай, 2. 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/05 тоот албан бичгээр “Н*******” ХХК нь жуулчны баазаа засаж шинэчлэн “Т*******” нэрээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн, газрын төлбөрийн үнийн тарифт өөрчлөлт орсон сар бүрээр газрын төлбөрийг барагдуулах тухай, 3. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02/15 тоот албан бичгээр газар ашиглах гуравласан гэрээг сунгуулах хүсэлт, 4. 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Н*******” ХХК-ын 2,8 га газар бусад газартай давхцалгүйг тодорхойлуулах хүсэлтийг тус тус Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасан. 02/004 тоот албан бичгийн хүсэлтийн хариуг Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1929 тоот албан бичгээр өгсөн. 5. 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 03/069 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд Зэрэглэл тогтоолгох хүсэлт, 6. 2020 оны 09 дүгээр сарны 30-ны өдрийн 01/165 тоот албан бичгээр газрын гэрээг сунгаж мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлт, 7. 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн мөн газрын гэрээг сунгаж мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлт, 8. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01/208 тоот албан бичгээр газрын гэрээ, гэрчилгээний хугацааг сунгуулах, газрын төлбөрийн асуудлыг тооцож төлөх хүсэлтүүдийг Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд удаа дараа гаргаж байсан манай хүсэлтүүдэд ямар нэг хариу өгөхгүй байсан нь төрийн захиргааны байгууллагаас гаргаж буй үргэлжилсэн хууль бус эс үйлдэхүй юм.
2.5. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-т заасан "хууль ёсны итгэлийг хамгаалах" зарчим нь захиргааны үйл ажиллагаанд хамаарах тусгай зарчим бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн ашиглаж буй газартаа их хэмжээний хөрөнгө оруулалт хийчихсэн, ашиглаж ирсэн газрыг захиргааны байгууллагаас сунгаж өгнө гэх итгэлийг өгч, хүлээж ирсэн билээ. Манай компанийн Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандаж гаргасан хүсэлтүүдээр өөрийн ашиглаж буй газрын гэрээ, гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэл зориг байсан гэдгийг хангалттай нотлох бөгөөд нэгэнт Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан журмаар гаргасан хүсэлт гаргасан байгаа нөхцөлд захиргааны байгууллага нь газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах үүрэгтэй буюу иргэн, аж ахуйн нэгжээс ийнхүү сунгагдана гэдэг итгэл нь уг хуульд заасан “итгэл хамгаалах” зарчмаар хангагдах юм.
Гэтэл сунгах гэж байгаа мэт үйлдэл гаргаж, удаа дараа хойшлуулчхаад, газар ашиглах эрхийг гэрчилгээний хугацааг сунгах хүсэлтэд 1 удаа ч бичгээр хариу өгөөгүй атлаа, одоо шүүхэд газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаагаа сунгуулаагүй гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Тус компаниас дээр дурдсанаар Хамгаалалтын захиргаанд хандсан 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02/15 тоот албан бичиг, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01/165 тоот албан бичиг, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн албан бичгүүдээр газрын гэрээг сунгаж мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлт, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01/208 тоот албан бичгээр газрын гэрээ, гэрчилгээний хугацааг сунгуулах, газрын төлбөрийн асуудлыг тооцож төлөх хүсэлтүүдийг шийдвэрлээгүй, ямар нэг байдлаар хариу өгөөгүй үйлдэл байгаа учраас ийнхүү манай компанийн гаргасан дээрх хүсэлтийг шийдвэрлэх эрх зүйн харилцаа одоог хүртэл үргэлжилсээр байгаа гэж үзэж байгаа тул “Н*******" ХХК-ийн Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандсан 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02/15 тоот албан бичиг, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01/165 тоот албан бичиг, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн албан бичгүүдээр газрын гэрээг сунгаж мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлт, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01/208 тоот албан бичгээр газрын гэрээ, гэрчилгээний хугацааг сунгуулах, газрын төлбөрийн асуудлыг тооцож төлөх хүсэлтүүдийг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх эрх зүйн харилцаа одоо хүртэл үргэлжилж байгаа буюу эдгээртэй холбогдох эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах эрхийн талаар холбогдох шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Үүнээс гадна 2017, 2020 онуудад "Н*******" ХХК-аас Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлсэн газар ашиглах эрх сунгуулах, газрын тухай албан бичгүүдийг хүлээн авсан нь тус газрын бичиг хэргийн бүртгэлийн дэвтэрт тэмдэглэгдсэн баримт байгаа бөгөөд эдгээр албан бичгүүдэд тодорхой хариу ирүүлээгүй нь хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, газар ашиглах эрхийн талаар холбогдох шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болно...” гэжээ.
2.6. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...“Н*******” ХХК-ийн Б******* уулын Т аманд ашигладаг 2,8 га газрыг 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр газар ашиглах гэрээ дуусгавар болгосныг шуудангаар мэдэгдсэн. Бид материалтай танилцаж үзээд, яагаад ийм шийдвэр гаргасан талаар бичгээр хариу өгнө үү гэдэг хүсэлтээ өгсөн. Гэтэл үүнээс хойш 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй удсан учраас бид шүүхэд хандах болсон. Бидэнд ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй, сонсгох ажиллагаа гэдгийгээ зарлаж, албан ёсоор дуулгахгүйгээр явуулж, газар ашиглах гэрээг дуусгавар болгосон мэдэгдлээ шууд бидэнд мэдэгдсэнд гомдолтой байгаа. Ямар шалтгаанаар дуусгавар болгосон тушаалыг гаргав гэхэд, “Н*******” ХХК нь газар ашиглах гэрээгээ сунгах хүсэлтийг нэг ч удаа Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд ирүүлээгүй гэдэг шалтгаан байсан. Үүнтэй уялдуулаад нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг тавьж байгаа юм. Хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгоод, газар ашиглах гэрээ, холбогдох шийдвэрийг гаргахыг даалгах шаардлага гарсан.
Нэхэмжлэл гаргаснаас хойш хурал хэд хэдэн удаа зарлагдаж, манай компаниас газар ашиглахтай холбоотой удаа дараа албан бичгүүдийг явуулж байсан. Манайхаас “ийм ийм албан бичгүүд явсны хариуг өгнө үү” гэхэд хариуцагч талаас “ийм албан бичгүүд байхгүй” гэдэг хариуг өгч байсан. Би өөрөө Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаан дээр очоод, 2017, 2018, 2019 оны бүртгэлийн дэвтрүүдтэй танилцаад, нотлох баримт болгож авч ирсэн. Үүнийхээ дагуу дахин хүсэлт явуулсан. Үүнийг хүлээж аваад 4 баримт бичиг Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаан дээр очсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн хариугаа ирүүлсэн. Хамгийн чухал баримт нь “603 гэдэг бүртгэлтэй, 2017 оны 08 дугаар сарын 10-ний өдрийн А/07 “Н*******” ХХК-аас газар ашиглах эрх сунгуулах гэдэг товч агуулгатай албан бичиг манайхаас очсон нь бүртгэл дээр байна. Гэхдээ цаасаар байхгүй байна” гэдэг хариуг Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Н.Ганзориг гэж хүн албан бичгээрээ хавтаст хэрэгт хүргүүлсэн байсан. Үүнээс үзэхэд газрын гэрээгээ сунгуулах хүсэлт нэг ч ирүүлээгүй гэдэг нь энэ тушаалыг үндэслэлгүй гэдгийг харуулж байна. Мөн бид энэ бичгээ хүлээж авсан гэдгээ албан бичгээр мэдэгдсэн. Хэрвээ хүлээж авсан бол яагаад тухайн үедээ хариу өгөөгүй вэ. Манайд ямар ч хариу өгсөн албан бичиг ирээгүй. Энэ бүгдээс үзэхэд, хууль бус эс үйлдэхүй мөн гэж үзэж байна. Манай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон үндсэн шаардлагыг шүүх шийдэхэд нотлох баримтуудаар няцаагдах боломжтой зүйл гэж бид үзэж байгаа юм. 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 07/077 дугаартай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон үндсэн шаардлагаа тодруулга хийж шүүхэд хүргүүлсэн.
Дахин хэлэхэд, удаа дараа буюу жил тойрч хариугаа хүлээж байгаад болохгүй болохоор нь нэхэмжлэл гаргаад хэрэг үүсгэсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл бидний явуулсан албан бичгүүд буюу хавтаст хэрэг дотор бүгд эхээрээ, нотариатаар батлагдчихсан энэ олон албан бичгүүдэд огт хариу өгч байгаагүй. Бид 1997 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллага. Гэтэл ямар ч үндэслэлгүй тушаал гаргаж газар ашиглах гэрээг хүчингүй болгосонд гомдолтой байна. Хууль бус эс үйлдэхүй гэдэг нь дээрх тайлбаруудаас тодорхой харагдана гэж бодож байна...” гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/266 дугаар тушаалаар "Н*******" ХХК-д анх газар ашиглах эрх олгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн "Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай" А/350 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Тус дуусгавар болгосон тушаалын гол үндэслэл нь Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар газар ашиглах эрхийн гэрчилгээ болон газар ашиглах гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй...” гэж заасныг удирдлага болгосон.
Нэхэмжлэгч компанид анх 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/266 дугаар тоот тушаалаар 2,8 га талбай бүхий газрыг ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар олгосон байна. Гэтэл нэхэмжлэгч ХХК-ны дээрх газар ашиглах эрхийн хугацаа нь 2020 оны 07 дугаар сард дууссан бөгөөд дээрх хугацааны дотор газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ яам болон харьяа хамгаалалтын захиргаанд гаргаагүй буюу Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 39.1.1 дэх хэсэгт зааснаар эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ гаргана гэснийг зөрчсөн байх тул Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичгийг үндэслэн хуульд заасны дагуу дуусгавар болгосон. Мөн тус яамны бүртгэл мэдээллийн системээс шүүж үзэхэд “Н*******” ХХК нь 2020-2023 оны хооронд өргөдөл, хүсэлт ирүүлээгүй байна.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/350 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...нэхэмжлэгч нь газар ашиглах эрхээ сунгуулах талаар хүсэлтүүдийг Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд удаа дараа гаргасан талаар дурджээ. Гэтэл Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд тус компаниас ирүүлсэн газар ашиглах эрх сунгуулах хүсэлт бүртгэгдээгүй болох нь тус хамгаалалтын захиргааны 02/1179 дугаар албан бичгээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн баримтаар тогтоогдож байна.
Иймд “Н*******” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...“Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 266 дугаар тушаалаар тус компанид газар олголтыг 5 жилийн хугацаатай олгосон байдаг. Дээрх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/350 дугаартай тушаалаар газар ашиглах эрхийг нь дуусгавар болгосон. Уг тушаалын гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан “газар ашиглах эрхийн гэрчилгээ болон газар ашиглах гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэсэн үндэслэлийг удирдлага болгосон. Тус компани 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн тушаалаар 5 жилийн хугацаатай олгосон. Өөрөөр хэлбэл, гэрчилгээний болон гэрээний хугацаа нь 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дуусвар болсон. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт зааснаар “эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө газар болон гэрээ сунгуулах хүсэлтээ гаргасан байх ёстой” гэсэн хуулийн шаардлага байдаг. Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны “Able” программыг шалгаж үзэхэд 2020-2023 онд холбогдолтой материалууд ирээгүй гэдэг нь нотлох баримт ирүүлнэ үү гэсэн хүсэлтийн дагуу ирүүлэх албан бичгүүдээр нотлогддог. Сая нэхэмжлэгч талын үзүүлж байгаа нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Ямар ч тамга, тэмдэггүй материал харуулж байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэлээд байгаа бүх хүсэлтүүдийг судлаад үзэхэд Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд сунгуулах талаар хүсэлтийг ирүүлээгүй байгаа нь нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.
2.Үйл баримтын тухайд, анх Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2015 оны А/27 дугаар тушаалаар улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт 2.8 га газар ашиглах эрхийг “Н*******” ХХК-д олгож, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр газар ашиглах эрхийн 2015/******* дугаар гэрчилгээ олгожээ.
3. Маргаан бүхий, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/350 дугаар тушаалаар Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хуралдсан 11 дүгээр хурлаас гарсан шийдвэрийг тус тус үндэслэн Б******* уулын дархан цаазат газрын Т амны хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх олгосон боловч ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй тул “Н*******” ХХК-ийн 2.8 га газрын ашиглах эрхийг Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу дуусгавар болгожээ.
4. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь маргаан бүхий тушаалыг хүчингүй болгуулж, газар ашиглах эрхийн хугацаа сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах эрхийн талаар холбогдох шийдвэр гаргахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж үндэслэлээ “...аялал жуулчлалын үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлж, аялал жуулчлалын хөгжилд хувь нэмэр оруулах боломж олгохыг Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд удаа дараа хүсэж хамтран ажиллах нөхцөлийг ярилцаж байсан боловч ийнхүү газрын эрхийг цуцлах гэж байгаа талаар манайд мэдэгдэж зөвшилцөхгүйгээр шийдсэн” хэмээн маргасан бол, хариуцагч захиргааны байгууллагын зүгээс “...нэхэмжлэгч нь газар ашиглах эрхээ сунгуулах талаарх хүсэлтүүдийг Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд удаа дараа гаргасан талаар дурдах авч газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлт бүртгэгдээгүй болох нь тус хамгаалалтын захиргааны 02/1179 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн баримтаар тогтоогдсон” хэмээн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
5. Маргаан бүхий тушаалын үндэслэлийг тодруулбал, Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг. “эрхэлсэн асуудлын хүрээн дэх яам болон энэ хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн удирдана”, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, 40 дүгээр зүйлийн 40.1.1 “Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр”, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж хуульчилсныг үндэслэсэн ба үүнээс тухайлан Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1. “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” заалтыг үндэслэж, тухайн хуулийг хэрэгжүүлж, маргаан бүхий тушаал гарсан болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгчөөс тайлбарласан.
6. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дуусгавар болгох зохицуулалтыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.1-д хуульчилсан ба Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж заасан, энэ утгаараа газар ашиглагч нь газраа ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй тохиолдолд газар ашиглах эрхийн гэрчилгээ хүчингүй болох зохицуулалттай байна.
7. Маргаан бүхий тушаалыг гарахад үндэслэл болсон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл байгуулах, ажиллах журам батлах тухай” А/255 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 11 дүгээр хуралдаанаас шийдвэрлэхдээ нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрхтэй холбоотой асуудлыг шийдвэрлээгүй, энэ талаар шүүхээс шаардсан баримтыг ирүүлээгүй нь хэрэгт авагдсан тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1/2636 дугаар албан бичиг, хариуцагчаас 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн 12 хуудас баримтаар,
8. Нэхэмжлэгч “Н*******” ХХК нь тусгай хамгаалалттай газар нутагт ашиглах эрхтэй газраа зориулалтын ашиглаж худаг гарган, газраа хашаалан ашиглаж байгаа болох нь 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хийсэн маргаан бүхий газрын үзлэгийн тэмдэглэл, “аялал жуулчлал”-ын чиглэлээр үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг талаарх улсын бүртгэл, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар,
9. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс маргаан бүхий газартай холбоотойгоор Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандсан 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/16 дугаартай албан бичиг хамгаалалтын захиргааны бүртгэлийн дэвтрийн 270 дугаарт, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/01 дүгээр албан бичиг бүртгэлийн дэвтрийн 401 дүгээрт, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/07 дугаартай албан бичиг бүртгэлийн дэвтрийн 603 дугаарт бүртгэгдсэн талаарх тус газрын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01/1217 дугаар албан бичгээр тус тус нотлогдож,
10. Газар ашиглах эрхийн хугацаа дуусахад газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй гэх нөхцөл байдлыг хариуцагч захиргааны байгууллагаас бүрэн дүүрэн тогтоож чадаагүй, сонсох ажиллагааг бүрэн дүүрэн явуулаагүй, үүгээрээ маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/350 дугаар тушаал нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1. “тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх эдэлнэ”, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 “Газар ашиглагч энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, ...эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 35.1.5. “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах” эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна гэж шүүх үзлээ.
11. Захиргааны байгууллага буюу Сайдаас сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргаж байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар захиргааны акт гаргахын өмнө сонсох ажиллагааг явуулах, мөн хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг ямар арга хэлбэрээр, хэзээ явуулах талаар мэдэгдэл хүргүүлж, хэрэв сонсох ажиллагааг явуулсан бол түүний явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг баримтжуулах гэхчлэн нарийн дэс дараатай, үргэлжилсэн шинжтэй үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх байсныг бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай, сонсох ажиллагаанд оролцогч нь бүрэн дүүрэн тайлбараа гаргах боломж олгоогүй буюу шүүхээс газраа хашаалаад зориулалтын дагуу ашиглаж байсан газрынхаа ашиглах эрхийн хугацааг дуусахыг мэдсээр байж нэхэмжлэгчийг хүсэлтээ гаргаагүй хэмээн дүгнэх нь учир дутагдалтай байна.
12. Иймээс эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй оролцогчийг бүрэн дүүрэн, бодитойгоор сонсоогүй, тухайлбал, үүссэн нөхцөл байдлын талаар тайлбар гаргаж саналаа хэлэх боломж олгох ёстой байсан эсэх, нэхэмжлэгч хуулийн этгээдээс гаргасан удаа дараагийн хүсэлтэд хариу өгөх ёстой юу, үгүй юу гэдгийг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.“Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2.“Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасныг хариуцагч захиргааны байгууллагаас хэрэгжүүлэх байсан, энэ утгаараа хууль бус эс үйлдэхүй нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.
13. Шүүх, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь, түүнчлэн уг хуулийн этгээдээс газар ашиглах эрхтэй холбоотойгоор гаргаж байсан хүсэлт бүхий асуудлыг шийдвэрлэхгүйгээр эс үйлдэхүй гаргасан нь хууль бус гэж үзсэн тул нэхэмжлэлийн “даалгах” шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Харин хариуцагч нь дээр дурдсан хуульд заасан үүргүүдээ бүрэн гүйцэт биелүүлж буюу бодит нөхцөл байдлыг тогтоон, нотлох баримт цуглуулж “Н*******” ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацааг сунгах эсэх асуудлыг дахин шийдвэрлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хуульд нийцүүлэн холбогдох шийдвэрийг гаргах нь зүйтэй болно.
14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл гаргагчаас мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор зааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5, 39 дүгээр зүйлийн 39.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Н*******” ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/350 хүчингүй болгож, нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрхийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн талаар холбогдох шийдвэр гаргахыг хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж, нэхэмжлэгч хуулийн этгээдэд олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН