Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 0067

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Цд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Н.Д

Яллагдагч                                                     Т.Ц

Яллагдагчийн өмгөөлөгч                          Д.О

Хохирогчийн өмгөөлөгч                           О.С

Нарийн бичгийн дарга                             Б.М нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 662 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр Т.Цд холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ц овогт Т-н Ц,

 

Т.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 02-ны орой 20 цагийн орчим       аймгийн       сумын       багийн      тоотод амь хохирогч Ц.Т-г 6 удаа хутгалж, онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Т.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Цд холбогдох эрүүгийн хэргийг              аймгийн Прокурорын газарт буцааж, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очих хугацаагаар хэвээр үргэлжлүүлж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөх саарал өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн үдээстэй хос пүүзэн гутал 1 ширхэг, саарал өнгийн подвалка 1 ширхэг, саарал өнгийн юүдэнтэй цамц 1 ширхэг, хар алаг өнгийн хос оймс 1 ширхэг, саарал өнгийн хос оймс 1 ширхэг, шар өнгийн хутганы иш 1 ширхэг, саарал өнгийн металл материалтай хутганы ажлын хэсэг 1 ширхэг, хөх өнгийн улаан оруулгатай саарал өнгийн ойлгогчтой ажлын цамц 1 ширхэг, “СЫпдд1з” гэсэн бичигтэй хөх өнгийн подвалка 1 ширхэг, цагаан өнгийн кандтай цэнхэр өнгийн гялгар өнгийн материалтай дотортой бэлтгэлийн өмд 1 ширхэг, саарал өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, улаан эрээн өнгийн подвалка 1 ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон шалны хэсгээс авсан 1 ширхэг арчдас, Ц.Т-н хоёр гарын дардас, Ц.Т-н арван хурууны хумснаас авсан дээж, Ц.Т, Т.Ц, Ч.Д, Т.С нарын хатаасан цус, Т.Цийн баруун болон зүүн гарын арчдас, хяналтын камерын дүрс бичлэг бүхий 1 ширхэг флаш диск зэргийг хэргийн хамт хүргүүлж, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор эсэргүүцэлдээ:

 

... Гэрч Ч Д, Т.С нарын мэдүүлэгт хэргийн шийдвэрт нөлөөлөх ноцтой зөрүү байхгүй, болсон үйл явдлыг өөр өөрсдийн ойлгосон өнцгөөс тайлбарлаж мэдүүлсэн ба мөрдөгч болсон үйл явдлын талаар дээрх 2 гэрчээс тус бүр 2 удаа мэдүүлэг авч болсон үйл явдлын талаар дэлгэрүүлж мэдүүлэг авсан ба эдгээр гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулж мэдүүлэг авах боломжтой байхад үндэслэлгүйгээр зөрүүг арилга гэж буцаасан.

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон гэрэл зураг нь тухайн гэмт хэрэг гарсан байдал, ач холбогдол бүхий бусад байдлыг тодруулах, тогтоох зорилгоор хийж болсон үйл явдлыг бодит байдлаар нь тусган бичиж тэмдэглэн гэрэл зургаар бэхжүүлсэн нотлох баримт юм.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэж хуульчилсан ба яллагдагч, шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн бодит байдлыг нотлох, үнэн зөв мэдүүлгийг өгөх үүрэг хүлээхгүй тул түүний мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалж эх сурвалжийг магадлан нягталж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож шийдвэрлэдэг энэ утгаараа гэрчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэргийг харьцуулан шинжлэн судалж хэргийн үйл баримтыг тогтоосон байхад шүүх гэрчээр хэрэгт гэрэл зургаар бэхжүүлэгдсэн нотлох баримтыг яриулахаар зөрүүтэй гэж үзсэн нь үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүх хуралдаанд гэрч нарын оролцуулан хэргийг шийдвэрлэх боломжтой юм. Хэрэгт яллагдагч Т.Цийн өмсөж явсан хар саарал өнгийн малгайтай цамц, хар өнгийн хос гутал, саарал өнгийн футболк, хар хөх өнгийн жинсэн өмд, хар алаг өнгийн хос оймс, саарал өнгийн хос оймс зэргийг мөрдөгч хураан авч улмаар 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 3128 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан нь хэрэгт авагдсан ба хэргийн эд мөрийн баримтаар баримт болох хяналтын камерын бичлэгт Т.Ц нь 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн  20:07:46 цагт малгайтай саарал өнгийн цамцтай хар өнгийн өмдтэй хар өнгийн гуталтай ...        багийн        тоот хаягтай хашааны урд талын хаалгаар дотогш байшин руу алхан орсон бичлэг авагдсан ба ингэж явахад өмсөж явсан хувцсыг хураан авч шинжээч томилж хэргийн материалд эд мөрийн баримтаар тооцож шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүхийн шүүгч хавтаст хэргийн материалтай бүрэн танилцаагүй хэрэгт хийгдсэн ажиллагааг хийлгэхээр үндэслэлгүй буцаасан байна.

Гэмт хэрэг гарсан өдөр хохирогчийн гэрт орсон гаднын хүмүүсийг шалгах талаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ба уг ажиллагааг хэрэгт хангалттай тогтоосон. Өөрөөр хэлбэл Шуурхай удирдлагын хяналтын камер     аймгийн       сумын        баг       тоот хашааны гадна байдаг бөгөөд тухайн камерт бичигдсэн бүх үйл явдлыг хураан хэрэгт бэхжүүлсэн ба камерын дүрс бичлэгт бичигдэн үлдсэн хүмүүсээс 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 16:52:44 секундэд амь хохирогч Ц.Т-тэй хамт орж ирсэн /хөх улаан өнгийн ажлын цамцтай цагаан өнгийн канттай цэнхэр өнгийн өмдтэй хар өнгийн гуталтай, хар хөх өнгийн малгайтай эрэгтэй хүн, шар өнгийн малгайтай баруун ангийн куртиктэй саарал өнгийн өмдтэй эмэгтэй хүний хамт хашааны зүүн талын хаалгаар орж ирээд 2023оны 06 дугаар сарын 02-ны өдөр 17:10:08 секундэд шар өнгийн малгайтай бараан өнгийн өмдтэй эмэгтэй хүн байшингаас гарч хашааны зүүн талын хаалгаар хэвийн алхаж гарсан ба үүний дараа амь хохирогч 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 18:15:48 секундэд хөх улаан өнгийн ажлын цамцтай, цагаан өнгийн канттай цэнхэр өнгийн өмдтэй байшингийн үүдний хэсэгт ганцаараа гарч ирээд буцаж орсон дүрс бичигдсэн нь хэрэгт тогтоож чадаагүй эмэгтэйг явсны дараа Ц.Т амьд сэрүүн байсан нь хангалттай тогтоогдсон байна.

Мөрдөгч уг эмэгтэйг хайж олж тогтоох мөрдөн шалгах ажиллагааг хангалттай явуулсан ба уг эмэгтэйг олж тогтоосон ч энэ хэргийн шийдвэрлэлтэд шууд нөлөөлөх гэрч биш болно. Мөн анхан шатны шүүхээс амь хохирогчийн өвчний түүх болон эмнэлгийн баримт бичгийг хэрэгт хавсаргаагүй талаар тусгажээ. Гэтэл 2 дугаар хавтас хэргийн 145-174 дүгээр талд амь хохирогчийн өвчний түүхийг “хуулбар үнэн” тэмдэглэгээтэйгээр хуулбарлан хэрэгт хавсаргасан түүнчлэн 1-р хавтас хэргийн 15-17-р хуудсанд түргэн тусламжийн дуудлагын хуудсыг мөн яаралтай тусламжийн ажилтнаас гаргуулан авч хэрэгт хавсаргасан болно.

Хэрэгт авагдсан       аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний төвийн түргэн тусламжийн дуудлагын хуудсыг харахад 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 21:28 минутад дуудлага хүлээн авч 21:35 минутад уг айлд очиж 21:48 минутад эмнэлэг рүү тээвэрлэсэн 22:00 минутад дуудлага дууссан гэж хаажээ.

          аймгийн БОЭТ-ийн өвчний түүхийг харахад 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 23:25 минутад нээсэн ба яаралтай тусламжийн тасагт хүргэгдэж ирээд вений гуурс залгаж шингэн юүлж шинжилгээ өгөөд яаралтай хагалгаа руу оруулж хэвтүүлсэн байна.

Ц.Т-г үзсэн эмч Д.Б нь хэвлийн хөндийн хутгалагдсан шарх, баруун цавины хутгалагдсан шарх гэж клиникийн урьдчилсан оношийг тавьж согтолтын хүнд зэрэгтэй, дотуур болон гадна цус алдалт, цус алдалтын шок гэж дүгнэсэн болох нь түүний өвчний түүхээс хангалттай харагдах ба тухайн өдрөө цусны ерөнхий шинжилгээ, биохими, цусны бүлэг, коагулаграмм, хэвлийн эхо, цээжний рентген зэрэг холбогдох шинжилгээнүүдийг авч их хэмжээний шингэн сэлбэлт ижил бүлгийн цус сийвэн яаралтай мэс засал хийх гэж урьдчилсан байдлаар дүгнэж 23:54 минутад хагалгаанд орж 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 03:24 минутад хагалгаа дуусаж мэдээгүйжүүлгийн эмч тэмдэглэл хөтөлсөн ба өвчтөнийг үзэж тэмдэглэл хөтөлсөн эмч нарын тэмдэглэлээр амь тэнссэн байдалтай биеийн байдал маш хүнд байсаар 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 11 цаг 15 минутад нас барсан болох нь өвчний түүхээс хангалттай тогтоогдож байна. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгч нь хэрэгт авагдсан нотлох баримттай танилцаагүй үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Түүнчлэн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 49 дугаартай цогцсын шүүх эмнэлгийн шинжилгээгээр “хэвлийн хөндий рүү нэвтрэн өрц цөсний хүүдий, бүдүүн нарийн гэдэс, чацархай сэмжийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх 2,500 мл сул цус хэвлийн хөндийг нээж шалгах, цэвэрлэх цус тогтоох мэс заслын дараах байдал, баруун цавь хураагуур ба тараагуур судсыг тасалж зүсэгдсэн шарх, тасарч зүсэгдсэн шархыг холбох цус тогтоох мэс заслын дараах байдал, хуйхнаг зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. Үхэлд хүргэсэн гэмтлүүд тул гэмтлийн зэрэг тогтоохгүй” гэх дүгнэлт гарсан ба уг гэмтэл нь үхэлд шууд хүргэсэн гэж шинжээч дүгнэсэн байхад амь насыг нь аврах боломжтой эсэхийг тогтоол гохоор буцааж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийлгүйгээр хийсвэр байдалд хэт хөтлөгдсөн үндэслэлгүй заалт болно.

Хохирогч нас барсан бол сэтгэцэд учирсан хохирлыг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь заалтад зааснаар гэм хорыг арилгахаар Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 3 дахь хэсгийн 3.3-д заасан, түүнчлэн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Хууль зүй дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад “шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хун нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгах" -аар заасан байхад үндэслэлгүй дүгнэлт гаргуулахаар буцаасан байна.

Иймд шүүгчийн 662 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч Т.Ц тайлбартаа: ... Тайлбаргүй ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч Д.О тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч О.С тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: ... Эсэргүүцлээ дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Т.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

              Анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон яллагдагчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг үндэслэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж, “... нотлох баримт хангалттай биш, нотлогдвол зохих хэргийн бодит байдал нотлогдоогүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн ... ” гэсэн үндэслэлээр хэргийг Прокурорын газарт буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч прокурор Н.Д эсэргүүцэл гаргасан байна.

 

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзвэл анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх учиртай.

Амь хохирогчийн эхнэр буюу гэрч Ч.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад “... манай нөхөр Ц.Т нэг л сонин дуугараад байхаар нь хажуу талаар нь харуулчихаад хэсэг юм дахин хийж байсан чинь “ус ууя” гэж дуудахаар нь аягатай ус өгөх гээд өндийлгөн суулгасан чинь орноос урд зүгийн чиглэлд шалан дээр биеэрээ унахаар нь гайхаад өмд цамцыг нь харсан чинь их хэмжээгээр цус болчихсон байхаар нь цамц подволкийг нь дээш сөхөн үзэхэд хэвлийн баруун тус хэсгээс цус шүүрэн гоожиж байхаар нь сандарсандаа гарт тааралдсан хувцсаар цусыг дарж арчаад байж байсан чинь охин Т.С над руу утсаар залгаж “ээж гадаа ирж явна, та гарч ирээд мишок авчих” гэж хэлэхээр нь “аав чинь цус алдаж байна, гялс ороод ир” гэж хэлэхэд охин удалгүй орж ирээд эмнэлгийн түргэн тусламж дуудан эмч маш хурдан ирж нөхрийн өмсөж байсан бүхий л хувцсыг тайлж хэвтэж байсан хэсгийн шалан дээр тавьж эмч анхан  шатны тусламж үзүүлж Бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү авч явсан ...” гэж /1 дүгээр хх 91-92 тал/,

гэрч Т.С ... байшин руу ороход аав Ц.Т зуухны баруун талд шалан дээр цааш харан хэвтсэн байхад ээж хажуу талаас нь гараараа татаж дээш харуулахад хэвлий тус газраа хутгалуулсан байдалтай тухайн хэсгээс цус гарч байсан ... гэж /1 дүгээр хх 103 тал/ тус тус мэдүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа дээрх гэрч нарын мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан “гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах” ажиллагааг зайлшгүй хийлгэх шаардлагатай гэж үзнэ.

Хавтаст хэрэгт авагдсан Мобиком Корпораци ХХК-ны 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн         тоот албан бичигт “...     ,           ... регистрт бүртгэлтэй ...       ,        ... дугааруудын 2023.05.30 - 2023.07.03-ны хоорондох  хугацаанд гадагш ярьсан болон илгээсэн мессежний дугаарын жагсаалтыг хавсралтаар хүргүүлэв” гэсэн байх боловч Т.Цийн           дугаарын жагсаалт хэрэгт бүрэн авагдаагүй байна.

Харин 2 дугаар хх 131 дүгээр хуудасны ар талд түүнийг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Ч.Д-н               дугаар луу 12 цаг  20 минутад 101 секунд, 14 цаг 27 секундэд 20 секунд дуудлага хийсэн баримт авагдсан байх бөгөөд энэ талаар гэрч Ч.Д-н мэдүүлэгт огт дурдагдаагүй байна.

Түүнээс гадна хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд амь хохирогчийн охин Т.С 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 21 цаг 19 минут 23 секундэд      аймгийн     сумын       баг         тоот хашааны гадна ирж байшин руу орсон нь Шуурхай удирдлагын хяналтын камерын бичлэгээр тогтоогддог бөгөөд 21 цаг 27 минутад Яаралтай тусламжийн 7035103 дугаарт дуудлага өгсний дараа      ,     ,            гэх мэт дугаарууд руу залгаж ярьсан нь тогтоогдож байх тул яллагдагч, гэрч нарын гадагш ярьсан дугааруудыг шалгаж, холбогдох хүмүүсээс мэдүүлэг авах шаардлагатай гэж үзлээ.

Мөн тухайн хэрэг учрал болсон өдөр хяналтын камерын бичлэгт бичигдсэн буюу     аймгийн      сумын     баг    тоотод байрлах байшин руу орсон хүмүүсийг олж тогтоож шалгах зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэсний эцэст Т.Цийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “хохирогч нас барсан ...тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигч”-ийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно гэж заажээ.

Мөрдөгчийн 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр төрсөн дүү Ц.Г-г тогтоосон байх ба энэ хэрэгт амь хохирогчийн эхнэр, төрсөн хүүхдүүд нь хохирогчоор тогтоогдох боломжтой эсэх талаар болон хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон Ц.Г нь өөр хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр томилуулахаар хүсэлт гаргасан байх тул дээрх асуудлуудыг шалгаж шийдвэрлэвэл зохино.

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргахад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1-д зааснаар ... хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх ... нөхцөлийг харгалзан үзэх бөгөөд “Гэр бүлийн гишүүн” гэдэгт гэрлэгчид, тэдэнтэй “хамт амьдарч байгаа” төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг хамааруулан ойлгоно.

Тодруулбал: Тухайн хэрэгт сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолговол зохих этгээдүүдийг тогтоож, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1д заасны дагуу шинжээчийн дүгнэлт гаргуулсны дараа энэ гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг гэм буруутай этгээдээс гаргуулах боломжтой юм.

Харин 1 дүгээр хавтаст хэргийн 15-17, 2 дугаар хавтаст хэргийн 145-174 дүгээр талд амь хохирогчид үзүүлсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаарх баримт авагдсан байхад анхан шатны шүүх түүнийг хавсаргаагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

 Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэлд дурдсан “ ... амь хохирогчийн өвчний түүх болон эмнэлгийн баримт бичгийг хэрэгт хавсаргасан ...” гэсэн хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Прокурорын Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /1 хх 1/-д “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Т-н ... ” гэж бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 662 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэлд дурдсан “ ... амь хохирогчийн өвчний түүх болон эмнэлгийн баримт бичгийг хэрэгт хавсаргасан ...” гэсэн хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР

                        ШҮҮГЧИД                                                                             С.ЦЭЦЭГМАА

 

                                                                                                С.УРАНЧИМЭГ