Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 142

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Солонго, 

улсын яллагч М.Очбадрах,

шүүгдэгч Д.Б/өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Харчин овгийн Дамдины Батжаргалд холбогдох эрүүгийн 181100000073 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Харчин овгийн Дамдины Батжаргал, 1984 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ковшийн оператор мэргэжилтэй, Алаг толгой нүүрсний уурхайд ковшийн операторчин ажилтай, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 11-25 тоотод оршин суух,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан, регистрийн дугаар ДЭ84020114.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Д.Бнь 2018 оны 01 дүгээр сарын 21-ний шөнө 01 цагийн үед Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто колор засварын газрын орчим иргэн А.Чулуунцэцэгийг хуурч Iphone-7 Plus загварын гар утсыг залилан авч 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлсэн, одоо нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

   Хохирогч А.Чулуунцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 1 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Батжаргал над руу залгаад Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Зурагтын орчим байдаг авто засварын ойролцоо хүрээд ир гэхээр нь ганцаараа явж очсон. Тухайн үед би өөрийн машинтайгаа очоод машиндаа уулзаад байж байтал Батжаргал намайг утсаа өгч бай, хүн рүү яриадахъя гэж аваад 2-3 удаа машин бууж сууж байгаад хамгийн сүүлд утсаар яриадахъя гэж буугаад алга болсон. ...Би Батжаргалын найзаас ломбардны бичиг аваад Үлэмж ломбард дээр очоод өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн юм. Өөр хүнд өгч болохгүй, цагдаад хандсан байгаа гэж хэлээд өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан...” гэжээ /хх-16/.

           Иргэний нэхэмжлэгч Г.Хүрэлпүрэв мэдүүлэхдээ: “...Энэ өдөр манай ажилтан Батпүрэв ажиллаж, гар утсыг барьцаанд авч 900.000 төгрөгийг өгсөн байдаг. Түүнээс сонсоход Батжаргал гэх эрэгтэй хүн бичиг баримтаа үзүүлж эд зүйл барьцаалсан байдаг. Өөр мэдэх зүйлгүй. Манай ломбард бусдын гар утсыг барьцаалж 900.000 төгрөгийг өгсөн байгаа. Уг хохирлоо барагдуулах хүсэлтэй байна...” гэжээ /хх-18/.

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-32-33/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 34 дүгээр тогтоол /хх-62/, шүүгдэгч Д.Батжаргалын  гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-60-61/, хохирогч А.Чулуунцэцэгийн “...миний бие Iphone-7 Plus гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан тул Д.Батжаргалаас цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Шүүх хуралд оролцохгүй...” гэх Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт гаргасан хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Шүүгдэгч Д.Бнь 2018 оны 01 дүгээр сарын 21-ний шөнө 01 цагийн үед Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто колор засварын газрын орчим иргэн А.Чулуунцэцэгийг хуурч Iphone-7 Plus загварын гар утсыг залилан авч 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Батжаргалыг бусдыг хуурч эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх, шүүгдэгч Д.Батжаргалд ял шийтгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын санал зэргийг тус тус харгалзав.

Хохирогч А.Чулуунцэцэг нь Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт гаргасан хүсэлтдээ “...миний бие Iphone-7 Plus гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан тул Д.Батжаргалаас цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү....”,

Иргэний нэхэмжлэгч Г.Хүрэлпүрэв нь 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хавтаст хэргийн материалтай танилцаад “...утсыг хүлээлгэн өгч хохирлоо барагдуулсан. Өөр хүсэлт санал гомдол байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харчин овгийн Дамдины Батжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч эд зүйлийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батжаргалыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бнь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Батжаргалд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН