Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 49

 

 

    2023          09           19                                      2023/ДШМ/49

 

Б.Алтансарнайд холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор М.Берикбол, шүүгдэгч Б.Алтансарнай түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Б.Түвшинтөгс/онлайнаар/, нарийн бичгийн дарга С.Аззаяа нарыг оролцуулан,

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/128 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Б.Алтансарнайд холбогдох эрүүгийн 2209000002353 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, Халзад ургийн овогт Баттулгын Алтансарнай, Ховд аймгийн Мөст суманд 1979 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжилтэй, ам бүл-6, нөхөр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 07- 22 тоотод оршин суух, Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгт бэлтгэл булгийн туслах багшаар ажилладаг, аминдаа дундын өмчлөлийн хашаа, 3 өрөө хувийн сууцтай, өөрт ногдох приус маркийн авто машин нэгийн хөрөнгөтэй, өөрийн сарын орлого 917000 төгрөг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ПИ79102701

 

2. Шүүгдэгч Б.Алтансарнай нь Монгол улсын Боловсролын Их сургуулийн "Сургуулийн өмнөх сургууль"-ийн 201330665 дугаартай бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглан Ховд аймгийн Мөст сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Б.Амарзаяагийн 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/5 дугаартай тушаалаар ахлах бүлгийн багшаар, Ховд аймгийн Жаргалант сумын 8 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Батчимэгийн 2014 оны 08 дугаар сарын 29- ний өдрийн 26 дугаартай тушаалаар багшаар, Ховд аймгийн Жаргалант сумын 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Н.Тодбаярын А/6 дугаар тушаалаар хөгжмийн багшаар, Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч 3.Нямжавын Б/32 дугаартай тушаалаар ахлах бүлгийн багшаар тус тус ажилласан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

3.Ховд аймгийн Прокурорын газраас Б.Алтансарнайгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Шүүгдэгч Халзад овогт Баттулгын Алтансарнайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтансарнайд 10/ арав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Б.Алтансарнайд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоож,

4.4 Эрүүгийн 2209000002353 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 201330665 дугаартай дипломыг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болох, хохирогч байгууллагын нэхэмжилсэн 77112640 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч байгууллага нь шүүгдэгчээс 2022 оны 11 сарын 18-наас хойш цалинг хохиролд тооцож, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

4.5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Алтансарнайгийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гэмт хэрэг үйлдэж олсон орлого 77112640 / далан долоон сая нэг зуун арван хоёр мянга зургаан зуун дөч) төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж,

4.6 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих солих учиртайг шүүгдэгч Б.Алтансарнайд эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг тооцож хорих ялаар тайлбарлаж, шүүгдэгч Б.Алтансарнайгийн зорчих эрхийг хязгаарлах ял, хөрөнгө хоногоор хураах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

4.7 Ховд аймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" тогтоолоор шүүгдэгч Б.Алтансарнайгийн 8714508 төгрөгийн үнэ бүхий 32-58 ХОЕ улсын дугаартай Тоёота приус- 20 маркийн тээврийн хэрэгсэл, мөн Ховд аймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай " Эд хөрөнгө битүүмжлэх тухай" тогтоолоор шүүгдэгч Б.Алтансарнайгийн өмчлөлийн 40233375 төгрөгийн үнэ бүхий Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 17-22 тоот гэр бүлийн хэрэгцээний хашааны 1097 м.кв газар, 93. мкв хувийн орон сууцыг битүүмжилсэн тогтоолыг хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр хэрэглэж,

4.8 Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж,

4.9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч Б.Алтансарнай түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар давж заалдах шатны шүүхэд гаргасан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 Шүүгдэгч Б.Алтансарнай нь Монгол Улсын Боловсролын Их сургуульд 2012 онд элсэн орж биечлэн суралцаад 2013 онд төгссөн. Сургалтын хөтөлбөрийн дагуу заасан хичээлд бүрэн хамрагдаж Монгол улсын Боловсролын Их сургуулийн "Сургуулийн өмнөх сургууль"-ийн D201330665 дугаартай бакалаврын дипломыг авсан. 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс хойш Хүүхдийн цэцэрлэгийн багш, ахлах багшаар ажиллах хугацаандаа ажлын хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ чанарын өндөр түвшинд гүйцэтгэж байсан ба хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүй.

5.2 Б.Алтансарнай нь төрийн байгууллагад ажил хөдөлмөр эрхэлж, 10 жил хүүхдүүдэд суурь мэдлэг олгож, хөдөлмөрлөсөн хөдөлмөрийн үр шим болох цалин хөлс авсан учир төрд хохирол учруулсан, хууль бусаар орлого олсон гэж үзэхгүй байгаа тул Хүүхдийн цэцэрлэгийн багш, ахлах багшаар ажилласан хугацаандаа авсан цалин хөлсийг хууль бусаар олсон орлого гэж үзэж Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар албадан гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

5.3 Шүүх Б.Алтансарнайг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ "...3.2 Шүүгдэгч Б.Алтансарнайд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2202005352205 дугаартай "Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан үеэс ажил олгогч байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ." гэж тодорхойлсон. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч 5 дахь заалтад: "Эрүүгийн хуулийн Б.Алтансарнайгийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гэмт хэрэг үйлдэж олсон орлого 77112640 далан долоон сая нэг зуун арван хоёр мянга зургаан зуун дөч/ төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй." гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

5.4 Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/128 дугаартай шийтгэх тогтоолыг хянан үзэж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулна уу.

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

6.1 Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтын 5 дахь заалт хууль бус гарсан гэж өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгийн саналтай нэг байна. Учир нь Ховд аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч нь мэргэжлийн дипломыг үндэслэж цалин хөлс аваагүй гэдэг дээр дүгнэлт хийгээгүй. Шүүгдэгч нь хөдөлмөр эрхэлж хөлсөө үнэлүүлж цалин хөлс авсан тул төрд учирсан хохирол гэж үзэхгүй гэв.

7.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

7.1 Анхан шатны шүүхийг шийтгэх тогтоол үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тухайн гэмт хэрэгт тухайн гэмт хэрэг төгсөх хүртэл гэмт хэрэг үргэлжилсэнд тооцохоор зохицуулсан. Иймээс төрд учирсан хохирол гэж шүүгдэгчээс гаргуулаагүй, хууль бусаар олсон орлого гэсэн хоёр өөр ойлголт гэдгийг хэлэх нь зүйтэй. Шүүгдэгч тухайн хуурамч мэргэжлийн дипломыг ашиглаж ажилд орж хөдөлмөрийн гэрээ хийгдэх учир түүнийг хууль бус орлого гэж үзнэ. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна  гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч  Б.Алтансарнай  болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудад дурдсан  үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэхдээ тооцооллын болон хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж  шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.

3.Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах бэхжүүлэх үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

4. Прокуророос шүүгдэгч Б.Алтансарнайг Монгол улсын Боловсролын Их сургуулийн  “Сургуулийн өмнөх сургууль”-ийн D20133066 дугаартай бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэнд  холбогдуулан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

5. Анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүний үйлдсэн хэргийн үйл барим тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнээд шүүгдэгч Б.Алтансарнайд  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, арван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулжээ.

6.Шүүгдэгч Б.Алтансарнай болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар нь “...Б.Алтансарнайгийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гэмт хэрэг үйлдэж олсон орлого 77.112.640 (далан долоон сая нэг зуун арван хоёр мянга зургаан зуун дөчин)” төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг давж заалдах журмаар гаргажээ.

7.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Алтансарнайгийн үйлдсэн хэргийн үйл баримт тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон гэх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

8. Шүүгдэгч Б.Алтансарнай нь  Монгол улсын Боловсролын Их сургуулийн  “Сургуулийн өмнөх сургууль”-ийн D201330665 дугаартай бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь Боловсрол, шинжлэх ухааны яам, хяналт- шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын “ Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн  багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт-шинжилгээ хийсэн танилцуулгын “...хавсралтын 466- СӨБ- Ховд  6-р , ПИ79102701,  Баттулга Алтансарнай,  МУБИС, СӨБ- ийн багш, сургуулийн өмнөх боловсрол, бакалавр, 2013, D201330665, сургуулийн архиваас Баттулгын Алтантуяагийн нэр дээр олгогдсон гэж гарсан,РД ПИ76070302 дугаар давхардсан ...” гэх баримт, (хх-ийн 11-35х)  Б.Алтансарнай нь 2013 онд Боловсролын их сургууль,Сургуулийн өмнөх боловсролын сургуулийг “сургуулийн өмнөх насны хүүхдийн багш” мэргэжлээр  суралцан төгссөн бакалаврын D201330665 дугаартай диплом, түүний хавсралт, (хх-ийн 68-71х) Ахлах бүлгийн  багшаар томилсон Ховд аймгийн Мөст сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Б.Амарзаяагийн 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/ дугаар тушаал,  багшаар  томилсон Ховд аймгийн Жаргалант сумын 8 дугаар ийн эрхлэгч Б.Батчимэгийн 2014 оны 08 дугаар сарын 29- ний өдрийн 26 дугаар тушаал, хөгжмийн багшаар томилсон Ховд  аймгийн Жаргалант сумын 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Н.Тодбаярын А/6 дугаар тушаал, ахлах бүлгийн  багшаар томилсон Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч З.Нямжавын Б/32 дугаар тушаал, (хх-ийн 131-137х) Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Б.Алтансарнайгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг ирүүлсэн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн  12 дугаар албан бичиг, (хх-ийн 155-160х)  Төрийн мэдээлэл сангаас Нийгмийн даатгалын ерөнхий газрын Б.Алтансарнайгийн 2005-2022 оны 11 дүгээр сарын 18 хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, (хх-ийн 150-160х)  Боловсролын их сургуулийн захирлын “төгсөгчдөд боловсролын зэрэг олгох тухай” 2013 оны  06 дугаар сарын 17-ны өдрийн А/21 дугаартай тушаал, (хх-ийн 114-118х)  Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Н.Цэнджав, гэрч Д.Цэдэвсүрэн,Ч.Энх-Амгалан, Я.Номинцэцэг, А.Танан-Эрдэнэ, Б.Доржхуяг, Н.Батбилэг, Б.Алтантуяа, Д.Анхзаяа нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэрэг  хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба энэ талаар анхан шатны шүүх  хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

9.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Б.Алтансарнайгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Сургуулийн өмнөх боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэн шүүгдэгч Б.Алтансарнайг тухайн зүйл хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

10. Шүүгдэгч Б.Алтансарнай нь  боловсролын D201330665 дугаартай дипломыг хуурамч  болохыг мэдсээр байж ашигласан үйлдэл нь 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Мөст сумын Хүүхдийн цэцэрлэгт  ахлах бүлгийн  багшаар томилогдон ажилд орсон өдрөөс эхэлж, улмаар түүнийг яллагдагчаар  татах хүртэл үргэлжилсэн байх тул түүнд 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан (1хх-ийн 87-90х)  буюу  тухайн гэмт хэргийг илрүүлж, таслан зогсоосон өдрийг гэмт хэрэг төгссөн гэж үзнэ.

11. Шүүх шүүгдэгч Б.Алтансарнайг “боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэж дүгнээд   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан түүний 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл авсан цалин хөлс 77.112.640 (далан долоон сая нэг зуун арван хоёр мянга зургаан зуун дөчин ) төгрөгийг  албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж  шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Тухайлбал шүүгдэгч Б.Алтансарнайгийн хуурамч диплом ашиглаж төрөөс авч байсан “цалин хөлсийг” гэмт хэргийн улмаас төрд учирсан “гэм хорын хохирол” гэж үзэх тул түүний авч байсан цалин хөлсийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 зааснаар шүүгдэгчээс гаргуулан Улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Алтансарнайгийн хуурамч диплом ашиглаж төрөөс авч байсан цалин хөлсийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар түүний хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалт үндэслэл бүхий болоогүй байна.

Мөн шүүгдэгч нь хуурамч диплом ашиглаж төрөөс цалин хөлс авч, төрд хохирол учруулсан тул “...хохирогч байгууллага нь шүүгдэгчээс 2022 оны 11 сарын 18-наас хойш цалинг хохиролд тооцож иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байх тул энэ агуулгаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэдийгээр мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч Б.Алтансарнай нь хуурамч диплом ашиглаж төрөөс цалин хөлс авч байсан нь тогтоогдсон боловч тэрээр ажиллаж байсан байгууллагадаа хөдөлмөрлөж байсан тул түүний нийт авсан цалин хөлснөөс тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож өөрт нь үлдээж, илүү гарсан цалин хөлсийг гэмт хэргийн улмаас төрд учирсан гэм хорын хохирол гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шийтгэх тогтоолд дээр дурдсан агуулгаар өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ гэмт хэргийн улмаас төрд учирсан гэм хорын хохирлын тооцооллын алдааг зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй байна.

12. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Төрийн мэдээлэл сангийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн тооцож үзэхэд шүүгдэгч Б.Алтансарнайд 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр  хүртэл сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ахлах багш, багш, хөгжмийн багш, ахлах бүлгийн багшаар тус тус томилогдон  ажиллахдаа 93.721.625 (ерэн гурван сая  долоон зуун  хорин нэг мянга зургаан зуун хорин таван)  төгрөгийн цалин хөлс олгосон болох нь тогтоогдож байна. 

13.Иймд шүүгдэгч Б.Алтансарнайгийн 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр  хүртэл сургуулийн өмнөх боловсролын байгууллагад багшаар ажилласан хугацаанд түүнд олгогдож байсан цалин хөлсийг тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ  (2014-2016 онд 192000), (2017-2018 онд  320.000), (2019-2022 онд 420.000) төгрөгөөр тооцож үзэхэд 30.396.000 төгрөгийн цалин хөлс авсан нь тогтоогдож байх тул  зөрүү 63.325.625 (жаран гурван сая   гурван зуун  хорин  таван мянга зургаан зуун хорин таван) төгрөгийг гэм хорын хохиролд тооцож,Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан  шүүгдэгч Б.Алтансарнайгаас гаргуулж  улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

14. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хууль хэрэглээний болон хохирлын хэмжээг өөрчилж, өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг агуулгын хувьд хүлээн авсан болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/128 дугаар шийтгэх тогтоолыг ТОГТООХ хэсгийн 4 дэх заалтаас “...хохирогч байгууллагын нэхэмжилсэн 77112640 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч байгууллага нь шүүгдэгчээс 2022 оны 11 сарын 18-наас хойш цалинг хохиролд тооцож, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй” гэснийг хасаж,

5 дахь заалтыг  ”Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Алтансарнайгаас гэм хорын хохиролд 63.325.625 (жаран гурван сая гурван зуун  хорин  таван мянга зургаан зуун хорин таван) төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.” бүхэлд нь өөрчлөн найруулж, 6 дахь заалтаас “...хөрөнгө хураах албадлагын арга хэмжээний” гэснийг хасаж, 7 дахь заалтын “хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл ” гэснийг “гэм хорын хохирол нөхөн төлөгдөх хүртэл” гэж  өөрчлөн  шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Алтансарнай болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан  гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                      

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.НЯМБАЯР  

 

                                             ШҮҮГЧ                                         Д.КӨБЕШ

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА