Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2025/0023

 

 

    2025         01           02                                     128/ШШ2025/0023

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Н*******” ХХК /РД:/,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/735 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхсаруул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. “Н*******” ХХК-д  Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаар  захирамжаар Б дүүргийн 10 дугаар хороонд байрлах нутаг дэвсгэрт нэгж талбарын 13 дугаар бүхий 10000 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгожээ.

1.2. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/735 дугаар захирамжаар “Н*******” ХХК-д олгосон 10000 м.кв газрын эзэмших эрхийг “...эзэмшил газраа зориулалтын дагуу 2 жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй” гэх үндэслэлээр эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгон шийдвэрлэсэн байна.

1.3. Нэхэмжлэгчээс анх 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/734, А/735 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан ба 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/734 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тусгаарлаж, 0863 дугаар шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн.

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №01-08/6913 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан тоотонд дурдсан захирамжийг манай компани гардаж аваагүй, мэдээгүй бөгөөд 2023 оны 12 дугаар  сарын 02-ны өдөр газрын төлбөрөө төлөхөөр e-gazar.gov.mn-д нэвтрэн орж үзтэл газрын мэдээлэл программд байхгүй байсан тул Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 01/23 тоот албан бичгээр хандсан болно.

Уг захиргааны шийдвэр гарахдаа хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдээс Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулах ёстой байтал 2023 оны 07 сард шийдвэр гаргаж байгаа нь дээрх хуулийн ерөнхий үзэл санааг гүйцэлдүүлэхгүй хуулийг буруу хэрэглэж гаргасан шийдвэр тул үндэслэлгүй гэж үзэхээр байна. Энэхүү маргаан бүхий 2 захирамж нь Газрын тухай хуулийн 4.1.3 газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах, Захиргааны ерөнхий хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй захирамжид дурдсан хуулийн заалтыг үзэхэд Газрын тухай хуулийн 40.1.1. “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.6. “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” үндэслэлийг дурдсан байна.

2.2. Манай компани тус газрыг 2019 оны 2,3 дугаар сард эзэмших эрх нээгдсэн бөгөөд энэ цаг хугацаанд барилга барих төлөвлөгөө гарган санхүү бүрдүүлэхээр ажил эхлүүлэхээр төлөвлөж байсан боловч 2019 оны 12 сарын эхээр дэлхий даяар тэр дундаа хөрш улс болох БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод коронавируст халдвар (Ковид-19) бүртгэгдэж эхэлснээр Монгол Улсын Засгийн газар БНХАУ-тай агаарын болон газрын хилийн боомтыг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн хаах шийдвэр гаргаж, хөл хорио тогтоож, хөдөлгөөн хязгаарласан байдаг. Монголд коронавируст халдвар (Ковид-19) тохиолдол 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр анхны тохиолдолд бүртгэгдэж эхэлснээр халдвар тархсанаар яаралтай горимоор коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталснаар тус хуулийн үйлчлэлийн хүрээнд хамаарч, Монгол Улсад цар тахлын онцгой дэглэм үйлчилж ажил зогссон болно.

Дээрх хуулийн үйлчлэлийн үед тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д зааснаар “нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор бусад хуульд зааснаас өөр журам тогтоох, хүний зарим эрх, эрх чөлөөг хязгаарлах”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “цар тахлын үед хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгж, байгууллага, цалин, орлого нь тасалдсан иргэдэд зохих дэмжлэг үзүүлэх” гэсэн онцгой дэглэм үйлчилж байсан юм.

Гэвч манай компани нь цар тахлын үеийн дэглэм буюу коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Энэ хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилнэ” гэсний дараа Газрын тухай хууль болон газар эзэмших гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу эзэмшиж байгаа газраа ашиглах санхүүгийн нөөцөө бүрдүүлэхээр “Н*******” ХХК-тай хамтран ажиллахаар тохиролцож, тооцоо судалгаа хийх, зураг төсөв боловсруулах ажилдаа орсон байдаг.

2.3. Тийм учраас манай компани нь эзэмшиж байгаа газраа Газрын тухай хууль болон газар эзэмших гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх нь үндэслэлгүй бөгөөд дэлхий нийтээрээ давагдашгүй хүчин зүйлийн улмаас санхүүгийн хямралд орсон, Монгол Улс төдийгүй дэлхийн бүхий л улсад онцгой дэглэм үйлчилж байсан бөгөөд “Н*******” ХХК-ийн газар эзэмшиж байгаа 2 газар цар тахлын онцгой дэглэмд хамрагдсан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6.... тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх хуулийн зохицуулалтад нийцэхгүй учраас “Н*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцлах нь цар тахлын үед тогтоосон онцгой дэглэм, цар тахлын сөрөг үр дагавар, хүндрэл бэрхшээлийн хугацааг үл харгалзан гаргасан шийдвэр гэж үзэхээр байна.

2.4. Иймд газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д нийцэхгүй шийдвэр байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-т "захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэсний дагуу Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 сарын 05-ны өдрийн А/735 дугаартай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

2.5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:Манай компани Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1777 дугаар захирамжаар Б дүүргийн 10 дугаар хороонд байрлах нэгж талбарын 13 дугаартай 10000 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар анх эзэмшиж эхэлсэн бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр газар эзэмших гэрээг байгуулж, эзэмшиж эхэлсэн. Нэхэмжлэгч компани тухайн газрын дуудлага худалдааны үнэ болох 55 сая төгрөгийг төлсөн байдаг. Газар эзэмших явцад буюу Нийслэлийн Засаг даргын захирамжаар маргаан бүхий газрыг хүчингүй болгосон талаар бид 2023 оны 12 дугаар сард мэдсэн. Мэдсэн даруйдаа Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гомдол гаргасан. Тухайн гомдлын хариу нь газар эзэмших эрхийг дуусгавар болгосон захирамж хууль зүйн үндэслэлтэй байна гэдэг байдлаар хариу хэлээд, үүнийг нь эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэлээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан эзэмшил газраа 2 жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгож, дуусгавар болгосон байдаг. Гэхдээ тухайн шийдвэрийг гаргахдаа нэхэмжлэгч компанид мэдэгдээгүй, бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр гаргаснаар маргаан бүхий актыг хууль бус шийдвэр гэж үзэж маргаж байгаа юм.

         Учир нь манай компани маргаан бүхий газрыг 2019 оны 03 дугаар сараас эхлээд бодит нөхцөл байдал дээр эзэмшиж, тухайн газар дээр үйл ажиллагаа явуулах эрх үүссэн буюу гэрээ байгуулснаас хойш үүссэн гэж үзэж байгаа. Гэрээ байгуулснаас хойш тухайн газар дээр ямар барилга барих уу, мөн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байх үед 2019 оны 12 дугаар сараас эхлээд дэлхий нийтэд Ковид-19 цар тахал дэгдээд, үүнтэй холбоотойгоор улсын хил хаах, мөн хөл хорио тогтоох шийдвэр гарч байсан учраас газар дээрээ үйл ажиллагаа явуулах, барилга байгууламж барихад хүндрэл учирч байсан. Энэхүү цар тахалтай холбоотойгоор Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр "Ковид-19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай" хуулийг баталсан байдаг. Тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д цар тахлын үед хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгж байгууллага, цалин орлого нь тасалдсан иргэдэд зохих дэмжлэг үзүүлэхийг бүх захиргааны байгууллагад чиглэл, үүрэг болгож шийдвэрлэсэн бөгөөд энэ хууль нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хэрэгжихээр хууль тогтоогчоос тогтоосон.

         Нэхэмжлэгч компани нь тухайн маргаан бүхий газартаа 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар тогтоосон хугацаанаас өмнө буюу Ковид-19 цар тахлын нөхцөл байдал хэсэг намжсан үеэс буюу 2021 оны 08 дугаар сараас эхлээд тухайн маргаан бүхий газар дээрээ барилга байгууламж барихаар эхлээд "Н*******" ХХК-тай хамтран ажиллахаар тохиролцоод, газар дээрээ агуулах, худалдааны барилга барихаар төлөвлөөд, тухайн газар дээрээ холбогдох судалгаа шинжилгээ хийлгэхээр. “Л*******” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж байсан. Тухайн байгуулсан гэрээний дагуу “Л*******” ХХК-аас холбогдох судалгаа, хөрсний шинжилгээг хийгээд, тухайн газраас хөрсний ус гүнээс нь илэрдэг, газрын гадаргуу усанд автах тул ажлын зурагт тооцох шаардлагатай, барилга байгууламжийн суурь болон газрын гадаргуу усанд автах болзошгүй эрсдэлтэй гэдэг зүйл дүгнэлтэд тусаж гарсан байдаг. Тухайн дүгнэлттэй холбоотойгоор нэхэмжлэгч компани маргаан бүхий газар дээр агуулахын барилгыг шууд эхлүүлэх боломж, нөхцөл байдал бүрдээгүй буюу 2021 оны 09 дүгээр сар гэхэд газар дээрээ барилга байгууламж барьж болохгүй нөхцөл байдал байсан гэж үзэж байгаа.

         Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолоор Газрын тухай. хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй” гэдгийг тайлбарласан байдаг. Энэ нь гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт эвдрэл, гэмтэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг эзэмшигчээс үл хамаарах шалтгаан байсныг ойлгоно гэдэг байдлаар тайлбарласан. Мөн “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмших гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн хугацаанд ашиглаагүй байхыг ойлгоно гэж тайлбарласан байдаг. Маргаан бүхий газарт дээрх тогтоолд заасан хүндэтгэн үзэх шалтгаан буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас зориулалтын дагуу ашиглаж чадаагүй гэж үзэж байгаа. Тодруулбал, маргаан бүхий газар дээр байгалийн тогтоц, хөрсний ус их гардгаас шалтгаалах тухайн хугацаанд үйл ажиллагаа явуулж чадахгүй, барилга байгууламжийг барих боломжгүй байсан нь тухайн компанийн дүгнэлтээс харагдаж байгаа. Мөн маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй болсон 2019 оны 09 дүгээр сараас 2021 оны 08 дугаар сарыг хүртэл хугацаанд дээр дурдсан шалтгаанаар буюу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж чадаагүй байсан. Тогтоолд дурдаад байгаа хуанлийн 2 жилийн хугацаа буюу маргаан бүхий акт нь 2023 оны 7 дугаар сард гараад байгаа нь хуанлийн 2 жилийн хугацаа гэдэгтэй нийцэхгүй байна гэж үзэж байгаа юм.

         2.6. Нэхэмжлэгчээс маргаан бүхий тушаал гарах талаар өмнө нь мэдээгүй. Акт гарсны дараа мэдсэн байдаг. Хариуцагчаас маргаан бүхий акт гарахын өмнө сонсох ажиллагааг хуульд заасан хэлбэрээр явуулсан, 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр албан бичгээр мэдэгдсэн гэж тайлбарлаад байдаг боловч нэхэмжлэгч компанийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэгдсэн хуулийн этгээдийн хаяг, мөн хариуцагчид гэрээ байгуулах үед мэдэгдсэн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн мэдэгдэл хэрэгт авагдаагүй. Энэ талаар мэдэгдсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байдаг. Мөн “Өдрийн сонин”-д нийтлүүлсэн гэдэг байдлаар хэлдэг. Гэхдээ Захиргааны ерөнхий хуульд захиргааны актыг нэг этгээдэд хаяглаж гаргаж байгаа тохиолдолд хэрхэн сонсох ажиллагааг явуулах, олон этгээдэд хаяглаж гаргаж байгаа бол сонсох ажиллагааг хэрхэн явуулах талаар нарийвчлаад зохицуулчихсан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар 20 буюу түүнээс дээш этгээдийг сонсгохоор бол олон тооны этгээд учраас сонинд нийтлэх байдлаар сонсох ажиллагааг явуулахыг зөвшөөрсөн байдаг. Гэхдээ маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/735 дугаар захирамж бол зөвхөн нэхэмжлэгч хуулийн этгээд буюу “Н*******” ХХК-д хаяглагдаж гарсан учраас сонсох ажиллагааг сонинд нийтлэг хэлбэрээр биш Захиргааны ерөнхий хуульд тухайн этгээдэд өөрт нь мэдэгдэх сонсох ажиллагааг хийх шаардлагатай байсан. Захиргааны зүгээс маргаан бүхий актыг гаргаж байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааны хэлбэрийн дагуу хийгээгүй, мөн бодит нөхцөлийг тогтоогоогүйгээс шалтгаалж хууль бус, үндэслэл бүхий шийдвэр гарч чадаагүй гэж үзэж байна.

         Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэв.

        2.7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: “...Сонсгох ажиллагаатай холбоотой мэдэгдлүүд очсон эсэх асуудал дээр Н******* ХХК, Н******* 2 компанийг хольж яриад байх шиг байна. Н******* ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, мөн газар эзэмшүүлэгчтэй байгуулсан гэрээнд дурдагдаж байгаа хаягууд нь Б дүүргийн хаягууд байгаа. Гэтэл хүргэгдсэн гэж хариуцагчаас тайлбарлаад байгаа энэ хаяг нь Х******* дүүргийн хаяг. Н******* ХХК-аас урьдчилсан шийдвэрлэх журмаар гаргасан гомдолд хариу өгөхдөө түрүүн нотлох баримтаа шинжлэн судлуулсан тус компанийн манай газарт байгаа бүртгэлтэй албан ёсны хаягаар чинь бид мэдэгдлийг хүргүүлсэн байгаа гэж өөрсдөө тайлбарлаад байдаг хэрнэ өнөөдөр Х******* дүүргийн 2 дугаар хорооны хаяг нь хаана, ямар байдлаар захиргааны байгууллагад бүртгэлтэй байгаа талаар нотолж чадахгүй байна. Энэ нөхцөл байдлаас сонсох ажиллагаа хуульд заасны дагуу хүргэгдээгүй, шийдвэр гаргахаас өмнө оролцоо, боломж нөхцөлөөр хангаагүй юм байна, үүнтэй уялдуулаад захиргааны байгууллагаас үүссэн бодит нөхцөл байдлыг үнэлж, тогтоож чадаагүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрж байна. Нэгэнт сонсох ажиллагааг хийгээгүй, бодит нөхцөлийг тодорхойлж чадаагүй учраас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан бодит нөхцөл байдалд тохирсон, зорилгодоо нийцсэн байх хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна.

Хоёрдугаарт, нэхэмжлэгч компани анх тухайн газрыг дуудлага худалдааны журмаар авсан. Анх авсан 50 сая гаруй төгрөгийн төлбөрөө яг хугацаанд нь төлсөн. Үүний дараа газрын төлбөрөө тухай бүрд нь төлж явж байсан. Мөн геологийн дүгнэлт, хөрөнгө оруулалтуудтай холбоотой асуудлууд яваад байдаг. Энэ хэмжээний эдийн засгийн зарлага, төлөвлөлт хийчихсэн байсан энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэл хамгаалах зарчим энэ тохиолдолд үйлчлэх ёстой гэж үзэж байна. Яагаад гэвэл, нэхэмжлэгч компанийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдлууд нь тогтоогдоогүй байхад нь газрын эрхийг нь шууд цуцалж байгаа нь эдийн засгаар илэрхийлэгдэх мөнгөн үр дагаврыг үүсгээд байна. Тиймээс энэ тохиолдолд хууль ёсны итгэл хамгаалагдах зарчим үйлчлэх ёстой байсан гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Бусад үндэслэлээр дэлгэрэнгүй тайлбаруудыг өгчихсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна...” гэв.

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, татгалзал болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:  ...“Н*******" ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1177 дугаартай захирамжаар Б дүүрэгт 10000 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар олгосон байдаг. Түүнийг 2023 оны А/735 дугаар Нийслэлийн Засаг даргын захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү үйл баримтад тухайн үед сонсгох ажиллагааг удаа дараагаар хийгдэж байсан. Хавтаст хэрэгт баримтууд авагдсан байгаа. Сонсох ажиллагааны хувьд хийгдээгүй гэж маргаад байх шиг байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д "20 буюу түүнээс доош тооны этгээдэд сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болно" гээд заачихсан байдаг. Манайхаас шуудангаар удаа дараагийн албан бичгээр хүргүүлж байсан. Мөн цахим буюу "Өдрийн сонин"-д сурталчилгааг явуулсан. Сонсох ажиллагааны мэдэгдлийг 3 удаа явуулсан байдаг. Сүүлийн сонсох ажиллагааны мэдэгдэл буюу хариу хүргүүлэх албан бичгээр хүргүүлэхэд буцаж албан бичиг ирүүлсэн. Тэрхүү солилцсон албан бичгүүд хавтаст хэрэгт мөн авагдсан байдаг. Тиймээс үүнийг сонсох ажиллагааны мэдэгдлийг хийгээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

         Нэхэмжлэгчийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгаан Ковид-19 цар тахлын үе байсан гэж тооцож байна. Ковид-19 цар тахал 2020 оноос хойш гарсан байдаг. Энэ нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны захирамжаар олгосон. 2020 оноос өмнө 2 жилийн хугацаа явагдаж байна. Үүний дараа 2 жилийн хугацаа гэдэг хангалттай тоологдож, энэ хугацаа бүрэн хангагдаж байна.

Мөн ашиглах боломжгүй, ашиглалтын зориулалт хангахгүй, ус гардаг гээд геологийн судалгаа шүүхэд гаргаж өгсөн байна. Судалгааг сая харахад Б дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу захирамжид дурдсан газар нутаг яг мөн үү гэдэг нь эргэлзээтэй байна. Миний хувьд өөр газрын талбай дээр авагдсан геологийн судалгааны тайлан юм уу гэж харлаа. Хэлбэр дүрсийн хувьд ч 2018 оны захирамжаар олгосон нутаг дэвсгэр, геологийн судалгаа хийсэн нутаг дэвсгэр 2 зөрөөтэй байна. Энэ геологийн судалгаа бол хэрэгт ач холбогдол бүхий баримт биш байна гэж ойлгож байна. Тиймээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан 2 жилийн хугацаанд ашиглаагүй гэдэг зүйл заалтыг хангаж байгаа бөгөөд захирамж хууль ёсны, хүчин төгөлдөр гарсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Н*******” ХХК-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

2. “Н*******” ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр газар эзэмших тухай хүсэлт гаргаснаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/1177 дугаар захирамжаар Б дүүргийн 10 дугаар хороонд үйлдвэрлэлийн зориулалтаар, 10.000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, 13 нэгж талбарын дугаарт эзэмшүүлэхээр шийдвэрлэснээр, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 00******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.

3. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/735 дугаар захирамжаар нэхэмжлэгч хуулийн этгээдийг “эзэмшил газраа 2 жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу газраа ашиглаагүй” гэж үзэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасныг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгон шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч талаас дээрх А/735 дугаар захирамжийг маргаан бүхий захиргааны актаар нэрлэн, хүчингүй болгуулахаар “...газар эзэмших тухай гэрээг 2019 онд байгуулж, тухайн газрыг зориулалтын дагуу ашиглах үед дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал гарснаар Монгол Улсад цар тахлын онцгой дэглэм үйлчилж байсан..., “Н*******” ХХК-тай хамтран ажиллахаар тохиролцоод, ...газар дээрээ холбогдох судалгаа шинжилгээ хийлгэхээр, “Л*******” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж байсан. ...холбогдох судалгаа, хөрсний шинжилгээг хийгээд, тухайн газраас хөрсний ус гүнээс нь илэрдэг, газрын гадаргуу усанд автах эрсдэлтэй гэдэг зүйл дүгнэлтэд тусаж гарсан байдаг тул газар дээр агуулахын барилгыг шууд эхлүүлэх боломж, нөхцөл байдал бүрдээгүй..., тухайн газар дээрээ 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үндэслэлээр цуцалж байгаа нь хууль бус, маргаан бүхий захирамж нь бодит байдалд нийцэж гараагүй..., сонсох ажиллагаа явуулсан гэх боловч нэхэмжлэгчийн албан ёсны хаягаар хүргүүлээгүй тул сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэх боломжгүй...” зэргээр болон Тодорхойлох хэсгийн 2-д заасан үндэслэлээр маргасан бол,

5. Хариуцагч захиргааны байгууллагын зүгээс “...сонсох ажиллагааны мэдэгдлийг шуудангаар удаа дараагийн албан бичгээр хүргүүлж байсан. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр буюу “Өдрийн сонин”-ы дугаарт нийтлэн мэдэгдсэн. Сонсох ажиллагааны мэдэгдлийг 3 удаа явуулсан байдаг. Сүүлийн сонсох ажиллагааны мэдэгдэл буюу хариу хүргүүлэх албан бичгээр хүргүүлэхэд буцаж албан бичиг ирүүлсэн. Тэрхүү солилцсон албан бичгүүд хэрэгт авагдсан ...сонсох ажиллагааны мэдэгдлийг хийгээгүй гэж үзэх үндэслэлгүй, ... хүндэтгэн үзэх шалтгаан Ковид-19 цар тахлын үе байсан гэж тооцож байгаа нь үндэслэлгүй, Ковид-19 цар тахал 2020 оноос хойш гарсан байдаг. Нийслэлийн Засаг даргын 2018 оны захирамжаар олгосон, 2020 оноос өмнө 2 жилийн хугацаа хангалттай тоологдож, энэ хугацаа бүрэн хангагдаж байна. ...ашиглах боломжгүй, ашиглалтын зориулалт хангахгүй, ус гардаг гээд геологийн судалгаа шүүхэд гаргаж өгсөн судалгааг харахад Б дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу захирамжид дурдсан газар нутаг яг мөн үү гэдэг нь эргэлзээтэй, ...хэлбэр дүрсийн хувьд ч 2018 оны захирамжаар олгосон нутаг дэвсгэр, геологийн судалгаа хийсэн нутаг дэвсгэр 2 зөрүүтэй, ... иймээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан 2 жилийн хугацаанд ашиглаагүй гэдэг зүйл заалтыг хангаж байгаа бөгөөд захирамж хууль ёсны, хүчин төгөлдөр гарсан...” хэмээн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч буй энэ тохиолдолд шүүхийн зүгээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тайлбарлаж, маргааны үйл баримтад дүгнэлт хийв.

6. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалтыг хуульчилсан ба уг хууль, зүйлийн 40.1.“Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6.“хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан, энэ утгаараа газар эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болох зохицуулалттай байна.

7. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тайлбарласан эх сурвалж болох Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолд: “... “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, ...мөн зүйл, хэсэгт заасан “...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй...” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласны “хүндэтгэн үзэх шалтгаан” нэхэмжлэгчид бий болсон, эсхүл нэхэмжлэгчээс үл хамаарах хүндэтгэн үзэх шалтгаанууд байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, “зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэх нөхцөл байдлын тухайд,  шүүхээс 2024 оны 09 дугаар сарын 13-ны өдөр явуулсан үзлэгээр маргаан бүхий газар дээр ямар нэг байдлаар хашаа хатгасан, бусад этгээдийн газраас тусгаарласан зүйлгүй, ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, баригдсан барилга байгууламжгүй хоосон газар байсан нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь анх 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “үйлдвэрлэлийн барилга, байгууламж” барих зориулалтаар газрыг эзэмшиж эхэлснээс хойш захирамж гарах 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд зориулалтын дагуу газраа ашигласан гэдэг нь бүрэн тогтоогдохгүй байна.

8. Хэрэгт авагдсан, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Баримт хүргүүлэх тухай” 01-06/1922 дугаар албан бичгээр ирүүлсэн “...“Н*******” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг ...10.000 м.кв талбайд 55.000.000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ...төлж барагдуулсан...” гэх баримтыг маргааны үйл баримтад ач холбогдолтой гэж үнэлсэнгүй, нэхэмжлэгч нь хэдийгээр газрын дуудлага худалдааны анхны үнийг төлсөн хэдий ч энэ нь захиргааны зүгээс анх газрыг эзэмшүүлэх үеийн шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай болохоос биш газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ бодитойгоор хэрэгжүүлж байгаа хэлбэр гэж шүүх үзэх боломжгүй.

9. Түүнчлэн, “Н*******” ХХК болон “Л*******” ХХК нарын хооронд байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Х/R/******* дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 1.1-т “... “Н*******” ХХК-ийн эзэмшил газар болох Б дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...талбайд...” хэмээн тусгасан байх боловч энэхүү гэрээний нэг тал нь “Н*******” ХХК өөрөө биш гэрээнд нэхэмжлэгч хуулийн этгээдийн удирдлагын гарын үсэг зурагдаагүй байх тул нэхэмжлэгчийг шууд утгаараа газраа эзэмших эрхээ хэрэгжүүлэхээр гүйцэтгэсэн /гэрээ байгуулсан/ ажил гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.

10. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  “...тухайн газраас хөрсний ус гүнээс нь илэрдэг, газрын гадаргуу усанд автах тул ажлын зурагт тооцох шаардлагатай, барилга байгууламжийн суурь болон газрын гадаргуу усанд автах болзошгүй эрсдэлтэй гэдэг зүйл дүгнэлтэд тусаж гарсан байдаг тул газар дээр агуулахын барилгыг шууд эхлүүлэх боломж, нөхцөл байдал бүрдээгүй... буюу эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон газар гэж үзэн хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулсан тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

11. Мөн нэхэмжлэгчийн зүгээс газрын эрхээ хэрэгжүүлэхэд Ковид-19 цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож бизнес маань хүнд байдалд орж, төслөө хэрэгжүүлэхэд санхүүгийн хүндрэл үүссэн гэж тайлбарлах боловч нэхэмжлэгчийн бизнесийн үйл ажиллагаанд өөрийнхөн хүсэл зориг, хяналтаас гадуур, урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал бий болсон болохыг нотлох Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Force majeure буюу Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон Hardship буюу хүнд нөхцөл байдлын гэрчилгээ олгогдоогүй, энэ талаарх бусад холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул дээрх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

12. Иймээс хариуцагч нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2. “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, 4.1.4. “газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх”  зарчмуудыг хангуулж, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1. “газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах”, 20.2.2. “газар эзэмшигч, ... гэрээний дагуу үр ашигтай, зохистой ажиглаж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах” бүрэн эрхээ хэрэгжүүлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн...” гаргасан захирамж нь хуульд нийцсэн байна.

13. Газар эзэмшигч /нэхэмжлэгч/ нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1.“газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх үүрэгтэй” бөгөөд мөн хуулийн 40.1.6.“хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх хуулийн зохицуулалтуудыг зөрчсөн тул тус үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон А/735 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

14. Сонсох ажиллагааны мэдэгдлийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01-09/4377 дугаар албан бичгээр хүргүүлсэн гэх тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарладаг бөгөөд уг мэдэгдлийг “Н*******” ХХК гардан авсан болох нь “Монгол шуудан” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 18/636 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар,

15. Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1. “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд  шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах” гэж заасан бөгөөд маргаан бүхий тохиолдолд хариуцагчаас сонсох ажиллагааны мэдэгдлийг “Өдрийн мэдээ” ХХК-ийн эрхлэн гаргадаг “Өдрийн сонин”-ы 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн баасан гарагийн №214/7087 дугаарт нийтлүүлсэн болох нь “Өдрийн сонин”-ы шүүхэд ирүүлсэн 2024 оны 10 дугаар сарны 09-ний өдрийн121 тоот лавлагаагаар тус тус нотлогдож байна.

16. Хэдийгээр дээрх байдлаар сонсох ажиллагаа явуулсныг буруутгасан нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах буюу нэхэмжлэгчийн зүгээс сонсох ажиллагаа явуулаагүй гэж маргасныг хүлээн авах нөхцөл үүссэн ч гэсэн газрын маргааны зөрчил арилах боломжгүй, зөвхөн сонсох ажиллагааг бүрэн гүйцэд явуулаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байсныг дурдах нь зүйтэй.

17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл гаргагчаас мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Н*******” ХХК-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/735 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     У.БАДАМСҮРЭН