Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/00581

 

 

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/00581

 

 

Ж.Э, Д.А-О нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2021/00229 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Э, Д.А-О нарын нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГт холбогдох, үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэцэцэг, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ж.Э, Д.А-О нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10518 дугаартай шүүгчийн захирамжаар Ж.Э, Д.А-О нараас 21 509 148 төгрөг гаргуулж Хас банк ХХК-д олгож шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ж.Э, Д.А-О нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2202005725 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 36 гудамжны 401 тоот, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2202012635 дугаарт бүртгэлтэй 79 м.кв талбайтай хувийн сууцыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөндлөнгийн шинжээч 33 180 000 төгрөгөөр үнэлсэн талаар 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр мэдсэн. Уг үл хөдлөх эд хөрөнгө нь 2014 онд шинээр баригдсан, том хашаатай, 11х6 метр харьцаатай, 163 метрээс гаргасан гүний худагтай, цэвэр бохироо бүрэн шийдсэн, 51-ийн тоосгон ханатай, шалны халаалтыг бүрэн шийдсэн, 46 000 000 төгрөгийн өртөгтэй, зах зээлийн ханш нь 60 000 000 төгрөг байхад хөндлөнгийн шинжээч зах зээлийн үнээс доогуур үнэлсэн байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонжаргал, В.Уранцэцэг нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 10518 дугаар захирамжаар Ж.Э, Д.А-О нараас 21 341 717 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 36 гудамж, 401 тоот хаягт байршилтай Ж.Э, Д.А-О нарын өмчлөлийн хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2202005725 дугаарт бүртгэлтэй газрыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон. Сэлэнгэ-Эстимэйт ХХК дээрх үл хөдлөх хөрөнгийг 33 180 000 төгрөгөөр үнэлснийг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 4-120/22975, 4-120/22796 дугаар мэдэгдлүүдээр тэмдэглэл хөтлөн талуудад үнэлгээний тайланг танилцуулсан. Ж.Э, Д.А-О нар хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг ирүүлж 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 20300220/0505 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулсан. Ж.Э, Д.А-О нар үнэлгээний мэдэгдлийг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсан атлаа 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үнэлгээтэй холбоотой гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэснийг зөрчсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Э, Д.А-О нарын Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 36 гудамжны 401 тоот хаягт байрлах 79 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202012635 тоот дугаартай хувийн сууц, 700 м.кв Г-2202012635 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрыг 33 180 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож,

Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШЗ2020/07379 тоот захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Э, Д.А-О нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Э, Д.А-О нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонжаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сэлэнгэ-Эстимэйт ХХК үл хөдлөх хөрөнгийг 33 180 000 төгрөгөөр үнэлснийг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 4-120/22975, 4-120/22976 дугаар мэдэгдлүүдээр талуудад үнэлгээний тайланг танилцуулсан. Төлбөр төлөгч Ж.Э, Д.А-О нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг ирүүлж 2020 оны 7 дугаар дугаар сарын 12-ны өдрийн 20300220/05 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 30 хоногоор хойшлуулсан. Ж.Э Д.А-О нар барьцаа хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсан боловч 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээтэй холбоотой гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан. Иймд хуульд заасан хугацааг хэтрүүлж гомдол гаргасан байхад шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Э, Д.А-О нар хариуцагч НШШГГт холбогдуулан Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 36 дугаар гудамжны 401 тоотод байршилтай 700 м.кв талбайтай газар болон хувийн сууцыг 33 180 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2019/00215 дугаар захирамжаар Ж.Э, Д.А-О нар 21 341 717 төгрөгийг Хас банк ХХК-д төлөх, дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 36 дугаар гудамж, 401 тоот хаягт байршилтай газар болон хувийн сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрлэснийг баталсан байна. /хх-50-51/

 

Төлбөр төлөгч нар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2019/00215 дугаар захирамжийг сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн тус шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШЗ2019/10518 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, мөн өдрийн 182/ГХ2019/00807 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас зэрэг баримтад үндэслэн НШШГГ дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /хх 48-52/

 

НШШГГ нь Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 36 дугаар гудамж, 401 тоот хаягт байршилтай, төлбөр төлөгч Ж.Э, Д.А-О нарын өмчлөлийн газар болон хувийн сууцыг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2030020/ 03 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2030020/04 дугаартай тогтоолоор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. /хх-55, 57-58/

 

Харин төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад төлбөр төлөгч Ж.Э төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгө болох 700 м.кв талбайтай газрыг 16 000 000 төгрөг, хувийн сууцыг 35 000 000 төгрөг нийт 51 000 000 төгрөгөөр, төлбөр төлөгч Д.А-О нь дээрх газрыг 25 000 000 төгрөг, хувийн сууцыг 40 000 000 төгрөг нийт 65 000 000 төгрөгөөр тус тус зөрүүтэй үнэлэн албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал ирүүлснийг төлбөр авагч Хас банк ХХК зөвшөөрөөгүй байна. Иймд НШШГГ дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн доод үнийн талаар талууд тохиролцоогүй гэж үзэн, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилжээ. /хх-59-63/

 

Шинжээч Сэлэнгэ-Эстимэйт ХХК нь Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 36 дугаар гудамж, 401 тоот хаягт байршилтай газар болон хувийн сууцны зах зээлийн үнэлгээг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт 33 180 000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-65-77/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу НШШГГ төлбөр төлөгч Ж.Э, Д.А-О нарт Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн гаргасан үнэлгээний талаар 2020 оны 6 дугаар сарын 12-ний өдөр мэдэгдсэн болох нь уг мэдэгдэлд төлбөр төлөгч нар гарын үсэг зурснаар тогтоогдсон. /хх-83/

 

Төлбөр төлөгч Ж.Э, Д.А-О нар шинжээчийн үнэлгээний талаар 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор гомдол гаргах хугацааг хэтрүүлжээ. Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгч нар 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гомдол гаргах байтал мөн оны 7 дугаар сарын 09-ний өдөр гомдол гаргаж, гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 20 хоног хэтрүүлсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар өөрийн хөрөнгийг сайн дураар худалдан борлуулах тухай төлбөр төлөгч нарын гаргасан саналыг НШШГГ хүлээн авч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаагаар хойшлуулсан байдал нь талуудаас үнэлгээнд гомдол гаргах 7 хоногийн хугацааг тоолоход саад болохгүй буюу уг нөхцөл байдал нь гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж дүгнэх үндэслэл болохгүй. /хх 81-82/

 

Түүнчлэн, төлбөр төлөгч нар үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргах байтал 2020 оны 6 дугаар сарын 22-нд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт тухайн гомдлыг гаргасан нь хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журамд хамаарахгүй юм. /хх -79/

 

Төлбөр төлөгч нарын үнэлгээг хүчингүй болгуулахаар гаргасан гомдлыг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШЗ2020/06849 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан ба уг захирамжийг үндэслэн дахин гомдол гаргах хугацааг сэргээх үндэслэлгүй байна. /хх-21/

 

Нэхэмжлэгч нар үнэлгээний талаарх гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тул үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаар давж заалдах шатны шүүх дүгнэхгүй болно.

 

Ийм учраас нэхэмжлэгч Ж.Э, Д.А-О нараас хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 36 дугаар гудамжны 401 тоотод байршилтай 700 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах хувийн сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2021/00229 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч НШШГГт холбогдох Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 36 дугаар гудамжны 401 тоотод байршилтай 700 м.кв талбайтай газар болон хувийн сууцыг 33 180 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.Э, Д.А-О нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар

хариуцагч НШШГГ нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.БАЙГАЛМАА