| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 319/2025/00071/И |
| Дугаар | 319/ШШ2025/00156 |
| Огноо | 2025-03-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 319/ШШ2025/00156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багт оршин суух, ******* ******* овогт ******* ******* хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Уранцэцэг нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Би 1970 онд Ховд аймгийн Алтай суманд айлын ууган хүү болон мэндэлсэн. 1986 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд Эрдэнэбүрэн сумын Социализмын зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар орсон. Миний бие нь 2025 оны 06 сарын 25-ны өдөр малчнаар тэтгэвэрт гарах хугацаа болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. 1986 оны хавар 8 дугаар ангиа төгсөөд 1988 оны 10 сарын 15 хүртэл ажиллаж байгаад цэргийн албанд татагдан явсан. Цэргээс ирээд малчнаар ажиллаж байна. Иймд намайг 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализмын зам нэгдлийн Хонгио хэсгийн туслах үйлдвэрт туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү .... гэв.
2. Хүсэлт гаргагчаас иргэний цахим үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хугацаат цэргийн алба хаасан лавлагаа, нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудас, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасаг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 22 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Ховд аймгийн Өмч хувьчлалын комиссын 1992 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаартай шийдвэр, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дугаартай тодорхойлолт, Л.******* бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар, иргэн *******, ******* нарын тодорхойлолт болон иргэний цахим үнэмлэхийн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгчээ.
3. Шүүхээс Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 29/253 дугаартай албан бичгээр ирүүлсэн Л.******* нэр дээрх ХААТР-21А, 15А, 1А маягтуудын баталгаат хуулбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой баримтууд, гэрч *******, ******* нарыг асууж авсан мэдүүлэг зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Л.******* шүүхэд гаргасан Ажиллаж байсан байдал тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргагч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.
3. Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар ******* нь 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализмын зам нэгдлийн Хонгио хэсгийн туслах үйлдвэрт туслах ажилтнаар ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна. Үүнд:
3.1. ******* нь 1970 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн бөгөөд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид 1978 онд элсэн орж, 1986 онд 8 дугаар ангийг төгссөн, улмаар 1995 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болсон болох нь Л.******* нэр дээрх ХААТР-1, 21 маягтын баталгаат хуулбар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дугаартай ******* нь тус сургуулийн 8 дугаар ангийг 1986 онд төгссөн нь үнэн болно гэх тодорхойлолтоор тогтоогдож байна.
3.2. Улмаар ******* нь 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализмын зам нэгдлийн Хонгио хэсгийн туслах үйлдвэрт туслах ажилтнаар ажиллаж байсан болох нь:
- Ховд аймгийн Засаг даргын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 22 дугаартай албан бичгээр ирүүлсэн Эрдэнэбүрэн сумын Социализмын зам нэгдлийн Хонгио, туслах үйлдвэрийн бригадын 1986 оны цалин хөлсний 70 дугаар дансны *******д 1986 онд цалин олгогдож байсан цалин хөлсний 70 дугаар дансны хуулганы баталгаат хуулбар,
- Л.******* CVL2584000001000228 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа,
- Иргэн *******, нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
3.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдаанд асуугдсан,
Гэрч ******* ...Би *******тай Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализмын зам нэгдлийн 4 дүгээр бригадад 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сар буюу цэрэгт явах хүртэлх хугацаанд ажиллаж байсан ... гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудтай цаг хугацааны хувьд таарсан, эх сурвалжаар нотлогдож байх тул үнэн зөв гэж үзлээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.
5. Иймд, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн ******* нь 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализмын зам нэгдлийн Хонгио, туслах үйлдвэр бригадад туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч ******* ******* овогт ******* г 1986 оны 06 сарын 20-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализмын зам нэгдлийн Хонгио, туслах үйлдвэр бригадад туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Л.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНТӨГС