Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 305/ШШ2025/00171

 
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Чандмань сумын 4-р багт оршин суух Ж овгийн Б-гийн Р-гийн нэхэмжлэлтэй

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээ багт мал маллаж байсныг тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Б овогтой Р- миний бие нь 1970 оны 02 дугаар сарын 28-нд Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн. 8-р анги төгсөөд мал дээр гарч аав ээжийн хамт мал маллах болсон. 1986-1997 оныг дуустал аав ээжийн хамт мал маллаж 1998 оноос гэр бүлтэй болж өрх тусгаарлан амьдрах болсон. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл 1986-1990 оныг дуустал мал маллаж байсан цалингийн лавлагаа 1991-1997 оныг дуусталх малын А данс өрхийн тэргүүн буюу аавын нэр дээр бүртгэгдсэн байгаа учраас малчнаар ажиллаж байсан байдлыг харгалзан үзэж миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарыг дуустал Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээ багт аав ээжийн хамт мал маллаж байсныг тогтоож өгнө үү. 1986-1990 оныг дуустал хугацаанд мал маллаж байсныг тогтоолгох хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ.

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 69 дугаар лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбарууд,

-мөн архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 67 дугаар лавлагаа,

-З.Б-ийн 1991-1997 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны Говь-Алтай аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,

- Үндэсний төв архивын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 03-02/938, 03-02/939 дугаар лавлагаанууд,

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн CVL25824600010000019 дугаар төрсний бүртгэлийн лавлагаа

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн CVL25824600010000018 дугаар гэрлэсний бүртгэлийн лавлагаа.

 ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2.1. Нэхэмжлэгч Б-ийн Р- нь 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарыг дуустал Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээ багт аав ээжийн хамт мал маллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

2.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нь 1986-1990 оныг дуустал хугацаанд мал маллаж байсныг тогтоолгох хүсэлтээсээ татгалзаж, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээ багт мал маллаж байсныг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.

Малчнаар ажилласан хугацааг шүүхийн журмаар тогтоолгох нь тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.

4.1. Баасанхүүгийн Р- нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээ багт багт аав ээжийн хамт мал маллаж байсан болох нь:

-Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 67 дугаар Тус аймгийн Чандмань сумын Хүрхрээ багийн малчин, өрхийн тэргүүлэгч Зундуйн Баасанхүүгийн мал маллаж байсан хугацаа /1991-1997 он хүртэлх/ гээд тухайн онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,

-З.Баасанхүүгийн 1991-1997 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны Говь-Алтай аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,

-Үндэсний төв архивын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 03-02/938 дугаар лавлагаанд 1989 оны хүн амын тооллогод Говь-Алтай аймгийн Чандмань сум, З Б тэргүүлэгч өөрөө 48 настай, эрэгтэй, Н Б эхнэр, 47 настай эмэгтэй, Б Б хүү, 25 настай эрэгтэй, Б Жхүү 21 настай, эрэгтэй, Б Р, хүү 18 настай, эрэгтэй, Б Э, хүү 10 настай, эрэгтэй, Б Л, охин 7 настай, эмэгтэй, Б Б, хүү 1 настай, эрэгтэй, Б Э, хүү 11 настай, эрэгтэй, Б Н, охин 14 настай эмэгтэй, Б Э, охин 4 настай, эмэгтэй гэж бүртгэгдсэн,

-мөн архивын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 03-02/939 дугаар лавлагаанд 2000 оны хүн амын тооллогод Говь-Алтай аймгийн Чандмань сумын 2-р баг Б Р тэргүүлэгч өөрөө, 1970 оны 02 сар төрсөн, 29 настай эрэгтэй, Д С эхнэр, 1976 оны 11 сард төрсөн 23 настай, эмэгтэй, Р Э охин, 1998 оны 11 сард төрсөн, 1 настай эмэгтэй гэж бүртгэгдсэн,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн CVL2582460001000019 дугаар эцгийн овог нэр З-н Б, эхийн овог нэр Н-ын Б, хүүхдийн овог нэр Ж овогтой Б-йн Р- 1970 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрснийг Говь-Алтай аймгийн Чандмань сумын 19-рт 1970 оны 03 дугаар сарын 28-ны өдөр бүртгүүлсэн төрсний бүртгэлийн лавлагаа,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б Р-, Д С нарын Говь-Алтай аймгийн Чандмань сумын 0001 дугаарт 1999 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр бүртгүүлсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

4.2. 1992-1997 оны жилийн эцсийн малын тооллогонд З.Б-гийн ам бүл 1991 онд 11, 1992 онд 11, 1994 онд 9, 1995 онд 9, 1996 онд 9, 1997 онд 9 ам бүлтэй гэж бүртгэгдсэн нь Үндэсний архивын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 03-02/938 дугаар лавлагаанд бичигдсэн өрхийн гишүүдийн насны мэдээлэлтэй тохирч байгаа болон бусад бичмэл нотлох баримтыг хооронд нь харьцуулж, харилцан бие биенээ дэмжин нотолж байгаа талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн болно.

5. Иймд Жн овгийн Бн Р-г 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээ багт мал маллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Ж овгийн Б-ийн Р-г 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээ багт мал маллаж байсныг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.МӨНХТУЯА