Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 144

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Солонго, 

улсын яллагч С.Энхтуул,

шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг,

хохирогч Б.Ууганбаяр,

гэрч Н.Шаравжамц, П.Мөнхзул  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Цэрэнтогтохын Ариунбатад холбогдох эрүүгийн 1711000040253 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Цэрэнтогтохын Ариунбат, 1970 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 13-48 тоотод оршин суух,

Дархан хотын шүүхийн 1989 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 32 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.3 дахь хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял,

2001 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ял,

Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял,

2008 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн албадан ажил хийлгэх ял,

Төв аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар ТЗ70051779.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ц.А нь 2017 оны 6 дугаар сарын 10-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 10г-6 тоотод Б.Ууганбаярыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ц.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хохирогч гэх Б.Ууганбаяр “хөгшин бандиа чиний үе өнгөрсөн шүү” гэж хэлээд гаднаас ороод ирсэн юм. Тухайн үед би найз П.Энхбаатартай  банштай цай чанаж уух гээд сууж байсан юм. Өмнө нь 2-3 удаа надад агсам тавьж байсан. Манай ширээ том чулуугаар хийсэн гантиган тавцантай ширээ байдаг. Гаднаас орж ирэхдээ бүдрээд зуух дамнаад манай ширээг мөргөөд уначихсан юм. Бичлэг дээр тодорхой харагддаг. Би ямар нэгэн гэмтэл учруулсан бол уучлаарай гэж хэлээд зогсож байх байсан. Би цохиж зодож, гэмтэл учруулаагүй...” гэв.

Хохирогч Б.Ууганбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 15 цагийн үед гэртээ очсон. Согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байсан. Ц.А гэрт орж ирээд намайг зодсон. Мөрдөн байцаалтын шатанд би мэдүүлгийг дэлгэрэнгүй өгсөн байгаа. Ямар учир шалтгаанаар намайг зодсоныг би сайн мэдэхгүй байгаа. Эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байгаа. Хуулийн дагуу шийдэж өгөх байх гэж бодож байна.  Би тухайн хэрэг болсоны дараа 2017 оны 6 дугаар сарын 14, 15, 16-нд гурван удаа гэмтлийн эмнэлэг, шүүх эмнэлэгт үзүүлсэн. 2.000.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Түүнийг нэхэмжилж байгаа. Зодуулсны улмаас 21 хоног би ажилдаа яваагүй...” гэв.

Гэрч Н.Шаравжамц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 17 цагын үед хохирогч Б.Ууганбаярын өмссөн хувцас нь цус болсон, ярихад ам нь хүндрэлтэй, цээжрүү хатгаад байна гэсэн байдалтай орж ирсэн. Манайх Б.Ууганбаярын гэрээс хоёр автобусны буудал орчим зайтай байдаг ба алхаж ирлээ гэж байсан. “Түргэн дуудах уу” гэхэд “яах юм бэ” гэхээр нь хувцасыг нь сольж өгөөд ор засаад унтуулсан. Шөнө нь жаахан яраглаж, зовиуртой хоносон. Тэгээд өглөө нь гэмтлийн эмнэлэг хүргэж өгсөн. Хашаандаа байдаг хүндээ зодуулчихлаа гэж хэлснээс ямар шалтгаанаар зодуулсныг нь мэдээгүй. Хэр согтолттой байсныг нь би мэдээгүй...” гэв.

Гэрч П.Мөнхзул нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 6 дугаарын сарын 10-ны өдөр байсан. Ц.А надруу утсаар залгаад “Б.Ууганбаяр архи уучихаад дахиад асуудал үүсгээд байна, чи эгчийг нь дуудаад байгаа байдлыг харуул” гэж хэлсэн. Б.Ууганбаярын эгч, хүргэн нь урьд нь манайд ажилладаг байсан болохоор би таньдаг юм. Өмнө иймэрхүү асуудал үүсгэж байхад эрэгтэй улсууд өөрсдөө учраа олчих байх гэж бодоод очоод байддаггүй юм. Манай эзгүй хашаанд энэ хоёр гуйгаад буусан юм. Хүргэнд нь үзүүлэх гэж 3 минут гарангийн бичлэг хийсэн юм. Намайг чи найзыгаа өмөөрч байна гээд надад итгэдэггүй юм. Бичлэгийг би байцаагч руу явуулж чадаагүй. Тухайн өдрийн хэрэг явдлаас өмнөх болсон үйл явдлын зурагнууд  байсан. Тэдгээрийг л байцаагч руу явуулсан. Б.Ууганбаярын эгч Уранчимэг бид 2 зэрэг ирж таараад хамт орсон юм. Бид хоёрыг ороход Б.Ууганбаяр баруун орон дээр буруу хараад хэвтэж байсан. Зуух, яндан нь нурсан байдалтай байсан. Ц.А гэр орон нураачлаа гэдэг талаар хэлэхэд Б.Ууганбаяр эгчдээ загнуулж байгаад гараад гэр рүүгээ ороход нь би араас нь дагаж орсон. Б.Ууганбаяр гар нүүрээ угаачихаад гараад замын эсрэг талаас такси бариад явчихсан. Гэртээ орохдоо зүгээр алхаад яваад орсон. Гэр нь цоожтой байсан үгүйг би сайн мэдэхгүй. Хувцасных нь энгэр бага зэргийн цус болсон байсан. Ц.Аын гэрт найз нь бололтой таягтай эрэгтэй хүн байсан. Тэр эрэгтэй хүн миний хийсэн утасны бичлэгт хөл нь орсон байгаа...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

              Гэрч Ш.Уранчимэг мэдүүлэхдээ: “...Би одоо он сарыг нь тодорхой санахгүй. 2017 оны 6 дугаар сарын эхээр манай найз Мөнхзул над руу утсаар яриад дүү чинь архи уугаад зодоон хийсэн байна, ирж ав гэж хэлсэн. Ингээд би дүүгийн амьдарч байсан хашаанд яваад очиход Ариунбат гээд залуугийн гэрийн орон дээр дүү Ууганбаярын хамраас нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Тухайн үед Ариунбатын гэрийн зуух нь унасан байдалтай байсан. ...Ууганбаяр, Ариунбат хоёрыг юунаас болж маргалдсан муудалцсан талаар мэдэхгүй. Тухайн үед хамраас нь цус гарсан байдалтай байсан. Өөр ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байгаагүй...” гэжээ /хх-86-88/.

              Гэрч П.Энхбаатар мэдүүлэхдээ: “...Тухайн үед хамраас нь цус гарсан байх шиг байсан. Өөр ямар нэгэн ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Тухайн үед Ариунбат орлуу түлхсэний дараа хамраас нь цус гарч байсан. Ямар ч байсан Ариунбат цохиж байхыг хувьдаа хараагүй. Тухайн үед залуу гаднаас зүгээр орж ирсэн. Хамраас нь цус гараагүй байсан...” гэжээ /хх-90-92/.

              Шинжээч эмч Ж.Ганцэнгэл мэдүүлэхдээ: “...Б.Ууганбаярын биед учирсан тархи доргилт, цээжний зүүн талын 5,6,7 хавирганд хугарал, доод эрүү ясны хугарал  гэмтэл нь 2-3 удаагийн үйлчлэлээр цохих үед үүсэх боломжтой гэмтэл байна. хохирогчийн биед үүссэн гэмтэл нь унах үед үүсэх боломжгүй...” гэжээ /хх-99-100/.  

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №16 дугаар дүгнэлтэд: 

“1. Б.Ууганбаярын биед архи доргилт, цээжний зүүн талын 5,6,7-р хавирганы хугарал, доод эрүү ясны хугарал  гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Дээрхи гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэжээ /хх-95-96/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-52/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-58-66/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-55/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.А нь 2017 оны 6 дугаар сарын 10-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 10г-6 тоотод Б.Ууганбаярыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүх шүүгдэгч Ц.Аыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч Ц.Аын хувийн байдлыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчинтэй болсон үеэс 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хохирогч Б.Ууганбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт “...эрүүл мэндээрээ маш их хохирлоо, эмчилгээний зардалд 2 сая төгрөг гарсан. Үүнийг нэхэмжилж байна. Маш их гомдолтой...” гэх боловч эмчилгээний зардлаа нотлох баримтаар шүүхэд ирүүлээгүй тул хохирогч нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Цэрэнтогтохын Ариунбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Ц.А нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэмэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Аад хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН