| Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Одонтуяа |
| Хэргийн индекс | 109/2024/0033/З |
| Дугаар | 109/ШШ2025/0006 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Газар, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 109/ШШ2025/0006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Б
Хариуцагч: Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргад холбогдох “Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн “Иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/118 дугаартай захирамжийн Д.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, гэрч Н.Г (цахим), гэрч Р.У (цахим), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Иргэн Д.Б-оос Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн А/118 дугаартай захирамжийн Д.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргаж байна.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн тухайд:
2.1. Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг дарга 2005 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 81 дүгээр захирамжаар Д.Б-д Дэл багийн нутаг Шивэртийн амралтын зүүн талд төмс хүнсний ногоо тарих зориулалтаар 2 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна. (Хавтаст хэргийн 6 дахь тал)
2.2. Улмаар иргэн Д.Б-д 2005 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ****** дугаар бүхий “төмс хүнсний ногоо тарих зориулалттай” 2 га газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулжээ. (Хавтаст хэргийн 132-134 дэх тал)
2.3. Үүнээс хойш Архангай аймгийн Засаг дарга 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А/84 дүгээр захирамжаар Тариалангийн талбайн бүртгэл тооллого явуулж, эзэмшил, ашиглалтыг сайжруулах, эргэлтэд ороогүй тариалангийн газрыг ашиглалтад оруулах, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулжээ. (Хавтаст хэргийн 208 дахь тал)
2.4. Дээрх ажлын хэсэг тус аймгийн сумдын хэмжээнд Тариалангийн газрын эзэмшил, ашиглалтын хүрээнд хяналт шалгалт хийж, Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 292 дугаар албан бичгээр Батцэнгэл суманд ашиглаагүй 880.5 га, атаршсан 234.5 га газар байгааг дурдаж, Газрын тухай хуулийн дагуу 2 ба түүнээс дээш жид хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа ашиглаагүй хавсралтад дурдсан иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийг 2014 оны 7 дугаар сарын 5-ны өдөр дотор хүчингүй болгож хариу ирүүлэхийг мэдэгджээ. Уг албан бичгийн хавсралт 27-нд иргэн Д.Б-д хамаарах газрын эзэмших эрхийг хүчингүй болгох талаар дурджээ. (Хавтаст хэргийн 135-141, 142-144 дэх тал)
2.5. Ийнхүү Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг дарга 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн А/118 дугаар захирамжаар тариалангийн газрын тооллогоор эзэмшлийн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 ба түүнээс дээш жил ашиглаагүй хавсралтад дурдсан иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосны хавсралт 27-д Б-ийн төмс, хүнсний ногооны зориулалттай 2 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. (Хавтаст хэргийн 12 дахь тал)
2.6. Дээрх А/118 дугаар захирамжийг иргэн Д.Б- мэдээгүй гэх бөгөөд 2024 онд сумын Засаг даргад өргөдөл гаргаж, Батцэнгэл сумын Засаг дарга 2024 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 01/338 дугаар албан бичгээр газар эзэмших эрхийг сэргээх боломжгүй талаар хариу хүргүүлжээ. (Хавтаст хэргийн 3, 40-44 дэх тал)
2.7. Ийнхүү иргэн Д.Б-оос 2024 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр “Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн А/118 дугаартай захирамжийн Д.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, шүүх 2024 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Гурав. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагч татгалзал, тайлбарын тухайд:
3.1. Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.Б би Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын 2005 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 81 дугаартай захирамжаар Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн нутаг Шивэртийн амралтын зүүн талд төмс хүнсний ногоо тарих зориулалтаар 2 га газрыг эзэмшиж, аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн фермерийн ангийн оюутнуудын дадлагын бааз болгон ашиглуулж хүнсний ногоо төмс тарьж дотоодын хэрэгцээнд хэрэглэж хэрэглүүлж байсан юм. Гэтэл Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн А/118 дугаартай захирамж болон хавсралтын 27 дахь хэсгээр миний газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэснийг би саяхан олж мэдэж, Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын бичиг хэргээс авсан. Миний хувьд Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг дарга нь 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн А/118 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг эс зөвшөөрч, газар эзэмших эрхээ сэргээлгэх талаар Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргад гомдол гаргасан боловч дахин сэргээх боломжгүй байна гэсэн хариуг өгсөн болно. Миний хувьд 2014 онд эзэмшлийн газраа зориулалтын дагуу, эзэмшиж , ашиглаж үйл ажиллагаа явуулж байсан. Мөн газар эзэмшиж, ашиглаж байсан газрын төлбөрөө тухайн үед нь төлж байсан боловч баримт одоо надад байхгүй байна. Мөн Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг дарга нь 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн А/118 дугаартай захирамж гаргахдаа уг газрыг эзэмшигч надад миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар нэг ч удаа мэдэгдээгүй болно. Иймд Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн А/118 дугаартай захирамжийн хавсралтын Д.Б-д холбогдох 27 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн А/118 дугаартай захирамжид хавсралтын Д.Б-д холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Яагаад гэхээр захиргааны байгууллага иргэнд үйлчлэх ёстой байдаг. Захиргааны байгууллага тухайн иргэний эрх ашиг зөрчигдөж байгаа ямарваа нэгэн акт тушаал, шийдвэр гаргахдаа заавал иргэнд мэдэгдэх ёстой гэж үзэж байгаа. Мөн бодит нөхцөл байдлыг судлах ёстой. Ийм захирамж гарсан гэдгийг хэлээгүй, мэдэгдээгүй. Сүүлд мэдсэнийхээ дараа Батцэнгэл сумын Засаг даргад өргөдөл өгөхөд хүн авчхаагүй бол болох байх гэж хэлсэн. Засаг дарга захирамждаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1б, 42 дугаар заалт, аймгийн Засаг даргын 2014 оны 84 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 292 дугаар зүйл хэсгийг үндэслэн захирамж гаргасан байна. Энэ захирамж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д сумын Засаг дарга газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох гэсэн ерөнхий заалттай байна. Уг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд 7 заалт байна. Гэтэл аль хэсгийг нь барьсан нь ойлгомжгүй ерөнхий заалтыг захирамжид заасан байна. Захирамжид заасан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1б гэсэн заалт хуульд байхгүй. 2024 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн ажлын хэсгийн тайлан гарсан байна. Тэр тайлангийн сард ерөөсөө газар ашиглаагүй гэрчилгээ байхгүй, гэрчилгээ ерөөсөө олгогдоогүй гэж тайландаа дурдсан. Гэтэл гэрчилгээ авсан надад гэрчилгээ нь байна. Мөн ямар ч ажиллагаа явуулж, газраа ашиглаагүй гэсэн байна. Энэ газрыг ашиглаж байсныг олон хүн мэднэ. Тэнд ахмадын халамжийн харьяа ахмадын сувилал тогтмол үйл ажиллагаа явуулж байсан. Тэнд ажиллаж байсан хүмүүс бүгдээрээ мэдэж байгаа. Тэр ч байтугай миний 4 ширхэг шовгор байшин байгаа. Би Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал болоод фермерийн ангийн хүүхдүүдийнхээ дадлага сургуулилтын хичээлийг тэнд явуулаад тухайн газар хүлэмж аваачиж бариад хүлэмжийн ногоо тарих арчлах талаар хүүхдүүддээ зааж сургадаг. Манай Р.У багш яг гардаад дадлаа хариуцаж байсан. Намар хавар нь очдог, зун нь хүүхдүүдтэйгээ байрлаж усалгаа хийж, намар нь тарьсан ногоогоо хурааж авдаг ийм байсан. Тэгэхдээ түүнээс ерөөсөө ашиг олж байгаагүй. Энэ хүчингүй болгосон захирамж гарах үед ажиллаж байсан тэнд үйл ажиллагаа явагдаж байсан. Ганц нэг жил тарихгүй өнжөөдөг байсан. Тийм байхад хүчингүй болгосон байна. Тэр ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэхээр газар дээр очиж үзээгүй, үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг шалгаагүй хэрнээ ямар ч үндэслэлгүй гаргасан. Батцэнгэл сумын Засаг даргын А/118 дугаар захирамж гарсан нь ч үндэслэлгүй байна. Ийм учраас Батцэнгэл сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн А/118 дугаар захирамжийн Д.Б-д холбогдох хэсгийг эрх зүйн үндэслэлгүй учраас хүчингүй болгож өгнө үү. Мөн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай гээд 2008 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Б/15 дугаар тогтоолд зориулалтын дагуу газраа хоёр жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн хоёр жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл болон баримтын дагуу тодорхой үйлдвэрлэл үйлчилгээ эрхлээгүй барилга байгууламж зам талбай бариагүй тариалан эрхлээгүй гэх мэтийг байхыг ойлгоно гэсэн байна. Тэгэхээр үүнд үйл ажиллагаа явж байсныг олон хүн мэдэж, гэрчилж байгаа. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт мэдэгдэнэ гэсэн байна. Үүнийг дээд шүүх Засаг даргын захирамж эсвэл түүний бүрэн утгыг илэрхийлсэн мэдээллийг эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан эрхийн гэрчилгээтэй этгээдэд биечлэн гардуулах гэсэн байна. Тэгэхээр би гэрчилгээтэй байсан, надад хүчингүй болгохдоо биечлэн гардуулах түүний оршин суугаа болон ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэх эсвэл утас, факс мэйл цахилгаан зэргээр холбогдох этгээдэд мэдэгдэж түүнийгээ баталгаажуулсныг хэлэх байсан. Гэтэл ерөөсөө мэдээгүй явсаар байгаад корона тархалт өвчний дараа мэдсэн. Тэгээд Батцэнгэл сумын Засаг даргатай уулзаад ийм захирамж гарсан бол авъя, надад хүлээлгэн өгсөн бичиг баримт өгөөч гэхэд Засаг даргын Тамгын газрын бичиг хэрэг хуулбар үнэн дарж хүлээлгэн өгөв гэсэн бичиг хийж өгсөн. Тийм учраас энэ захирамжийн Д.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү. Надад мэдэгдсэн талаарх баримт байна уу гэхэд ерөөсөө тийм зүйл байхгүй байсан гэв.
3.3. Хариуцагч Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын 2005 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 81 дүгээр захирамжаар иргэн Д.Б-д тус сумын Дэл багийн нутаг Шивэртийн амралтын зүүн талд төмс хүнсний ногоо тарих зориулалтаар 2 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2005 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 15 дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Д.Б нь тухайн газрыг 2005 онд эзэмшсэнээс хойш гэрээгээр хүлээсэн эрх үүрэг болон Газрын тухай хуульд заасан газар эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллаагүй бөгөөд энэ талаарх нотлох баримт тухайн газрын хувийн хэрэгт байхгүй болно. Мөн 2014 онд аймгийн Засаг даргын А/84 дүгээр захирамжаар ажлын хэсэг байгуулагдан эзэмшүүлсэн газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд газрын тооллого явуулж дүгнэлт гаргаж байсан бөгөөд тухайн үеийн ажлын хэсгийн дүгнэлт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 ба түүнээс дээш жил ашиглаагүй/ дэх хэсэгт заасан үндэслэлээр сумын Засаг дарга 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн а/118 дугаар захирамжаар Д.Б-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Д.Б нь газар эзэмших эрх олгогдсон цаг хугацаанаас хойш газрыг бодитой эзэмшээгүй, ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөр төлсөн баримт байхгүй зэргээс үзэхэд нэхэмжлэлд дурдсан 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд мэдээгүй байсан гэх үндэслэлгүй. Иймд сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн А/118 дугаар захирамжийг хууль ёсны хэмээн үзэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байна хэмээн үзэж байна гэжээ.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын 2005 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 81 дүгээр захирамжаар иргэн Б.Б-д Дэл багийн нутаг Шивэртийн амралтын зүүн талд төмс хүнсний ногоо тарих зориулалтаар хоёр га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Мөн 2005 онд газар эзэмших гэрээ байгуулсан. Газар эзэмшүүлснээс хойш 2005 оноос 9 жилийн дараа буюу 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн А/118 дугаар захирамжаар тухайн газрыг хүчингүй болгосон. Ингэхдээ тухайн үед аймгийн Засаг даргын 2014 оны 84 дүгээр захирамж гарч ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг байгуулагдаад сум тус бүрээр газрын тооллогын тайлан гэж гаргасан байсан. Батцэнгэл сумд нийтдээ найман зуу ная арваны таван га газрыг ашиглаагүй байна. Иргэн Д.Б энэ газрыг ашигладаггүй гэж үзсэн. Үүний дагуу тухайн 2014 онд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 292 дугаар албан тоот ирсэн. Энэ албан тоотод Газрын тухай хуульд зааснаар хоёр ба түүнээс дээш жил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газар ашиглаагүй хавсралтад дурдсан иргэн аж ахуйн нэгж байгууллагын газрыг 2014 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хүчингүй болгож хариуг ирүүлэх, дурдсан хугацаанд ирүүлээгүй тохиолдолд аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд хүчингүй болгохыг мэдэгдье гэсэн албан тоот ирсэн. Энэ ажлын хэсгийн дүгнэлт, албан тоотын дагуу сумын Засаг дарга 2014 оны 9 дүгээр сарын 1-ний А/118 дугаар захирамжаар газрыг ашигладаггүй гэсэн гучин иргэний газрыг хүчингүй болгосон. Ингэхдээ захирамждаа тариалангийн газрын тооллогоор эзэмшлийн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу хоёр ба түүнээс дээш жил ашиглаагүй хавсралтад дурдсан иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосугай гээд хүчингүй болгосон шалтгаанаа тодорхой заагаад өгсөн. Иргэн Д.Б-ийн газрын хувийн хэргээс үзэхэд газрын төлбөр төлсөн баримт байхгүй. Мөн гэрээгээр хүлээсэн болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан газар эзэмшигчийн эрх үүргийг заасан. Энэ дагуу газраа ашиглаж байсан гэх нотлох баримт байхгүй. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасныг 9 жилийн хугацаанд биелүүлээгүй байсан. Үүнээс арван жилийн дараа буюу 2024 онд хүчингүй болгосныг мэдээгүй, газрыг сэргээж өгнө үү гэсэн гомдол гаргасан. 10 жилийн хугацаанд тухайн газраа хүчингүй болгосныг мэдээгүй эзэмшиж байсан газартаа үйл ажиллагааг явуулаад газрын төлбөрөө төлөөд гэрээний биелэлтээ жил бүр дүгнүүлээд явах боломжтой байсан. Гэтэл нөхцөл байдлыг мэдээгүй байх боломжгүй байх гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хууль 2016 оноос хойш хэрэгжиж эхэлсэн. Үүнээс өмнө иргэдийн эрх ашигтай холбоотой мэдээллийг мэдээллийн самбараар хүргэж байсан. Намайг 2012 онд ажилд ороход тэгж хүргэдэг байсан. Газраа бодитой эзэмшээгүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байна гэв.
Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Учир нь:
Нэг. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн тухайд:
1.1. Нэхэмжлэгч Д.Б нь маргаан бүхий “Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн А/118 дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсэгт холбогдуулан Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргад өргөдөл гаргасны дагуу сумын Засаг даргаас 2024 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 01/338 дугаар албан бичгээр хариу хүргүүлжээ. (Хавтаст хэргийн 3, 40-44 дэх тал)
1.2. Улмаар Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар иргэн Д.Б-оос 2024 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
1.3. Иймд иргэн Д.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт зааснаар тус шүүхийн харьяалан шийдвэрлэвэл зохих маргаан мөн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй.
1.4 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанд захиргааны актыг хүчингүй болгуулах талаар тайлбар гаргажээ.
1.5. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдааны өмнө болон шүүх хуралдаанд тодруулсны дагуу нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх үндсэн зорилгыг хангах үүднээс маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжтой гэж дүгнэлээ. /Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 30 дугаар тогтоолын 8/
1.6. Мөн хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар нь маргаан бүхий газрын байршил, түүний хэмжээ, давхцалын талаар маргаагүй тул уг асуудлаар дүгнэлт хийгээгүй болно.
1.7. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7. дахь хэсэгт “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана.” гэж зааснаар хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар зэргийг шинжлэн судалж дүгнэлт гаргасан.
Хоёр. Маргаан бүхий Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 1-ний өдрийн А/118 дугаартай захирамжийн талаар:
2.1. Монгол Улсын Үндсэн Хуулийн Хоёрдугаар бүлэг. Хүний эрх, эрх чөлөө Арван зургадугаар зүйл 3/ .., үл хөдлөх хөрөнгөөр шударгаар олж авах, эзэмших, ... эрхтэй гэж хуульчилсан бөгөөд иргэн хуульд заасан үндэслэлээр тухайн маргаан бүхий газраа шударгаар эзэмших эрхтэй байна.
2.2. Шүүх хэргийг хянан хэлэлцээд, маргаан бүхий Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 1-ний өдрийн А/118 дугаартай захирамжийн Д.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
2.3. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ ... маргаан бүхий А/118 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д заасан захиргааны акт илт хууль бус болох үндэслэлээ, мөн захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлийг дурдаж маргасан.
2.4. Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “ ... маргаан бүхий А/118 дугаар захирамжид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн “40.1б” гэх заалтыг баримталсан, хавсралтад дурдсан Б гэдэг нь нэхэмжлэгч Д.Б мөн эсэх нь эргэлзээтэй, мөн газар эзэмших эрх олгосон захирамжийн хугацааг 2006 он гэж тэмдэглэсэн, газрыг байршлыг тэмдэглээгүй ... газраа хуульд заасан зориулалтын дагуу эзэмшиж, төмс, хүнсний ногоо тариалж байсан, энэ талаар гэрчүүд мэдүүлдэг, газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашигласан байхад үндэслэлгүйгээр, судалж тогтоолгүйгээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж гаргасан ... газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талаараа Газрын тухай хуульд зааснаар мэдэгдээгүй ...” зэрэг үндэслэлийг дурдсан.
2.5. Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн “Иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/118 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1б, 40.2 дахь заалт, аймгийн Засаг даргын 2014 оны А/84 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/292 дугаар албан бичгийг үндэслэн тариалангийн газрын тооллогоор эзэмшлийн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 ба түүнээс дээш жил ашиглаагүй хавсралтад дурдсан нэр бүхий иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосны хавсралт 27 дугаарт Б-ийн эзэмших эрх бүхий 2 га газар хамаарч байна.
2.6. Дээрх А/118 дугаар захирамжид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1б, захирамж гарсан он “2006” гэж тэмдэглэсэн бөгөөд Газрын тухай хууль нь 40.1б гэх заалтгүй ба ийм заалт хуульчлагдаагүй, нэхэмжлэгч Д.Б-д 2005 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 81 дүгээр захирамжаар газар эзэмших эрх олгожээ. (Хавтаст хэргийн 5, 11-12 дахь тал)
2.7. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэж зааснаар иргэн Д.Б нь тухайн газрыг хуульд заасан журмын дагуу эзэмшиж байсан, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1., 34.8. дахь хэсэгт зааснаар гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэх үүрэгтэй бөгөөд эдгээр нь захиргааны байгууллагын чиг үүрэгт хамаарч байна.
2.8. Улмаар иргэн Д.Б өөрийн эзэмших эрх бүхий газраа төмс, хүнсний ногоо тарих зориулалтын дагуу ашиглаж байсан болох нь дараах баримтаар нотлогдож байна.
2.9. Тодруулбал, гэрч Б.Б шүүхэд гаргасан мэдүүлэгтээ “ ... манай сургуулийн фермерийн ангийн оюутнууд 2012 оноос хойш 5-6 жил Д.Б-ийн эзэмшлийн газар дээр дадлагын ажлаараа хүнсний ногоо тариалж хурааж авдаг байсан. Д.Б-ийн эзэмшлийн газар дээр тариалалт хийх талаар сургуультай гэрээ хийдэг байсан байх, энэ талаар мэдэхгүй, ямар ч байсан би тэр үед ажиллаж байхдаа оюутнуудыг эргэж тойрч, хүнс хүргэж, удирдлагаар хангаж, заавар зөвлөгөө өгдөг байсан. Тэр үед ямар ч байсан 20 гаран хүүхэд тариалалт хийж байдаг байсан. Тэгээд хурааж авсан ногоогоо дотуур байрны хүүхдүүдэд болон багш, ажилтны хоолонд хэрэглэдэг байсан ... , хажууд нь өөрөө тарьдаг байсан гэж санаж байна, намар хүмүүс аваачаад ногоо хураагаад байдаг байсан. Миний санаж байгаар 2011-2017, 2018 он хүртэл газраа ашигласан ...тэр хугацаанд манай сургууль ямар ч байсан ногоо тарьдаг байсан. 2018 оноос хойш оюутнууд цөөрөөд элсэлт багассан тул дадлага хийх боломжгүй болсон юм ...” гэж (Хавтаст хэргийн 192-193 дахь тал)
2.10. Гэрч Я.О шүүхэд гаргасан мэдүүлэгтээ “ ... Би 2002-2016 он хүртэл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа Ахмадын амралтын газарт зөөгчөөр ажиллаж байсан. Д.Б нь Ахмадын амралтын газрын зүүн талд залгаа газарт хашаагаар тусгаарласан ногоо тарьдаг байсан. Д.Б нь намайг анх 2002 онд ажилд орсноос хойш төмс, лууван, манжин зэрэг хүнсний ногоо тариалдаг байсан ... намайг ажиллаж байх үед тариалалт хийдэг байсан, оныг нь тодорхой санахгүй байна. 2015 оны үед тухайн газарт хүлэмж байгуулаад нарийн ногоо тарьж байсныг нь санаж байна” гэж (Хавтаст хэргийн 217-218 дахь тал)
2.11. Гэрч Б.Ө шүүхэд гаргасан мэдүүлэгтээ “ ... Би аймгийн Хөдөлмөр, халамжийн газарт ажиллаж байхад 2012-2014 оны үед манай байгууллагын Ахмадын амралт одоогийн Хоршоолол байдаг байсан. Тэр үед ажлын шаардлагаар очиход амралтын газрын зүүн талд Д.Б-ийн газар байдаг байсан, тэндээ ногоо тарьсан байсныг анзаарч байсан ... заримдаа очих үед төмс тарьсан, намар ногоо хурааж байгаа нь харагдаж байдаг байсан. 2012-2013 оны үед тариалалт хийсэн байсан, учир нь би тэдгээр онуудад Ахмадын амралтын газарт их засвар хийгээд байнга очиж таардаг байсан юм. Д.Б-ийн эзэмшлийн газар нь ахмадын амралтын газрын зүүн талд байсан, хашаа барьсан байсан, машин зам дагуу байдаг байсан, газрын хэмжээг нь бол сайн мэдэхгүй байна ...” гэж (Хавтаст хэргийн 219-220 дахь тал)
2.12. Гэрч Л.Ө шүүхэд гаргасан мэдүүлэгтээ “ ... Би 2006-2015 онд Ахмадын амралтад манаачаар ажиллаж байсан. Д.Б нь намайг ажиллаж байх хугацаанд ногоо тарьдаг байсан, зарим жилдээ өнждөг байсан. 2006-2015 он хүртэл төмс тарьдаг байсан. Оныг нь сайн мэдэхгүй байна, тэр үед Ахмадын амралтын газарт 2 манаач ажилладаг байсан, аймгаас хүмүүс ирээд Д.Б-ийн хашааг буулгасан, тэгээд Ахмадын амралтын гал тогоонд түлшинд хэрэглэсэн. Дараа нь Ахмадын амралтын газарт шинэ хашаа барьсан ...” гэж; (Хавтаст хэргийн 221-222 дахь тал)
2.13. Гэрч Ч.Г шүүхэд гаргасан мэдүүлэгтээ “ ... Би 2005-2013 он хүртэл Хоршоололд Ахмадын амралтын газрын залгаа зүүн талд байрлалтай газарт төмс, манжин тарьж байсан, дунд нь 1-2 жил өнжиж тариалалт хийдэг байсан. Д.Б нь тэнд газартай гэдэг байсан, тэгээд тэр газарт би ногоо тарьдаг, заримдаа хамт тарьдаг байсан юм. 2011-2012 оны үед хүлэмж барьсан байх. Бас аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хүүхдүүд очиж дадлага хийдэг байсан ...” гэж; (Хавтаст хэргийн 223-224 дэх тал)
2.14. Гэрч Г.М шүүхэд гаргасан мэдүүлэгтээ “ ... Би 1998-2010 он хүртэл Ахмадын амралтын газарт эмчээр ажиллаж байгаад, 2011 онд тэтгэвэрт гарсан юм. Д.Б-д ногооны талбай байсан, тэндээ ногоо тарьж манай амралтын газарт нийлүүлдэг байсан, намайг тэтгэвэрт гаргах хүртэл ногоо тарьдаг байсан. Би өөрийнх нь л газар гэж боддог байсан, заримдаа аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хүүхдүүд очиж ногоо тарьдаг байсан. Намайг 1998 онд очсоноос хойш 2-3 жилийн дараа Д.Б-ийнх газар авч, ногоо тарьсан байх, тэгээд намайг 2010 онд тэтгэвэрт гарах үед тэр газар нь байсан, Ахмадын амралтын газрын залгаа модон хашаатай газар байдаг байсан.” гэж; (Хавтаст хэргийн 223-224 дэх тал)
2.15. Гэрч Р.У шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ “ ... Ахмадын амралтын зүүн талд ногооны талбайтай. Тэнд хүүхдүүдийг дадлага хийлгэхээр ногоо тариулж, намар ургацаа хурааж сургуульд өгдөг байсан, би 2011 оны 9 дүгээр сараас 2015 он хүртэл ажилласан, жил болгон тариалж байсан. Д.Б уг газрын зарим хэсгийг ашиглаж, зарим талбайг хүлэмж байдлаар ашиглаж байсан ...” гэж;
2.16. Гэрч Р.Г шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ “ ... тухайн үед газрын даамлын орон тоо гэж байгаагүй, түр хугацаанд 2 жил гаран хийж байсан, хавсрах байдлаар хийж байсан, газар эзэмших эрх олгосон захирамжид газрын даамал Н.Г-д үүрэг болсугай гэсэн байсан бол би ажиллаж байсан гэж бодож байна. Тухайн үед газрын хэмжилт хийж байсныг мэдэхгүй ...” гэж тус тус тайлбар, мэдүүлэг гаргасан байна.
2.17. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч Д.Б-ийг эзэмших эрх бүхий газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 ба түүнээс дээш жил ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй, хариуцагч уг үндэслэлд холбогдох нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй.
2.18. Дээрх нөхцөлөөс дүгнэхэд маргаан бүхий А/118 дугаар захирамж нь /2006 он/ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2. дахь хэсэгт “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.” заасан шаардлагыг хангаагүй байна.
2.19. Иймд нэхэмжлэгчээс “Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн А/118 дугаартай захирамжийн Д.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага гаргасан хэдий ч шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг дахин тодруулж, “Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 1-ний өдрийн А/118 дугаартай захирамжийн Д.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
2.20. Шүүхээс маргаан бүхий А/118 дугаар захирамжийн Д.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон тул газар эзэмшигч Д.Б-ийн газар эзэмших эрх нь шууд сэргэх бөгөөд нэхэмжлэгч газар эзэмшүүлэх гэрээ байгуулж газрын төлбөрөө төлөх эрхтэй. Мөн хариуцагч 30 хоногийн дотор газрын гэрээг шинэчлэн байгуулж, газрын мэдээллийн санд шүүхийн шийдвэрт заасан өөрчлөлтийг хийх нь зүйтэй.
2.21. Мөн 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан Захиргааны ерөнхий хуулийг 2016 оны 7 дугаар сарын 0-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “ маргаан бүхий А/118 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох, мэдэгдэх ажиллагаа хийгээгүй ...” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ ... А/118 дугаар захирамж гарах үед Захиргааны ерөнхий хууль батлагдаагүй байсан тул сонсох, мэдэгдэх ажиллагаа явагдаагүй, сумын мэдээллийн самбарт байршуулдаг байсан ...” гэж тус тус тайлбарласан.
2.22. Маргаан бүхий А/118 дугаар захирамжийг гаргах үед Захиргааны ерөнхий хууль батлагдаагүй байсан боловч энэ нь захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байх, захиргааны акт зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талаарх шийдвэрийг иргэнд мэдэгдэх зэрэг хуулиар тодорхойлсон чиг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
2.23. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ.” гэж заасан бөгөөд мөн хуулийн “... мэдэгдэнэ ..." гэдэг нь Засаг даргын захирамж эсхүл түүний утгыг бүрэн илэрхийлсэн мэдээллийг эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу барьцаалсан этгээдэд биечлэн гардуулах, түүний оршин суугаа болон ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэх, утас, факс, е-майл, цахилгаан зэргээр холбогдох этгээдэд мэдэгдэж, түүнийгээ баталгаажуулсныг ойлгодог.
2.24. Хариуцагч маргаан бүхий 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн А/118 дугаартай захирамжийг дээрх хуульд зааснаар мэдэгдэх үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар мэдүүлгээр тогтоогдсон болно.
2.25. Түүнчлэн маргаан бүхий актад аймгийн Засаг даргын 2014 оны а/84 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 292 албан бичгийг дурдсан бөгөөд шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэн Д.Б газар эзэмших эрхийн гэрчилгээгүй гэж маргадаг.
2.26. Уг дурдсан баримт хэрэгт авагдсан бөгөөд тухайн маргаан бүхий газрын гэрчилгээ аваагүй, хувийн хэрэгт нь байхгүй гэх боловч нэхэмжлэгч шүүх хуралдаанд маргаан бүхий газрынхаа гэрчилгээг эх хувиар үзүүлсэн нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7., 27 дугаар зүйлийн 27.1., 34 дүгээр зүйлийн 34.1. дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Б нь газар эзэмших эрхийн 0040100 дугаартай гэрчилгээтэй гэдэг нь нотлогдож байна. (Хавтаст хэргийн 7, 135-144 дэх тал)
2.27. Иймд дээрх хууль зүйн үндэслэл, гэрчүүдийн мэдүүлэг, нотлох баримтаар нэхэмжлэгч Д.Б нь маргаан бүхий газраа ашиглаж байсан, газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, хариуцагч маргаан бүхий А/118 дугаартай захирамжийг мэдэгдээгүй, мэдэгдэх үүргээ биелүүлэхгүй болох нь тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1. дэх хэсгийг зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12, 106.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1., 34 дүгээр зүйлийн 34.1., 40 дүгээр зүйлийн 40.2., 61 дүгээр зүйлийн 61.1. дэх хэсэг заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн “Иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/118 дугаартай захирамжийн /хавсралт 27 дугаарт/ Д.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА