| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/00077/И |
| Дугаар | 305/ШШ2025/00176 |
| Огноо | 2025-03-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 305/ШШ2025/00176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11-р хороо 46-5 тоотод оршин суух Б овгийн Н- Ц-гийн нэхэмжлэлтэй
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Ц /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Говь-Алтай аймгийн Алтай сумын Хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд сахиулаар, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд туслах хүмүүжүүлэгчээр, Говь-Алтай аймгийн Алтай сумын Аж богд цаг уурын станцад 1990 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2003 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ажиглагчаар ажиллаж байсныг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Ус цаг уурын Аж богд станцад ажиглагчаар 1990 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс дагалдан ажиглагчаар ажилласаар 2003 оны 11 дүгээр сард ээлжийн амралтаа авч ажлаасаа гарч, 2002 онд мэргэжил дээшлүүлэх курст Улаанбаатар хотын Ус цаг уур орчны шинжилгээний газрын харьяа сургуульд сурсан. Одоо 55 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох болж оршин суугаа Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ажилласан жилийн байдлаа тогтоолгож материалаа өгсөн боловч миний бичиг баримт шаардлага хангахгүй байгаа учраас/нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа гараагүй/ шүүхэд хандах болсон. Н.Ц миний биеийг 1988 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Алтай суманд цэцэрлэгийн туслах багшаар, 1990 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2003 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Алтай сумын Аж богдын станцад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Өөрт байгаа Говь-Алтай аймгийн Алтай сумын хүүхдийн цэцэрлэгт зориулсан 40 жилийн ном, цэцэрлэгийн хамт олонтой авахуулж байсан зураг, одоо Алтай сумын цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаа Я.Тайвантуяагийн тодорхойлолт зэргийг хавсаргав гэв.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 81 дугаартай тодорхойлолт,
- Говь-Алтай аймгийн Алтай сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар тодорхойлолт,
-Говь-Алтай аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 09 дугаар албан бичиг,
- Говь-Алтай аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 24 дугаар албан бичиг, цаг уурын ажиглалтын дэвтрийн хуулбарууд,
-Байгаль орчныг хамгаалах яамны Говь-Алтай аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 1990 оны 02 дугаар сарын ... өдрийн 11б дугаар Зарим хүмүүсийг ажилд томилох тухай тушаал,
-мөн газрын даргын 1990 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 42б дугаар Цалин нэмэх тухай тушаал,
-Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар архивын лавлагаа,
- Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Н.Цгийн 2000-2002 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
- Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Н.Цгийн 2003 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
- Н- Ц-гийн 255989 дугаар Хөдөлмөрийн дэвтэр,
- Н- Ц-гийн 284156 дугаар Нийгмийн даатгалын дэвтэр,
- Н- Ц-гийн 238 дугаартай мэргэжлийн үнэмлэх,
- Н- Ц-гийн албан томилолт,
- Нямсүрэн Ц- гэх 308670 дугаартай эмнэлгийн хуудас,
- Говь-Алтай аймгийн Алтай сумын Хүүхдийн цэцэрлэгийн 40 жилийн ойд зориулсан ном.
- Гэрэл зургууд.
4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Гэрч С.М, Н.О нарын мэдүүлэг.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Н- Ц- нь 1988 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Алтай суманд цэцэрлэгийн туслах багшаар, 1990 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2003 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Алтай сумын Аж богдын станцад ажиллаж байсан болохыг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
3. Н- Ц- нь Говь-Алтай аймгийн Алтай сумын Хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд сахиулаар, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд туслах хүмүүжүүлэгчээр, Говь-Алтай аймгийн Алтай сумын Аж богд цаг уурын станцад 1990 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2003 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ажиглагчаар ажиллаж байсан болох нь:
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 81 дугаар Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтад Алтай сумын Хүүхдийн цэцэрлэгийн 1988-1990 оны баримт шилжиж ирээгүй, мөн Алтай сумын Аж богд станцын баримт байхгүй тул Н- Ц-д лавлагаа олгох боломжгүй болно гэх тодорхойлолт,
-Говь-Алтай аймгийн Алтай сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар Нямсүрэн овогтой Ц- нь тус байгууллагад 1988 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 1990 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл тус байгууллагад бүлгийн туслах багшаар ажиллаж байсан нь үнэн болно. Байгууллагын энэ хугацааны архив устсантай холбоотой тухайн үеийн тушаал санхүүгийн барим нь олдохгүй байгаа учраас тодорхойлов гэх тодорхойлолт,
- 1988 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нээсэн 255989 дугаартай Нямсүрэн Ц- гэх хөдөлмөрийн дэвтэрт Алтай сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1988 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар тушаалаар Говь-Алтай аймгийн Алтай сумын хүүхдийн цэцэрлэгт сахиулаар томилон ажиллуулав, Алтай сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1988 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 03 дугаар тушаалаар хүүхдийн цэцэрлэгийн сахиулын ажлаас чөлөөлөв, Алтай сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 04 дугаар тушаалаар Алтай хүүхдийн цэцэрлэгийн ахлах бүлэгт туслах хүмүүжүүлэгчээр ажиллуулав, Алтай сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1990 оны 01 дүгээр сарын сарын 12-ны өдрийн 01 дугаар тушаалаар цэцэрлэгийн туслах хүмүүжүүлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөн цаг уурын захиргаанд шилжүүлэв гэх бичилт хийгдэж, тамга тэмдэг дарагдсан,
-Говь-Алтай аймгийн хүүхдийн цэцэрлэгийн 40 жилийн ойд зориулан гаргасан номын 30 дугаар хуудсанд үе үеийн ажилчид гээд Ц- гэж бичигдсэн,
Гэрч Н.О-ийн ...Би 1990-1991 онд Алтай сумын цэцэрлэгт угаагчаар ажиллаж байсан. Н.Ц 1990, 1991 онд намайг ажиллаж байхад цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байсан. Намайг анх ажилд ороход ажилладаг байсан. Цэцэрлэгт ажиллаж байгаад цаг уурт орсон... гэх мэдүүлэг,
-Байгаль орчныг хамгаалах яамны Говь-Алтай аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 11б дугаар Н.Цг 1990 оны 01 дүгээр сарын 13-наас Аж богд станцад дагалдан сурагчаар томилон ажиллуулсугай гэх тушаал,
-Байгаль орчныг хамгаалах яамны Говь-Алтай аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 1990 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 42 дугаар Сар бүр Аж богд станцын ажиглагч Х.Н-д 375 төгрөгийн, дагалдан Н.Ц, Г.Б нарт 350 төгрөгийн цалинг 07 дугаар сарын 01-нээс эхлэн олгож байхыг ахлах ня-бо /н.Баярхүү/-д зөвшөөрсүгэй гэх тушаал,
- Говь-Алтай аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 09 дугаар Н- Ц- нь Алтай сумын Ажбогд цаг уурын станцад 1990 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2003 оны 11 дүгээр сарын 01-нийг хүртэл ажиллаж байсныг цаг уурын ажиглалтын дэвтрээр баталгаажуулав гэх албан бичиг,
- мөн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 24 дугаар Н- Ц- нь Алтай сумын Ажбогд цаг уурын станцад 1990 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2003 оны 11 дүгээр сарын 01-нийг хүртэл ажиллаж байсан бөгөөд ЦД1 дэвтрээс өөр нотлох баримт байхгүй байна гэх албан бичиг, цаг уурын ажиглалтын 1990-2003 онуудын дэвтрүүдийн хуулбарууд,
- Нямсүрэн Ц-, мэргэжил цаг уурт ажиглагч, ажил олгогч Цаг уур, эхэлсэн огноо 2001 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр, дууссан огноо 2001 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэх 308670 дугаартай эмнэлгийн хуудас,
- 1995 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Н- Ц-, Цаг уур ургамал ажиглалт гэх бичилттэй албан томилолтын хуудас,
- Н- Ц-гийн 1995 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нээсэн 284156 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт 1995 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал, 1997 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал, 1999 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал, 2000 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал, 2001 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал, 2002 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал хугацааны цалин бичигдэж, тамга тэмдэг дарагдсан,
-Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар ДЮ70030361 регистрийн дугаартай Н- Ц-гийн ажиллаж байсан Алтай сумын Ус цаг уур аж богд станц-ын 1995-1999 оны НДШ-ийн тайланд ирүүлээгүй тул лавлагаа гаргах боломжгүй болно гэх архивын лавлагаа,
- Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Говь-Алтай аймгийн Алтай сумын Цаг уур Н- Ц-гийн 2000-2002 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хавсралтуудын хамт,
- Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Говь-Алтай аймгийн Алтай сумын Цаг уур Н- Ц-гийн 2003 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
-2002 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 238 дугаартай Яам, тусгай газрын нэр Ус цаг уур орчны шинжилгээний газар, үйлдвэр /сургууль/-ийн нэр ажиглагчийн мэргэжил олгох курс гэх Н- Ц-гийн мэргэжлийн үнэмлэх,
-Гэрч С.М-н ...Би 1994 оноос одоог хүртэл Ус цаг уур орчны шинжилгээний төвд инженерээр ажиллаж байна. Н.Цг ажиллаж байх үед холбооны оператор хийж сумдын мэдээг авдаг байсан... Намайг 1994 онд ажилд ороход Н.Ц Алтай сумын Аж богд станцад техникч ажиглагчаар ажилласан байсан 2003 он хүртэл ажилласан байх. Ажлаасаа гараад хот явсан... гэх мэдүүлэг, гэрэл зургууд зэргээр тогтоогдож байна.
4. Н- Ц-гийн 1995 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нээсэн 284156 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн 1996 оны 01 дүгээр сараас 11 дүгээр сар, 1998 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал, 2003 оны 01 дүгээр сараас 10 дугаар сарыг дуусталх хугацааны цалингийн бичилтэд засвар хийсэн байх тул шүүх дээрх бичилтийг нотлох баримтаар үнэлээгүй,
Харин хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Н-н Ц-гийн 255989 дугаартай хөдөлмөрийн дэвтэр нь нотолгооны ач холбогдлын хувьд шууд, эрх бүхий байгууллагаас гаргасан анхдагч нотлох баримт байх бөгөөд нотлох баримтаар үнэлэхгүй байх зөрчил, засвар зэрэг байдлууд тогтоогдоогүй тул дээрх дэвтрийг шүүх бусад бичмэл нотлох баримттай хооронд нь харьцуулж, харилцан бие биенээ дэмжин нотолж байгаа талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн болно.
5. Иймд Б овгийн Н- Ц-г Говь-Алтай аймгийн Алтай сумын Хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд сахиулаар, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд туслах хүмүүжүүлэгчээр, Говь-Алтай аймгийн Алтай сумын Аж богд цаг уурын станцад 1990 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2003 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ажиглагчаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Бд овгийн Н- Ц-г Говь-Алтай аймгийн Алтай сумын Хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд сахиулаар, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд туслах хүмүүжүүлэгчээр, Говь-Алтай аймгийн Алтай сумын Аж богд цаг уурын станцад 1990 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2003 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ажиглагчаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА