Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/00583

 

 

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/00583

 

 

 

М сууц өмчлөгчдийн холбооны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2021/00272 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй, хариуцагч Ү.Б-д холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 913 230 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.М, түүний өмгөөлөгч Б.Баднайсүрэн, хариуцагч Ү.Б-, түүний өмгөөлөгч Н.Нямжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М СӨХ 2015 онд байгуулагдсан ба Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хорооллын 25 дугаар байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах зорилготой ба дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, бусад нийтлэг зардалд зориулан тус байрны оршин суугчдаас сар бүр тодорхой хэмжээний төлбөр төвлөрүүлэн санхүүгийн эх үүсвэрээ бүрдүүлдэг. Уг төлбөрийн хэмжээг СӨХ-ны нийт гишүүдийн 2015 оны хурлын шийдвэрээр тогтоосон. Гэтэл тус байрны 18 тоотод оршин суугч Ү.Б- нь СӨХ-ны гишүүний үүргээ биелүүлэхгүй, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, бусад нийтлэг зардлыг 2019 оны 5 дугаар сараас хойш төлөөгүй. Иймд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 25 дугаар байрны 18 тоотод оршин суугч Ү.Б-гээс 2015 оны 5 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны СӨХ-ны төлбөр 913 230 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ү.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4 тус тус зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй боловч хуульд нийцээгүй тул зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн дагуу СӨХ-ны гүйцэтгэх захирал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Миний бие тус Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хорооллын 25 дугаар байрны 18 тоотод оршин суудаг бөгөөд 2019 оны 5 дугаар сараас хойш СӨХ-ны төлбөрөө төлөөгүй нь үнэн. СӨХ-ны төлбөрийг төлөх үүрэгтэй ч төлөөгүй нь дараах учир шалтгаантай. Үүнд: сууц өмчлөгч иргэний болон хяналтын зөвлөлийн гишүүний хувьд өөрийн болон оршин суугчдын СӨХ-д төлж буй төлбөрийг зориулалтын дагуу зарцуулагдаж байгаа эсэхэд хяналт тавьж, 2017, 2018 оны санхүүгийн тайланд хяналт шалгалт хийсэн. Уг хяналтаар илэрсэн 15 зөрчил бүхий шалгалтын тайланг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр захирал Н.Мт өгсөн, Н.Мт хүлээлгэн өгсөн шалгалтын тайландаа түүнийг гаргасан зөрчлөө арилгах хүртэл СӨХ-ны төлбөр төлөхийг түр хугацаанд татгалзсан тухай мэдэгдсэн. Тайланг М СӨХ-ны удирдах болон хяналтын зөвлөлд танилцуулсан бөгөөд бүх гишүүдийн хуралд танилцуулах нь зүйтэй гэсэн боловч СӨХ-ны гүйцэттэх захирал Н.М нь хурал хийхээс татгалзсан. Нэхэмжлэгч нь өөрийнхөө хийсэн буруутай үйлдлийг нуун дарах, оршин суугчдын СӨХ-д төлсөн мөнгийг авч ашигласан, хувьдаа завшсан буруутай үйлдлээ замхаруулах зорилготой миний биеийг СӨХ-ны төлбөрөө төлөөгүй гэх ойлголтоор нэхэмжлэл гаргасан. Н.М нь СӨХ-ны хохирлыг барагдуулсан үед СӨХ-ны төлбөрөө төлөхөд бэлэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ү.Б-гээс 497 700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлээс 415 530 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 467,52 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ү.Б-гээс 15 581 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ү.Б- болон түүний өмгөөлөгч Н.Нямжаргал нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн, хэргийн нөхцөл байдлыг бүрэн гүйцэт дүгнээгүй. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, бусад нийтлэг зардалд зориулан тус байрны оршин суугч айл өрхүүдээс сар бүр тодорхой хэмжээний төлбөр төвлөрүүлэн санхүүгийн эх үүсвэрээ бүрдүүлдэг. Уг төлбөрийн хэмжээг СӨХ-ны нийт гишүүдийн 2015 оны хурлын шийдвэрээр тогтоосон гэсэн байна. Гэтэл анхан шатны шүүх уг нөхцөл байдлыг дүгнэхдээ ... Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2, 16 дугаар зүйлийн 16.4, 16.5-д тус тус зааснаас үзэхэд дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэж ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд орон сууцны өмчлөгч нь тогтоосон хэмжээгээр оролцох, бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй хэмээн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт хариуцагч болон түүний өмгөөлөгчийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бүрэн тусгаагүй. Хариуцагчийн өмгөөлөгчийн хууль зүйн дүгнэлтийг огт дурдахгүйгээр бүрэн бус тайлбарт үндэслэн шийдвэрээ гаргасан нь хэргийн нөхцөл байдлыг бүхэлд нь дүгнэхгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгагдсан талуудын тайлбарын хүрээнд шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн дүгнэлтийг хийх, цаашлаад, уг дүгнэлтийн хүрээнд шүүхийн шийдвэр гарах учир анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгасан хариуцагчийн татгалзлын үндэслэлийг бүрэн гүйцэт харуулж чадаагүй. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн зарим хэсэг болох 497 700 төгрөгийг хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ямар баримтад үндэслэн хангаж шийдвэрлэж байгаа тухай огт дурдаагүй бөгөөд нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай ажиллагаа хийгдээгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, 148.2.3 дахь заалт болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2 дахь заалтад дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох сууц өмчлөгчийн нийтлэг үүргийг заасан байна. Харин Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг бусад сууц өмчлөгчдөөс илүү өндөр хэмжээгээр төлүүлж болох хоёр тохиолдлыг заасан ба уг төлбөрийн хэмжээг бүх гишүүдийн хурлаар тогтоохоор заасан. Нэхэмжлэгч уг төлбөрийн хэмжээг СӨХ-ны нийт гишүүдийн 2015 оны хурлын шийдвэрээр тогтоосон гэдэг боловч М СӨХ-ны бүх гишүүдийн 2015 оны хурлын шийдвэр байхгүй. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар СӨХ-ны төлбөрийг М СӨХ-ны удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн сууц өмчлөгчдөөс хураадаг байсан, удирдах зөвлөлийн шийдвэрээс өөр ямар нэгэн төлбөр тогтоосон тогтоол, шийдвэр байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Энэхүү нөхцөл байдлыг анхан шатны шүүх нэхэмжлэгчид ашигтайгаар дүгнэж, удирдах зөвлөлийн шийдвэрээр СӨХ-ны төлбөрийг тогтоож болно гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иргэний хууль болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд зааснаар сууц өмчлөгчдийн холбооны СӨХ-ны төлбөр шаардах эрх тухайн сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын шийдвэрт үндэслэн үүсэхээр байна. Хэргийн нөхцөл байдлаас харахад М СӨХ нь Ү.Б-гээс СӨХ-ын төлбөр шаардах эрх үүсээгүй байхад Ү.Б- нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал /хогны төлбөрт 3 500 төгрөг, засвар үйлчилгээ 3 000 төгрөг, жижүүрийн төлбөрт 10 000 төгрөг, цэвэрлэгээ 7 000 төгрөг, лифтний төлбөр 4 000 төгрөг, баримтын үнэ 150 төгрөг, нийт 27 650 төгрөгийг сар бүр орон сууц өмчлөгчийн хувьд төлөх үндэслэлтэй хэмээн дүгнэсэн. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 415 530 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч үлдсэн хэсэг болон 497 700 төгрөгийг хангаж шийдвэрлэж байгаа үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хэрэгсэхгүй байгаа болгож шийдвэрлэсэн 415 530 төгрөгийг анхан шатны шүүх нотлогдоогүй гэж үзэж хангахаас татгалзсан. Харин хариуцагчийн зүгээс уг төлбөрийг нэхэмжлэх эрх нэхэмжлэгч талд үүсээгүй гэж татгалзаж, мэтгэлцсэн тул шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. М СӨХ-ны гүйцэтгэх захирал Н.Мт тухайн асуудлаар холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүсээгүй талаар шүүх дүгнэлт хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.М давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Шүүх Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 25 дугаар байрны 18 тоот орон сууцыг эзэмшдэг талаар маргаагүй, 2019 оны 5 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөөгүй болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн. Гэтэл СӨХ-ны засвар үйлчилгээний төлбөрийг хариуцагчаар төлүүлэх шийдвэрийг гаргахдаа Ү.Б-гийн сар бүр төлөх ёстой төлбөрөөс 23 085 төгрөгийг үндэслэлгүйгээр хасаж шийдвэрлэсэн. Ү.Б-гийн 25 дугаар байрны 18 тоотын СӨХ-ны төлбөрийн нэхэмжлэх, 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн М СӨХ-ны удирдах зөвлөлөөс гаргасан оршин суугчдын саналыг авч, үнэ тарифыг тогтоосон талаарх шийдвэр хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд хариуцагч шүүх хуралдаанд СӨХ-ны сар бүрийн төлбөрт 50 375 төгрөг төлдөг гэх тайлбарыг гаргасан. Дээрх нотлох баримтууд болон тайлбараас харахад хариуцагч нь 2015 онд М СӨХ байгуулагдаж 2019 оны 5 дугаар сарыг хүртэлх сар бүр 50 375 төгрөгийн төлбөрийг төлөх үүрэгтэй нь нотлогдсон. Мөн ... нийт 27 650 төгрөгийг сар бүр орон сууц өмчлөгчийн хувьд төлөх үндэслэлтэй, нэхэмжлэгч дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлаас тусад нь 23 085 төгрөгийг СӨХ-ны төлбөр гэж шаардсан боловч шаардлагаа нотлож чадаагүй, холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, юунд зарцуулдаг зардал болох талаар мэдэхгүй гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. М СӨХ-ны 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн удирдах зөвлөлийн шийдвэр, Төрийн банк ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх болон нэхэмжлэгчийн төлөөлөгч нар СӨХ-ны засвар үйлчилгээний төлбөрийн задаргаа болон юунд зарцуулдаг талаар гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөгүй. СӨХ нь нийт 29 айл өрхтэй ба дээр дурдсан СӨХ-ны засвар үйлчилгээний үнэ тарифыг тогтоохдоо бүх гишүүдийнхээ саналыг авч, тэдний гаргасан санал, шийдвэрийг үндэслэн СӨХ-ны удирдах зөвлөлөөс нийтээр дагаж мөрдөх үнэ тарифыг баталгаажуулсан. Ү.Б-гээс бусад гишүүд бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг биелүүлэх, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүргээ биелүүлдэг. Гэтэл шүүх хариуцагчийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүргээс хэсэгчлэн чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь Ү.Б- нь бусад гишүүдийн төлсөн төлбөрөөр дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээг авч амьдрах боломжийг олгож байна. Мөн түүнчлэн М СӨХ нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээгээ хэвийн явуулах ямар ч боломжгүй (лифт, цахилгаан, ус дулаан, хог, ажилчдын цалин хөлс гэсэн үйл ажиллагааны зардлаа төлөх) болгож нийт гишүүдийн хуулиар хамгаалагдсан тэгш эрхийг хөндсөн шийдвэрийг анхан шатны шүүх гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж хариуцагчаас 415 530 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч М СӨХ нь хариуцагч Ү.Б-д холбогдуулан 2019 оны 5 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 913 230 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ гэж заасан боловч тус СӨХ-ны бүх гишүүдийн хурлаар уг зардлын хэмжээг тогтоосон шийдвэр гаргаагүй талаар зохигч маргаагүй.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчалийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох үүрэгтэй гэж заасан.

 

М СӨХ-ны Удирдах зөвлөлийн хурлын 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрээр сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийн хэмжээг нэг өрхөөс хогны мөнгө 3 500 төгрөг, засвар үйлчилгээ 3 000 төгрөг, жижүүрийн хөлс 10 000 төгрөг, цэвэрлэгээний төлбөр 7 000 төгрөг, лифтний төлбөр /ам бүлийн тоогоор/ 2 000 төгрөг, СӨХ-ны төлбөр 1 м.кв нь 300 төгрөг, гараашийн төлбөр өдрийн 1 000 төгрөг, баримтын үнэ 150 төгрөг байхаар тогтоожээ. /хх-74/

 

Хариуцагч Ү.Б- нь М СӨХ-ны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардалд сар бүр 50 735 төгрөгийг 2019 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд төлж байсан байна.

 

Хариуцагчийн шүүх хуралдаанаас өмнө гаргасан тайлбараас дүгнэвэл СӨХ-ны төлбөрийг төлөхөөс татгалзсан үндэслэлээ хяналтын зөвлөлийн гишүүний хувьд тавьсан шаардлагыг нь СӨХ-ны гүйцэтгэх захирал биелүүлээгүйтэй холбоотой гэж заажээ. Тэрээр 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Удирдах зөвлөлийн хурлаас тогтоосон зардлын хэмжээгээр төлбөр төлөхгүй гэж маргаагүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч буюу гүйцэтгэх захиралд СӨХ-ны төлбөр нэхэмжлэх эрх үүсээгүй гэж маргасан. Иймд хариуцагч тус СӨХ-ны Удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор тогтоосон зардлын хэмжээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар эсэргүүцээгүй гэж үзнэ.

 

М СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор Н.Мийг гүйцэтгэх захирлаар томилсон болох нь тус холбооны улсын бүртгэлийн гэрчилгээн дэх сууц өмчлөгчдийн холбооны үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэлээр тогтоогдсон. /хх-4/

 

Орон сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй бол Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай 12 дугаар зүйлийн 12.4.4-т зааснаар СӨХ-ны өмнөөс гүйцэтгэх захирал нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй юм. Иймд гүйцэтгэх захирлыг СӨХ-г төлөөлөх эрхгүй этгээд гэсэн хариуцагчийн татгалзал болон давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Хариуцагч Ү.Б- нь СӨХ-ны хяналтын зөвлөлийн гишүүний хувьд тавьсан шаардлагыг нь гүйцэтгэх захирал Н.М биелүүлээгүй гэх үндэслэлээр дундын өмчлөлийн зардлыг төлөх хугацааг хойшлуулах, төлөхгүй байх үндэслэл болохгүй. Түүнчлэн тэрээр СӨХ-ны хяналтын зөвлөлийн гишүүний хувьд тухайн зардлыг тогтоосон шийдвэрийг мэдэх боломжгүй байсан гэж үзэхээргүй байна.

 

Бүх гишүүдийн хурлаар СӨХ-ны зардлын талаар шийдвэрлээгүй тул Удирдах зөвлөлийн тогтоолоор тогтоосон хэмжээгээр холбогдох зардлыг СӨХ-ны гишүүнээс гаргуулах нь СӨХ-ны нийт гишүүдийн эрх, ашиг сонирхолд нийцнэ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хогны мөнгө 3 500 төгрөг, засвар үйлчилгээ 3 000 төгрөг, жижүүрийн хөлс 10 000 төгрөг, цэвэрлэгээний төлбөр 7 000 төгрөг, лифтний төлбөр 4 000 төгрөг, баримтын үнэ 150 төгрөг, нийт 27 650 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн зөв боловч 23 085 төгрөгт холбогдох шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нотлоогүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон буруу болжээ.

 

Хариуцагч нь 25 дугаар байрны 18 тоот хаягт байршилтай орон сууцад 2008 оноос хойш оршин сууж байгаа ба түүний орон сууцны талбай нь 76,95 м.кв хэмжээтэй талаар тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан тул уг талбайн төлбөрийг 1 м.кв талбайд 300 төгрөгөөр тооцож Ү.Б-гээс 23 085 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

 

Иймд хариуцагч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2019 оны 5 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сарын 50 735 төгрөгөөр тооцбол нийт 913 230 төгрөг төлөх үүрэгтэй тул Ү.Б-гээс нийт 913 230 төгрөг гаргуулж М СӨХ-д олгох үндэслэлтэй, энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангав.

Харин хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч Ү.Б- нь бүх гишүүдийн хурлаар төлбөрийг хэмжээг тогтоогоогүй талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэтгэлцээгүй тохиолдолд давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт өгөхгүй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргана гэж заасан. Мөн СӨХ-ны гүйцэтгэх захирал суугчдийн төлсөн төлбөрийг зориулалтын бусаар зарцуулсан гэх байдал нь орон сууцны өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөхгүй байх үндэслэл болохгүй юм.

 

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, тайлбар, зохигчийн төлөөлөгч гуравдагч этгээд, түүний төлөөлөгчийн тайлбарын агуулгыг заана гэсний дагуу анхан шатны шүүх талуудын тайлбарын агуулгыг шийдвэрт тусгасан нь хуульд нийцсэн байна. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн эрх зүйн дүгнэлтийг шийдвэрт тусгаагүй гэх гомдол үндэслэлгүй.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг дараахь тохиолдолд дор дурдсан сууц өмчлөгчдөөр бусад сууц өмчлөгчдөөс илүү өндөр хэмжээгээр төлүүлж болох бөгөөд ийнхүү төлөх хэмжээг бүх гишүүдийн хурлаар тогтооно гэж заасан талуудын хооронд үүссэн маргаанд хамаарахгүй байхад энэ талаар хариуцагч гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2021/00272 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ү.Б-гээс 913 230 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай гэж,

2 дахь заалтын ... хариуцагч Ү.Б-гээс 15 581 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай гэснийг ... хариуцагч Ү.Б-гээс 26 467 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 26 468 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 13 116 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.БАЙГАЛМАА