| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 2336000900112 |
| Дугаар | 51 |
| Огноо | 2023-09-19 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | М.Берикбол |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 51
2023 09 19 2023/ДШМ/51
А.Галбадрахад холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор М.Берикбол, шүүгдэгч А.Галбадрах түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Н.Очирбат, нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/167 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн А.Галбадрахад холбогдох эрүүгийн 2336000900112 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, Боржигон ургийн овогт Аюушжавын Галбадрах, 1983 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Рашаант ХХК-д барилгын засварчны ажилтай, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын 10 дугаар (Тахилт) багийн 7-10 тоотод оршин суудаг, сарын өрхийн орлого-2000000 төгрөг, суудлын автомашин-1, гэр нэгийн хөрөнгөтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: ХД83100613.
2. Шүүгдэгч Аюушжавын Галбадрах нь Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 7-10 тоотод Н.Сүхбаатарыг түлхэн унагаж биед нь халдсаны улмаас газарт унаж толгойн их тархины зүүн, баруун тал бөмбөлөгийн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх зайд цус, дагзны баруун хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн Прокурорын газраас А.Галбадрахын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
4.1 Шүүгдэгч Боржигон ургийн овогт Аюушжавын Галбадрахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
4.2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон ургийн овогт Аюушжавын Галбадрахад 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,
4.3 Эрүүгийн хуулийн ангийн ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Галбадрахад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад элүүлэхээр тогтоож,
4.4 Эрүүгийн 2336000900112 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид 390.000 төгрөг төлөгдсөн болохыг дурдаж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,
4.5 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Галбадрахад урьд авсан хувийн баталгаа гаргуулах тухай авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
4.6 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч А.Галбадрах түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Н.Очирбат нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1 Хэргийн газрын үзлэг хийсэн хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын тахилт багийн 7-10 тоот хашаанд болсон байв. Уг хашаа ертөнцийн зүгээр урд зүгт харсан, модон банзан хашаатай төмөр цэнхэр өнгийн даамантай, уг дааман дээр Т-7, №10 гэсэн бичиглэлтэй, уг хаалгаар 2 ширхэг цонхтой цайвар цагаан энгийн гурвалжин дээвэртэй улаан тоосгон байшин нь шар өнгийн гадарласан үүд хэсгээс байшингийн булун хүртэл битүү үргэлжилсэн цемент нь шалтай гэрийн буйр байшингийн хундаам, задгай байв. Уг цемент нь ямар нэгэн зүйлээр бохирлогдоогүй, уг хашаа нарийн хайргатай, хатуу гадаргуутай байв.... гэх тэмдэглэл хавтаст хэрэгт авагджээ.
5.2 Ховд аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 250 дугаартай "... Н.Сүхбаатарын биед гэмтэл учирсан байна. Н.Сүхбаатарын биед толгойн их тархины зүүн, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн хатуу хальсны доорх зайд цус, дагзны баруун хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Н.Сүхбаатарын биед учирсан дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг хамаарна. Дээрхи гэмтэл цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна дүгнэлт авагджээ.
Согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол "...Аюушжав овогтой Галбадрахыг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 22 цаг 50 минутаас эхлэн Ховд аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд саатуулсан, мөн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 12 цагт сулласан тэмдэглэл..." хавтаст хэрэгт авагджээ.
5.3 Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Сүхбаатарын гомдол саналгүй гэх мэдүүлэг хэрэгт авагдсан байна. Мөн шүүгдэгчийн би санаатай цохиогүй, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хувийн байдлыг нь харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, торгох ял оногдуулж өгнө үү гэв.
6.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:
6.1 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь орлогоо нотолсон талаарх баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй. Мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргаагүй, хохирогчид тодорхой хэмжээний хохирол, хор уршгийг арилгасан.
6.2 Тухайн зүйл ангид заасан ялаас доогуур ял оногдуулсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул “хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
3. Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын шатанд шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
4. Шүүгдэгч Аюушжавын Галбадрах нь Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 7-10 тоотод Н.Сүхбаатарыг түлхэн унагаж биед нь халдсаны улмаас газарт унаж толгойн их тархины зүүн, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх зайд цус, дагзны баруун хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
5. Прокуророос А.Галбадрахын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “түүний үйлдсэн хэргийн үйл баримт тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон” гэж дүгнээд, А.Галбадрахыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн байна.
5.1 Анхан шатны шүүхийн “А.Галбадрахын үйлдсэн хэргийн үйл баримт тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон” гэх дүгнэлт нь үндэслэлтэй байх бөгөөд түүний үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:
Хохирогч Н.Сүхбаатарын мөрдөн шалгах явцад хохирогчоор өгсөн“...Тэгтэл А.Галбадрах “би та нарын зарц юм уу” гэж хэлээд сууж байгаад босоод хадам эгч рүүгээ “та нарыг ална шүү” гээд дайрсан. Мөн хадам аавтайгаа маргалдсан. Тэгэхээр би А.Галбадрахыг “чи боль” гэж хэлээд дундуур нь орж салгахад намайг хойш түлхсэн. Тухайн үед би ар талаараа шкаф мөргөсөн. Тэгээд А.Галбадрахыг дагуулаад гарсан. Гэрийн гадна гараад А.Галбадрахыг “чи одоо гэртээ орж амар, би харилаа” гэтэл намайг түлхсэн. Би ар талаараа цементэн дээр унаад толгойгоороо цемент мөргөсөн. Тэгээд ухаан алдсан байсан. Нэг сэрэхэд толгойгоос цус гарсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 37-39х/,
Гэрч Х.Цагаанхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “...мөн хамт явсан эрэгтэй хүн ирээд А.Галбадрахыг таттал тухайн хүнийг хойш түлхэж, тухайн хүн хувцасны шкаф толгойныхоо ар хэсгээр мөргөж, газарт суусан /тухайн үед тэр хүний нүдний шил, гар утас газарт унасан/ тэгээд тэр хүн босож ирэхгүй суугаад байсан. ...гэрээс гараад гадна хамт явсан эрэгтэй хүнээ цохиод байсан /юугаар цохисон эсэхийг мэдэхгүй байна, тухайн үед харанхуй байсан/ хамт явсан эрэгтэй хүн газарт уначихаад босохгүй байсан, аав бид хоёр тухайн хүнийг татахад дуугарахгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44х/,
Гэрч Д.Цээпилийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “...тэгтэл хүргэн А.Галбадрах би яахаараа гал түлэх ёстой юм гэж хэлээд уурлаад гэрийн багана цохиж хугалсан, мөн аав Хандхүүг боль гэж хэлэхээр хоолойг нь боосон тэгтэл хүргэн А.Галбадрахтай хамт манайд орж ирсэн эрэгтэй хүн салгах гээд дундуур нь ортол тухайн эрэгтэй хүнийг чи хол бай гэж хэлээд 2-3 удаа түлхэж унагаасан, тэгээд тухайн залуу манай охин хоёр А.Галбадрахыг гэрээс түлхэж гаргасан. ...Хүргэн А.Галбадрах манай гэрт дагуулж ирсэн хүнийг цохиогүй, харин хоёр удаа түлхэж унагаасан, гадна гараад цохисон эсэхийг би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47х/,
Гэрч Л.Хандхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “...Хүргэн А.Галбадрах Н.Сүхбаатарын мөр хэсэгт нэг удаа гараараа цохисон, тухайн үед Н.Сүхбаатар хувцасны шкаф мөргөж сөхөрч унасан, тухайн үед Х.Сүхбаатарын нүдний шил, цаг, гар утас нь унасан байсан гэрт өөр цохиогүй, гэрээс гараад гэрийн гадна цохисон эсэхийг би хараагүй, манай самган Д.Цээдил гэрийн хаалгаар шагайж харчхаад хүргэн А.Галбадрах нөгөө хүнийг цохиод байна, жижүүр цагдаа дуудъя гэж хэлээд манай том охин Х.Цагаанхүү дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 61-63х/,
Н.Сүхбаатарын биед толгойн их тархины зүүн, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх зайд цус, дагзны баруун хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, ...Н.Сүхбаатарын биед учирсан дээрх гэмтэл нь “гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх шинжээч эмч Б.Цэндхүүгийн 2023 оны 3 дугаар сарын 10-ний өдрийн 250 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт нотлогдон тогтоогдсон байна.
6. Шүүгдэгч А.Галбадрах түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Н.Очирбат нар нь “шүүхээс А.Галбадрахад 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэнд гомдолтой байгаа тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж торгох ял оногдуулж өгнө үү” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.
6.1 Анхан шатны шүүх шүүгдэгч А.Галбадрахад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тохирсон байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Иймээс шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/167 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Галбадрах болон түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Н.Очирбат нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Галбадрахын цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ М.НЯМБАЯР