| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0751/З |
| Дугаар | 128/ШШ2025/0051 |
| Огноо | 2025-01-15 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2025/0051
2025 01 15 128/ШШ2025/0051
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: овгийн Д.М /РД: ЗЖ/,
Төлөөлөн нэхэмжлэгч: Харчин овгийн Т.Ц /РД: ЗЛ/,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ашигт малтмал, газрын тосны газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн С.О,
Гуравдагч этгээд: “Г” ХХК /РД:/,
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 244 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, “Г” ХХК-д 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр олгосон ашигт малтмалын хайгуулын Х нэртэй XV- дугаар тусгай зөвшөөрлийг цуцлуулах” шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхсаруул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1.Нэхэмжлэгч Д.Мгээс, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 244 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, “Г” ХХК-д 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр олгосон ашигт малтмалын хайгуулын Х нэртэй XV- дугаар тусгай зөвшөөрлийг цуцлуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх шүүхэд 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гаргаснаар 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 7474 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн.
1.2. 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийн XV- дугаартай Д аймгийн Д сумын “Х” гэх нэртэй газарт 2671.32 гектар бүхий талбайд хайгуул хийх тусгай зөвшөөрлийг “Г” ХХК-д 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл олгож, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 148 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр, 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл хугацаагаар тус тус сунгасан байна.
1.3.Дээрх тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цгээс Ашигт малтмал, газрын тосны газарт хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийн хариуг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1/2788 дугаар албан бичгээр Д аймгийн Д сумын нутаг 2671.32 гектар талбай бүхий Х нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийг “Г” ХХК-д Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 244 дүгээр шийдвэрээр анх олгосон байна. Хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл сунгасан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэх хариуг өгсөн.
Хоёр. Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:
2.1. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 244 тоот шийдвэрээр 2016 оны 04 дүгээр 12-нд Д аймгийн Д сумын нутагт Х гэх нэртэй XV- дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Г” ХХК-д олгосон. Уг тусгай зөвшөөрлийг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 148 дугаар шийдвэрээр 2022 оны 04 дүгээр сарын 12-ны хүртэл, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 240 тоот шийдвэрээр 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл хугацаагаар тус тус сунгасан. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ” гэж заасан зохицуулалтын дагуу “Г” ХХК нь Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ болон байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийлгээгүй, батлуулаагүй байдаг.
Монгол улсын Үндсэн хуулиар иргэн эрүүл аюулгүй, орчинд амьдрах, орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж хуульчилсан. Мөн 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй гэж заасан. Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэний өмнө хариуцна гэж заасан. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 244 тоот шийдвэрийг гаргахдаа Усны тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль болон бусад хууль тогтоомжуудыг анхаарч үзэлгүйгээр эрх зүйн зөрчилтэй, хууль бус захиргааны акт гаргаж иргэн Д.Мгийн Үндсэн хуулиар баталгаажсан эрхийг зөрчин тусгай зөвшөөрөл олгосон гэж үзэж байна. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 244 тоот шийдвэрээр “Г” ХХК-д 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр олгосон ашигт малтмалын хайгуулын Х нэртэй XV- дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь иргэн Д.Мгийн амьдардаг Д аймгийн Д сумын Д багийн нутаг дэвсгэрт бүхэлдээ багтаж байгаа бөгөөд Д.Мгийн өвөлжөө, хаваржааны нутагтай давхцаж байна.
“Г” ХХК нь 2021 оны 09 дүгээр сард Д.Мгийн өвөлжөөний хажууд хайгуулын суваг малтмалын ажил хийсэн бөгөөд түүнийгээ нөхөн сэргээлгүй орхисон. 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр мөн суваг малталтын ажил хийсэн бөгөөд нөхөн сэргээж эрх бүхий байгууллагад хүлээлгэж өгөлгүй орхисон. Төрийн захиргааны байгууллагын гаргасан Эрх зүйн зөрчилтэй, хууль бус захиргааны актын улмаас иргэн Д.Мгийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол ийм байдлаар зөрчигдсөөр байна. Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 244 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү”...гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...”Хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон талбайд нэхэмжлэгч Д.Мгийнхээс гадна 16 айл өрх амьдардаг гэх засаг даргын тодорхойлолт байна. Энд амьдарч байгаа оршин суугч иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ашиг нь зөрчигдөж байна гэж үзсэний үндсэн дээр нэхэмжлэлээ гаргаж байгаа. Эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзсэн үндэслэл нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 31 дүгээр зүйл, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан шаардлагыг хангахгүй, эс хэрэгжүүлж, зөрчсөн үйлдлүүд байна. Мөн захиргааны байгууллага дээрх шаардлагуудыг эс хэрэгжүүлж, зөрчсөн үйлдлүүд байна.
Дээрх шийдвэрүүдийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан зарчмуудыг баримтлаагүй. Жишээлбэл, хуульд үндэслэх зарчмыг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиудыг зөрчиж шийдвэр гаргасан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг захиргааны байгууллага хийх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ биелүүлээгүй буюу маргаан бүхий газарт оршин суудаг иргэдэд ямар нэгэн байдлаар мэдээлэл өгөөгүй, тэдгээр хүмүүсийн хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөж байгаа талаар ямар ч ажиллагаа хийгээгүй. Нэхэмжлэлийн шаардлагын дагуу Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 244 дүгээр шийдвэр мөн гуравдагч этгээдэд олгосон 2016 оны 04 дүгээр сарын 12-ны ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн цуцлуулахыг хүсэж байна”... гэв.
2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:…” Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 болон бусад холбогдох заалтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах байр суурьтай оролцож байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн тайлбар дээр 2 зүйлийг нэмж, тодруулж хэлье. Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэлийг маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д зааснаар эрх зүйн зөрчилтэй акт гаргасан гэж үзэж, тус актыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т үнэлгээтэй холбоотой асуудлыг тодорхой заасан байдаг. Гуравдагч этгээд нь байгаль орчны ерөнхий үнэлгээ, байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийлгэлгүйгээр тодорхой хэмжээний үйлдэл хийж, хэд хэдэн удаа ажиллах зорилготойгоор Д.Мгийн амьдарч байгаа нутаг дэвсгэр очсон нь хэрэг байгаа баримтуудаас харагдана. Энэ нь тухайн төслийг хэрэгжүүлэх эрх авахаас өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх гэсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн зохицуулалтыг хариуцаг байгууллагаас хэрэгжүүлж, авч үзсэнгүй. Үүнээс үүдэн хариуцагч байгууллагын маргаан бүхий, эрх зүйн зөрчилтэй асуудал бий болсон гэж үзэж байна.
Хоёрдугаарт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дурдсан Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан зохицуулалт нь Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заагдсан Ашигт малтмалын тухай хуулийн тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, бусад хууль тогтоомж, актаас бүрдэнэ гэх зохицуулалтын хүрээнд Усны тухай хууль нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн нэг бүрдэл хэсэг юм. Тэгэхээр Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар гуравдагч этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо хариуцагч байгууллага Умард говийн гүвээт-Халхын дундад талын сав газрын захиргааны саналыг үндэслэх зохицуулалттай байтал тус саналыг үндэслээгүй гэдэг нь баримтаар нотлогдож байгаа.
Нэхэмжлэлийн 2 дугаар шаардлага болох Г ХХК-д олгогдсон ХV- дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан үндэслэл хангагдахгүй болсон тохиолдолд төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасан байдаг. Энэ үндэслэлээр гуравдагч этгээдэд олгогдсон хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл 2019, 2022 онуудад хангалттай тогтоогдож байхад Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс анхаарахгүйгээр автоматаар тусгай зөвшөөрлийг сунгаад явж байсан асуудал байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтыг биелүүлж байна гэж үзэхэд, Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасныг хангахгүй байна. Тус заалтад тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй. Зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасан. Гуравдагч этгээд нь 31 дүгээр зүйлийн 31.1-д заасныг зөрчихөд тодорхой хэмжээний үйл ажиллагаа хийсэн юм шиг зүйл ажиглагдаад, 2 удаа тусгай зөвшөөрлөө сунгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, Г ХХК нь маргаан бүхий тусгай зөвшөөрлийнхөө олгогдсон гектар тутамд нь хуульд заагдсан ажлуудыг жил бүр хийж гүйцэтгэх ёстой. Гуравдагч этгээдийн тусгай зөвшөөрөл 6-9 дэх жилдээ байгаа гэдэг нь хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн он сар өдрөөр тогтоогдож байгаа. Гектар тутамд 1,5 доллар гэхээр 2000 доллар бүхий ажлыг хийж гүйцэтгэх ёстой. Өнөөдрийн байдлаар огт хийдээгүй гэдэг нь хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдож байгаа учраас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийн цуцлуулах үндэслэл гарч ирж байна. Иймд нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг хангаж өгнө үү”…гэв.
Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзлын үндэслэлд:
3.1. ...”Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар гаргаж байна. Д аймгийн Д сумын нутагт орших “Х” нэртэй 2671.32 га талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 244 дүгээр шийдвэрээр “Г” ХХК-д 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаагаар анх олгосон байна. Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана гэж заасны дагуу “Г” ХХК нь өөрийн эзэмшиж байсан хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай шаардлага хангасан өргөдлийг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр тус тус төрийн захиргааны байгууллагад гаргасан. Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 148 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV- тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс тооцон 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 240 дүгээр шийдвэрээр 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс тооцон, 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар тус тус сунгаж, тусгай зөвшөөрлийн бүртгэл болон хавсралтад тэмдэглэгээ хийсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Дээрх тусгай зөвшөөрлийн талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалгүй.
Байгаль орчны нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ гэж заасан бөгөөд ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргах харьяалал, цар хүрээг тус хуулийн хавсралт болох “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийх төслийн ангилал”-аар тогтоож Төрийн захиргааны төв байгууллага болон аймаг нийслэлийн Байгаль орчны газарт хариуцуулсан ба тус хавсралтад ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаанд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргах чиглэл тусгагдаагүй. Хуулийн зохицуулалтаас харахад ашигт малтмал хайгуулын үйл ажиллагааны үед байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргахгүй ба ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхээр зохицуулсан. Захиргааны байгууллагын зүгээс аливаа нэгэн талбайд тусгай зөвшөөрөл олгохдоо усан сан бүхий газар бол нутаг дэвсгэрийн сав газрын захиргааны саналыг авахыг үүрэг болгосон бөгөөд уг талбай нь усан сан бүхий газартай давхцаагүй болох нь Умард говийн гүвээд-халхын дундад талын сав газрын захиргааны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 347 дугаар албан бичгээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү”...гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...” Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбараа бичгээр гаргаж өгсөн. Тус хариу тайлбараа дэмжиж оролцож байна. 2671,32 гектар талбайг хамарсан ашигт малтмалын хайгуулын XV дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 244 дүгээр шийдвэрээр анх Г ХХК-д 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх 3 жилийн хугацаатай олгосон байдаг.
Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосноор гуравдагч этгээд нь хуульд заасан бүхий л эрх үүргийг биелүүлэх эрх зүйн харилцаа үүссэн. Хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах тухай харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулсан байдаг бөгөөд 21 дүгээр зүйлийн 21.1.5-д жилийн хугацаатайгаар 3 удаа сунгуулна гэж тодорхой заасан байдаг. Энэхүү эрхийнхээ хүрээнд гуравдагч этгээдийн тусгай зөвшөөрөл 04 дүгээр сарын 12-ны өдөр дуусахаар байгаа. Хууль заасан шаардлагын хангаж 1 сарын өмнө буюу 03 дугаар сарын 09-ний өдөр болон 03 дугаар сарын 12-ны өдрүүдэд тус тус 2 удаа хугацаа сунгуулах өргөдлөө гаргасан. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч шалгаад, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан шаардлагыг хангасан учраас тусгай зөвшөөрлийн хугацааг тус тус 3, 3 жилээр 2 удаа сунгасан. Энэ сунгалт хуулийн хүрээнд явагдсан ажиллагаа гэж үзэж байгаа. Мөн дээрх талбайн хэмжээг мэдээллийн сангаас шүүхэд хууль тогтоомжоор хязгаарлаж, хориглосон болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан талаар ямар ч давхцалгүй байдаг.
Нэхэмжлэгч ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй гэж маргадаг. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ашиглалт авахаас өмнө байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэнэ гэж тодорхой заадаг. Мөн төсөл хэрэгжүүлэхээс өмнө байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэнэ гэж хуульчилж өгсөн учраас нэхэмжлэгчийн хайгуулын шатанд ерөнхий үнэлгээ хийсэн байхыг шаардана гэх тайлбар үндэслэлгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл цуцлах тухай харилцааг тухайлан зохицуулсан. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол тусгай зөвшөөрлийг цуцална гэж тодорхой заасан байдаг. Өнөөдрийн байдлаар нутгийн захиргааны байгууллагын санал гаргаагүй, төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гараагүй байгаа тул цуцлах үндэслэл байхгүй гэж үзэж байна.
Умард говийн гүвээт-Халхын дундад талын сав газрын захиргаанаас саналыг аваагүй гэсэн тайлбарын хүрээнд тус газраас 2023 оны 09 дүгээр сард саналыг нөхөж авсан баримт нь хавтаст хэрэгт хавсаргагдсан байгаа. Тухайн сана л дээр маргаан бүхий газар ямар ч нь усны сан бүхий газартай давхцалгүй гэсэн саналыг авсан албан тоот байгаа. Умард говийн гүвээт-Халхын дундад талын сав газрын захиргаанаас саналыг нөхөж авсан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна. Иймд тус үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү”... гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзлын үндэслэлд:…”Д аймгийн Д сумын иргэн Д.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цгийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гаргасан. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 244 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах. “Г” ХХК-д 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр олгосон ашигт малтмалын хайгуулын Х нэртэй XV- дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлуулах үндсэн хоёр шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүх хүлээн авч 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж захирамж гарсан. Тус шүүгчийн захирамжид 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Давж заалдах гомдол гаргасныг Давж заалдах шатны шүүх 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэж Анхан шатны шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэн хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 244 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгч хэзээ мэдсэн болохыг тодруулалгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч болон Д аймгийн иргэд, малчид “Г” ХХК нь ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийн талаар тусгай зөвшөөрөл авсан цагаас эхлэг сумын удирдлага, аймгийн байгаль орчны мэргэжилтэн нутгийн иргэд, малчид мэдэж байсан нь баримтуудаар тогтоогдож байна. Иймд иргэн Д.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цгийн гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү”...гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:...”Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэгдүгээрт, Усны тухайн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасныг ярьж байна. Тус заалтад тухайн орон нутгийн сав газрын захиргаанаас зөвшөөрөл авна гэсэн зохицуулалт байдаг. Гуравдагч этгээд нь 2016 онд хайгуулын тусгай зөвшөөрлийг авсан байдаг. Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан заалт нь 2022 онд нэмэлтээр орсон заалт. Тиймээс 2016 онд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгоход сав газрын захиргаанаас зөвшөөрөл авна гэсэн хуулийн зохицуулалт байгаагүй.
Гуравдагч этгээдийн хувьд 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 937 дугаар албан тоотоор Умард говийн гүвээт-Халхын дундад талын сав газрын захиргаанаас Д аймгийн д сумын нутагт Х гэх газарт ашигт малтмалын хайгуулын ХҮ тусгай зөвшөөрлийн талбай нь усны сан бүхий газар, усны эх үүсвэртэй давхцалгүй болно гэсэн албан тоот гуравдагч этгээдэд өгөгдсөн байдаг. Усны тухай хуулийг зөрчсөн гэж буй нэхэмжлэгч талын тайлбартай нийцэхгүй байна.
Хоёрдугаарт, Тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 31, 32, 33 дугаар зүйлийг ярьж байна. Гуравдагч этгээд нь 2016 онд тусгай зөвшөөрлийн лицензээ аваад, тухай газар нутаг дээрээ хайгуулын үйл ажиллагаа явуулах гэсэн боловч орон нутгийн иргэд, засаг даргатай ойлголцоогүй учир 2016 оноос 2024 оныг хүртэл хайгуулын үйл ажиллагаа явуулж чадаагүй. Тиймээс Ашигт малтмалын тухай хуулийн 32, 33 дугаар зүйлд заагдсан төлбөрийг үйл ажиллагаа явуулаагүй жилүүддээ төлөөгүй. Үйл ажиллагаа явуулсан жилүүддээ дээрх төлбөрүүдийг төлөөд явж байсан.
Мөн үнэлгээ хийлгээгүй гэх асуудлыг яриад байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон хуульд заасан заалтаар ашигт малтмалын хайгуулын лиценз авахаас өмнө байгаль орчны ерөнхий үнэлгээ болон бусад үнэлгээг хийлгэнэ. Ашигт малтмалын лиценз авахаас өмнө хайгуулаа хийчхээд, хайгуулын дүгнэлт дээр үндэслэж, ашигт малтмалын лиценз олгогддог. Ашигт малтмал газрын тосны газарт хүсэлтээ өгөхөөс өмнө үнэлгээгээ хийлгээд өгдөг зохицуулалттай. Өнөөдрийн байдлаар гуравдагч этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл байгаа. Ашиглалтын тусгай зөвшөөрлийн талаарх саналаа өгөөгүй байгаа. хайгуулын үйл ажиллагаагаа эрхлээд, хаана ямар бүтээгдэхүүн байгаагаа тодорхой болгосон тохиолдолд ашиглах зөвшөөрлөө хүсдэг. Үүнээс өмнө байгаль орчны ерөнхий үнэлгээгээ хийлгээд хавсаргаж өгдөг. Гуравдагч этгээд нь тухай газар орон нутагт хайгуулын үйл ажиллагаа хуульд зааснаар хийж чадаагүй учраас хайгуулын дүгнэлт гаргаагүй. Тиймээс ерөнхий үнэлгээгээ хийгээгүй. Ерөнхий үнэлгээ хийлгэх шаардлагагүй. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу сумын засаг даргатай байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг 2016 оноос хойш жил бүр 2 төлөвлөгөө батлуулаад явж байгаа. Байгаль орчны хамгаалах төлөвлөгөөг жил бүр байгаль орчны мэргэжилтэнд хянуулаад сумын засаг даргаар батлуулаад 2016 оноос хойших төлөвлөгөөний нэг хувь Д аймгийн Байгаль орчны газарт хадгалагдаж байгаа.
Нэхэмжлэгчийн хувьд Захиргааны ерөнхий хууль 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заагдсан нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч нь “Г” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар 2021 онд ТВ5 телевизээр ярилцлага өгч, хайгуулын тусгай зөвшөөрөл гарсан гэдгийг мэдэж байсан. ТВ5 телевизээр ярилцлага өгч байгаа бичлэгийг нотлох баримтаар өгсөн. нэгдүгээрт, нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хоёрдугаарт, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй компани байгаль орчинд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан байвал төрийн захиргааны төв байгууллагад саналаа өгч, цуцлуулах эрх нь нээлттэй байдаг. “Г” ХХК нь байгаль орчин сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулаагүй. Хэрвээ явуулсан бол эрх нь зөрчигдсөн бусад этгээд саналаа хүргүүлж болно. Үүнийг шүүхээр цуцлуулах нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд дээрх 2 нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”...гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
2. Иргэн Д.Мгээс, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 244 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, “Г” ХХК-д 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр олгосон ашигт малтмалын хайгуулын Х нэртэй XV- дугаар тусгай зөвшөөрлийг цуцлуулах“ тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж,
3. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.2-т зааснаар үнэлгээ хийлгээгүй, батлуулаагүй, Усны тухай хууль зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д зааснаар эрх зүйн зөрчилтэй хууль бус акт, нэхэмжлэгч Д.Мгийн өвөлжөө, хаваржааны нутагтай давхацсан, Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-т зааснаар өргөдлийг хүлээж авснаас хойш захиргааны байгууллага 7 дугаар зүйлийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг талаарх хяналтыг хийгээгүй, 2021 оноос хойш “Г” ХХК хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дээр огт ажил хийгээгүй байхад 31 дүгээр зүйлийг хангасан гэж үзсэн, иймээс Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар цуцлах ёстой хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх зөрчигдсөн, түүнчлэн олон улсын фактад заасны дагуу оршин тогтнох хэрэглүүрээс нь хагацааж үл болох заалтыг зөрчсөн гэж маргасныг шүүх хүлээн авах боломжгүй, үндэслэлгүй гэж үзэв.
4. Нэхэмжлэгч иргэн Д.М Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрхийг олж авсан болох нь Д аймгийн Д сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/101 дүгээр захирамжийн хавсралтын 12-д зааснаар Д сумын 3 дугаар баг, “Өндөр хамрын бууц” гэх газарт, нэгж талбарын 48 дугаарт өвөлжөө, хаваржааны зориулалтаар 5000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон ба захиргааны байгууллагаас газар эзэмших эрхийн 0000 дугаар гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх тухай 04822-2021/ дүгээр гэрээ байгуулснаар,
Д аймгийн Д сумын Д багийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 31 дугаар албан бичгээр “Д сумын Д багийн харьяат Д овогтой М /ЗЖ/ ам бүл 6 буюу эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд Д багт хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Г” ХХК-ийн Х нэртэй талбай буюу М хэмээх газарт жилийн дөрвөн улиралд байнгын малаа маллан амьдардаг бөгөөд тус хайгуулын талбайтай зэрэгцээ өвөлжөөний газар эзэмшдэг нь үнэн болно” гэх баримтаар тус тус тогтоогдож байна.
5. Энэ үйл баримт нь Газрын тухай хуулийн хүрээнд газар эзэмших гэрчилгээний дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хэрхэн хэрэгжүүлж буйтай холбоотой асуудал байна.
6. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Өргөдлийг хянан, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 244 дүгээр шийдвэрээр Д аймгийн Д сумын нутагт орших Х нэртэй 2671.32 га талбайд ашигт малтмал хайхыг зөвшөөрч, 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гурван жилийн хугацаатай ХV- дүгээр хайгуулын тусгай зөвшөөрлийг улсын бүртгэлийн 90******* тоот гэрчилгээтэй “Г” ХХК-д олгосноор хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нэр бүхий талбайд хамаарах хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит хугацааны төлбөрүүдийг төлж ирсэн, улмаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг нь ЕХ-******* дугаарт бүртгэж, тусгай зөвшөөрөл нь 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд хүчинтэй байхаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 148 дугаар шийдвэр, улмаар 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд хүчинтэй байхаар хариуцагчийн 2022 оны05 дугаар сарын 19-ний өдрийн 240 дүгээр шийдвэр тус тус гарсан болох нь хэрэгт авагдсан холбогдох бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
7. Энэ үйл баримт нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулиас өмнө хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд эрх бүхий байгууллагаас олгосон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу гуравдагч этгээд “Г” ХХК-ийн ашигт малтмал эрэх, хайх эрхийн харилцаатай холбоотой, уг эрхийг хэрхэн хэрэгжүүлж буй асуудал байна.
8. Ийнхүү Газрын тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч Д.Мгийн газар эзэмших эрхийн асуудал, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмших талаарх гуравдагч этгээд “Г” ХХК-ийн ашигт малтмал эрэх, хайх эрхийн асуудал нь тус тусдаа, тухай тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулиудаар хэрэгжиж, хуулийн дагуу гэж үзэхээр байна.
9. Гэвч газар эзэмшигч болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хооронд тухайн газарт нэвтрэн орох, дайран өнгөрөх, ашиглах талаар гарсан маргааныг Иргэний хууль болон Газрын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэхээр хуульчилсны дагуу бус өөрөөр хэлбэл, маргаан зүйл нь газар эзэмшигчийн газраар дамжиж дайран өнгөрөх, нэвтрэн орохтой холбоотой маргаагүй нь шүүхээс Газрын тухай хуулийг бус Ашигт малтмалын тухай хуулийг илүүтэйгээр тайлбарлаж хэрэглэх шаардлагатай болж байна.
10. Учир нь маргааны зүйл нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлуулахад ба ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийг хууль зөрчиж уг эрхийг олж авсан, өөрсдийнх нь эрхийг хөндсөн гэж нэхэмжлэгч үзэж байгаа.
11. Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.“Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал бол төрийн өмч мөн”, 5.2.“Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” гэж зааснаар Д аймгийн Д сумын нутаг, Х нэртэй газарт байрших эрхийг хуулийн шаардлага хангасан этгээдэд олгох эрх “Төр” болох хариуцагч захиргааны байгууллагад байна.
12. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14. “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих”, 11.1.15. “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах ... “, 11.1.16. ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх”, 11.1.17. “тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх” гэхчлэн бүрэн эрхүүдийг хуулиар хариуцагч захиргааны байгууллагад олгосон, түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2. “төрийн захиргааны байгууллага ... хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг хянаж, хугацаагаар сунгаж ...тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” зэргээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, уг тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх талаар шийдвэр гаргах үүрэгтэй байна.
13. Ашигт малтмалын газар/хуучин нэрээр/-ын 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн”Мэдэгдэл хүргүүлэх тухай” 6/9423 дугаар албан бичгээр Д аймгийн Засаг дарга С.О******* хандан “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн өргөдлийн бүртгэлийн NE-******* дугаарт бүртгэгдсэн “Г” ХХК-аас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдөл гаргасан бөгөөд Кадастрын хэлтсийн зураг зүйн болон мэдээллийн бүртгэлд шүүлт хийж үзэхэд Д аймгийн Д сумын Х нэртэй 2671.32 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой” гэх агуулга бүхий албан бичгийг хүргүүлсэн.
14. Дээрх албан бичгийн дагуу Д аймгийн Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Мэдэгдлийн хариу хүргүүлэх тухай” 15 дугаар албан бичгээр “Тухайн сумын Х нэртэй газарт 2671.32 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шалтгаануудаас дурдвал, Хайгуулын талбайд манай сумын эртнээс тахиж шүтэж ирсэн “Ц*******” суварга тахилгат уул байдаг бөгөөд сумын тусгай хамгаалалттай газар нутагт амьдардаг, тухайн талбайд 22 өрхийн 18 өвөлжөө, хаваржааны газрыг малчин өрхүүд байдаг бөгөөд эдгээр өрхийн нийт 11.0 мянга гаруй бог болон бод мал бэлчээрлэдэг, түүхийн үнэт өв “Ж*******” гэдэг сүм хийдийн туурь байдаг тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж байна” гэх хариуг Д аймгийн Засаг даргад хүргүүлснээр цааш нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хүргүүлсэн.
15. Ийнхүү дээрх албан бичгийг ирсний дараа “Г” ХХК-ийн зүгээс 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн албан бичгээр Ашигт малтмалын газарт хандан “Манай байгууллагын геологийн хайгуул хийхээр хүсэлт гаргасан талбай нь улсын тусгай хамгаалалтын болон аймаг сумын тусгай хэрэгцээний газарт ороогүй бөгөөд сумын ИТХ-ын даргын явуулсан албан бичигт уг талбай нь нутгийн иргэдийн тахидаг Ц******* овоо, Жадамбын хийдийн туурь орсон гэж дурдсан. Уг газрууд нь хайгуулын өргөдөл өгсөн талбайгаас урд болон зүүн урд зүгт 5-10 км зайтай оршдог тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгож өгнө үү” гэх хүсэлтийг дахин хүргүүлснээр,
16. Ашигт малтмалын газар/хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 244 дугаар шийдвэрээр Д аймгийн Д сумын Х гэх нэртэй газарт NE-******* дугаарт бүртгэгдсэн 2671.32 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэсэн талаар “Г” ХХК-ийн захирал Ө.Г*******т мэдэгдэж, 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гурван жилийн хугацаатай ХV- дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг олгожээ.
17. Иймд маргаан бүхий хайгуулын талбай нь ямар нэгэн хязгаарлалтад ороогүй буюу тусгай хэрэгцээний газар, ашигт матмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй, ямар нэгэн сонгон шалгаруулалтын нөхцөл шаардлагыг хангуулж байж шийдвэрлэх үүрэг хариуцагчид бий болоогүй, мөн гуравдагч этгээд “Г” ХХК нь Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээд болохыг Татварын албаны 15******* дугаар тодорхойлолтоор тогтоож, маргаан бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг гуравдагч этгээдэд олгосон нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
18. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5.2.“тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх”, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заахдаа “аймаг, сум, ... энэ хуулийн 16.1.1 буюу улсын тусгай хамгаалалттай газар, 16.1.6 буюу аймаг дундын отрын бэлчээр, 16.1.7 буюу улсын тэжээлийн сангийн хадлангийн талбай, 16.1.11 буюу бичил уурхайн зориулалтаар олгосон газрыг тус тус өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болохыг хуульчилсан бол, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4. “Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах” хэмээн нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд хадгалж, хэрэгжүүлэхээр хуульчилсан зохицуулалтын дагуух хориглогдсон газарт маргаан бүхий хайгуулын талбай нь шууд хамаарахгүй байгааг тэмдэглэв.
19. Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно” гэх заалтад хууль тогтоогчоос 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахдаа “...татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно” гэж өөрчлөлт оруулсныг, түүнчлэн мөн хуулийн “хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журам”-ыг зохицуулсан 18 дугаар зүйлийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, “өргөдлийг бүртгэх хянан шийдвэрлэх ажиллагаа”-г зохицуулсан 19 дүгээр зүйлийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсоныг тэмдэглэх нь зүйтэй.
20. Нэхэмжлэгчийн “...Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.-т зааснаар Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг Усны тухай хууль бүрдүүлэх ба мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2. “тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ” гэж зааснаар тусгай зөвшөөрөл авахаасаа өмнө саналыг авахаар тодорхой заасан байхад хариуцагчаас Захиргааны ерөнхий хуульд заасан үндсэн зарчмыг хангуулаагүй, нөхцөл байдлыг тогтоогоогүй, дээрх Усны тухай хуулийн 17.2-г зөрчсөн,
20.1. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7. “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” гэж заасан ба Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2. “байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ” гэж зааснаар энэ үнэлгээ байхгүй байхад тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн хариуцагчийн 244 дүгээр шийдвэр хүчингүй болгох ёстой...” гэх үндэслэл, тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй.
21. Учир нь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байхаас гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д заасанчлан тус хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршдог бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч иргэн Д.Мгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 244 дүгээр шийдвэрийн улмаас зөрчигдсөн үйл баримт тогтоогдоогүй, “байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, эрүүл аюулгүй орчинд амьдрах” Үндсэн хуульд заасан үндсэн эрхтэйгээ холбоотойгоор маргаж, уг эрхийг субьектив эрхийн нэгэн адилаар шүүхээр хамгаалуулах хуулийн боломжгүй болно.
22. Нэхэмжлэгч талын “цуцлуулах шаардлага нь зөвхөн 2016 оны үйл баримттай хамаарахгүй, түүнээс хойших хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо хянаж шалгах үүргээ хэрэгжүүлэхгүйгээр сунгаад байсан нь хууль бус” зэргээр маргасныг мөн хүлээн авах боломжгүй.
23. Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2. “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх бүх хугацаанд энэ хуулийн 7.1-д заасан нөхцөлийг хангасан байна”, 31 дүгээр зүйлийн 31.1. “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 32 дугаар зүйлийн 32.1. “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”, 32.2. “хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр хайгуулын талбайн гектар тутамд ...байна”, 33 дугаар зүйлийн 33.1. “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон тухайн талбайн гектар тутамд ...гүйцэтгэнэ”, 33.2. “хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг ... баталгаажуулна”, 33.3. “...газар дээр нь шалгана”, 56 дугаар зүйлийн 56.1. “төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална”, 56.1.1. “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангахгүй болсон”, 56.1.4. “тухайн жилд гүйцэтгэсэн хайгуулын ажлын зардал нь энэ хуулийн 33 дугаар зүйлд заасан ... хэмжээнээс бага бол” гэж заасныг хариуцагчаас хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан, шүүх хуралдаан дээр тайлбарласан үндэслэлээр тусгай зөвшөөрөл анх олгосон шийдвэрийг хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийг цуцлах боломжгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
24. Нөгөөтээгүүр, хариуцагчийн хэрэгжүүлсэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад гарсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг удаа дараа сунгасан шийдвэрүүд болон анх тусгай зөвшөөрлийг олгосон шийдвэрийн улмаас нэхэмжлэгч иргэний хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүх дүгнээгүй тохиолдолд нэхэмжлэгчээс хариуцагчийг хуульд нийцүүлэн ажиллаагүй, хуульд заасан хяналтыг хангаагүй зэргээр маргаж нэхэмжлэлээ хангуулах үндэслэлгүй, өөрөөр хэлбэл, хариуцагчийн хэрэгжүүлсэн захиргааны үйл холбогдох хуулийг зөрчсөн байлаа ч тухайн маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгчийн хуульд заасан субьектив эрх зөрчигдөөгүй, шүүхээс нэхэмжлэгчид сэргэх эрх байхгүй гэж үзсэн тохиолдолд нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж үзнэ.
25. Түүнчлэн энэ хэсгийн 18-д заасан дүгнэлт мөн энэхүү нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагыг хэрэгсэхгүй болгоход нэгэн адил хамааралтай болно.
26. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 11 дүгээр зүйлийн 11.1.15, 11.1.16, 22 дугаар зүйлийн 22.2, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан төлөөлөн нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 244 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, “Г” ХХК-д 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр олгосон ашигт малтмалын хайгуулын Х нэртэй XV- дугаар тусгай зөвшөөрлийг цуцлуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН