| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2025/00049/И |
| Дугаар | 141/ШШ2025/00065 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 141/ШШ2025/00065
| 2025 оны 03 сарын 24 өдөр | Дугаар 141/ШШ2025/00065 | Завхан аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхүүгээр тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тэлмэн сумын Өвөгдий баг хаягаар оршин суудаг Т овогт Б.Э-н нэхэмжлэлтэй Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Б.Э нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Б.Э миний бие 1985-1990 онд Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалант зам нэгдлийн Баянтэгш, Өгөөмөр бригадад малчин, худгийн моторчноор ажиллаж байсан. Тухайн үед би төрсөн эгч Б.Л-н хамт амьдардаг байсан. Миний жинхэнэ нэрийг Б гэдэг байсан гэх бөгөөд бага байхад маань ороолгон хүүхэд байсан тул нэрийг маань сольж Э гэж нэрлэсэн гэдэг. Намайг манай нутгийнхан Э нэрээр маань сайн мэдэхгүй харин Б нэрээр маань сайн мэднэ. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажиллаж байсан байдал шүүхээр тогтоолгох шаардлагатай байна.Иймд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдлийн Баянтэгш, Өгөөмөр бригадад малчин, худгийн моторчноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү... гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдлийн Баянтэгш, Өгөөмөр бригадад малчин, худгийн моторчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Т овогт Б.Э нь 1985 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар, 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдэлд худгийн моторчин, эрчим хүчний машинистаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан:
-Т овогт Б.Э-н /****************/ иргэний бүртгэлийн дугаар бүхий иргэний үнэмлэхийн лавлагаа,
-Б.Э-д Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдлээс 1985 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нээж олгосон ...ажилласан хоног, авсан хөлсийг 1985 оны 3, 6-10, 1986 оны 1, 3-5, 9-12, 1987 оны 1-12, 1988 оны 2, 3, 6, 10-12, 1989 оны 1-4, 1990 оны 4-10, 12 дугаар сарыг дуустал бичиж, олгов тэмдэг дарж баталгаажуулсан... хөдөлмөрийн дэвтэр дэх мэдээлэл,
-Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/218 дугаартай: ...1985-1990 онд Тэлмэн сумын Жаргалын зам нэгдлийн Баянтэгш, Өгөөмөр бригадад мал маллаж, худгийн моторчин байсан гэх Б.Б, суурийн ахлагч Б.Л нарын цалингийн тодорхойлолтыг олгов.
1985 онд 347,67 төг, 6-10 сар, Хуу № үгүй /Б.Л нэрээр/
1986 онд 749,50 төг, 1, 3-5, 9-12 сар, Хуу № үгүй /Б.Б нэрээр/
1988 онд 1204,25 төг, 2, 3, 6, 10, 11 сар, Хуу № үгүй /Б нэрээр/
1989 онд 801,90 төг, 1-4 сар, Хуу № үгүй /Б.Б нэрээр/
1990 онд 1422,57 төг, 4-6, 8, 9, 11 сар, Хуу № үгүй /Б.Б нэрээр/ гэжээ.
Жич: 1985-1990 онуудад хүн өдөр тооцоогүй байна. 1987 оны цалингийн цэсэд холбогдох баримт олдохгүй, 1985-1990 оны Нэгдлийн даргын тушаалд томилсон, чөлөөлсөн ээлжийн амралт, шагнал урамшуулал олгосон тухай тушаал олдохгүй байна... гэсэн лавлагааны хуулбар,
-Завхан аймгийн цагдаагийн газрын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ************** дугаартай: ...Цагдаагийн байгууллагын бүртгэл мэдээллийн санд Б.Э /***********/ нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан мэдээлэл бүртгээгүй байна... гэсэн тодорхойлолт,
-Б.Э нь 1988 оны 10 дугаар сарын 22-ны өдөр БНМАУ-ын хүн амын регистрийн дугаарын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: ...Ажилладаг байгууллага-Жаргалын зам нэгдэл, эрхэлдэг ажил-хоньчин, оршдог сум-Тэлмэн... гэсэн бичилт бүхий ХААТР 1 маягтын хуулбар,
-Б.Э нь 1987 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хаягийн хуудасны бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: ...Хаана ямар ажилтай-Завхан, Тэлмэн сумын Баянтэгш бригадад малчин... гэсэн бичилт бүхий иргэний хаягийн хуудас ХААТР 7 маягтын хуулбар,
-1990 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэрлэснийг бүртгэх анкетын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: ...Гэрлэсэн 1990 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ...нөхөр Б.Э, ...ажилладаг байгууллага-Эрчим хүч салбар, эрхэлдэг ажил-машинист... гэсэн бичилт бүхий ХААТР 15 маягтын хуулбар,
-Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ***************** дугаартай: ... Он: 1989, Аймаг/Хот: Завхан, Сум/Дүүрэг: Тэлмэн, Тэргүүлэгч өөрөө: Б.Э, Эх/эцэг: Л.Ц, Эгч/ах/дүү: Л.Т, Эгч/ах/дүү: Л.О, Эгч/ах/дүү: Б.Л... гэсэн лавлагаа,
-Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ********* дугаартай: ...Б.Э нь 1989-1990 онд Тэлмэн сумын Эрчим хүчний салбарт байсан тухайгаа тодруулахыг хүссэний дагуу архивын баримт шүүн үзэхэд: 1989-1990 оны Эрчим хүчний даргын тушаалд томилсон, чөлөөлсөн, 1989-1990 оны Тэлмэн сумын Эрчим хүчний салбарын цалингийн цэсэд холбогдох баримт олдохгүй байна... гэсэн лавлагааны хуулбар,
-Завхан аймгийн Тэлмэн сумын засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн тай: ...Тус сумын Өвөгдий багийн иргэн Б.Энх-Амгалан нь 1968 оноос 1989 оны хооронд тус суманд өөрийн ээж болон эгчтэйгээ хамт амьдардаг байсан нь үнэн болохыг тодорхойлов... гэсэн лавлагааны хуулбар,
-Завхан аймгийн Тэлмэн сумын засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай: ...Тус сумын Өвөгдий багийн иргэн ************* тоот регистртэй Б овогтой Э нь ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1985-1989 онд Тэлмэн сумын Жаргалын зам нэгдлийн Өгөөмөр бригадад ээж, эгчийн хамт Б овогтой Б нэртэйгээр мал маллаж байсан нь үнэн болохыг тодорхойлов... гэсэн лавлагааны хуулбар,
-Завхан аймгийн Тэлмэн сумын засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ******** дугаартай: ...Тус сумын Өвөгдий багийн иргэн ************ тоот регистртэй Б овогтой Б нь Жаргалын зам нэгдлийн Өгөөмөр бригадад 1989-1991 онд худгийн моторчноор ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлов... гэсэн лавлагааны хуулбар,
-Гэрч Л.Э: ...Намайг 1985 онд төгсөж ирэхэд Б.Э нь илгээлтээр гарчихсан мал маллаж байсан. Ээж нь өндөр настай Ц, эгч нь Л группт байдаг хүмүүстэй гурвуулаа мал малладаг байсан. Нутгийн хүмүүс Б.Э-г худгийн Б гэж дууддаг байсан. Миний бие 1985 онд нэгдлийн хэмжээнд бүх хүмүүсийн 70 дугаар дансыг хөтөлдөг байсан. Би Б.Эг Б гэж бичсэн. Үүнийг сүүлд буюу 1989 онд регистрийн дугаар олгоход Бг Б.Э гэдэг байсныг мэдсэн. Б.Э 1989 оны 10 дугаар сард Отэй гэр бүл болсон. Гэр бүл болсныхоо дараа малын эмчилгээ тэжээлийн цэгт худгийн моторчноор ажиллаж эхэлсэн. Би тухайн үед цалин, хөлсний нягтлангаар ажиллаж байсан. Б.Эн цалингийн цэсийг бүртгэдэг байсан. Б.Эн цалингийн цэсийг Б нэрээр 1985 оноос 1989 он хүртэл бүртгэсэн. Энэ хугацаанд Завхан аймгийн Тэлмэн сумын Өгөөмөр бригадад мал маллаж байсан. 1989 оноос 1991 он буюу нэгдэл хувьчлагдах хүртэл худгийн моторчноор ажилласан... гэсэн мэдүүлэг,
-Гэрч Ц.Рн: ...Намайг Жаргалын зам нэгдэлд тоо бүртгэгчээр ажиллаж байх үед Б.Э нь 1985 онд илгээлтээр гарч мал малласан. Тухайн үеийн тоо бүртгэгч нь цалин гаргадаг, түүхий эдийн тайлан гаргах, малын тооцоо бодох, мэдээ өгдөг ажил хийдэг байсан. Тухайн үед эр хонь 67 мөнгө, эм хонь 52 мөнгө, хуц 1 төгрөг, 30 мөнгө, төлөг 67 мөнгө, 1 адуу 1 төгрөг 20 мөнгөөр үнэлдэг байсан. Би тухайн үед Б.Э цалинг сар бүр боддог байсан учраас түүнийг 1985 оноос хойш мал маллаж байсныг сайн мэднэ. Б.Эг нутгийн иргэд Б гэж дууддаг байсан. Багадаа бие муудаад Б гэж нэртэй болсон санагдаж байна. Б.Э нь ээж, эгчтэй мал малладаг байсан. Би ажлынхаа хүрээнд ноос тушаах, малын тооцоо гаргах, түүхий эдийн төлөвлөгөөг нь гаргаж өгдөг байсан. Би нэгдлийнхээ айлуудаар сар бүр очдог байсан учраас түүнийг мал маллаж байсныг сайн мэднэ. Б.Э нь 1989 оноос 1991 он хүртэл худгийн моторчноор ажиллаж байсан. Худгийн моторчны цалин тусдаа бодогддог байсан. Б.Э нь худгийн моторчноор сард 120 төгрөгийн цалин авдаг байсан... гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин Б.Э нь 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдэлд ажиллаж байсан байдал нотлогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж, нэхэмжлэгч Т овогт Б.Э нь 1985 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар, 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдэлд худгийн моторчин, эрчим хүчний машинистаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан болохоо тогтоолгохоор нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Эс ирүүлсэн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т овогт Б.Э нь 1985 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар, 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдэлд худгийн моторчин, эрчим хүчний машинистаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан болохоо тогтоолгохоор нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН