Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 147

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Солонго, 

улсын яллагч Ш.Хосбаяр,

шүүгдэгч О.Д/өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/,

хохирогч О.Сүххуяг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тариат овгийн Отгонгэрэлийн Дорждэрэмд холбогдох эрүүгийн 1711012640041 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Тариат овгийн Отгонгэрэлийн Дорждэрэм, 1997 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын Багшийн их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт, Говьсүмбэр аймаг, Баянтал, 1-р баг Сансарын 1-59 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын 2-р баг, Уулзвар 2-11 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЦХ97020411.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч О.Днь Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд байрлах Их Бүрд караокед 2017 оны 1 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө О.Сүххуягийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч О.Дшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Хохирогч О.Сүххуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Тухайн өдөр ажиллаа хаах гээд байж байтал цэргийн он жав О.Днадруу залгаад дуудахаар нь би Баянбүрдэд байдаг түрээсийн байранд нь очихдоо нэг шил архи авч ороод хувааж уусан. Гэрт нь хоёр дүү нь байсан. Тэгээд гэрээс нь гараад караокед ороод юу болсныг санахгүй байгаа. Өглөө нь цагдаагийн газар сэрсэн. Би өөрт нь хэлсэн байгаа. Нэхэмжилсэн хохирлоос өөр гомдол санал байхгүй…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

   Гэрч О.Сумъяабазар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тэгээд Дорждэрэм ах за за болъё болъё наадах чинь унтчихлаа гээд Сүххуягийг аваад гарсан би араас нь нөгөө найз Отгонболдыг аваад гарсан. Тэгээд гадаа дөрвүүлээ зогсож байгаад Дорждэрэм ах хундага хагласан тооцоогоо хийчхээд ирье чи наад хоёроо аваад явж бай гэсэн. Тэгээд орсны дараа нь Сүххуягийг явъя ах гэсэн чинь явж чадахгүй, хөл дээрээ ч тогтож чадахгүй байхаар нь би Сүххуягийг орхичхоод Отгонболдыг аваад явсан. Тэгээд Отгонболдыг жаахан түшиж явж байгаад нөгөөдхийг нь аваад ирье гэж хэлээд Отгонболдыг орхичхоод Сүххуягийг авах гээд ирсэн чинь зодоон болчихсон байсан. Сүххуягийг амнаас нь цус гарсан байсан. Сүххуягийг О.Дах л зодсон...” гэжээ /хх-29/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 14101 дүгээр дүгнэлтэд:  

“1. О.Сүххуягийн биед хамар ясны болон таславчийн хугарал, мурийлт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний доод зовхи, баруун гуянд цус хуралт, зүүн хацар, дух, хамрын нуруу, баруун чихний дэлбэн, баруун гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.”  гэжээ /хх-20/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-43-45/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Шүүгдэгч О.Днь Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд байрлах Их Бүрд караокед 2017 оны 1 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө О.Сүххуягийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч О.Дорждэрэмийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч О.Дорждэрэмд ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав. 

Хохирогч О.Сүххуяг нь эмчилгээний зардал 485.600 төгрөгийг баримтаар нэхэмжилснийг шүүгдэгч О.Дорждэрэмээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тариат овгийн Отгонгэрэлийн Дорждэрэмийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дорждэрэмд 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Днь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч О.Дорждэрэмээс 485.600 төгрөгийг гаргуулж хохирогч О.Сүххуягт олгосугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Дорждэрэмд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН