Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 52

 

 

 

                                            

 2023          09           19                                       2023/ДШМ/52

 

Э.Алтансүхэд холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Э.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга С.Аззаяа нарыг оролцуулан,

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/169 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлийг үндэслэн Э.Алтансүхэд холбогдох эрүүгийн 23636001690180 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, Баяуд ургийн овогт Эрдэнийн Алтансүх, 1990 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл дөрөв, эмээ, эгч, ах нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын 12 дугаар (Цамбагарав) багийн 3-13 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: пэ90100231.

 

2. Шүүгдэгч Эрдэнийн Алтансүх нь 2023 оны 05 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын 02 (Баатархайрхан) багийн нутаг дэвсгэрт байрлах "Итгэлт" гэх бааранд үл ялих зүйлээр шалтаглан хохирогч 3. Өнербекийн толгойг шар айргийн шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

3.Ховд аймгийн Прокурорын газраас Э.Алтансүхийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Шүүгдэгч Баяуд ургийн овогт Эрдэнийн Алтансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Алтансүхийг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500'000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

4.3 Шүүгдэгч Э.Алтансүх нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж,

4.4 Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

4.5 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасан "... Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэх шаардлагыг хангаагүй байна.

5.2 Мөн түүнчлэн прокуророос шүүгдэгч Э.Алтансүхтэй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар ял тохиролцож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр саналыг гаргаж, шүүгдэгч зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байтал анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан "...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана." Гэснийг зөрчин шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хэдий хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлэх талаар шийтгэх тогтоолд тусгаагүй байна.

5.3 Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Э.Алтансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн атлаа уг торгох ялыг шүүгдэгч Э.Алтансүх нь ямар хугацаанд төлж барагдуулах, мөн түүнчлэн оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй, зайлсхийсэн тохиолдолд үүсэх эрх зүйн үр дагаврыг тогтоолд тусгаагүй, түүнд эрх үүргийг сануулаагүй, шүүхийн шийдвэр нь тодорхойгүй, ойлгомжтой бус, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээр бичигдсэн гэж үзэхээр байна.

Иймд Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/169 дугаар шийтгэх тогтоолд нэмж өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

2. Хэргийн мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.

3. Ховд аймгийн Прокурорын газраас “шүүгдэгч Эрдэнийн Алтансүхийг 2023 оны 5 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар /Баатархайрхан/ багийн нутаг дэвсгэрт байрлах “Итгэлт” гэх бааранд үл ялих зүйлээр шалтаглан хохирогч З.Өнөрбекийн толгойг шар айргийн шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

4. Шүүгдэгч Э.Алтансүх нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь “хохирогч З.Өнөрбекийн мэдүүлэг, шүүгдэгч Э.Алтансүхийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

4. Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Алтансүхийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.

 

5. Прокурор эсэргүүцэлдээ “...шүүх шүүгдэгч Э.Алтансүхэд торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн атлаа уг торгох ялыг шүүгдэгч ямар хугацаанд төлж барагдуулах, мөн түүнчлэн оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийсэн тохиолдолд үүсэх эрх зүйн үр дагаврыг тогтоолд тусгаагүй, түүнд эрх үүргийг сануулаагүй, шүүхийн шийдвэр тодорхойгүй, ойлгомжтой бус байх тул тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив” гэжээ

 

5.1 Анхан шатны шүүх шүүгдэгчид торгох ял шийтгэл ногдуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй гэх хуулийн заалтыг,

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэх хуулийн заалтуудыг тогтоох хэсэгтээ тус тус тайлбарлаж бичээгүй орхигдуулсан байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулж, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг удирдлага болгож, 

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/169 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Э.Алтансүхэд тайлбарласугай.гэсэн заалт нэмж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

           

 

 

 

       ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

                                                       ШҮҮГЧ                                         Д.КӨБЕШ

 

                   ШҮҮГЧ                                       М.НЯМБАЯР