Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 154

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг, 

улсын яллагч Т.Эрдэнэбат,

шүүгдэгч Б.Ннарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигон овгийн Бадамсүрэнгийн Нансалмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811001340116 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Бадамсүрэнгийн Нансалмаа, 1987 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой,  тогооч мэргэжилтэй, Боса импекс ХХК-д үйлчлэгч ажилтай, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 25-13 дугаар гудамжны 401 тоотод оршин суух,

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 203 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих шийтгүүлж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 384 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 24 хоногийн өмнө Өршөөлийн хуульд хамрагдан суллагдсан, регистрийн дугаар ЧА87103106.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Ннь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Алтжин Бөмбөгөр худалдааны төвийн сүү цагаан идээ зарж борлуулдаг лангуун дээрээс хохирогч Ц.Амарбаясгалангийн факстай байсан 700.000 төгрөг, LG К-4 загварын гар утсыг авсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Ннь шүүхийн хэлэлцүүлэгт: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйлгүй, хохирол төлбөрийг төлж барагдуулна…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

              Хохирогч Ц.Амарбаясгалан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр би Бөмбөгөр худалдааны төв дээр наймаа эрхлээд байж байхад баярын өдөр гээд эрт буюу 17 цагт хаахаар болоод лангууныхаа барааг цэгцлээд байж байсан. Би тэр үед мөнгө хийдэг факсаа тайлаад лангуутайгаа залгаа байдаг хөргөгчин дээрээ тавьчихсан байсан. Тэр өдөр манайхаас хамгийн сүүлд хоёр залуу тараг авсан. Тэр хоёр залуу надад 10.000 төгрөг өгөөд 8.000 төгрөгийн тараг аваад би хариултыг нь өгөх  гээд факсаа хайхад олдохгүй байхаар нь цүнхнээсээ 2.000 төгрөг аваад хариулж өгчхөөд дараа нь факсаа хайсан боловч олдоогүй. Би тэр өдөр 13-14 цагийн үед АТМ-ээр мөнгө шилжүүлээд үлдсэн бүхэл 5.000, 10.000, 20.000 төгрөгийн дэвсгэртээ тоолоход 425.000 төгрөг байсан. Тэрнээс хойш наймаагаа хийгээд орлогоо хийгээд байсан. Миний бодож байгаагаар 700.000 гаруй мянган төгрөг байсан гэж бодож байна. Мөн миний фасканд LG К-4 маркийн гар утас байсан… ” гэжээ /хх-14/.

              Гэрч Г.Амаржаргал мэдүүлэхдээ: “...Он гараад 1 дүгээр сарын 2-ны өдөр ирэхэд Нансалмаа нэг LG маркийн гар утас барьчихсан байсан. Тэгэхээр нь Нансалмаагаас ямар учиртай утас юм бэ. Хаанаас ийм утастай болчихсон юм бэ гэж асуухад ажлын газрын хүнээс авсан юм гэсэн. Тэгэхээр нь би утсыг нь сонирхоод өөрийн 88129722 дугаартай сим картаа хийж 2 хоног барьж байгаад буцаагаад Нансалмаад өгсөн юм. Тэгсэн сүүлд хоол ундны мөнгө төгрөг хэрэг болоод байсан чинь Нансалмаа ажиллаасаа ирэхдээ тэр гар утсыг зараад хоол хүнс аваад ирсэн байсан...” гэжээ /хх-17/.

Эд зүйлийн үнэлгээ /хх-31/.

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-30/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-24/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ннь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Алтжин Бөмбөгөр худалдааны төвийн сүү цагаан идээ зарж борлуулдаг лангуун дээрээс хохирогч Ц.Амарбаясгалангийн факстай байсан 700.000 төгрөг, LG К-4 загварын гар утсыг авч, 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Нансалмааг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн болно.

Мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй гэж үзэв.  

Хохирогч Ц.Амарбаясгаланд учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул нийт 850.000 төгрөгийг Б.Нансалмаагаас гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ннь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Бадамсүрэнгийн Нансалмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нансалмаад 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Нансалмаагаас 850.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Амарбаясгаланд олгосугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нансалмаад хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН