Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 53

 

 

 

                                               

2023       10           17                                       2023/ДШМ/53

 

М.Саруул-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор М.Берикбол, шүүгдэгч М.Саруул-Эрдэнэ түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар, Ж.Энхжаргал, шүүгдэгч Н.Эрдэнэбат түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, Н.Оюунчимэг, шүүгдэгч Ц.Нарантуяагийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/180 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Саруул-Эрдэнэ түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Хуягбаатар, шүүгдэгч Н.Эрдэнэбат түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын давж заалдах гомдлыг үндэслэн М.Саруул-Эрдэнэ, Н.Эрдэнэбат, Ц.Нарантуяа нарт холбогдох эрүүгийн 1936003380091 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1.Монгол улсын иргэн, Тарвагатайхан овогт Мөнх-Очирын Саруул-Эрдэнэ, 1982 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цагдаагийн ажилтан, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Баганат өргөө 18 айлын орон сууцны 4 тоотод оршин суух, Ховд аймгийн Цагдаагийн газрын Хэв журам хамгаалах тасгийн даргаар ажиллаж байсан, одоо хувиараа бизнес эрхэлдэг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, 2 өрөө орон сууц, суудлын авто машин нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 2000000 төгрөг, РДПБ 82122819.

 

2. Монгол улсын иргэн, Тайвнаахан овогт Нямаагийн Эрдэнэбат, 1988 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагчийн мэргэжилтэй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 06-14 тоотод оршин суух, Ховд аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаагаар ажилладаг, гэр нэг, авто машин нэгийн 3000000 төгрөг, урьд хөрөнгөтэй, сарын өрхийн орлого эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД ПЖ 88102718.

 

3. Монгол улсын иргэн, Нүцгэд овогт Цэрэнгийн Нарантуяа, Баян-Өлгий аймгийн Булган суманд 1972 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 51 настай, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, эмэгтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг хувиараа мал малладаг, ам бүл-5, нөхөр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Булган сумын 6 дугаар багт оршин суух, 400 толгой мал, гэр нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 550000 төгрөг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:БД 72020808.

 

4.1 Шүүгдэгч М.Саруул-Эрдэнэ нь Нийтийн албан тушаалтан буюу Ховд аймаг Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргаар ажиллаж байхдаа яллагдагч Ц.Нарантуяагийн хүү Б.Болдбаатарыг Ховд аймаг дахь Цагдаагийн газарт ажилд оруулах ашиг сонирхлыг хангах зорилгоор албаны чиг үүрэг буюу албан тушаалын тодорхойлолтын зорилго, зорилт, чиг үүргийн 2.6 дахь хэсэгт заасан тасгийн бүтэц, орон тоо, шаардагдах хүн хүч, техник, тусгай хэрэгслийн судалгаа хийх, шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлж, Ц.Нарантуяагийн хүү Б.Болдбаатарыг Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмын тасгийн харуулын томилуулахаар судалж, холбогдох материалыг хүргүүлсний хариуд, өөрийн цагдаагаар Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа ажилтай Н.Эрдэнэбатаар дамжуулж, 4000000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж, 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр иргэн Б.Эрдэнэбатаар дамжуулан Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт байрлах Барилгын материалын гадна өөрийн эзэмшлийн 97-79 ХОҮ улсын дугаартай "Тоёота харриер загварын тээврийн хэрэгсэл дотор бэлнээр 3000000 төгрөгийн хахууль авсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан.

 

4.2 Шүүгдэгч Н.Эрдэнэбат нь нийтийн албан тушаалтан буюу Ховд аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаагаар ажиллаж байхдаа өөрийн эхнэрийн хамаатан Ц.Нарантуяагийн хүү Б.Болдбаатарыг ажилд оруулж өгөх ашиг сонирхлыг хангах зорилгоор өөрийн ажиллаж буй тасгийн дарга М.Саруул-Эрдэнэд санал болгох, М.Саруул-Эрдэнийн Б.Болдбаатарыг цагдаагаар томилуулах талаар судалж томилуулахаар шийдвэрлэсний хариуд 4000000 төгрөгийн хахууль өгөхийг Ц.Нарантуяагаас шаардсаныг гүйцэлдүүлж, Ц.Нарантуяагаас 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 2000000 төгрөг, 09 дүгээр сарын 05-ны өдөр 2000000 төгрөг, нийт 4000000 төгрөгийг өөрийн эхнэр Л.Цэцэгсүрэнгийн Хаан банкан дахь 5028495133 тоот 2 дансаар дамжуулан, Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны 5866 салбараас Л.Цэцэгсүрэнгээр бэлнээр 3000000 төгрөгийг гаргуулан авч тус банкны М.Саруул- Эрдэнийн эзэмшлийн 97-79 ХОУ улсын дугаартай "Тоёота харриер" загварын тээврийн хэрэгсэл дотор 3000000 төгрөгийн хахууль өгөгч Ц.Нарантуяагийн нэрийн өмнөөс түүнд өгч хахууль өгөх гэмт хэрэгт урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан.

 

4.3 Шүүгдэгч Ц.Нарантуяа нь өөрийн хүү Б.Болдбаатарыг Ховд аймаг дахь Цагдаагийн газарт ажилд оруулах зорилгоор тус Цагдаагийн газрын Нийтийн хэв журмын тасгийн дарга М.Саруул-Эрдэнийн албаны чиг үүрэг буюу албан тушаалын тодорхойлолтын зорилго, зорилт, чиг үүргийн 2.6 дахь хэсэгт заасан тасгийн бүтэц, орон тоо, шаардагдах хүн хүч, техник, тусгай хэрэгслийн судалгаа хийх, шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах... албан тушаалын байдалтай нь холбогдуулан, тус цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа Н.Эрдэнэбатаар дамжуулан 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 2000000 төгрөг ажилтай, өөрийн 09 дүгээр сарын 05-ны өдөр 2000000 төгрөг нийт 4000000 төгрөгийн хахууль өгсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

5.Ховд аймгийн Прокурорын газраас Ц.Нарантуяагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, М.Саруул-Эрдэнэийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Нямаагийн Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

6. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

6.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Ц.Нарантуяагийн 1 дүгээр хавтаст хэргийн 21-22 дугаар тал дахь гэрчээр өгсөн мэдүүлэг, мөн шүүгдэгч Н.Эрдэнэбатын 1 дүгээр хавтаст хэргийн 58-60 дугаар дахь гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтийг хангаж, гэрч С.Нямдоржийн 5 дугаар хавтаст хэргийн 49 дүгээр тал дахь мэдүүлгийг нотлох баримтаар Тооцохгүй байх хүсэлтийг хангахаас татгалзаж,

6.2 Шүүгдэгч Тарвагатайхан овогт Мөнх-Очирын Саруул-Эрдэнийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг хэрэгжүүлсний хариуд хахууль авсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч Тайвнаахан овогт Нямаагийн Эрдэнэбатыг нийтийн албан тушаалтан хахууль өгсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч Нүцгэд овогт Цэрэнгийн Нарантуяаг хахууль өгсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

6.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Тарвагатайхан овогт Мөнх-Очирын Саруул-Эрдэнийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний найман сая төгрөгөөр торгох ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Тайвнаахан овогт Нямаагийн Эрдэнэбатад нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан сая төгрөгөөр торгох ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйл 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Нүцгэд овогт Цэрэнгийн Нарантуяад нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан сая төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

6.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Саруул-Эрдэнэд оногдуулсан 8000000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Н.Эрдэнэбатад оногдуулсан 6000000 төгрөгийн торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч Ц.Нарантуяад оногдуулсан 6000000 төгрөгийн торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож,

6.5 Эрүүгийн 1936003380091 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ц.Нарантуяагийн хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж,

6.6 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Саруул-Эрдэнээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 4000000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлж,

6.7 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Саруул-Эрдэнэ, Н.Эрдэнэбат, Ц.Нарантуяа нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч нарт тайлбарлаж, шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ял, Торгох ял, хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгч нарын оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болох Ховд болон Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,

6.8 Шүүгдэгч Н.Эрдэнэбатын / ПЖ 88102718/ өмчлөлийн NHW203239292 арлын дугаар бүхий 89-69 XOY улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн, Ховд аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 81 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шүүгдэгч М.Саруул-Эрдэнийн / ПБ 82122819 / өмчлөлийн NHW 203417789 арлын дугаар бүхий 22-62 ХОЕ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 80 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай.... тогтоолыг тус тус торгох ял, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл тус тус хэвээр хэрэглэж,

6.9 Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчин төгөлдөр болох ба шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

6.10 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

7. Шүүгдэгч Н.Эрдэнэбат түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

7.1.  Шүүгдэгч Н.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хэрэгт гэрчийн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтаар тогтоогдоогүй байдаг. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудал бүрэн нотлогдоогүй байхад Н.Эрдэнэбатыг гэм буруутайд тооцож 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсанд гомдолтой байна.

7.2 Анхан шатны шүүхийн 2023 оны 07 сарын 24-ний өдрийн 180 тоот шүүхийн Шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж тогтоож чадаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Ц.Нарантуяагийн 1 хавтаст хэргийн 21-22 дугаар талд гэрчээр өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Н.Эрдэнэбатын 1 дүгээр хавтаст хэргийн 58-60 дугаар талд гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцоогүй атлаа ямар нотлох баримтыг үндэслэн гэм буруутайд тооцоод байгаа нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

8.Шүүгдэгч М.Саруул-Эрдэнэ түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар, Ж.Энхжаргал нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

8.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй.

Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2-д"... Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол"...гэх хуульчилжээ. Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар М.Саруул-Эрдэнийг татах нь хууль зүйн үндэслэлгүй юм. Шүүгдэгч М.Саруул-Эрдэнэ нь Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргын албан тушаалтай. Албан тушаалын тодорхойлолтод тодорхой тусгагдсан байна.

Монгол Улсын иргэнийг цагдаагийн албан хаагчаар томилох эрх зүйн харилцааг тусгагдсан байна. Цагдаагийн албаны тухай хууль болон уг хуульд нийцүүлэн батлагдсан цагдаагийн байгууллагын хүний нөөцийн журмаар зохицуулдаг. Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.11-т зааснаар Цагдаагийн төв байгууллагын дарга нь хүний нөөцийн бодлого боловсруулж, алба хаагч, ажилтныг сургаж бэлтгэх, тэдний мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авах, мэргэшлийн зэрэг олгох эрх хэмжээтэй. Иймд 1Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ. Гэрч Н.Эрдэнэбатын мэдүүлэгт"...Болдбаатар нь 2018 оны 11 сард надтай бүртгэгдсэн байсан"...би тухайн үед Саруул-Эрдэнэ даргад "Манай хэв журам хамгаалах тасагт цагдаагийн орон тоо байгаа юу, манай эхнэрийн хамаатны залуу Ховд аймгаас судлагдаад шалгалтад орж тэнцсэн боловч ажилд орж чадахгүй байна, нөөцөд бүртгэлтэй байгаа, та ямар нэгэн орон тоо гарвал бодож байгаарай, та Болдбаатарыг судлаад үзээрэй" гэж хэлсэн. Түүнээс хойш 2 хоногийн дараа Саруул- Эрдэнэ дарга Болдбаатарын овог нэр, регистрийн дугаарыг явуулчих судлаад үзье гэж хэлсэн юм. Би Болдбаатар луу яриад 99091174 дугаарын утас руу өөрийн овог, нэр Дугаарыг явуулаарай гэж хэлсэн. Түүний маргааш нь Саруул-Эрдэнэ над руу утсаар залгаад Болдбаатарыг надтай уулзуулаарай гэж хэлсэн. Саруул-Эрдэнэ дарга надад Болдбаатарыг шилжүүлэхэд 4 сая төгрөг шаардлагатай Гэхдээ үүнийг Болдбаатарт өөрт нь хэлж болохгүй, ээжид нь хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд Нарантуяа эгч манай эхнэрийн данс руу 4 сая төгрөг шилжүүлсэн...Саруул-Эрдэнэ дарга 97-79 хоа улсын дугаартай Харрьер маркийн машиндаа ганцаараа сууж байсан. Тэгээд би Саруул- Эрдэнэ даргад 3.0 сая төгрөгийг гаргаад бэлнээр өгөөд манай эхнэр 1000000 төгрөгийг нь өмнөх зээлдээ суутгаад авчихлаа гэж хэлсэн... "гэж мэдүүлжээ.

 8.2. Гэрч Ц.Нарантуяагийн мэдүүлэгт"... Би өөрийн хадам ээж Төмөрөөд өөрийн хүү Болдбаатарыг ажилд оруулахын тулд 4.0 сая төгрөг хэрэгтэй байна гэдгийг хэлсэн. Би итгэмжлэл хийлгэсэн болохоор би өөрөө сумынхаа Төрийн банканд очоод тэтгэврийн зээл авсан. Тэгэхэд банкны эдийн засагч нь судлаад 2.0 төгрөгийн зээл олгох боломжтой байна гэж хэлсэн. Төмөрхуягт бол харин Болдбаатарыг ажилд оруулах гэж байгаа талаараа хэлээгүй. Зүгээр л 2.0 сая төгрөг зээлдчихээд гэж хэлсэн"...гэх мэдүүлэг авагджээ.

8.3 Монгол Улсын иргэнийг цагдаагийн албан хаагчаар томилох эрх зүйн харилцааг Цагдаагийн албаны тухай хууль болон уг хуульд нийцүүлэн батлагдсан цагдаагийн байгууллагын хүний нөөцийн журмаар зохицуулдаг. Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.11-т зааснаар Цагдаагийн төв байгууллагын дарга нь хүний нөөцийн бодлого боловсруулж, алба хаагч, ажилтныг сургаж бэлтгэх, тэдний мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авах, мэргэшлийн зэрэг олгох эрх хэмжээтэй байна.

8.4 Хуулийн дээрх заалтын дагуу Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржавын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/248 дугаар тушаалаар "Хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх журам", "Албан тушаалд томилох болзол, шаардлага, шалгуур"-ыг тус тус батлан мөрдүүлжээ. “Хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх журам"-ын 900.3.2-ын г-д "Цагдаагийн төв байгууллагын хүний нөөц, сургалтын ажил хариуцсан нэгж нь цагдаагийн бага цолны болон тодорхой албан тушаалд томилогдох иргэн, албан хаагчийг талаар хийсэн судалгааг хянаж, зөвшөөрөл олгох эсэх асуудлыг судалж, шийдвэрлэнэ", "Албан тушаалд томилох болзол, шаардлага, шалгуур"-ын 901.3.1-т "Ажлын байрны шаардлага хангаж, мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэнийг цагдаагийн бага цолны албан тушаалд томилох асуудлыг цагдаагийн төв байгууллагын хүний нөөц, сургалтын ажил хариуцсан нэгжийн зөвшөөрлийг үндэслэн алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга, дунд болон түүнээс дээш дээш цолны албан тушаалд ажиллах алба хаагчийг төв байгууллагын дарга тус тус томилно" гэжээ. Монгол улсын Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын 900.3.4 Цагдаагийн төв байгууллагын харьяа цагдаагийн алба, нэгж, нутаг дэвсгэр, хариуцсан цагдаагийн байгууллагын даргын эрх үүрэг гэж байдаг.

а/ цагдаагийн төв байгууллагын даргын эрх олгосны дагуу Хүний нөөц, сургалтын ажил хариуцсан нэгжээс өгсөн зөвшөөрлийг үндэслэн цагдаагийн бага цолны болон энгийн орон тоонд ажиллах алба хаагч, ажилтныг томилох, тэдэнтэй үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээ байгуулах, 6 цагдаагийн төв байгууллагын даргын эрх олгосны дагуу энэ зүйлийн "а"-д заасан алба хаагч, ажилтныг албан тушаалд дэвшүүлэх, чөлөөлөх, халах,

в/ өөрийн удирдлагад цагдаагийн бага цолны албан тушаалд ажиллаж байгаа алба хаагчийг цагдаагийн дунд, ахлах цолны албан тушаалд дэвшүүлж, цол олгох талаар зохих журмын дагуу санал гаргах болон бусад эрхүүд байна.

8.5 Гэтэл яллагдагч М.Саруул-Эрдэнэ нь Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргаар ажилладаг бөгөөд хүний нөөцийн удирдлагатай холбоотой шийдвэр гаргах буюу албан хаагч томилох, тэдэнтэй үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээ байгуулах эрх хэмжээ байхгүй байна. Энэ нь хавтаст хэрэгт гэрч Н.Бямбажав, гэрч Ж.Хуанган, гэрч Б.Батзаяа, нарын мэдүүлэг болон ажлын байрны тодорхойлолт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдоно.

8.6  Яллагдагч М.Саруул-Эрдэний хувьд Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргын албан тушаалтай бөгөөд бусдыг ажил албан тушаалд томилдог эрх бүхий албан тушаалтан биш юм. 6. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дугаар зүйлийн 3.1.4-т "нийтийн албан тушаалтан" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг"4 дүгээр зүйлийн 4.1-т "Энэ хуулийн үйлчлэлд Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна" Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т "төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан", Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-т "цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын офицер, ахлагч нь төрийн тусгай албан хаагч" байдаг. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд М.Саруул-Эрдэнийг нийтийн албан тушаалтан гэж үзэхээр байх боловч тэдний хэн аль нь хүний нөөцийн удирдлагатай холбоотой шийдвэр гаргах буюу албан хаагч томилох эрх хэмжээгүй байна.

8.7 Шийтгэх тогтоолд ".. Шүүгдэгч Тарвагатайхан овогт Мөнх-Очирын Саруул-Эрдэнийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгч Тайвнаахайн овогт Нямаагийн Эрдэнэбатыг нийтийн албан тушаалтан хахууль өгсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч Нүцгэд овогт Цэрэнгийн Нарантуяаг хахууль өгсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Тарвагатайхан овогт Мөнх-Очирын Саруул-Эрдэнийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний найман сая төгрөгөөр торгож гэм буруутайд тооцсонд гомдолтой байна.

8.8 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3. гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байхад яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэнд гомдолтой байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3-д Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаагүйд гомдолтой байна. Иймд Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 2023/ШЦТ/180 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч М.Саруул-Эрдэнийг цагаатгаж өгнө үү гэжээ.

 

9. Шүүгдэгч Н.Эрдэнэбатын өмгөөлөгч Н.Оюунчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Н.Эрдэнэбатын үйлдэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй байгаа тул Н.Эрдэнэбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.

 

10. Шүүгдэгч Ц.Нарантуяагийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Ц.Нарантуяа болон миний зүгээс давж заалдах гомдол гаргаагүй. Миний үйлчлүүлэгч хахууль өгөөгүй тул Ц.Нарантуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

11.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул “хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй” байна.

3. Шүүгдэгч М.Саруул-Эрдэнэ нь Нийтийн албан тушаалтан буюу Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргаар ажиллаж байхдаа “Ц.Нарантуяагийн хүү Б.Болдбаатарыг Ховд аймаг дахь Цагдаагийн газарт ажилд оруулах ашиг сонирхлыг хангах зорилгоор албаны чиг үүрэг буюу албан тушаалын байдлын тодорхойлолтын зорилго, зорилт, чиг үүргийн 2.6 дахь хэсэгт заасан “...тасгийн бүтэц, орон тоо, шаардагдах хүн хүч, техник, тусгай хэрэгслийн судалгаа хийх, шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах” албаны чиг үүргээ хэрэгжүүлж,  Ц.Нарантуяагийн хүү Б.Болдбаатарыг Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн харуулын цагдаагаар томилуулахаар судалж, холбогдох материалыг хүргүүлсний хариуд, өөрийн Нийтийн хув журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа Н.Эрдэнэбатаар дамжуулж, 4,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж, 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр иргэн Б.Эрдэнэбатаар дамжуулан Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт байрлах Барилгын материалын дэлгүүрийн гадна өөрийн эзэмшлийн 97-79 ХОҮ улсын дугаартай Тоёота харриер загварын тээврийн хэрэгсэл дотор бэлнээр 3,000,000 төгрөгийн хахууль авсан,

Шүүгдэгч Н.Эрдэнэбат нь Нийтийн албан тушаалтан буюу Ховд аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаагаар ажиллаж ажиллаж байхдаа өөрийн эхнэрийн хамаатан Ц.Нарантуяагийн хүү Б.Болдбаатарыг ажилд оруулж өгөх ашиг сонирхлыг хангах зорилгоор өөрийн ажиллаж буй тасгийн дарга М.Саруул-Эрдэнэд санал болгох, М.Саруул-Эрдэнийн Б.Болдбаатарыг цагдаагаар томилуулахаар шийдвэрлэсний хариуд 4,000,000 төгрөгийн хахууль өгөхийг Ц.Нарантуяагаас шаардсаныг гүйцэлдүүлж, Ц.Нарантуяагаас 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөг, 9 дүгээр сарын 6-ны өдөр 2,000,000 төгрөг нийт 4,000,000 төгрөгийг өөрийн эхнэр Л.Цэцэгсүрэнгийн Хаан банк дахь  5028495133 тоот дансаар дамжуулан, Хаан банкны 5866 салбараас Л.Цэцэгсүрэнгээр бэлнээр 3,000,000 төгрөгийг гаргуулан авч тус банкны эсрэг талд байрлах Барилгын материалын дэлгүүрийн гадна М.Саруул-Эрдэнийн эзэмшлийн 97-79 ХОҮ улсын дугаартай “Тоёота харриер” загварын тээврийн хэрэгсэл дотор 3,000,000 төгрөгийг хахууль өгөгч Ц.Нарантуяагийн нэрийн өмнөөс  түүнд өгч хахууль өгөх гэмт хэрэгт урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн,

Шүүгдэгч Ц.Нарантуяа нь өөрийн хүү Б.Болдбаатарыг Ховд аймаг дахь Цагдаагийн газарт ажилд оруулах зорилгоор тус Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга М.Саруул-Эрдэнийн албаны чиг үүрэг буюу албан тушаалын тодорхойлолтын зорилго, зорилт, чиг үүргийн 2.6 дахь хэсэгт заасан “...тасгийн бүтэц, орон тоо, шаардагдах хүн хүч, техник, тусгай хэрэгслийн судалгаа хийх, шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах” албан тушаалын байдалтай холбогдуулан, тус Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа ажилтай, өөрийн хамаатан Л.Цэцэгсүрэнгийн нөхөр Н.Эрдэнэбатаар дамжуулан 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөг, 9 дүгээр сарын 6-ны өдөр 2,000,000 төгрөг нийт 4,000,000 төгрөгийн хахуул өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 Үүнд:Гэрч Б.Болдбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Маргааш нь 9 дүгээр сарын 11-ний өдөр ирэхэд шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах харуулын цагдаагаар томилж цагдаагийн ахлагч цол өгсөн. Тухайн өдрөөс эхлэн ажилласан. 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр манай аав Б.Бямбасүрэн над руу залгаад  ”чамайг ажилд оруулахын тулд ээж чинь Н.Эрдэнэбат ахад чинь 4 сая төгрөг өгсөн байна” гэхээр нь би ээж рүү залгаж “яах гэж хүн амьтанд мөнгө өгч байгаа юм бэ удахгүй ахын хурим болох гэж байгаа мөнгө хэрэгтэй шүү дээ мөнгөө буцааж ав” гэж уурласан. Тэгтэл ээж “ажилд орсон л бол болоо ш дээ мөнгө төгрөг олдох байлгүй дээ” гэж хэлээд уйлсан. Би “мөнгөө буцааж ав ажлаасаа гарлаа” гэж хэлсэн чинь “эмээ чинь чамайг ажилд оруулахын түүс болж байна” гэж хэлсэн. Н.Эрдэнэбат ахаасаа мөнгө төгрөг битгий нэхээрэй гэсэн. Удалгүй цагдаагийн газраас хүмүүс ирээд тайлбар авсан. Би болсон зүйлийн талаар бүгдийг тайлбарласан” гэх мэдүүлэг / 1хх-ийн 19-20х/,

Гэрч Б.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “... Би бодохдоо “тийм хурдан ажилд орохгүй, хэн нэгэнд хахууль өгч байж ажилд орсон байх, түүнийг манай эхнэр Ц.Нарантуяа надаас нууж байна л” гэж бодсон. Надад манай эхнэр Ц.Нарантуяа уг 4 сая төгрөгийг Н.Эрдэнэбатад өгсөн гэж хэлсэн. Харин Н.Эрдэнэбат нь тэр мөнгийг нь М.Саруул-Эрдэнэд өгсөн эсэхийг би мэдэхгүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 10-12х/,

Гэрч А.Төмөрхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Манай эгч Ц.Нарантуяа нь 2019 оны 9 дүгээр сарын эхээр надад мөнгө хэрэгтэй байна гэхээр нь Хаан банкнаас малчны зээл аваад шимтгэл нь хасагдаад 1,900,000 төгрөгийг эгчийнхээ данс руу шилжүүлсэн. Уг зээлийг төлж өгөөгүй. Харин зээл төлөх мөнгийг эхлээд төлж байгаа, үлдсэнийг нь төлж өгнө гэсэн. Харин 2019 оны 9 дүгээр сарын сүүлээр Б.Болдбаатарыг ажилд оруулахад хахууль өгсөн асуудлаар шалгагдаж байгаа талаар хэлсэн. Би тухайн мөнгийг хахуульд өгнө гэсэн бол мөнгө зээлэхгүй байсан. Би тухайн мөнгийг Ц.Нарантуяа эгчийн данс руу шилжүүлсэн. Би өөрийн дансны дугаарыг мэдэхгүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 14-15х/,

Ахадын Төмөрхуягийн Хаан банкны 5184129608 тоот дансанд зээл олголтоор 2019 оны 9 дүгээр сарын 4-ны өдөр 2,000,000 төгрөгийн орлого орсон, мөн 9 дүгээр сарын 4-ний өдөр 5184103157 тоот данс руу 1,978,000 төгрөгийг Төмөрхуягаас 98435702 гэсэн утгаар шилжүүлсэн тухай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 29х/,

Шүүгдэгч Ц.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Л.Цэцэгсүрэнгийн данс руу 4 сая төгрөг шилжүүлсэн. Тухайн мөнгийг өөрийн хүү Б.Болдын хуриманд зарцуулах гэж шилжүүлсэн. Би Н.Эрдэнэбатад “Миний хүү Б.Болдбаатарыг ажил оруулахын тулд мөнгө хэрэгтэй болбол чиний эхнэрийн данс руу шилжүүлсэн 4 сая төгрөгөөс хэрэглээрэй” гэж хэлсэн. Н.Эрдэнэбат надад Б.Болдбаатарыг Улаанбаатар хотоос Ховд аймаг руу шилжүүлэхэд мөнгө төгрөг хэрэгтэй болж магадгүй гэж хэлсэн.  Хэн тэгж хэлснийг мэдэхгүй. Би 2 сая төгрөгийг өөрийн төрсөн дүү А.Төмөрхуягаас зээлж аваад Л.Цэцэгсүрэнгийн данс руу шилжүүлсэн. Үлдсэн 2 сая төгрөгийг өөрийн хадам ээжийн тэтгэврийн зээл авч Л.Цэцэгсүрэнгийн данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /3хх-ийн 58-61х/,

Цэрэнгийн Нарантуяагийн Хаан банкны 5184103157 тоот дансанд 2019 оны 9 дүгээр сарын 4-ны өдөр “Нарантуяа-с 98241960” гэх гүйлгээний утгатай 2,000,000 төгрөгийн, мөн “Төмөрхуяг-с 98435702” гэх гүйлгээний утгатай 1,978,000 төгрөгийн орлого тус тус орсон. Мөн тухайн данснаас 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 11.17 цагт 5028495133 тоот данс руу “98241760” гэсэн гүйлгээний утгатай 2,000,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 09.31 цагт 5028495133 тоот данс руу “98241760” гэсэн гүйлгээний утгатай 2,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн тухай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 30х/,

Гэрч Л.Цэцэгсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “... манай хамаатан Ц.Нарантуяа миний Хаан банкны данс руу 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 2 сая төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 2 сая төгрөг шилжүүлсэн. Тухайн үед М.Саруул-Эрдэнэ нь 2019 оны 8 дугаар сард манай нөхөр бид хоёроос 2 сая төгрөг зээлж авсан. М.Саруул-Эрдэнэ дарга Б.Болдбаатарыг ажилд оруулахын тулд 4 сая төгрөг хэрэгтэй гэж байгаа талаар манай нөхөр Н.Эрдэнэбат надад хэлсэн. Би Н.Эрдэнэбатад аав, ээжид нь хэл гэж хэлсэн. Манай нөхөр Н.Эрдэнэбат нь Б.Болдбаатарын ээжид түүнийг ажилд оруулахад мөнгө хэрэгтэй талаар хэлсэн байсан. 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр манай нөхөр Н.Эрдэнэбат нь М.Саруул-Эрдэнэ дарга нөгөө 4 сая төгрөгөө өг гэж байна, данснаасаа гаргаад өг гэсэн. Тэгэхээр нь би зээлж авсан 2 сая төгрөгөөс 1 сая төгрөгийг суутгаж аваад 3 сая төгрөгийг нь Хаан банкнаас бэлнээр гаргаж нөхөртөө өгсөн. Манай нөхөр миний дэргэд М.Саруул-Эрдэнэ дарга руу утсаар ярихад “Сод засварын хажууд машинтайгаа ирсэн байна, тийшээ явъя” гэж хэлсэн. Тэгээд би машинаа жолоодоод нөхөртэйгөө хамт Сод засварын урд талд очиход М.Саруул-Эрдэнэ дарга өөрийн “Тоёота харриер” машинтайгаа ирсэн, машиндаа ганцаараа сууж байсан. Тэгээд манай нөхөр 3 сая төгрөгийг шортныхоо карманд хийгээд М.Саруул-Эрдэнэ даргын машинд орж суусан. Би цааш дэлгүүрийн бараа авахаар яваад 20-30 минутын дараа нөхрөө ирж авсан. Тэгэхэд манай нөхөр шортныхоо карманд мөнгөгүй ирсэн” гэх мэдүүлэг /2хх-ийн 4-6х/,

Лхагважавын Цэцэгсүрэнгийн Хаан банкны 5028495133 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 182-190х/,

Гэрч Н.Бямбажавын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “... М.Саруул-Эрдэнэ нь Б.Болбаатарыг ажилд томилуулахын тулд эхний удаад миний өрөөнд орж ирэхдээ “манай нутгийн ах гуйгаад байна” гэж хэлсэн. Түүний дараа үдээс хойш дахин нэг удаа миний өрөөнд орж ирээд Б.Болдбаатарыг хэрхэн судлагдаж байгаа талаар асуусан юм. Би цэргийн штаб руу утсаар ярьсан юм. Тэгээд л М.Саруул-Эрдэнэ миний хажууд сууж байгаад “болно” гэдэг хариу сонсоод миний өрөөнөөс гарсан юм” гэх мэдүүлэг /1хх-ийн 25-27х/,

Гэрч Ё.Дамдины мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “... Би албан тоот боловсруулж Н.Бямбажав даргаар өөрөөр нь хянуулж, гарын үсэг зуруулж явуулсан. Тэгээд зохих зөвшөөрлүүд ирсний үндсэн дээр Б.Болдбаатарыг харуулын цагдаагаар томилсон” гэх мэдүүлэг /1хх-ийн 23-24х/,

Гэрч  Ё.Дамдины мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр дахин өгсөн “...Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга нь тус цагдаагийн газрын даргын зөвлөлийн гишүүн байдаг. ...зөвлөлийн гишүүний хувьд цагдаагийн газрын даргын зөвлөлөөр хүний нөөцийн болон удирдлага зохион байгуулалтын талаар асуудал хэлэлцүүлэх, санал гаргах, зөвлөлийн хурлаар шийдвэрлэх асуудалд санал өгөх эрхтэйгээр оролцдог. Б.Болдбаатарыг өөрийн тасагт томилуулахаар санал гаргах эрхтэй. Энэ нь албаны чиг үүргээ хэрэгжүүлж байгаа явдал юм. М.Саруул-Эрдэнэ нь 2018 оны 5 дугаар сараас 2019 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд газрын даргын зөвлөлийн гишүүн байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 7-9х/,

Шүүгдэгч Н.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “... машинд сууж байхад М.Саруул-Эрдэнэ дарга 1 сая төгрөг дутуу байна гэж уурлаж байгаад надаас 3 сая төгрөг аваад машиныхаа голын хайрцагт хийсэн” гэх мэдүүлэг /3хх-ийн 23-26х/,

Шүүгдэгч М.Саруул-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “... Н.Эрдэнэбат нь 2019 оны 8 дугаар сарын үед надтай уулзаад манай төрөл садангийн Б.Болдбаатар гэх залуу байгаа, нөөцөд бүртгэгдсэн байгаа, түүнийг ажилд томилуулах дээр дэмжлэг, туслалцаа үзүүлээч гэж хэлсэн” гэх мэдүүлэг /3хх-ийн 43-47х/ зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

4. Анхан шатны шүүх шүүгдэгч М.Саруул-Эрдэнийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч Н.Эрдэнэбатыг нийтийн албан тушаалтан хахууль өгсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч Ц.Нарантуяаг хахууль өгсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны ба үндэслэл бүхий болсон, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

5. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Саруул-Эрдэнийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман сая төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эрдэнэбатын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан сая төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нарантуяагийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь “шүүх хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

6. Шүүгдэгч М.Саруул-Эрдэнэ түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар нар нь “Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга М.Саруул-Эрдэнэ нь хүний нөөцийн удирдлагатай холбоотой шийдвэр гаргах буюу алба хаагчийг томилох эрх хэмжээгүй тул түүнийг цагаатгаж өгнө үү” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

6.1 Хэрэгт авагдсан дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Саруул-Эрдэнэ нь Нийтийн албан тушаалтан буюу Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргаар ажиллаж байхдаа албаны чиг үүрэг буюу албан тушаалын байдлын тодорхойлолтын зорилго, зорилт, чиг үүргийн 2.6 дахь хэсэгт заасан “...тасгийн бүтэц, орон тоо, шаардагдах хүн хүч, техник, тусгай хэрэгслийн судалгаа хийх, шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах” албаны чиг үүргээ хэрэгжүүлж,  шүүгдэгч Ц.Нарантуяагийн хүү Б.Болдбаатарыг Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн харуулын цагдаагаар томилуулахаар судалж, холбогдох материалыг хүргүүлсний хариуд, 4,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж, шүүгдэгч Н.Эрдэнэбатаар дамжуулж 3,000,000 төгрөгийн хахууль авсан болох нь нотлогдон тогтоогдсон байна.

Түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд харин Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга нь хүний нөөцийн удирдлагатай холбоотой шийдвэр гаргах буюу алба хаагчийг шууд томилох эрх хэмжээтэй байсан эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.

Иймд шүүгдэгч М.Саруул-Эрдэнэ түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. Шүүгдэгч Н.Эрдэнэбат түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нар нь “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэхийг хүссэн” давж заалдах гомдол гаргажээ.

7.1 Шүүгдэгч Н.Эрдэнэбат нь “Нийтийн албан тушаалтан буюу Ховд аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаагаар ажиллаж ажиллаж байхдаа өөрийн эхнэрийн хамаатан шүүгдэгч Ц.Нарантуяагийн хүү Б.Болдбаатарыг ажилд оруулж өгөх ашиг сонирхлыг нь хангах зорилгоор өөрийн ажиллаж буй тасгийн дарга М.Саруул-Эрдэнэд Ц.Нарантуяагийн нэрийн өмнөөс 3,000,000 төгрөгийг хахууль өгсөн болох нь дээр дурдсан хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, тэдгээрийн дипозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

7.2 Хэдийгээр шүүх шүүгдэгч Ц.Нарантуяагийн 1 дүгээр хавтаст хэргийн 21-22 дугаар талд гэрчээр өгсөн мэдүүлэг, мөн шүүгдэгч Н.Эрдэнэбатын 1 дүгээр хавтаст хэргийн 58-60 дугаар талд гэрчээр өгсөн мэдүүлгийг тус тус нотлох баримтаар тооцоогүй боловч хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар “хэргийн үйл баримт” тогтоогдож байгаа талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан байдлаар бичигдсэн байх тул “шийтгэх тогтоол ойлгомжгүй байна” гэх гомдол хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд шүүгдэгч Н.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Дээр дурдсан үндэслэлээр “шүүгдэгч М.Саруул-Эрдэнэ түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар, шүүгдэгч Н.Эрдэнэбат түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй” гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/180 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Саруул-Эрдэнэ болон түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар, шүүгдэгч Н.Эрдэнэбат түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ,

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Н.ТУЯА

 

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            С.ӨМИРБЕК

 

                                                    ШҮҮГЧ                                           М.НЯМБАЯР