Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 197/ШШ2025/01367

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 18

197/ШШ2025/01367

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ,,, тоот хаягт оршин суух, Б овогт П-гийн Б,

 

Хариуцагч: ,,, тоот хаягт оршин суух, О овогт С-ын Г,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 733,500 төгрөг гаргуулах тухай,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Урантэс нар оролцов. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Хариуцагч С.Г нь ,,, тоот орон сууцыг эзэмшиж, ашигладаг бөгөөд 2023 оны 6 дугаар сарын 15-ны шөнө түүний эзэмшлийн орон сууцны ариун цэврийн өрөөний угаалгын машины уян хоолой цоорч ус алдан, нэхэмжлэгч П.Б-ийн өмчлөлийн ,,, тоот орон сууцны гал тогооны өрөөний хана, таазны замака, эмульс норж, обой хуурсан болох нь хэрэгт авагдсан Орон сууц, нийтийн аж ахуйн ,,, ХХК-ийн тодорхойлолт, үзлэгийн тэмдэглэл, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгч нь учирсан хохирлын хэмжээг тогтоолгохоор ,,, үнэлгээ ХХК-иар үнэлгээ хийлгэж, учирсан хохирлын хэмжээ 673,500 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 60,000 төгрөг, нийт 733,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

4. Хариуцагч нь ус тасарсан байгаад ирэхдээ огцом өндөр даралттай ирснээс уян холбоос задарсан, хохирлын хэмжээ нь бодит хохирлоос өндөр тогтоогдсон гэж маргаж байна.

5. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар эд зүйлийг өмчилж буй этгээд нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын эрхийг зөрчиж болохгүйгээс гадна бусдын эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүрэгтэй байдаг. Түүнчлэн Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар орон сууцны инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид эвдрэл, гэмтэл гарсан тухай бүр оршин суугч буюу өмчлөгч нь эрх бүхий мэргэжлийн байгууллагад нэн даруй мэдэгдэх үүрэг хүлээсэн.

6. Хариуцагч нь өмчлөлийн зүйлээ ашиглахдаа анхаарал болгоомжтой хандаж, эд хөрөнгөдөө засвар үйлчилгээ хийлгэх, сольж сайжруулах, эвдрэл гэмтэл гарсан даруйд мэргэжлийн байгууллагад мэдэгдэх, шаардлагатай арга хэмжээ авах зэргээр өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авсан талаараа нотолж чадвал түүнийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар хариуцлагаас чөлөөлөх боломжтой.

7. Гэвч хариуцагч гэм буруугүйгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нотолж чадаагүй, ус алдсан шалтгаан өөрөөс нь хамаараагүй болохыг нотолж чадахгүй байх тул орон сууцны өмчлөгч буюу хариуцагчС.Г нь нэхэмжлэгч П.Б-ийн өмчлөлийн орон сууцанд учирсан эд хөрөнгийн хохирлыг бүхэлд нь хариуцах үүрэгтэй байна.

8. Хэрэгт ,,, үнэлгээ ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 3 дугаартай хохирол үнэлгээний тайлангаар нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцанд учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээг 673,500 төгрөг гэж тогтоосон байх бөгөөд хариуцагч нь хохирлын хэмжээний талаар маргасан боловч баримтаар няцааж чадаагүй, нэхэмжлэгч засвар үйлчилгээ хийгээгүй байх тул Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 733,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

9. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас нөхөн гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн  115.2.1, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг баримтлан хариуцагч С.Г-аас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 733,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Б-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,142 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 22,142 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 


                      

                   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     Ч.МӨНХЦЭЦЭГ