Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 169

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг, 

улсын яллагч А.Нямсүрэн,

шүүгдэгч Т.Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхцэцэг нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Төмөрбаатарын Баттөмөрт холбогдох эрүүгийн 1711001320026 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Төмөрбаатарын Баттөмөр, 1990 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, Орхон аймаг, Жаргалант сумын 2 дугаар баг, Жаргалант 11 дүгээр байр 13 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ТЛ90040374.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Т.Б нь 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мэн тэ алт мөнгөний дарханы газарт 16.4 граммтай монетон гинж үзэж байгаад авч зугтан хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж авсан гэмт хэрэгт холбогджээ.     

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүргэн ахынхаа машиныг барьж явж байгаад нойрмоглоод Ланд 200 машиныг мөргөөд 8 сая төгрөгийн өрөнд орсон. Тэгээд хохирол төлбөрийг төлөх гээд ажил хийж байгаад цалингаа авч чадаагүй. Би тухайн өдөр өөрийнхөө мөнгөн гинжийг автобус унааны мөнгө болгох гэж уг ломбарданд орсон. Тэгээд олон хүн байсан болохоор эзнийг нь анзаарахгүй гэж бодоод гинжийг нь аваад явсан. Миний буруу. Дахин ийм хэрэг хийхгүй…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

              Хохирогч С.Алтанцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мэн тэ нэртэй алт мөнгөний дарханд худалдагчаар ажилладаг юм. 2017 оны 7 дугаар сарын 5-ны өглөө 10 цаг 10 минутын үед ажил дээрээ ирэхэд дарханаар ажилладаг БНХАУ-ын иргэн Ши Бо Хуа ажил дээрээ ирсэн ажлаа хийгээд сууж байсан. Ингээд орж ирэхэд хятад дархан хүний ээмэг бөгж хийгээд байж байхаар нь би хажуунаас нь орчуулга хийж өгөөд зогсож байсан. Намайг орчуулга хийгээд зогсож байхад гаднаас нэг залуу ирээд лангуун дотор байгаа эд зүйлийг сонирхоод зогсож байсан. Тэгээд өнгөө залуу эгчээ гинж үзэх гэсэн юм гэхээр нь очоод аль гинжийг үзэх вэ гээд асуухад лангуун дотор байсан 856.000 төгрөгийн үнэтэй гинжийг үзье гэхээр нь аваад өгсөн. Тэгсэн чинь нөгөө залуу танай дэлгүүр граммыг нь 80.000 төгрөгөөр боддог юм уу гэж асуусан. Тухайн асуусан гинж нь 8 орчим граммтай гинж байсан. Тэгснээ энэ сэнжний сүлжээс нь онцгүй юм байна гээд буцаагаад өгсөн. Ингээд түүний доод талд нь байсан 16.4 граммтай монетон гинжийг заагаад үзье гэхээр нь тэр залууд аваад өгсөн доошоо байгаа юм гэхээр нь хэдээр авах юм бэ 6000 төгрөг хасаад 1.290.000 төгрөгөөр худалдаж ав гэсэн чинь үзэж байгаад шууд гинж аваад зугтаад гараад явсан. Тэгэхээр нь би тэр залуугийн араас нь гараад хөөсөн чинь Хаан банкны урдуур гүйгээд 2 шар байрны дундуур ороод зугтаасан. Ингээд би араас нь гүйгээд 2 байрны дундуур ороод үзэхэд зугтаад алга болсон байсан. Тэр хавиар гүйгээд хайсан боловч нөгөө залууг олж чадаагүй. Ингээд шууд цагдаад дуудлага өгсөн. ...Надад одоо гомдол санал байхгүй, миний гинжийг авч зугтсан гэх залуугийн төрсөн ах болох Д.Батзориг болон өмгөөлөгч нараас өөрийн өргөдөлдөө нэхэмжилсэн 1.296.000 төгрөгөө бүрэн гүйцэд хүлээн авсан болно...” гэжээ /хх-20-26х/.   

              Эд зүйлийн үнэлгээ /хх-52/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11-12/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-15-18/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-47-50/,        

              Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-53/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-65/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Б нь 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мэн тэ алт мөнгөний дарханы газарт 16.4 граммтай монетон гинж үзэж байгаад авч зугтан хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч Т.Бийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Харин шүүгдэгч Т.Бийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэх боломжтой гэж үзэв.

Хохирогч С.Алтанцэцэг нь “…Надад одоо гомдол санал байхгүй, миний гинжийг авч зугтсан гэх залуугийн төрсөн ах болох Д.Батзориг болон өмгөөлөгч нараас өөрийн өргөдөлдөө нэхэмжилсэн 1.296.000 төгрөгөө бүрэн гүйцэд хүлээн авсан болно...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Т.Б нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч нь хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн зүйлгүй болно. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Төмөрбаатарын Баттөмөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бт  3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Т.Бт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН