Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 54

 

 

2023        10           17                                        2023/ДШМ/54

 

А.Маамаад холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Э.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/198 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн А.Маамаад холбогдох эрүүгийн 2336001770194 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн Дөнгөөхөн ургийн овогт Адуучийн Маамаа, 1992 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт Ховд аймгийн Зэрэг сумын 01 дүгээр (Гүвээ) багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: пе92072818.

 

2. Шүүгдэгч А.Маамаа нь 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 20 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын 04 дүгээр (Бугат) багийн 23- 09 тоот хашаанд байх хадам ээж буюу хохирогч Б.Цэцэгсүрэнгийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Цэцэгсүрэнтэй тухайн үеийн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар биед нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

3.Ховд аймгийн Прокурорын газраас А.Маамаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Алтанцэцэгээс шүүгдэгч А.Маамаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,

4.2 Шүүгдэгч Дөнгөөхөн ургийн овогт Адуучийн Маамааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 4.3 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Маамааг 800 (найман зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800'000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 4.4 Энэ хэрэгт холбогдуулан шүүгдэгч А.Маамааг баривчлаагүй, цагдан хориогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж,

4.5 Шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй болохыг дурдаж, хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдэж,

4.6. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

4.7 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5. Прокурорын эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 Шийтгэх тогтоолыг 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцээгүй, эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, хуулийн шаардлагад нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

5.2 Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын хүрээнд хохирогч нь шүүгдэгч А.Маамаагийн хадам эх буюу Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1,5-д зааснаар төрлийн хүн гэх ойлголтод хамаарах ба тэдгээр нь нэг гэрт амьдардаггүй, гэр бүлийн гишүүд гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж дүгнэж зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн байна. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4-д “гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг" хэлнэ гэжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэдэгт тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг; мөн тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү хамаарна гэсэн байх бөгөөд хамтран амьдрагчийн эцэг, эх нь уг хуулийн үйлчлэлд хамаарахаар байна. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 3.1.5-д "Төрлийн хүн" гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг ойлгохоор байгаа бөгөөд эндээс үзэхэд хохирогч Б.Цэцэгсүрэн нь А.Маамаагийн гэр бүлийн гишүүн гэх ойлголтод хамаарч байгаа бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан гэр бүлийн бусад гишүүн гэх ойлголтод хамаарч байх тул А.Маамаа нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

5.3  Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасан "...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэх шаардлагыг хангаагүй байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч А.Маамаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн атлаа уг торгох ялыг шүүгдэгч А.Маамаа ямар хугацаанд төлж барагдуулах, мөн түүнчлэн оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй, зайлсхийсэн үүсэх эрх зүйн дагаврыг тогтоолд тусгаагүй, түүнд эрх үүргийг сануулаагүй, шүүхийн шийдвэр нь тодорхойгүй, ойлгомжтой бус, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээр бичигдсэн гэж үзэхээр байна.

Иймд Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/198 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Хэргийн мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.

3. Ховд аймгийн Прокурорын газраас “шүүгдэгч Адуучийн Маамааг 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 20 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын 4 дүгээр /Бугат/ багийн 23-09 тоот хашаанд байх хадам ээж буюу хохирогч Б.Цэцэгсүрэнгийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Цэцэгсүрэнтэй тухайн үеийн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар биед нь халдаж хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь нотлогдсон” гэж дүгнэн түүнийг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Шүүгдэгч А.Маамаа нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь “хохирогч Б.Цэцэгсүрэн, гэрч Д.Боргил нарын мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

5. Анхан шатны шүүх шүүгдэгч А.Маамаад холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.

6. Прокурор эсэргүүцэлдээ “ Анхан шатны шүүх шүүгдэгч А.Маамаагийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг хууль буруу тайлбарлаж хөнгөрүүлэн өөрчилсөн нь шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болж байна. Мөн шүүх шүүгдэгч А.Маамаад торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн атлаа уг торгох ялыг шүүгдэгч ямар хугацаанд төлж барагдуулах, мөн түүнчлэн оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийсэн тохиолдолд үүсэх эрх зүйн үр дагаврыг тогтоолд тусгаагүй, түүнд эрх үүргийг сануулаагүй, шүүхийн шийдвэр тодорхойгүй, ойлгомжтой бус түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээр бичигдсэн байна.

Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.

6.1 Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбар болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж “шүүгдэгч А.Маамаагийн хадам эх хохирогч Б.Цэцэгсүрэнг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд биш” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч А.Маамаа нь Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багт мал маллаж амьдардаг, харин хохирогч Б.Цэцэгсүрэн нь Ховд аймгийн Жаргалант сумын 4 дүгээр /Бугат/ багийн 23-09 тоот хашаанд өөрийн гэртээ амьдардаг болох нь тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч А.Маамаагийн хохирогч Б.Цэцэгсүрэнтэй тухайн үеийн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар биед нь халдаж хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж хүндрүүлэх зүйлчлэх эрх зүйн үндэслэл тогтоогдоогүй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6.2 Харин анхан шатны шүүх шүүгдэгчид торгох ял шийтгэл ногдуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэх хуулийн заалтыг,

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэх хуулийн заалтуудыг тогтоох хэсэгтээ тус тус тайлбарлаж бичээгүй орхигдуулсан байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулж, “прокурорын эсэргүүцлийн энэ хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй” гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг удирдлага болгож, 

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/198 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан А.Маамаад тайлбарласугай.” гэсэн заалт нэмж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангасугай.

 

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

           

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

                   ШҮҮГЧ                                       М.НЯМБАЯР