Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2016/01232

 

Н.Батжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2016/00358 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1614 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Н.Батжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Батлан хамгаалах яамны харьяа “Бөртэ” ТӨҮГ-т холбогдох

Урд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 880 025 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах, ээлжийн амралтын олговор гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Д.Дуламсүрэнгийн гомдлыг үндэслэн, 

Танхимын тэргүүн Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “... Улсын Дээд шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2016/001/73 тоот тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангаж “Бөртэ” ТӨҮГ нь 2016 оны 06 дугаар сарын 08-ны Б/64 тоот тушаалаар ажилд эгүүлэн томилж, 2015 оны 06 дугаар сарын 02-ноос 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх 5 сар 6 хоногийн цалинд 3 704 347 төгрөгийг олгосон. Шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ажилд эгүүлэн томилсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар 6 сар 21 хоногийн цалин 4 880 025 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалыг нөхөн төлж бичилт хийлгэх, 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 79, 55 дугаар зүйлийн заалтыг үндэслэн ээлжийн амралтын олговорт 580 341 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “... Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ/2016/001/73 тоот тогтоол гарсныг хариуцагч тал хэрэгжүүлсэн. Н.Батжаргалтай 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр харилцан тохиролцож “Бөртэ” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 6/64 тоот тушаалаар Хүний нөөц, нийгмийн ажилтны орон тоонд ажиллуулах шийдвэр гарч, 5 сар 6 хоногийн цалин 3 704 347 төгрөгийг олгосон. Дээрх шүүхийн шийдвэрээр олгосон 3 704 347 төгрөгнөөс Н.Батжаргалын 2015 оны 6 сард ажлаас гарахдаа тооцуулан авсан 580 341 төгрөгийн ээлжийн амралтын олговрын мөнгийг хасч тооцоогүй байна. “Бөртэ” ТӨҮГ-ын бүтэц орон тоонд Батлан хамгаалах Сайдын 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/208 тоот Орон тоо батлах тухай тушаалаар өөрчлөлт орсон. Уг бүтцээр Хүний нөөцийн мэргэжилтэн гэсэн орон тоо байхгүй болсон ба Н.Батжаргалын ажлын байр, цалингийн сан байхгүй болсон тул 2015 оны 12 сар, 2016 оны 1-5 дугаар саруудын цалин, ээлжийн амралтын олговор 4 880 025 төгрөгийг олгох боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2016/00358 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 55 дугаар зүйлийн 55.1, 79 дүгээр зүйлийн 79.1-т заасныг баримтлан хариуцагч “Бөртэ” Төрийн өмчит үйлдвэрийн газраас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 822 230 /дөрвөн сая найман зуун хорин хоёр мянга хоёр зуун гуч/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Батжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 57 795 төгрөгт холбогдох хэсгийг, ээлжийн амралтын олговорт 580 341 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч “Бөртэ” Төрийн өмчит үйлдвэрийн газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т эаасныг баримтлан хариуцагч “Бөртэ” Төрийн өмчит үйлдвэрийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 92 106 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1614 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2016/00358 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Бөртэ” Төрийн өмчит үйлдвэрийн газраас 4 797 703 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Батжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 662 663 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “92 106” гэснийг “91 713” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1,3-т зааснаар хариуцагч “Бөртэ” Төрийн өмчит үйлдвэрийн газар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Дуламсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Н.Батжаргалын өмнө гаргасан нэхэмжлэлийн дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2015 оны 11 дугээр сарын 11-ны өдрийн 7662 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны 1708 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ/2016/001/73 дугаар тогтоолоор Н.Батжаргалыг хүний нөөцийн ажилтнаар эргүүлэн томилж 5 сар 6 хоногийн цалин болох 3 704 347 /гурван сая долоон зуун дөрвөн мянга, гурван зуун дөчин долоо/ төгрөгийг олгож шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Иймд хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэр биелүүлэх, санхүүгийн эх үүсвэр байхгүй тул дараах гомдлыг гаргаж байна. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.07.27-ны өдрийн 182/ШШ2016/00358 дугаар шийдвэрт “Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч түүний эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэсэн” нь хариуцагч талын оролцоогүй шийдвэр гаргасан байна. “Бөртэ” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2016.07.28-ны Б/78 тоот итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхзулын ээлжийн амралтын олговрыг олгох тушаал, ээлжийн амралт олгох тухай мэдэгдэх хуудсын хамт шүүхэд нотлох баримтаар өгсөн нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэж байна. Мөн Нийслэлийн Иргэнийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 сарын 21-ний өдрийн хуралд хариуцагчийн өмгөөлөгчийг шүүх хуралд оролцуулах, хурлыг хойшлуулах, хүсэлт гаргасан боловч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй. Энэ нь хариуцагчийн эрх, хууль ёсны эрх ашгийг хамгаалан шүух хуралдаанд оролцох эрхийг олгоогүй гэж үзэж байна. “Бөртэ” ТӨҮГ-ын бүтэц орон тоонд Батлан хамгаалах Сайдын 2015.07.16-ны өдрийн А/208 “Орон тоо батлах тухай” тушаалаар өөрчлөлт орсон. Уг бүтцээр Хүний нөөцийн мэргэжилтэн гэсэн орон тоо өөрчлөгдөж нэхэмжлэгч Н.Батжаргалын ажлын байр, цалингийн сан огт байхгүй болсон. Энэ нь Монгол улсын “Төсвийн тухай” хуулийн 16 дугаар зүйл, 16.5.3-д “Батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажилчдын цалин хөлсийг тогтоох” зааснаар төсвийн шууд захирагч, түүний бүрэн эрхийн хүрээнд “Бөртэ” ТӨҮГазар шууд захирагдан үйл ажиллагаа явуулдаг. Тус үйлдвэр үйл ажиллагааны орлогоосоо санхүүжин тухайн жилд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээ, орлого, зардал цалингийн сангийн хэмжээг БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын баталсан төлөвлөгөөний дагуу захиран зарцуулж ажлын үр дүнг тооцон ажилладаг. Иймд Н.Батжаргалын нэхэмжилсэн 6 сарын олговор болох 4 797 703 төгрөг олгох цалингийн санд тусгагдаагүй, санхүүгийн эх үүсвэр байхгүй болно. Үйлдвэрийн 2016 оны цалингийн санд нэмж тусгах боломжгүй байна. Энэ нь Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Бөртэ” ТӨҮГ-ын захиралтай хийсэн гэрээний 4.6 дахь заалтанд тусгасны дагуу үйлдвэрийн газрын тухайн жилийн төлөвлөгөөтэй уялдуулж захирлын захиран зарцуулах зардлын хэмжээг батлаж өгсөн байдаг. Төлөвлөгөөнөөс илүү зарцуулах зардлыг гаргах эрх дээрх гэрээний дагуу зөвхөн БХЯ-ны сайдын эрх үүрэгт хамрагдаж байна. Иймд дээрх байдлуудыг харгалзан үзэж, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Н.Батжаргал нь “...2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 7662 дугаар шийдвэр гарснаас хойших 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 6 сар, 21 хоногийн цалин 4 880 025 төгрөг, ... ээлжийн амралтын олговрыг гаргуулах... ” гэсэн үндэслэлээр “Бөртэ” ТӨҮГ-с 5 402 571 төгрөг шаардсаныг хариуцагч зөвшөөрөөгүй маргажээ.

Анхан шатны шүүх Н.Батжаргалын нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ хариуцагч 2015-11-11-ний өдрөөс 2016-06-08 өдрийг хүртэл 6 сар 18 хоногийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 822 230 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзсэн байна. Давж заалдах шатны шүүх 6 сар 18 хоногийн олговорт 4 797 703 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

“Бөртэ” ТӨҮГазрын ерөнхий захирал 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр А/50 дугаар тушаалаар Н.Батжаргалыг ажлаас халсанаар ажил олгогчийн тушаалтай холбоотой маргаан үүсч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 7662 дугаартай шийдвэрээр Н.Батжаргалыг “Бөртэ” ТӨҮГазрын хүний нөөцийн ажилтны ажилд эгүүлэн тогтоожээ. Ажил олгогч уг шийдвэрийн дагуу Н.Батжаргалыг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн ажилуулах тухай Б/64 дүгээр тушаалыг гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ... олгох”-оор заасан ба мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх нөхцөлийг тодорхойлсон тул нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор шаардах эрхтэй байна.

Н.Батжаргал дүүргийн шүүхийн 7662 дугаар шийдвэр гарсан 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс ажилд авах ажил олгогчийн тушаал гарсан 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртлэх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 4 822 230 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 580 341 төгрөг гаргуулах гомдлын шаардлагыг 2016 оны 06 дугаар сарын 16-ний өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасан хугацааг зөрчөөгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтанд тулгуурлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорыг хариуцагчаас гаргуулж, харин энэ хугацааны ээлжийн амралтын олговор гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 36, 69, 55, 129 дүгээр заалтын холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 6 сар 18 хоногоор тооцож хариуцагчаас 4 797 703 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэгт авагдсан, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1614 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Д.Дуламсүрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 92 106 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АМАРСАЙХАН

 

              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР