Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 403

 

Э.Э, Э.З- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Э.З-, түүний өмгөөлөгч С.Ганхөлөг, шүүгдэгч Э.Э-ийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Улсбаяр, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 311 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 368 дугаар магадлалтай, Э.Э, Э.З- нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Э.З-, түүний өмгөөлөгч С.Ганхөлөг, шүүгдэгч Э.Э-ийн өмгөөлөгч Ч.Болдбаатар нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Э-ийн З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Э-ын Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Э.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.З-д холбогдох эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх нэг жилийн хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Э.Э-д 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Э.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Шүүгдэгч Э.Э- нь 10,000,000 төгрөг хохирогч Э.З-д, 2,653,000 төгрөг насанд хүрээгүй хохирогч У.Э-ын хууль ёсны төлөөлөгч Б.У-т тус тус нөхөн төлсөн болохыг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З-аас 2,653.307 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч У.Э-ын хууль ёсны төлөөлөгч Б.У-т, 9,695,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Р.Х-д, иргэний хариуцагч Р.Х-аас 19,813,000 төгрөг гаргуулж хохирогч Э.З-д тус тус олгож, иргэний нэхэмжлэгч Р.Х-ын 10,305,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Хохирогч Э.З-, насанд хүрээгүй хохирогч У.Э-ын хууль ёсны төлөөлөгч Б.У нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний хариуцагч Р.Х, гэм буруутай этгээд болох Э.Э нараас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Э.Э-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж,

9 дэх заалтыг “шүүгдэгч Э.З-аас 2,653,307 төгрөг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч У.Э-ын хууль ёсны төлөөлөгч Б.У-т олгосугай.” гэж тус тус өөрчилж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Э- нь энэ хэрэгт нийт 59 хоног цагдан хоригдсоныг дурдаж, түүнийг нэн даруй суллаж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч Э.З- гаргасан гомдолдоо “...Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт би шүүгдэгч Э.Э-ийн тухай яагаад ярьснаа сайн мэдэхгүй байна. Ослоос хойш тогтмол эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд осолд орж ой санамжаа алдах, заримдаа хэлж байгаа зүйлийнхээ учир холбогдлыг өөрөө ч ойлгохгүй болсон. Миний хувьд ... Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтыг зөрчөөгүй. Тухайн өдөр Э.Э- урсгал ...сөрж миний урдаас орж ирээгүй бол осол болохгүй байсан. Үүнээс болж эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохироод байна. Гэтэл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхээс ...уг заалтыг зөрчсөн гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг тал бүрээс нь шинжлэн судлалгүй хэргийн бодит үнэнийг тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Иймд хэргийн бодит үнэнг тогтоож, надад учирсан хохирол төлбөрийг Э.Э-гээс гаргуулж, намайг Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.З-ын өмгөөлөгч С.Ганхөлөг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийг бүхэлд нь хянаж үзэхгүйгээр шийдвэрлэсэн, мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий гэрчийн мэдүүлгийг анхаарч үзэлгүй орхигдуулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

1. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг буруу тогтоож мөрдөн байцаалтын шатанд хэт нэг талыг барьж хэрэг бүрдүүлэлтийг хийсний улмаас Э.З-д холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ба осол гаргасан Э.Э-г хэргээс гадуур үлдээсэн нь процессын алдаа болсон ба сүүлд Э.Э-г яллагдагчаар татаж оруулсан байдаг.

2. Анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцсон гэрч Ш.Ариун-Эрдэнэ шүүхийн шатанд мэдүүлэхдээ Э.Э- анх хэргийн газарт байхдаа “Урсгал сөрсөн тухайгаа ярьж байсан” гэдгийг дурдсан байдаг боловч анхан шатны шүүх үүнийг анхааралгүй орхигдуулж мэдүүлгийн зарим хэсгийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй байдаг.

3. Дээрх гэрчийн мэдүүлэг нь хэргийн газрын анхны үзлэгээр “А” цэгийг зөв тогтоосныг баталж байх ба нөхөн үзлэгээр цэг нь мөн Э.З-ын явж байсан урсгал дээр тогтоогдсон байдаг. Шүүгдэгч Э.Э-ийн осол гаргасан хэсгийг тэмдэглэлд бичээгүй байдаг.

4. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч нь зорчих хэсэг дээрх аливаа саадыг харсан бол тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авна гэснийг шүүгдэгч Э.Э- зөрчсөн. Харин Э.З- нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан байдаг нь зам дээрх тээврийн хэрэгслийн тоормосны мөрнөөс харагддаг.

5. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт талыг барьж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. ... Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг баримтлан” шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

6. Шүүгдэгч Э.Э- нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч хүсэлт ирүүлсэн нь дээрх гэрчийн мэдүүлгийг баталж байгаа юм.

7. Шүүгдэгч Э.Э- болон Э.З- нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзвэл хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдөхгүйгээр зөрөх байсан. Гэтэл зөрөхгүйгээр мөргөлдсөн үйлдлийн шалтгаант холбоог тодорхой болгох ёстой байсан ч тогтоогоогүй.

Хэргийн газарт 2 удаа үзлэг хийхдээ А цэгийг хоёр удаа хөдөлгөсөн байдаг. Шүүх шинжээчийн дүгнэлтэд үндэслэн хэргийг шийдвэрлэсэн.

Иймд Э.Э, Э.З- нарыг холбогдох хэргийн бодиг үнэнийг тогтоож Э.З-ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан заалтыг зөрчөөгүй болохыг тогтоож учирсан хохирол төлбөрийг Э.Э-гээс гаргуулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.Э-ийн өмгөөлөгч Ч.Болдбаатар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Өмгөөлөгчийн зүгээс энэ хэрэгт холбогдогч Э.Э-г гэм буруугүй, холбогдсон хэргийг цагаатгуулах байр суурьнаас анхан болон давж заалдах шатны шүүх хуралд оролцсон. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэн бодиттой үнэлээгүй. Өмгөөлөгч миний гаргасан гомдлын зарим хэсэг нь өмгөөлөгч С.Ганхөлөгийн саналтай давхцаж байна. Шүүгдэгч нар Замын хөдөлгөөний 8.2 дахь заалтыг зөрчсөн бол хоорондоо зөрж өнгөрөх байсан. Энэ дүгнэлтийг бүх шинжээч нар гаргасан. Мөн шүүх хуралдаан дээр шинжээч нар энэ талаар хангалттай тайлбарлаж хэлсэн.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нотлох баримтаа үгүйсгэсэн байдаг. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын мэдүүлэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэсэн. ...Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаар шинжээчийн дүгнэлтэд дурдаагүй байдаг. Харин давж заалдах шатны шүүх хуралдаанд Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалтын талаар ярьсан. Шүүгдэгч нарыг Зам хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлээр буруутгах гэж байгаа бол хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Э.Э- мэдүүлэгтээ хурдаа хасаад, тоормоз гишгэхэд урдаас шууд машин ирж мөргөсөн гэж хэлдэг.

Хавтаст хэргийн 17 дугаар талд авагдсан гэрэл зургаас харахад шүүгдэгч Э.Э-ийн явж байсан чиглэлд тооромзны мөр гарсан байдаг. Уг мөр нь шүүгдэгч Э.З-ын машины дугуйны хээтэй тохирч байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Хоёр машин мөргөлдсөний дараа унаж байгаа хэсгийн зураг байхад ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Тоормозны мөр нь шүүгдэгч Э.З-ынх болох нь тогтоогдсон. А цэг эргэлзээтэй бөгөөд үүнд шүүгдэгч нар хоорондоо маргалддаг. Шинжээч Цэндсүрэн нь А цэгийг үгүйсгэсэн тул дахин шинжээч томилж, А цэгийг дахин тодорхойлсон. Э.Э-ийн гэм буруугаа хүлээсэн гэх бичгийг би мэдээгүй байсан. Манай нөгөө өмгөөлөгч Э.Э-гээр ийм бичиг бичүүлж авчирсан байдаг. Үнэхээр Э.Э- гэм буруутай байсан бол анхнаасаа л гэм буруугаа хүлээх байсан.

Шүүгдэгч Э.Э- нь Олон Улсын байгууллагад төслийн менежерээр ажилладаг. Энэ хэргийн улмаас ажилгүй болох вий гэж айж хохирол төлбөрийг төлнө гэж хэлж байсан. Мөн шоронгоос гарахын тулд гэм буруугаа хүлээсэн гэсэн хүсэлтийг бичиж өгсөн байдаг. Хохирол төлбөрийг төлж болно, гэхдээ гэм буруугийн асуудал өөр гэдгийг тайлбарлаж хэлсэн.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, Э.З- болон түүний өмгөөлөгч С.Ганхөлөг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол үндэслэлгүй, хүлээн авах боломжгүй гэж үзэж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг хангалттай цуглуулсан. Шүүх прокуророос ирүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн. Шүүгдэгч нар урсгал сөрөөгүй гэж маргадаг. Энэ хэрэгт нийт 5 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн шинжээч нарыг шүүх хуралдаанд дуудан оролцуулсан. Шинжээч Цэндсүрэнгийн дүгнэлт үндэслэлтэй гарсан. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.З-, түүний өмгөөлөгч С.Ганхөлөг, шүүгдэгч Э.Э-ийн өмгөөлөгч Ч.Болдбаатар нарын гаргасан гомдлыг үндэслэн Э.З-, Э.Э- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан болон давж заалдах шатны шүүх Э.З-ыг 44-55 СЭҮ, Э.Э-г 54-52 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг жолоодон 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хужирбулангийн Гачууртын замд  явахдаа аль аль нь эсрэг урсгал сөрж Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хоорондоо мөргөлдөж, Э.З-ын биед хүнд, түүний автомашинд зорчин явсан 7 настай У.Э-ын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоожээ.

Шүүхүүд хэргийг хянан хэлэлцэх явцад Э.З-, Э.Э- болон тэдний өмгөөлөгч нар аль аль нь эсрэг байр суурьтай шүүх хуралдаанд оролцож, хэн аль нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй гэж маргасан байх бөгөөд 2 автомашин хоорондоо мөргөлдсөн эхний цэгийг тогтоосон хэргийн газрын үзлэг, уг цэгийг өөрчлөн тогтоосон баримт зэргийг үндэслэн хоорондоо зөрүүтэй шинжээчийн дүгнэлтүүдэд өөрсдийн үндэслэл, няцаалтыг өгч шүүх хуралдаанд оролцжээ.

Хоёр шатны шүүх дээрх үндэслэл, няцаалтыг ерөнхийлөн дурдаж үгүйсгэсэн боловч эсрэг нотлох баримтыг ямар үндэслэлээр үгүйсгэж няцаасан талаар шийдвэртээ огт тусгаагүй байна.

Тухайлбал, шинжээчийн 255, 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 289, 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 779 дугаартай дүгнэлтүүдэд Э.Э-г Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн нь тогтоогдохгүй байна гэсэн бол шинжээчийн 654, 2566, 2567, 4099, 12/27 дугаартай дүгнэлтүүдэд Э.Э-г Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөнийг үгүйсгэн няцааж чадахгүй байна гэсэн ерөнхий дүгнэлт хийхдээ хэлбэрийн хувьд дүгнэснээс бус агуулгын хувьд “Яагаад” гэсэн асуултад хариулж чадаагүй, улмаар эсрэг байр суурьтай нотлох баримтыг хэрхэн үгүйсгэж байгаа үндэслэлээ заагаагүй зэрэг нь шүүхийн шийдвэр нотлох баримт, түүний үндэслэлд тулгуурлах зарчмыг зөрчихөд хүргэжээ.

Энэ хэргийн тухайд 2 автомашин мөргөлдсөн А цэг буюу эхний цэгийг үндэслэлтэй зөв тогтоох нь шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтойгоос гадна уг цэг ямар учраас ийнхүү тогтоогдож байгаа, үүнд ямар урьдач шалтгаан, нөхцөл нөлөөлсөн болохыг тогтоож, түүний үндэслэлийг тайлбарласнаар эсрэг нотлох баримтууд үгүйсгэгдэх боломжтой болох тул энэ талаар зайлшгүй дүгнэлт хийх шаардлагатай гэж үзнэ.

Дээрх зөрчил нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтын шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлд хамаарах бөгөөд улмаар мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан ноцтой зөрчилд тооцогдож, хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл боллоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилтэй холбогдуулан хэргийг дахин хэлэлцүүлж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул гэм буруугийн талаар гомдол гаргасан шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 311 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 368 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Э.Э, Э.З- нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцааж, шүүхийн хэлэлцүүлэгт очтол тэдгээрт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

                                                     ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                     ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                          Д.ГАНЗОРИГ

                                                                                                                          Ч.ХОСБАЯР

                                                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН