Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2018/0472/з |
Дугаар | 95 |
Огноо | 2019-04-01 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 95
“П в х к т ” ХХК, “П в х к э” ХХК, “П А” ХХК-иудын
нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий
газар, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын
хэлтэст холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Л.Атарцэцэг,
Шүүгчид: Г.Банзрагч,
Б.Мөнхтуяа,
Д.Мөнхтуяа,
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж,
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны А/84 дүгээр тушаалын 3.9 дэх заалтыг бүрэн хэрэгжүүлж ажиллах үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч компаниудын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгалын төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулахыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах, нэхэмжлэгч нарын харилцагч компаниудын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний хугацааны нийгмийн даатгалын төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулахыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0768 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0087 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Ц, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, Ч.Э, Т.М нарыг оролцуулж,
Нэхэмжлэгч нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0768 дугаар шийдвэрээр Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7, 22 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг баримтлан ““П в х к т ” ХХК, “П в х к э” ХХК, “П А” ХХК-иас Нийгмийн даатгалын ерөнхий газар, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны А/84 дүгээр тушаалын 3.9 дэх заалтыг бүрэн хэрэгжүүлж ажиллах үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч компаниудын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгалын төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулахыг даалгах, нэхэмжлэгч нарын харилцагч компаниудын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний хугацааны нийгмийн даатгалын төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0087 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0768 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “... нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “... нэхэмжлэгч нарын харилцагч компаниудын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хугацааны нийгмийн даатгалын төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулахыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 дугаар албан бичгийг анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1076 дугаар захирамжаар “илт хууль бус захиргааны акт” гэж тогтоож, Зааврын 3.9 дэх заалт хүчин төгөлдөр үйлчлэх болохыг эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байхад уг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 1/1635 дугаар албан бичгийг шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгаж, зааврын 3.9 дэх заалтыг үйлчилж эхлээгүй гэж нотлоход ашигласан буюу өмнө гарсан шүүхийн шийдвэрийг огт харгалзан үзээгүй. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасныг зөрчсөн.
4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заавар нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлээгүй нь тогтоогдож байх тул уг заавар хүчин төгөлдөр үйлчлэлгүй гэж үзсэн бөгөөд уг зааврыг хүчин төгөлдөр үйлчлэлгүй гэж хариуцагчид ашигтай дүгнэлт хийж, шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт заасан боловч энэ дүгнэлтийн эрх зүйн үндэслэлийг заагаагүй. Мөн нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахад нэн чухал ач холбогдолтой Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4 дэх хэсгийг огт дурдаагүй, хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглээгүй.
5. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны А/84-р тушаалаар батлагдсан заавар нь батлагдсан цагаас хойш хүчин төгөлдөр үйлчилж ирсэн бөгөөд нийгмийн даатгалын байгууллагууд хэрэгжүүлж ажилласан. Энэхүү заавар нь зөвхөн бидний нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлыг зохицуулаагүй, Улсын Их Хурлаас 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын зарим зүйл заалтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн маш өргөн хүрээний асуудлыг зохицуулсан цогц захиргааны хэм хэмжээний акт.
6. Энэ захиргааны хэм хэмжээний актыг баталсан этгээд болох Нийгмийн даатгалын ерөнхий газар нь уг актаа Захиргааны ерөнхий хуулийн 6-р бүлэгт заасан процедур, нөхцөл, журмын дагуу Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэх үүрэгтэй байхад захиргааны байгууллага энэ үүргээ биднийг нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд биелүүлээгүй, харин ч 3.9 дэх заалтаас бусад хэсгийг Монгол Улсын хэмжээнд бүрэн мөрдүүлж, хэрэгжүүлж ажилласан. Энэ бүртгүүлэх үүрэг нь түүнийг мөрдөж, биелүүлсэн олон нийт буюу хуулийн этгээд, иргэдийн үүрэг биш. Зааврыг олон нийтэд эерэгээр нөлөөлөх үндэслэл бүрдсэнийг мэдмэгц түүнийг хүчинтэй биш гэж тайлбарласан ба шүүхээс энэ байр суурийг дэмжиж, уг зааврыг хүчин төгөлдөр үйлчлэлгүй гэж шийдвэрийн үндэслэлдээ тусгасан.
7. Захиргаа хуулиа мөрдөхгүйгээр, Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэхгүйгээр захиргааны хэм хэмжээний акт баталж, мөрдүүлсэн бол үүсэх үр дагаврыг өөрөө хариуцах үүрэгтэй, түүнийг дагаж мөрдөөгүй хуулийн этгээд, иргэнд хариуцлага хүлээлгэхгүй. Гэтэл энэ заавар буюу захиргааны хэм хэмжээний актыг Нийгмийн даатгалын ерөнхий газар болон түүний харьяа салбар байгууллагууд 2015 оны 06 сарын 18-ны өдрөөс хойш 3 жил гаруй хугацаанд мөрдүүлж, хэрэгжилтийг нь хангуулж ирсэн бөгөөд энэ нөхцөл байдалд шүүхээс дүгнэлт хийлгүйгээр зааврыг хүчин төгөлдөр үйлчлэлгүй гэж үзэж хариуцагчийн талд ашигтай дүгнэлтийг хийсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4 дэх заалтыг хэрэглээгүй.
8. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудалд дүгнэлт хийсэн буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 болон 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг тус тус зөрчсөн. Өөрөөр хэлбэл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 796 дугаар бүхий хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон асуудал буюу зааврын 3.9 дэх заалтын хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт гаргасан. Гэтэл бидний нэхэмжлэлийн шаардлагад зааврын 3.9 дэх заалтын хүчин төгөлдөр эсэхийг тогтоолгох хүсэлт байхгүй, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.
9. Бидний нэхэмжлэлийн шаардлагын нэг гол үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим” байсан. Гэтэл шүүхийн шийдвэрт энэхүү зарчмыг захиргаа баримтлах ёстой эсэх талаар огт дүгнэлт хийгээгүй орхисон, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх гол нөхцлүүдийн нэг болсон. Захиргааны байгууллага “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим”-ыг баримтлаагүйгээс шалтгаалан бидэнд мөнгөн үр дагавар үүссэн.
10. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 1076 дугаар болон 2017 оны 796 дугаар шийдвэрээр зааврын 3.9 дэх заалтыг нэхэмжлэгчдийн хувьд хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх ёстой нөхцөл байдал үүссэн. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ энэ хууль ёсны итгэлийг хамгаалах асуудалд огт дүгнэлт хийгээгүй, захиргааны үйл ажиллагаанд баримтлах үндсэн, суурь зарчим нэхэмжлэлийн шаардлагад туссан асуудлын хүрээнд хариуцагчийн үйл ажиллагаанд үйлчлэх эсэхийг тайлбарлаагүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх гол үндэслэл болсон.
11. Магадлалд нэхэмжлэгчийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 796 дугаар шийдвэрээр тухайн үйл баримтыг нотолсон гэх гомдол үндэслэлгүй...энэхүү маргаантай төсөөтэй хэрэг өөр этгээдийн нэхэмжлэлээр шийдвэрлэгдсэн байдал нь уг маргааны үйл баримтад шууд нөлөөлөхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-т заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн нөхцлийг бүрдүүлсэн.
12. Ямар үндэслэлээр өмнө гарсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийг “маргааны үйл баримтад шууд нөлөөлөхгүй” гэж үзэж байгаагаа тайлбарлаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөлд байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасныг зөрчсөн.
13. Бидний нэхэмжлэлийн шаардлага болон давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэлд, хууль мэдээгүйгээс үүссэн итгэлийг хамгаалуулах талаар шаардлага тавиагүй мөн ийм утгатай тайлбар огт өгөөгүй болно. Хууль ёсны итгэлээ хамгаалуулах шаардлага нь захиргааны хэм хэмжээний актын тодорхой нэг заалтыг 2017 оны шүүхийн шийдвэрт заагдсан хэсэг хуулийн этгээдэд хэрэгжүүлэх нөхцөл байдал бий болсон учир, яг адил нөхцөл байдалд байгаа бусад хуулийн этгээдүүд болох бидний хувьд яагаад энэ заалтыг хэрэгжүүлэхгүй улмаар бидний хууль ёсны итгэлийг хамгаалахгүй байгаад шүүхээс дүгнэлт гаргуулахыг хүссэн юм.
14. Хэрэв тухайлсан нэг тохиолдлыг зохицуулахаар гаргасан захиргааны актад үндэслэн дээрх нөхцөл үүссэн бол бид энэхүү хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг ярихгүй, маргааны зүйл болох заавар нь өөрөө захиргааны хэм хэмжээний акт юм. Энэ хэм хэмжээний актаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгжүүдийн эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа.
15. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны А/85 дугаар тушаалаар батлагдсан зааврын 3.9 дэх заалтыг хүчинтэй гэж үзэж, тухайн нэхэмжлэгчдийн шаардлагыг хангаж шүүхээс шийдвэрлэснийг бид мэдээд 3.9 дэх заалтын дагуу эрхээ эдэлж, илүү төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээ буцаан авах боломжтой боллоо гэсэн итгэл төрсөн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “энэ тохиолдолд хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчлэхгүй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна.
16. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянаж, нэхэмжлэлийн 3 дугаар шаардлагаас бусад хэсгийг шийдсэн хэсгүүдийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн 1, 2 дугаар шаардлагуудыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье. 3 дахь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
17. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, харин нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс нэхэмжлэгч татгалзсантай холбогдуулан шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
18. Нэхэмжлэгч хуулийн этгээдүүд нь Нийгмийн даатгалын ерөнхий газар, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “захиргааны байгууллага нь өөрийн гаргасан шийдвэрийн үр дагаврыг өөрөө хариуцах үүрэгтэй, батлан гаргасан заавраа хэрэгжүүлж ажиллах үүргээ хэрэгжүүлээгүйгээс илүү шимтгэл төлж хохирсон, итгэл хамгаалагдах зарчмын дагуу илүү төлсөн шимтгэлийн төлбөрөө буцаан авах эрхтэй” гэж маргаж байна.
19. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар Нийгмийн даатгалын хуулийн зарим зүйл заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах зааврыг батлан гаргасан, уг зааврын 3.9-д “нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ ажил олгогч болон даатгуулагчийн хувьд адил байхаар” тогтоосон байна. Гэвч Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тогтоох эрх хуулиар олгогдоогүй, харин Засгийн газарт хадгалагдаж байна.
20. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийгмийн даатгалын төрөл тус бүрээр даатгуулагч болон ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээг заасан, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 7 дэх хэсэгт зааснаар ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтоохоор байна.
21. Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн хүчин чадлын хувьд эхлээд тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийг баримтлах, мөн уг хуулиар зохицуулаагүй боловч тус хуулиар тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан тогтоол гаргах эрхийг Засгийн газарт олгосон тохиолдолд уг Засгийн газрын тогтоолыг хэрэглэх учиртай. Гэтэл энэ тохиолдолд эрх зүйн эрэмбийн хувьд дээд хүчин чадалтай Засгийн газрын 1996 оны 80, 1998 оны 92 дугаар тогтоолоор “ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээ ялгаатай” байхаар зохицуулсан тул захиргааны байгууллагад хууль бус шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг даалгах хууль зүйн үндэслэлгүй юм.
22. Нэхэмжлэгчийн “итгэл хамгаалагдах зарчим үйлчлэх” тухай гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно” гэж заажээ. Хуулийн энэхүү заалтад агуулгын тайлбар хийхэд захиргааны байгууллагаас тодорхой хувь хүнд чиглэсэн, эрх зүйн үр дагавар үүсгэсэн шийдвэрийн дагуу тухайн этгээдэд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх ашиг сонирхол үүссэн бол уг эрхийг хамгаалах агуулгатай байна. Гэтэл энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээдэд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх ашиг сонирхол үүсээгүй буюу захиргааны байгууллагаас ямар нэгэн итгэл хүлээлгэсэн тодорхой захиргааны акт гараагүй байна.
23. Тодруулбал, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүйтэй холбогдож, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэл гаргасан бөгөөд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх олгосон захиргааны акт бодитоор гараагүй байхад нэхэмжлэгчид хамгаалагдах ямар нэгэн эрх үүсэхгүй буюу нэхэмжлэгчээс захиргааны байгууллагад хандаж хүсэл зоригоо илэрхийлсэн, харин уг хүсэл зоригийг захиргааны байгууллага хангах эсэх, хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байхад хамгаалагдах хууль ёсны итгэл үүсэхгүй юм.
24. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 3, 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д аж ахуй нэгжийн нийгмийн даатгалын тайланг хүлээн авч, баталгаажуулах журмыг нарийвчлан зохицуулсан, энэ дагуу захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн ирүүлсэн тайлангаар шимтгэлийг тооцох нь Засгийн газрын тогтоолтой зөрчилдөх тул уг тайланг баталгаажуулаагүй нь хууль зөрчөөгүй учраас нэхэмжлэгчийн “хэм хэмжээний акт буюу 3.9 дэх заалтын дагуу эрхээ эдэлж, илүү төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээ буцаан авах боломжтой боллоо гэсэн итгэл төрсөн” гэх гомдол үндэслэлгүй.
25. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллагад шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэлийг хангах хоёр урьдчилсан нөхцлийг заасан буюу захиргааны актыг гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг шаардсан байна. Гэтэл энэ тохиолдолд дээрх нөхцөл хангагдаагүй буюу захиргааны байгууллагын эс үйлдэхүй нь дээр дурдснаар хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн “захиргааны байгууллага үүсэх үр дагаврыг өөрөө хариуцах” тухай гомдол үндэслэлгүй, эрх олгогдоогүй албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг үндэслэн өөртөө давуу байдал үүсгэхээр шаардах эрхгүй юм.
26. Нэхэмжлэгчийн “Зааврын 3.9 дэх заалт хүчин төгөлдөр үйлчлэх болохыг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн байдаг” тухай гомдол нь энэ хэрэгт ач холбогдолгүй байна. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2016/1076 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Уг хэргийн нэхэмжлэлийн шаардлага нь “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага байсан нь одоогийн нэхэмжлэлийн шаардлагаас өөр, түүнчлэн тус хэргийн нэхэмжлэгч нь “...нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг баталгаажуулахыг даалгах” шаардлагаа дэмжихгүй байгаагаа илэрхийлж байжээ. Энэ байдал нь одоогийн маргааны үйл баримтад нөлөөлөхгүй, адил маргааны үйл баримтыг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж үзэхгүй.
27. Нэхэмжлэгч нь хяналтын шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн зарим шаардлага буюу “нэхэмжлэгч нарын харилцагч компаниудын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний хугацааны нийгмийн даатгалын төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулахыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлагаас татгалзсан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул холбогдох нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0768 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0087 дугаар магадлалын 1 дэх заалтын “нэхэмжлэгч нарын харилцагч компаниудын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хугацааны нийгмийн даатгалын төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулахыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай” гэснийг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын харилцагч компаниудын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний хугацааны нийгмийн даатгалын төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулахыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах шаардлагаас нэхэмжлэгч татгалзсан болохыг баталсугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ