Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 649

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ч” ХХК 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн дарга  

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын улсын байцаагчийн 2003 оны *** тоот актаар ногдуулсан 3124,1 мянган төгрөгийн татварын өрийг 2008 оны 06 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийг үйлчлэлд хамруулж хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сумъяасүрэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч А.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Тус компани нь 2004 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдгээ гээгдүүлсэн байсан тул 2015 онд батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамрагдаж Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж компанийн гэрчилгээ, тамга тэмдэгээ дахин шинээр сэргээж авсан болно. Цаашид компанийн үйл ажиллагааг сэргээж хэвийн үйл ажиллагаатай болгох зорилгоор харъяа төрийн сан болон татварын албандаа хандаж татвар төлөгчийн бүртгэлийг сэргээлгэсэн болно. 

Гэтэл манай компанийн 2002-2003 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт, шалгалт хийгдэж 2003 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар Татварын улсын байцаагчийн актаар 2094,7 мянган төгрөгийн нөхөн татвар, 1047,4 мянган төгрөгийн хүү төлүүлэхээр тогтоосон байх бөгөөд өрөө төл гэсэн асуудал үүсээд байна. 

Хуулийн мэргэжилтэй холбогдох хүмүүсээс тодруулж, зарим хууль тогтоомжийг судалж үзэхэд дээрх 3124,1 мянган төгрөгийн татварын өрийг 2008 оны 6 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж хүчингүй болгох бүрэн боломжтой гэж зөвлөсөн юм. 

Улмаар Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст хандаж хүсэлт гаргасан боловч хариу өгөөгүй тул шүүхэд хандахад Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 сарын 15-ны өдрийн *** дугаар захирамжаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1.3-д заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Дахин Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хүсэлт гаргахад 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн *** тоот албан бичгээр гомдлыг буцааж ирүүлсэн байна. 

Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 24.00 цагаас өмнө Эрүүгийн хуулийн 166, 167 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан зөрчил гаргасан этгээдэд энэ хууль үйлчилнэ.” 4.1.4-д ”энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан хугацаанаас өмнө захиргааны зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх” гэж заасан бөгөөд мөн хуулийн 6 дугаар зүйлд өршөөлд хамруулах албан татвар, өр төлбөрийг тодорхойлохдоо хуулийн 6.1.1-д “2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж татварын албаны баталгаажуулсан албан татварын өрөөс 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар барагдаагүй үлдсэн албан татварын хүү, торгуулийг 100 хувь,” 6.1.2-д “Татварын ерөнхий хуулийн 13.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан албан татварын үндсэн өрийг 100 хувь хамруулна гэж тус тус заасан байна. 

Үүнээс үзэхэд 1992 онд мөрдөгдөж байсан Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д “Татвар, хүү, торгууль төлөх хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна” гэж заасан байх тул манай компаний өрийг дээрх хуулийн заалтаар өршөөлд хамруулж хүчингүй болгох бүрэн боломжтой гэж үзэж байна. 

Иймд манай компанийн нэхэмждэлийг хуулийн хүрээнд судлан үзэж, Татварын улсын байцаагчийн 2003 оны *** тоот актаар манай компанид ногдуулсан 3124,1 мянган төгрөгийн татварын өрийг 2008 оны 6 дугаар сарын 02- ны өдөр батлагдсан Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд бүрэн хамруулж хүчингүй болгож, татварын өрийг өршөөлд хамруулж өрийн бүртгэлээс хасалт хийхийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Ч” ХХК-ийн нэхэмжлэлд дараахь хариу тайлбарыг хүргүүлж байна. Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж татварын албаны  баталгаажуулсан албан татварын өрөөс 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар барагдаагүй үлдсэн албан татварын хүү, торгуулийг 100 хувь чөлөөлөхөөр заасан бөгөөд уг заалтын дагуу танай компанид ногдсон хүү, торгууль болох 1,047.400 төгрөгийг чөлөөлөх боломжтой. 

Харин үндсэн төлбөрийн хувьд уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т зааснаар 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өрөөс 2008 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар төлөгдөөгүй байгаа өрийн 10 хувийг 2009 оны 01 дүгээр сарын 01-ний дотор төлсөн тохиолдолд үлдэх 90 хувийг чөлөөлөхөөр байгаа бөгөөд “Ч” ХХК нь тавигдсан нөхөн татвараасаа 10 хувийг 2009 оны 01 дүгээр сарын 01-ний дотор төлж барагдуулсан зүйл байхгүй буюу огт төлөлт хийгдээгүй тул энэ зүйл ангид хамруулах боломжгүй юм. Мөн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн дагуу актаар тавигдсан төлөгдөөгүй хүү, торгууль, алдангийг нөхөн татвараа төлсөн тохиолдолд өршөөлд хамруулж байгаа болно. 

Иймд “Ч” ХХК-ийн хувьд уг 2 хуулийн дагуу Татварын улсын байцаагчийн актаар тавигдсан хүү, торгууль нь өршөөлийн хуульд хамрагдах боломжтой бөгөөд харин нөхөн татвар нь хамрагдах боломжгүй тул нөхөн татварыг төлүүлэх үндэслэлтэй байна” гэжээ. 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О: Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө Захиргааны хариуцлагын тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан зөрчил гаргасан этгээдэд хууль үйлчилнэ”, 4.1.4-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан хугацаанаас өмнө захиргааны зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлнө”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “2006 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын өрөөс 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар барагдуулаагүй үлдсэн албан татварын хүү, торгуулийг 100 хувь, 6.1.2-т “Татварын ерөнхий хуулийн 13.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан албан татварын үндсэн өрийг 100 хувь хамруулна” гэж тус тус заасан байдаг. 

Үүнээс үзэхэд 1992 онд мөрдөгдөж байсан Монгол улсын Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “татвар, хүү, торгууль төлөх хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна” гэж заасан тул манай компанийн өрийг дээрх хуулийн заалтаар өршөөлд хамруулж, хүчингүй болгох бүрэн боломжтой гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд бичгээр өгсөн тайлбараа дэмжиж байна. Хэдийгээр 2015 онд Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль гарсан ч уг 2008 оны Татварын өршөөл үзүүлэх тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. 2008 оны Татварын өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж чадаагүй аж ахуйн нэгжүүд дараа нь шүүхэд хандаж, шүүхийн шийдвэрийн дагуу хамрагдаж байсан тохиолдол цөөнгүй байдаг. Тиймээс манай зүгээс шүүхийн шийдвэрийг дагах байр суурьтай байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ч” ХХК нь “Татварын улсын байцаагчийн 2003 оны *** тоот актаар ногдуулсан 3124,1 мянган төгрөгийн татварын өрийг 2008 оны 06 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийг үйлчлэлд хамруулж хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Татварын улсын байцаагчийн 2003 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дугаар *** тоот актаар “Ч” ХХК-ийн 2002 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд шалгалт хийж 2094.7 мянган төгрөгийн нөхөн татвар, 1047.4 мянган төгрөгийн хүү нийт 3142.1 мянган төгрөгийг төлүүлэхээр тогтоосон байна. 

“Ч”  ХХК нь 2003 онд үйл ажиллагаа явуулаагүй байна. 

Нэхэмжлэгч нь Татварын өршөөл үзүүлэх тухай 2008 оны хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.4, 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2-т заасны дагуу болон 1992 онд мөрдөгдөж байсан Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д “Татвар, хүү, торгууль төлөх хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна” гэж тус тус заасны дагуу манай компаний өрийг дээрх хуулийн заалтаар өршөөлд хамруулж хүчингүй болгох бүрэн боломжтой гэсэн агуулгаар маргаж байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасны дагуу танай компанид ногдсон хүү, торгууль болох 1,047.400 төгрөгийг чөлөөлөх боломжтой. Харин үндсэн төлбөрийн хувьд уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т зааснаар “Ч” ХХК нь тавигдсан нөхөн татвараасаа 10 хувийг 2009 оны 01 дүгээр сарын 01-ний дотор төлж барагдуулсан зүйл байхгүй буюу огт төлөлт хийгдээгүй тул өршөөлд хамруулах боломжгүй, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу актаар тавигдсан төлөгдөөгүй хүү, торгууль, алдангийг нөхөн татвараа төлсөн тохиолдолд өршөөлд хамруулж байгаа ба Ч ХХК нь нөхөн татвараа төлөөгүй тул өршөөлд хамрагдах боломжгүй гэсэн үндэслэлээр маргаж байна. 

Татварын улсын байцаагчийн *** тоот актаар тогтоосон төлбөрийг Татварын өршөөл үзүүлэх тухай 2008 оны хуулийн үйлчлэлд хамруулж, актаар тогтоосон нийт 3142.1 мянган төгрөгийг төлөхөөс чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Татварын өршөөл үзүүлэх тухай 2008 оны хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 24.00 цагаас өмнө Эрүүгийн хуулийн 166, 167 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан зөрчил гаргасан этгээдэд энэ хууль үйлчилнэ”, 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “энэ хуулийн З дугаар зүйлд заасан хугацаанаас өмнө захиргааны зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх” гэж заасан байна.

Мөн Татварын өршөөл үзүүлэх тухай 2008 оны хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн дараахь өр, хүү, торгууль, алдангийг дор дурдсан хувиар тооцож чөлөөлнө”, 6.1.1-д “2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж татварын албаны баталгаажуулсан албан татварын өрөөс 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар барагдаагүй үлдсэн албан татварын хүү, торгуулийг 100 хувь”, 6.1.2-т “Татварын ерөнхий хуулийн 13.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан албан татварын үндсэн өрийг 100 хувь” гэж тус тус заажээ.

2008 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн буюу одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Татвар, алданги, торгуулийн өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй” гэж заасан байх хэдий ч маргаан бүхий үйл баримт хамаарах хугацаанд үйлчилж байсан 1992 оны Монгол улсын Татварын ерөнхий хуульд уг зохицуулалттай адил агуулга бүхий зохицуулалт байхгүй байна.

1992 оны Монгол улсын Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Татвар, хүү, торгууль төлөх хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна” гэж заасан байна. 

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд Татварын улсын байцаагчийн 2003 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дугаар *** тоот актаар тогтоосон нийт  3142.1 мянган төгрөгийн татварын өрийг төлөх хөөн хэлэлцэх хугацаа тухайн үед үйлчилж байсан хуулийн дагуу дууссан байна.

Иймд Татварын улсын байцаагчийн 2003 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дугаар *** тоот актаар тогтоосон 2094.7 мянган төгрөгийн нөхөн татвар, 1047.4 мянган төгрөгийн хүү нийт 3142.1 мянган төгрөгийг Татварын өршөөл үзүүлэх тухай 2008 оны хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2-т заасны дагуу өршөөлд хамруулж хүчингүй болгож буюу төлөхөөс чөлөөлөх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Татварын өршөөл үзүүлэх тухай 2008 оны хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.4, 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2, 1992 оны Монгол улсын Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “Ч” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Татварын улсын байцаагчийн 2003 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дугаар *** тоот актаар “Ч” ХХК-аар төлүүлэхээр тогтоосон 2094.7 мянган төгрөгийн нөхөн татвар, 1047.4 мянган төгрөгийн хүү, нийт 3,142,100 / гурван сая нэг зуун дөчин хоёр мянга нэг зуу / төгрөгийг Татварын өршөөл үзүүлэх тухай 2008 оны хуулийн үйлчлэлд хамруулж, хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр  зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй

         

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               М.БАТЗОРИГ