| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0158/э |
| Дугаар | 178 |
| Огноо | 2018-03-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Сүхжаргал,
улсын яллагч Э.Бадрал,
шүүгдэгч Л.Л/өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овгийн Лэгдэвийн Лхагваад холбогдох эрүүгийн 1811001100123 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овгийн Лэгдэвийн Лхагваа, 1959 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 1-48 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЧТ59121810.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Л.Лнь 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 1-17 тоотод Б.Ганхуягтай маргалдан улмаар түүнийг архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Л.Лнь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа…” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Б.Ганхуяг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 1-17 тоотод байх гэртээ би өөрийн найз Лхагваатай хамт 0.75 граммтай цагаан архи 1 шил, 0.5 граммтай Ерөөл архи 1 шилийг хувааж уусан. Тэгээд цаг орой болж байсан болохоор би Лхагвааг гэртээ харьж амар гэсэн чинь Лхагваа намайг гэрээсээ хөөлөө гэж бодоод надад уурлаад гадуур хувцсаа өмсчхөөд гартаа барьж байсан 0.5 граммтай архины шилээр миний хүзүүний ар талд нэг удаа цохисон. Архины шил нь хагараад миний хүзүүний ар талд зүсэгдсэн. Тэгээд манай эхнэр цагдаа болон түргэн тусламж дуудсан...” гэжээ /хх-8-9/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 1103 дугаар дүгнэлтэд:
“1. О.Ганхуягийн биед дух, хүзүүнд шарх, зүүн хацар эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Учирсан шарханд оёдол тавигдсан учир үүсгэгч хүчин зүйлийг нарийвчлан тогтоох боломжгүй шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Уг гэмтэл нь нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой.” гэжээ /хх-15/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-30/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-29/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-27/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар тогтоол /хх-47/, шүүгдэгч Л.Лхагваан гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-46/, хохирогч Б.Ганхуягийн “...Миний бие Л.Лхагваагаас 160.000 төгрөг хүлээж авсан, цаашид гомдол саналгүй...” гэх Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан хүсэлт /хх-44/ гэх хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Шүүгдэгч Л.Лнь 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 19 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 1-17 тоотод Б.Ганхуягтай маргалдан улмаар түүнийг архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Л.Лхагвааг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх, шүүгдэгч Л.Лхагваад ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын санал зэргийг тус тус харгалзав.
хохирогч Б.Ганхуягийн “...Миний бие Л.Лхагваагаас 160.000 төгрөг хүлээж авсан, цаашид гомдол саналгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД-ийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Лэгдэвийн Лхагвааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Лхагваад 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Лнь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг СД-ийг хэрэгт хавсаргахыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Лхагваад хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН