Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2025/0069

 

   2025        01            21                                   128/ШШ2025/0069                     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, шүүгч Б.Адъяасүрэн, шүүгч Х.Нямдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: О.Г /РД:РС/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Ж //,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.О /Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Хуулийн хэлтсийн мэргэжилтэн/,

Гуравдагч этгээд: Д.Д /РД:АД/,

Гуравдагч этгээд Д.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.З /РД:ШД/

Гуравдагч этгээд: А.М /РД:УЕ/

Гуравдагч этгээд: Б.Э /РД:ПО/,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/332 дугаар захирамжаар С дүүрэг, 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 296 м.кв газрыг О.Гид өмчлүүлж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулж, С дүүрэг, 43 дугаар хороо, Ан 2 дугаар гудамж, тоот хашааны 414.8 м.кв газрыг О.Гид өмчлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, гуравдагч этгээд О.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, иргэдийн төлөөлөгч Д.М*******э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Нийслэлийн  Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 254 дүгээр захирамжаар иргэн О.Гид гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар С дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 297 м.кв хэмжээтэй, 3.920.400 төгрөгийн анхны үнэтэй газрыг үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.

1.2. Эрх бүхий этгээдээс, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр  Нийслэлийн С дүүргийн 43 дугаар хороо, А 2 дугаар гудамж тоот хаягт байрлах 296 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын бүртгэлийн Г-22 дугаартай, өмчлөх эрхийн 00 дугаар гэрчилгээг иргэн О.Гид олгосон байна.

1.3. Нэхэмжлэгчээс дээрх захирамжийг эс зөвшөөрч 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаснаар Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 03/4688 дугаар албан бичгээр “... Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 01-08/3119 дугаартай албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн тул гомдолд дурдсан захирамжийг хүчингүй болгох хуулийн үндэслэл тогтоогдохгүй...” талаар мэдэгдсэн байна.

1.4 О.Гоос, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/332 дугаар захирамжаар С дүүрэг, 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 296 м.кв газрыг О.Гид өмчлүүлж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулж, С дүүрэг, 43 дугаар хороо, Ан 2 дугаар гудамж, тоот хашааны 414.8 м.кв газрыг О.Гид өмчлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2024/0514 дугаар магадлалаар хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байх бөгөөд тус шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Хэрэг шилжүүлэх тухай” 128/ЗТ2024/1325 дугаар тогтоолоор сугалагдан ирсний дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.  

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ: “...О овогтой Г миний бие С дүүргийн 43-р хорооны А 2-р гудамжны тоот хашаанд 2001 оноос одоог хүртэл /2023 он/ амьдарч байгаа болно. Энэ хугацаанд 2006-2008 онд байшин барьж ашиглалтад оруулан 2008 оны 12 сард үл хөдлөхөд оруулахаар кадастрын зураг гаргуулан үл хөдлөхийн гэрчилгээ авсан болно. Уг хашаанд 2017 онд 2 /хоёр/ машины гарааш бариад 2020.10.14-нд үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулахаар С дүүргийн газрын албанд очоод кадастрын зураг, бодит байдлын зураг хоёр зөрүүтэй байсныг анх удаа олж мэдсэн. Уг хашааны газраа 2021.06.22-нд хэмжилт хийлгэж үзэхэд 414,8м2 гарч байна. Газар өмчлөх эрхийн гэрчилгээ дээр 296м2 гэж бичигдсэн байна. Үүнээс хойш С дүүргийн Газар зохион байгуулалтын 2-р албанд 2021 оны 12 дугаар сард дахин хандсан. 2022 оны 04 дүгээр сарын 07-нд кадастрын зургийг залруулж өгөх тухай өргөдөл гаргасан.

2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын 2-р албаны дарга, мэргэжилтнүүдтэй уулзсан. 2022 оны 05 дугаар сарын 04-ны өдөр өргөдлийн хариу авсан. 2023 оны 03 дугаар 03-ны өдөр дахиж уулзахад танай энэ хавийн газрын кадастрын зураг нь анхнаасаа буруу гарсан юм байна. Иймд та баруун талын 2 айлуудтайгаа тохиролцоод өргөдлөө аваад ирвэл манай албанд шийдвэрлэх боломжтой. Тохиролцож чадахгүй бол Нийслэлийн газрын албанд хандаж өргөдөл гарга гэж С дүүргийн Газар зохион байгуулалтын 2-р албаны дарга Б.Л, 43-р хороо хариуцсан Газар зохион байгуулалтын Н.С нар нь зөвлөгөө өгсөн. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албанд 2023 оны 03 дугаар сарын 21-ны өдөр өргөдөл гаргасан. Үүний дагуу 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 04 дүгээр сарын 12-ны өдөр тус тус хоёр удаа Газар өмчлөлийн хэлтсийн 310177 дугаарын утаснаас над руу залгаж хажуугийн 135, 136 тоот айлуудтай зөвшилцөөд өргөдөл гаргаад ирэх боломж байвал таны энэ газрын кадастрын зургийг амархан шийдвэрлэх боломжтой гэсэн хариу өгсөн боловч би уг хүмүүстэй зөвшилцөлд хүрч чадаагүй болно.

Ингээд 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №01-11/1568 тоотоор надад хариу өгсөн. Уг хариуд С дүүргийн 43-р хорооны Ан 2 дугаар гудамжны 135, 136, хашааны газрууд нь "Газрын кадастрын мэдээллийн системд бодит хэмжилтээс зөрүүтэй бүртгэгдсэн улмаар өмчилсөн байна" гэсэн хариу өгсөн. Үүнээс үзэхэд 2001 оноос хойш одоог хүртэл амьдарч байх хугацаанд Дүүргийн газрын алба, Нийслэлийн газрын албанаас нэг ч удаа газрын кадастрын хэмжилт хийгээгүй, нэг ч удаа хэмжилт хийдэг багаж хэрэгсэл барьсан хүн, компани ирээгүй. Түүнчлэн газрын кадастрын мэдээллийн системд бүртгэсэн талаар надад мэдэгдээгүй юм. Хэрвээ газрын кадастрын хэмжилт хийсэн бол би газрын хэмжилтээ зөв хэмжүүлж 414,8м2 өмчлөх ёстой байсан. Манай С дүүргийн 43-р хорооны Ан 2-р гудамж тоот хашаа нь 2001 оноос хойш одоог хүртэл ямар нэгэн хөдөлгөөн ороогүй болно. Манай газрыг газрын мэдээллийн санд бүртгэхдээ Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль-ийн 16-р зүйлийн 16.13 дахь хэсэгт "Газар дээр нь тэмдэглэж газрын кадастрын зурагт буулгасан оноосон хил нь газрыг хэсгээр эзэмшигчдийн бичгээр гаргасан зөвшөөрөлд заасан хилтэй тохирч дундаа байна" гэж заасныг зөрчсөн.

Учир нь газар эзэмшиж байсан тэр хавийн айлууд болон надаас ямар ч зөвшөөрөл бичгээр аваагүй, бодит байдал дээр нь хэмжилт хийгээгүй. Бидний эзэмшиж байсан газар кадастрын зурагтай тохирч байгаа эсэхийг тулган нягталж үзээгүй, бидэнд танилцуулаагүй юм. Үүнээс үзэхэд хууль зөрчиж гаргасан захирамжаас болж миний 22 жил эзэмшиж байгаа 414,8м2 газрыг 296м2 болгон багасгаж миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж газар өмчлөх эрхэд минь бүдүүлгээр халдаж байна. Иймд Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасныг зөрчиж гаргасан Нийслэлийн засаг даргын 2016 оны 05-р сарын 02-ны өдрийн А/332 дугаар захирамжаар С дүүргийн 31-р хорооны нутаг дэвсгэрт 297м2 газрыг О.Гид өмчлүүлж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, О.Гийн 2001 оноос эзэмшиж ирсэн С дүүргийн 43 дугаар хорооны Ан 2 дугаар гудамж тоот хашааг газар дээр нь бодит хэмжилт хийж холбогдох хууль журмын дагуу О.Гид өмчлүүлэх захиргааны акт гаргахыг Нийслэлийн засаг даргад даалгаж өгнө үү...” гэжээ.

2.2. Нэхэмжлэгч О.Г шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...О.Г миний бие С дүүргийн 43 дугаар хорооны Ан 2 дугаар гудамжны тоот хашаанд 2001 оноос хойш одоог хүртэл амьдарч байгаа болно. Энэ хугацаанд 2006-2008 онд байшин барьж ашиглалтад оруулан 2008 оны 12 дугаар сард кадастрын зураг хийлгэж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан. Уг хашаанд 2017 онд 2 машины гарааш барьж, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахаар С дүүргийн Газар зохион байгуулалтын албанд очиж уулзахад кадастрын зураг нь газрын бодит зурагтай зөрүүтэй байсныг анх мэдсэн. Уг газраа 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хэмжилт хийлгэж үзэхэд 414.8 м.кв газар байсан. Газар өмчлөх эрхийн гэрчилгээнд 296 м.кв гэж бичигдсэн байна. Үүнээс хойш С дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албанд 2021 оны 12 дугаар сард дахин хандсан. 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр кадастрын зургийг залруулж өгөх тухай өргөдөл гаргасан. 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны дарга, мэргэжилтнүүдтэй уулзсан. Манай хашаа нарийхан газар байсан. 2008 онд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад газар дээр ирж хэмжилт огт хийж байгаагүй. Тухайн үед ойр хавийн газруудыг мэдээлэл нэгдсэн журмаар системд орсон байсан. Сүүлд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авах гэтэл манай газар давхца байгааг мэдсэн. Ийнхүү дахин хэмжилт хийлгэж уг асуудлыг мэдсэн. 2001 оноос хойш манай хашааны хэмжээ ямар нэгэн байдлаар өөрчлөгдсөн зүйл байдаггүй, анх авсан хэмжээгээрээ байгаа тул эзэмшиж буй газрын талбайн кадастрын үнэн зөв болгож өгнө үү гэж хүсэж байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү”... гэв.

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь анх газар эзэмших гэрчилгээ хүссэн өргөдөлдөө м.кв бичээгүй. Нотлох баримт шинжлэн судлах үеэр нэхэмжлэгч хүсэлтдээ 297 м.кв гэж огт дурдаагүй болохыг нотолсон. Мөн гуравдагч этгээдийн өмгөөлөгч 297 м.кв гэж хүсэлт гаргасан гэж тайлбарлаж байна.  Гэтэл нэхэмжлэгч 297 м.кв гэдэг хэмжээг газрын албанаас хэлж өгсний дагуу 297 м.кв гэж бичсэн. Газар зохион байгуулалтын албанаас хэмжилт хийж тодорхой кадастрын зураг хийн 297 м.кв гэж тухайлан тогтоогоогүй. Зөвхөн нэхэмжлэгч биш тухайн гудамжинд байгаа 11 айлын хашаанд газрын кадастрын зураг хийгээгүй юм. Одоо кадастрын зургийн хэмжилт хийх юм бол 11 айлын газар кадастрын зурагт л өөрчлөлт орно. Төрийн захиргааны байгууллагаас эзэмшиж, өмчлүүлж байгаа газарт хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу кадастрын зураг хэмжилт хийгээгүй.

Кадастрын зургийн хэмжилт хийгээгүй болохыг гэрч н.Ж, нэхэмжлэгч О.Г, гуравдагч этгээд Д.Д нар бүгд шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн байдаг. Шүүх хуралдааны тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар кадастрын хэмжилт хийгээгүй гэдэг нь хангалттай тогтоогдож байгаа юм. Гэрч н.Ж мэдүүлэгтээ би энэ газартаа 1999 оноос хойш амьдарч байгаа ба нэг ч удаа хэмжилт хийж кадастрын зураг хийгээгүй гэсэн байдаг. О.Г хашаагаа ихэсгэж, багасгаж байгаагүй тул хашааны хэмжээтэй маргасан зүйл огт байхгүй харин газрын кадастрын зургийг залруулахаар маргаж байгаа. О.Гийн зөрчигдсөн эрхийг сэргээхийн тулд кадастрын хэмжилт хийж бодитой хашааных нь хэмжээгээр буюу 414 м.кв газрын өмчлөх эрхийн гэрчилгээг олгож өгнө үү гэсэн хүсэлт тавьж байгаа.

Хариуцагч нь Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т газар дээр нь очиж тэмдэглэж газрын кадастрын зурагт буулгасан газрын хэсгээр дундаа эзэмшигчдийн бичгээр гаргасан зөвшөөрөлд заасан хилтэй тохируулна гэж заасныг зөрчсөн. Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтнүүд тухайн газарт очиж хэмжилт хийгээгүй, Д.Д, н.Ж, О.Г нарт танилцуулж бичгээр зөвшөөрөл аваагүй. Төрийн захиргааны ажилтнууд ажилдаа хайхрамжгүй хандсанаас энэ нөхцөл байдал үүсэж байна. Нэхэмжлэгч 296 м.кв гэдгээ огт мэдээгүй. Нэхэмжлэгч хуульч, эрх зүйч биш хуулийн өндөр мэдлэг байхгүй Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтнүүд өргөдөл өг гэснийх нь дагуу хороондоо хүсэлт өгсөн байдаг. Иймээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь бодитоор хохирсон. Кадастрын зураг нь байшингийнх нь талаар хийгдсэн байсан. Нэхэмжлэгчийн кадастрын зургийг зөвтгөж зассанаар гуравдагч этгээд Д.Дгийн газрын хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт огт орохгүй юм. Иймд төрийн захиргааны байгууллага кадастрын зургийг зөв хийж өмчлөх эрхийг гэрчилгээг гаргаж өгнө үү гэж хүсэж байгаа юм...” гэв.

Гурав. Хариу тайлбар, татгалзлын үндэслэл. 

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: “...О.Гийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/332 дугаар захирамжаар С дүүргийн 31-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 297 м2 газрыг О.Гид өмчлүүлж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгох, нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/254 дүгээр Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай захирамжаар С дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ан 16 дугаар гудамжны 30 тоотод иргэн О.Г, Н.Бүтэд, Г. М*******э нарт 297 м2 газрыг өмчлүүлж шийдвэрлэсэн.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/332 дугаар “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, шийдвэрийн зарим заалтын өөрчлөх, хүчингүй болгох тухай” захирамжаар иргэн О.Гийн хамтран өмчлөгч хасуулах хүсэлт гаргасныг хүлээн авч судлан үзэж Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйл, 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь хэсгийг тус тус үндэслэн 297 м.кв газрыг иргэн О.Гид өмчлүүлж шийдвэрлэсэн.

Иймд нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/332 дугаар захирамж нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: “...Нэхэмжлэгч нь анх 2006 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өөрийн амьдарч байгаа газраа эзэмшихээр С дүүргийнхээ хорооны Засаг даргад хүсэлт гаргаж байсан. Тус хүсэлтийн дагуу дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 369 дүгээр захирамжаар 297 м.кв газрыг анх нэхэмжлэгчид эзэмшүүлж шийдвэрлэсэн. Үүний дараа нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргад тус газраа өмчлөхөөр хүсэлт ирүүлсний дагуу Нийслэлийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 254 дүгээр захирамжаар 297 м.кв газрыг өмчлүүлж шийдвэрлэсэн юм. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд иргэн газар өмчлөх тухай хүсэлтдээ өмчлөхийг хүссэн газрынхаа хэмжээг бичиж ирүүлнэ гэж заасан. Нэхэмжлэгч нь өмчлөх хүсэлтдээ 297 м.кв гэж бичиж ирүүлсний дагуу 297 м.кв газрыг өмчлүүлж шийдвэрлэсэн байдаг. Гуравдагч этгээдийн хувьд анх газар эзэмших хүсэлтээ он цагийн хувьд хорооныхоо Засаг даргад нэхэмжлэгчээс түрүүлж буюу 2006 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан байдаг. Хүлээн авсан тэмдэглэл хэргийн материалд авагдсан байгаа. Захирамжийн хувьд 2007 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр захирамжаар 670 м.кв газрыг гуравдагч этгээд Д.Дд эзэмшүүлсэн байна. Эзэмших хүсэлт гаргасан хугацааны хувьд гуравдагч этгээд түрүүлж гаргасан гэдгийг шүүх харгалзаж үзнэ үү гэсэн хүсэлттэй байна. Газар өмчлүүлэх шийдвэр нь өөрөө иргэний хүсэлтэд дурдсан талбайн хэмжээгээр буюу 297 м.кв газрыг өмчлүүлсэн учраас хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

4. Гуравдагч этгээдийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл.

4.1. Гуравдагч этгээд Д.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: “...Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй О.Гийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт А.З миний бие гуравдагч этгээд Д.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа билээ. Нэхэмжлэгч О.Гоос гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна.

Үүнд: Нэхэмжлэгч О.Гоос тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тухайлбал, Нэхэмжлэгч О.Г нь С дүүргийн 14-р хороо, Ан 16-30 тоот хаягт байрлах газрыг эзэмших тухай хүсэлтийг С дүүргийн Засаг даргад гаргасан. Улмаар тус дүүргийн Засаг даргын 2006.12.22-ны өдрийн №369 дүгээр захирамжаар 297 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх шийдвэр гарч. газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид олгож газрын мэдээллийн санд бүртгэгдсэн байдаг. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2016.05.02-ны өдрийн А/332 дугаар захирамжаар С дүүргийн 43-р хороо, Ан 2-р гудамжны тоот хаягт байрлах 297 м.кв газрыг О.Гид өмчлүүлэхээр шийдвэрлэж, газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2016.05.02-ны өдрийн А/332 дугаар захирамж нь хууль зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл. Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/332 дугаар захирамж нь нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг нь үндэслэж, газрын мэдээллийн санд бүртгэгдсэн 297 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд 297 м.кв газрыг өмчлөх тухай хүсэлтийг нэхэмжлэгч өөрөө гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/332 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 7 жилийн дараа тус шүүхэд гаргаж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Энэхүү захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй Д.Д нь /хуучнаар С дүүргийн 14-р хороо, Ан 16-р гудамжны 31 а тоот хаягт байрлах одоогийн С дүүргийн 14-р хороо, Ан 2-р гудамж, 136 тоот хаягт байрлах 670 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2008.05.27-ны өдрийн №254 дүгээр захирамжийн дагуу анх гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөн авсан бөгөөд тус газар нь гуравдагч этгээдийн хууль ёсны өмч юм. Хэрэв нэхэмжлэгч О.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх тохиолдолд гуравдагч этгээд Д.Дгийн газар өмчлөх эрх шууд ноцтой зөрчигдөх юм. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 103.1-д “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч О.Гид хашааны газраас нь бага хэмжээгээр газар өмчлүүлсэн гэх үндэслэлээр гуравдагч этгээд Д.Дгийн газар өмчлөх эрхийг хязгаарлах үндэслэлгүй юм.

Нийслэлийн Засаг даргын 2016.05.02-ны өдрийн А/332 дугаар захирамжийн О.Гид холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх нь тодорхойгүй бөгөөд энэ тохиолдолд Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх боломжгүй юм. С дүүргийн 43-р хороо, Ан 2-р гудамжны тоот газрыг 414.8 м.кв талбайгаар нэхэмжлэгчид өмчлүүлэх тухай захирамж гаргах хариуцагчид даалган шийдвэрлэх бодит болон хууль зүйн үндэслэл байхгүй юм. Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх тохиолдолд гуравдагч этгээд нарын өмчлөх эрх шууд зөрчигдөх бөгөөд ийнхүү гуравдагч этгээдүүдийн өмчлөх эрх зөрчигдсөнөөр Ан 2-р гудамжны бүх иргэдийн өмчлөх эрх хөндөгдөх, зөрчигдөх үр дагавар үүсэх юм.

Дээр дурдсанчлан нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/332 дугаар захирамжийн О.Гид холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй юм.

Иймд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү”... гэжээ.

4.2. Гуравдагч этгээд Д.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл буюу шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс 2016 оны А/332 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэхүү захирамжаар нэхэмжлэгчид 297 м.кв газрыг өмчлүүлсэн байдаг. Гэхдээ энэ нь анх 297 м.кв газар шинээр өмчлүүлж байгаа биш, хамтран өмчлөгч хассан захирамж юм. 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн хэдэн м.кв газрыг өмчлүүлсэн захирамж гарсан бэ гэдгийг захирамж, газрын гэрээ, гэрчилгээгээ авснаар нэхэмжлэгч мэдэх бүрэн боломжтой юм. Гэтэл нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр  буюу 7 жилийн дараа нэхэмжлэлээ гаргаж байгаа. Мөн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 2 дахь талд 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр "Э" ХХК-аар хэмжилт хийлгэхэд миний хашааны газар 418 м.кв байна гэдэг тайлбарыг бичсэн байдаг.

Хашаалсан газар нь 418 м.кв талбай мөн эсэхийг418 м.кв талбай мөн эсэхийг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч өөрөө мэдсэн. Гэтэл үүнтэй холбоотой асуудлаа 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр буюу 2 жил гаруй хугацааны дараа нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл гомдолтой холбоотой 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүсэлт гарган тус тус албанаас хариуг нь өгсөн байдаг. Хариу өгөхдөө шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн байдаг. С дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүсэлт гаргахад 05 дугаар сарын 05-ны өдөр хариуг нь өгсөн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Эдгээр баримтуудыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн байдаг. 2022 онд тухайн газрынхаа асуудлаар гомдол гаргаж байгаад 2023 онд буюу 1 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Шүүхэд хандахтай холбоотой хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй болохын тулд дахиж өргөдөл гаргаж 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүсэлт шийдвэрлэсэн хариуг авч шүүхэд нэхэмжлэл гарган захиргааны хэрэг үүссэн гэж үзэж байгаа юм. 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн албан бичгийг харах юм бол нэхэмжлэгчийн зүгээс талбайн хэмжээгээ нэмэгдүүлье гэдэг агуулгаар өргөдөл гаргасан байна. Өөрөөр хэлэх юм бол захирамжийг хүчингүй болгох агуулгаар гомдол санал огт гаргаж байгаагүй. Газрын хэмжээг ихэсгэх хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг холбогдох байгууллагууд хүлээж авч шийдвэрлэх боломжгүй. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар бусад этгээдийн эзэмшил газартай давхцаж байна гэдэг үндэслэлээр хүсэлтийг хүлээж аваагүй.

Нэхэмжлэгчийн сүүлд хандсан асуудал нь захирамж хүчингүй болгуулах биш газар өмчлөлийн талбайгаа нэмэгдүүлэх гэдэг агуулгаар хүсэлт гаргасан. Уг хүсэлтэд татгалзсан хариу өгсөн. ЭЭнэ татгалза холбоотой гаргасан нэхэмжлэлийн шаардлага огт байхгүй. Нэхэмжлэгч нь 2022 оны газрын асуудлаар нэхэмжлэл гаргаж хуульд заасан хугацааг хэтрүүлсэн болох нь дээрх баримтуудаар тогтоогдож  байгаа.

Үйл баримтын тухайд О.Г 2006 оны 12 дугаар сарын 13-ны өдөр С дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмших хүсэлтийг гаргадаг. Хүсэлтийн дагуу 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 369 дугаар захирамжаар О.Гид 297 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Үүний дараа О.Гийн зүгээс эзэмшиж буй газраа өмчлөхөөр хүсэлт гаргасан. Газар өмчлөх хүсэлт гаргахдаа 297 м.кв газрыг өмчлөх гэдэг хүсэлт гаргасан. Нийслэлийн Засаг даргын захирамж хүсэлтэд дурдсан хэмжээгээр буюу 297 м.кв газрыг өмчлүүлэх шийдвэр гарсан. Хариуцагч буюу захиргааны байгууллагын зүгээс хүсэлтэд дурдсан талбайн хэмжээнээс илүү хэмжээгээр буюу 414 м.кв газрыг өмчлүүлэх эрх байхгүй. Иймд захиргааны байгууллага нь хууль зөрчсөн буруутай шийдвэр гаргаагүй. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т  "газар өмчилж авах эрх бүхий иргэн дараах үүрэгтэй", 19.2.1-д "кадастрын зураг хийлгүүлэх..." 19.2.2-т19.2.2-т "өмчлөлийн газрынхаа заагийг газар дээр тэмдэгжүүлэх" гэж заасан. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс газар өмчлөх хүсэлт гаргахдаа кадастрын зураг хийлгээгүй, өмчлөлийнхөө газрын заагийг тэмдэгжүүлэх буюу хуульд заасан бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй хэр нь газар өмчлүүлэх захирамж гарсан байдаг.

Өөрөөр хэлбэл захиргааны байгууллагын буруутай үйлдэл, үйл ажиллагаа байхгүй. 2008 оны 254 дүгээр захирамжаар өмчлөх эрх О.Г, н.Бүтэд, н.М*******э гэдэг 3 хүний нэр дээр гарсан. Үүний дараа 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр буюу одоогийн маргаан бүхий актаар зөвхөн хамтран өмчлөгч хассан. Түүнээс 414 м.кв байх ёстой газрыг 297 м.кв газрыг өмчлүүлсэн акт биш. Магадгүй энэ захиргааны актыг шүүхээс хүчингүй болголоо гэж бодоход буцаад хамтран өмчлөгчдийн эрх сэргэх эсэх асуудал яригдана. Гэтэл 2006, 2008 оны эзэмшүүлсэн, өмчлүүлсэн захирамжтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч гаргаагүй. Нэхэмжлэгч өөрт нь газар өмчлөх эрх олгосон захирамжийг хүчингүй болгуулах асуудал яригдаж байгаа.

 Энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу О.Гийн хувьд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт юм. Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хэрвээ хүчингүй болгох юм бол Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан үндэслэл байгаа эсэх асуудал яригдах ёстой. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй. Хуульд заасан хугацаа хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн нэхэмжлэлийн шаардлагаар тодруулах боломж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хангалттай байсан. Давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүх рүү буцаахдаа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах талаар дурдсан боловч нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа өнөөдрийг хүртэл тодруулсан үйл баримт байхгүй. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаагүй тохиолдолд бид түүний өмнөөс нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлон аливаа хэлбэрээр дүгнэлт хийх нь процессын зөрчил болно. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

4.3. Гуравдагч этгээд А.М шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...О.Гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хариу тайлбар гаргах, Миний бие А.М нь 2010 оноос хойш Хурдын Рапид харш хорооллын оршин суугч болсон тул уг асуудал надад хамааралгүй болно...” гэжээ.

4.4. Гуравдагч этгээд Б.Э шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй О.Гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт Б.Э миний бие гуравдагч этгээдээр оролцож байна. Нэхэмжлэл гаргасан О.Гийн эзэмшиж буй газартай 1 м.кв талбайтай давхца байгаа талбарыг чөлөөлж өгөхийг зөвшөөрч байна...” гэжээ.

5. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт.

5.1.Иргэдийн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тухайн үед кадастрын зураг гаргаж байсан байгууллагуудын үйл ажиллагаа чадвар ямар байсан болохыг сайн мэдэхгүй. Гэхдээ бусад иргэдийн газар эзэмших, ашиглах эрхэд халдаж өөрийн газар өмчлөх эрхийг зөвтгөх нь буруу гэж үзэж байна...” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

1.1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэл түүнд хамаарах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, түүний өмгөөлөгчийн тайлбар, нэхэмжлэлийг хариуцагчаас эс зөвшөөрч гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нарт хамаарах үйл баримтын тухайд,

2.1. Иргэн О.Гоос 2006 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “...иргэн О овогтой Г нь Ан 16-30 тоотод 2001 оноос эхлэн одоог хүртэл 5 жил, эхнэр 4 хүүхдийн хамт амьдарч байгаа тул газар эзэмших гэрчилгээ олгож өгөх”-ийг хүсэж, С дүүргийн Хот байгуулалт, газрын харилцааны албанд өргөдөл гаргаснаар,

2.2. С дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Иргэний амины хашааны эрхийг шилжүүлэх, амины хашааны газар эзэмших эрх олгох, газар эзэмших эрхийн хугацааг сунгаж баталгаажуулах тухай” 369 дүгээр захирамжийн хоёрдугаар хавсралтаар иргэн О.Гид нэгж талбарын 18 дугаарт, амины хашааны зориулалтаар, 14 дүгээр хороо А 16-30 хаягт, 297 м.кв газрыг эзэмшүүлж, Иргэний газар эзэмших эрхийн 00 дугаар гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгожээ.

2.3. Улмаар нэхэмжлэгч нь гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авахыг хүссэн өргөдлийг тогтоосон загвар, маягтын дагуу гаргаж, ингэхдээ газрын хэмжээ, талбай гэсэн хэсэгт 297 м2 гэж, эхнэр болон хүүгийн хамт хамтран өмчлөхөө илэрхийлж, С дүүргийн газрын албаны мэргэжилтэн П.Уийн 2007 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр үйлдсэн, О.Гийн өмчилж байгаа газрын байршлын кадастрын зургийг хавсаргасан байна.

2.4. Энэхүү байршлын кадастрын зурагт “нэгж талбарын дугаар: 18, хаяг: С дүүрэг 14-р хороо, А, 16-р гудамж 30 тоот хаалга, талбайн хэмжээ: 297 квадрат метр” гэжээ.

2.5. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, хүчингүй болгох тухай” 254 дүгээр захирамжийн нэгдүгээрт хавсралтаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүйгээр газар өмчилж авсан иргэдийн жагсаалтыг баталсан ба уг жагсаалтын 1,479 дугаарт “Оын Г, Ан 16 дугаар гудамжны 30 тоот” гэж бичигдсэнээр,

2.6. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэрээр О Гид Монгол Улсын Их Хурлаас 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдөр баталсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2008 оны 254 дүгээр захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар С дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 297 м.кв 3,920,400 төгрөгийн үнэтэй газрыг үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэж, хамтран өмчлөх гэр бүлийн гишүүдийн бүртгэл /№0004142/-д Н.Бүтэд, Г.М*******э гэж бичигджээ.

2.7. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх, хүчингүй болгох тухай” А/332 дугаар захирамжийн 3 дах заалтаар “Нийслэлийн Засаг даргын захирамжаар өмчилж авсан газраа гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлсэн, өмчлөгдсөн газрын кадастрын зурагт өөрчлөлт орсон болон өмчлөгчийн бүртгэлийн мэдээлэлд залруулга оруулсан нэр бүхий 240 өрхийн газрын бүртгэлийг гуравдугаар хавсралтаар өөрчилсөн” ба энэхүү гуравдугаар хавсралтын жагсаалтын 224 дүгээрт нэхэмжлэгч О.Гийн нэр бичигдсэн,

Харин мөн захирамжийн 4 дэх заалтаар “Энэ захирамж гарсантай холбогдуулан дөрөвдүгээр хавсралтад заагдсан захирамжуудын холбогдох хавсралтад дурдагдсан 258 өрхөд газар өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгонд тооцсон” ба уг дөрөвдүгээр хавсралтын жагсаалтын 235 дугаарт хамтран өмчлөгч хасуулсан тайлбартайгаар нэхэмжлэгчийн нэр оржээ.

3. Гуравдагч этгээд нарт хамаарах үйл баримтын тухайд.

3.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 9329 дүгээр шүүгчийн захирамжаар иргэн Д.Д, А.М нарыг бие даасан шаардлагагүй гуравдагч этгээдээр  татан оролцуулж,

3.2. Тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/8579 албан бичгээр Д.Дгийн нэгж талбарын 18 дугаарт эзэмшүүлсэн газрын хувийн хэргийг, А.Мын нэгж талбарын 18 дугаарт эзэмшүүлсэн газрын хувийн хэргийг, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/457 албан бичгээр Б.Эын нэгж талбарын 18******* дугаарт эзэмшүүлсэн, өмчлүүлсэн газрын хувийн хэргийг тус тус нотлох баримтаар шаардаж гаргуулсан.

3.3. С дүүргийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Иргэний амины хашааны газар эзэмших эрх олгох, газрын эрхийг шилжүүлэх тухай” 01 дүгээр захирамжийн нэгдүгээр хавсралтын 33-д зааснаар гуравдагч этгээд Д.Дд кадастрын зурагт ороогүй тайлбартайгаар, амины хашааны зориулалтаар, 14 дүгээр хороо А 16-31а хаягт, 670 м.кв газрыг эзэмшүүлсэн.

3.4. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, хүчингүй болгох тухай” 254 дүгээр захирамжийн нэгдүгээрт хавсралтаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүйгээр газар өмчилж авсан иргэдийн жагсаалтыг баталсан ба уг жагсаалтын 1,478 дугаарт “Д*******ын Д, Ан 16 дугаар гудамжны 31-а тоот” гэж бичигдсэнээр,

3.5. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэрээр Д*******ын Дд Монгол Улсын Их Хурлаас 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдөр баталсан “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2008 оны 254 дүгээр захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар С дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 640 м.кв, 8,844,000 төгрөгийн үнэтэй газрыг үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэжээ.

3.6. С дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/463 дугаар захирамжийн хавсралтын 426 дугаарт “А*******ийн М /РД:УЕ/-д, 43 дугаар хороо, Ан 2-121 тоот, 556 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх” гэж бичигдсэнээр гуравдагч этгээд А.Мд газар эзэмших эрх үүссэн.

3.7. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Иргэдэд газар өмчлүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/1276 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтын 47 дугаарт “А*******ийн М 43 дугаар хороо, Ан 2-121 тоот, 556 м.кв” гэж бичигдсэнээр,

3.8. Нийслэлийн С дүүргийн 43 дугаар хороо, А 2 гудамж 121 тоот хаягт байрши 18******* нэгж талбарын дугаартай, 556 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, газрын хууль ёсны өмчлөгч нь А.М тул эрхийн улсын бүртгэлийн Г-22******* дугаарт бүртгэж, 00******* дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.

3.9. Гуравдагч этгээд А.М нь нэгж талбарын 18******* дугаартай 556 м.кв талбай бүхий газраа 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Худалдах худалдах авах гэрээ”-ээр иргэн Б.Эд худалдсанаар Нийслэлийн С дүүргийн 43-р хороо Ан 2-р гудамжны 121 тоот хаягт байрши, 18******* нэгж талбарын дугаартай, 556 м.кв талбайтай газрын хууль ёсны өмчлөгч нь Б.Э болж, түүнд эрхийн улсын бүртгэлийн Г-22******* дугаарт бүртгэж, 00******* дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна.

4. Ийнхүү маргаж буй газар нь хөрш зэргэлдээ нэг байршилд байхаас гадна нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүд нь газар өмчлөх эрхийг бодитойгоор хэрэгжүүлж байна.

5. Иргэн О.Гоос, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/332 дугаар захирамжаар С дүүрэг, 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 296 м.кв газрыг О.Гид өмчлүүлж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулахаар,

5.1. С дүүргийн 43-р хорооны Ан 2-р гудамж тоот хашаанд 2001 оноос хойш одоог хүртэл ямар нэгэн хөдөлгөөн ороогүй, газрын мэдээллийн санд газрыг бүртгэхдээ Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16.13. “Газар дээр нь тэмдэглэж газрын кадастрын зурагт буулгасан ерөнхий хил нь газар олгохдоо тогтоосон хилийн цэстэй, оноосон хил нь газрыг хэсгээр дундаа эзэмшигчдийн бичгээр гаргасан зөвшөөрөлд заасан, эсхүл газар олгоход эрх бүхий этгээдээс тогтоосон хилтэй тохирч байна” гэж заасныг зөрчсөн, газар эзэмшиж байсан тэр хавийн айлууд болон надаас ямар ч зөвшөөрөл бичгээр аваагүй, бодит байдал дээр нь хэмжилт хийгээгүй, эзэмшиж байсан газар кадастрын зурагтай тохирч байгаа эсэхийг тулган нягталж үзээгүй гэж маргасныг шүүх хүлээн авах боломжгүй, үндэслэлгүй гэж үзэв.

6. Учир нь маргаан бүхий энэхүү Үндэслэх хэсгийн 2.6-д заасан захирамж нь нэхэмжлэгчид эерэг нөлөө үзүүлсэн захиргааны акт байхаас гадна “газар өмчлөх эрх”-ийг бодитойгоор зэрэгцэн хэрэгжүүлж байгаа гуравдагч этгээдүүдийн эрхийг зөрчих байдлаар өөрийн эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалуулах, ингэхдээ кадастрын зураглал үйлдэх, газрын кадастр эрхлэхтэй холбогдсон харилцаанд үйлчилж, зохицуулах Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн дагуу маргах үндэслэлгүй байна.

7. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно”, 3.1.2. “иргэнд газар өмчлүүлэх гэж Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэнд өмчлүүлж болохоор заасан хэмжээ, болзол, шаардлага, журам, нөхцөлөөр иргэний өмчлөлд шилжүүлэхийг”, 6 дугаар зүйлийн 6.1. “Иргэнд газар тариалангийнхаас бусад зориулалтаар дараах газрыг өмчлүүлнэ”, 6.1.1. “хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэрийн газар /гудамж, талбай, зам, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг/, бэлчээр, ойн болон усны сан бүхий газар, тусгай хэрэгцээний газар, зам, шугам сүлжээний газраас бусад газарт”, 12 дугаар зүйлийн 12.1. “Аймаг, нийслэлийн Засаг дарга дараах бүрэн эрхтэй”, 12.1.1. “иргэдэд газар өмчлүүлэх талаарх төрийн нэгдсэн бодлого, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах”, 21 дүгээр зүйл. “Газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах”, 21 дүгээр зүйлийн 21.1. “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргах” бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлсэн хариуцагчийн захиргааны үйл ажиллагааг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох хууль зүйн боломжгүй байна.

8. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь 297 метр квадрат газрыг эзэмшиж байсан нь С дүүргийн Засаг даргын 2006 оны 369 дүгээр захирамжаар тогтоогдож, улмаар өөрийн өмчлөлдөө авах зорилгоор гаргасан өргөдөлдөө өмчилж авах гэж буй газрын “талбайн хэмжээг 297 м.кв” гэсэн нь хэрэгт авагдсан, нэгж талбарын хувийн хэргийн баримтаар нотлогдож, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21.1. “...иргэний гаргасан өргөдлийн үндсэн дээр” шийдвэр гаргах бүрэн эрхээ хэрэгжүүлсэн хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.

9. Маргаан бүхий харилцаанд хамгийн нарийвчилсан хууль нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль байна. Яагаад гэвэл, маргаж буй газар нь Газрын тухай хуулийн 5.1. “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн”, 5.3. “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэхтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна” гэж зааснаар нэгэнт өмчлөгдсөн газрын эрхийг өөр бусад хуулиар хөндөх, шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй юм.

10. Хэрэгт нотлох баримтаар авагдсан, Нийслэлийн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Нотлох баримт хүргүүлэх тухай” 1/1899 дугаар албан бичигт “...Газрын кадастрын мэдээллийн сангийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн мэдээлэлд иргэн О.Гийн регистрийн PC: дугаараар хайлт хийхэд нэгж талбарын 18******* дугаар бүхий 296 м.кв талбайтай газар өмчлөх эрхээр бүртгэлтэй байгаа ба бусдын эзэмшил, өмчлөлд олгогдсон газартай давхцалгүй байна” гэсэн ба,

11. Харин нэхэмжлэгчээс “М *******” ХХК-д хандсаны дагуу 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр иргэн О.Гийн нэр дээр үйлдсэн 414 м.кв талбайтай газрын кадастрын зургийн солбицлын утгыг боловсруулан газрын кадастрын мэдээллийн сангийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн мэдээлэлтэй давхцуулахад иргэний өмчилсөн газартай 118 м.кв талбайгаар давхца байгааг дээрх албан бичигт, түүнчлэн Нийслэлийн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1/2227 дугаар, мөн газрын 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1/652 дугаар албан бичигт “... “М *******” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр иргэн О.Гийн нэр дээр үйлдсэн 414 м.кв талбай бүхий кадастрын зургийн солилцлын утгыг боловсруулан Газрын кадастрын мэдээллийн сангийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн мэдээлэлтэй давхцуулан үзэхэд нэгж талбарын 18 дугаартай 669 м.кв талбайтай иргэн Д.Дгийн өмчилж буй газартай 117 м.кв талбайгаар, нэгж талбарын 18******* дугаартай 556 м.кв талбайтай иргэн Б.Эын өмчлөлийн газартай 1 м.кв талбайгаар давхца байна” гэжээ.

12. Энэ нь нэхэмжлэгчийн хоёр дахь буюу “даалгах” шаардлагыг үгүйсгэх нотлох баримт ба Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. “Газар өмчлөгч иргэн дараах эрхтэй”, 27.1.1. “бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах”, 38 дугаар зүйл. “Газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглох”, 38 дугаар зүйлийн 38.1. “Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно” гэж зааснаар гуравдагч этгээд нарын газар өмчлөх эрхийг зөрчих байдлаар нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хангах үндэслэлгүй харуулж байна.

13. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгчийг анхнаасаа 414 м.кв газрыг өмчлөх ёстой байжээ гэж үзэх боломжгүй ба маргаан бүхий энэ тохиолдолд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5. “иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг өмчлүүлэхдээ”, 5.1.5.1. “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг өмчлүүлэх”, 5.1.5.2. “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт тусгагдсан, иргэдэд өмчлүүлэх газарт хамаарахгүй бөгөөд тухайн иргэн газар өмчилж авах хүсэлт гаргасан тохиолдолд энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бөгөөд бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн ээлжинд түүнд өмчлүүлэх” гэж заасны дагуу нэхэмжлэгч О.Г нь энэхүү Үндэслэх хэсгийн 2.2-д зааснаар 297 м.кв, гуравдагч этгээд Д.Д нь энэхүү Үндэслэх хэсгийн 3.3-д зааснаар 670 м.кв, гуравдагч этгээд Б.Э /А.М/ нь энэхүү Үндэслэх хэсгийн 3.6-д зааснаар 556 м.кв газрыг тус тус эзэмшиж байсан, эзэмшлийн уг газрууд нь Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газарт хамаарах бөгөөд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт тусгагдсан, иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байсан, түүнчлэн хамаарахгүй бөгөөд ...тэргүүн ээлжинд өмчлүүлэх, өмчлөх талаарх дээрх хуулийн зохицуулалтад нийцэж байна.

14. Иймд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. “Газар өмчлөгч иргэн дараах эрхтэй”, 27.1.1. “бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах”, 38 дугаар зүйл. “Газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглох”, 38 дугаар зүйлийн 38.1. “Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно” гэж зааснаар гуравдагч этгээд нарын газар өмчлөх эрхийг зөрчих байдлаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, хариуцагчийн  Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэх бүрэн эрхийн хүрээнд гаргасан маргаан бүхий захирамж нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

15. Ердийн ухамсрын түвшинд хууль хэрэглээний биш агуулгаар гаргасан иргэдийн төлөөлөгч  Д.М*******ийн дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.“нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл гаргагчаас мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай 5 дугаар зүйлийн 5.1.5, 12 дугаар зүйлийн 12.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Гоос, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/332 дугаар захирамжаар С дүүрэг, 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 296 м.кв газрыг О.Гид өмчлүүлж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулж, С дүүрэг, 43 дугаар хороо, Ан 2 дугаар гудамж, тоот хашааны 414.8 м.кв газрыг О.Гид өмчлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     У.БАДАМСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                         Б.АДЪЯАСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                         Х.НЯМДЭЛГЭР