Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
Хэргийн индекс | 130/2020/01233/И |
Дугаар | 212/МА2021/00006 |
Огноо | 2021-02-05 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 212/МА2021/00006
Р.У-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2020/01267 дугаар шийдвэртэй, Алтай сумын 4 дүгээр багт оршин суух, Р.У-ы нэхэмжлэлтэй, Алтай сумын Засаг даргад холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.Еркегүл, нэхэмжлэгч Р.У-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Р.У-ыг Алтай сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Б/134 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Алтай сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай.
Нэхэмжлэлд: “Миний бие дээд боловсролтой, хүний их эмчийн мэргэжилтэй, одоогоор 37 дахь жилдээ мэргэжлийн дагуу эрүүл мэндийн салбарт их эмч, эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаа төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан билээ. Тус Алтай сумын Засаг дарга А.А- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан хөдөлмөрийн харилцаанд ...үзэл бодлоор нь ялгаварлан, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно гэсэн үндсэн зарчмыг зөрчиж, Ардчилсан намын гишүүнчлэлтэй Р.У- намайг үзэл бодлоор ялгаварлан гадуурхаж, ажлын байрны дарамт, хүчирхийлэлд өртүүлэн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Р.У-ыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” А/187 дугаартай захирамж гаргаж эрхэлж байсан албан тушаалаас үндэслэлгүй халж чөлөөлсөн нь Баян-Өлгий аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 212/МА2020/00042 дугаартай магадлалаар нотлогдон тогтоогдсон. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан гүйцэтгүүлэх ажлын үр дүнгээр шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлсэн үйлдэл хийж Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн “Р.У-ыг Алтай сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоох тухай” Б/114 тоот дугаартай захирамжаар урьдах ажилд маань эгүүлэн тогтоосон боловч шүүхийн шийдвэрийг албадан биелүүлж, томилсноос хойш нэг сар арав хоногийн дараа өмнөх ажлаас чөлөөлсөн үндэслэлийг дахин зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.3-д заасан үндэслэлээр дахин ажлаас чөлөөлж Р.У- миний хөдөлмөрлөх эрхэд ноцтой халдаж байна. Алтай сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Р.У-ыг Алтай сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Б/134 дугаартай захирамж нь холбогдох хуулийн дараах заалт, шаардлагыг зөрчсөн гэж гомдол гаргаж байна. Үүнд: 1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг зөрчиж, 65 нас хүрээгүй, дөнгөж 60 нас өнгөрч байгаа Р.У- намайг өөрөө хүсэлт гаргаагүй байхад нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн хэмжээн ажлаас чөлөөлсөн нь хуулийг ноцтой зөрчсөн. 2.Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар 65 нас байна гэснийг зөрчсөн. Гомдол гаргагч Р.У- би 1959 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн 60 нас 11 сартай болох нь Иргэний үнэмлэхээр тогтоогдож байна. 3.Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасныг давхар зөрчиж байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Р.У-ыг Алтай сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Б/134 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Р.У- намайг Баян-Өлгий аймгийн Алтай сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн тайлбарт: “Тус сумын Эрүүл мэндийн төвийн дарга Р.У- нь 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 60 нас 6 сартайд өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэж, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 60 нас 10 сартай болж нас нь хэтэрсэн буюу өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзлыг хангасан тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг,Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.3 дахь заалт, 43 дугаар зүйлийн 43.3, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр,тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл заалт, хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйл,тус эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журмыг тус тус үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн юм. Р.У-ыг Алтай сумын Эрүүл мэндийн төвийн үүрэгт ажлаас чөлөөлсөн эрхийн акт нь Хөдөлмөрийн тухай хууль болон эрхийн актад үндэслэсэн бусад хуулиудад нийцсэн гэж үзэж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь 60 нас 6 сартайд үүсэх ба Р.У- нь 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр тусгайлан зохицуулсан хуульд заасан болзол шаардлагыг хангасан гэж үзэж байна. Ийм нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2020/01267 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Р.У-ы Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Р.У-ыг Алтай сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Б/134 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Алтай сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд: “...анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тухайлбал: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4; Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3; Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-д заасан заалтуудыг шийдвэрийн үндэслэх хэсэгт буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д “Ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн“ нь Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл гэж заасан боловч тэтгэвэр тэтгэмж тогтоон олгохтой холбоотой харилцааг зохицуулж байгаа нарийвчилсан хуулийн зохицуулалт болох Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагч нь нийтдээ 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн даатгуулагч өрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй “ гэж заасныг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч Р.У- миний бие 1959 оны 11 дүгээр сарын 26-нд төрсөн, Алтай сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай “ Б/ 134 дугаартай захирамж гарах үед 60 нас 10 сартай байгаа боловч даатгуулагч Р.У- би өөрөө өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлт гаргаагүй нөхцөлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх боломжгүй. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “60 нас хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж, хүсэлт гаргаагүй нөхцөлд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-д зааснаар 65 нас хүртэл төрийн албанд үргэлжлүүлэн ажиллахаар зохицуулсан байдаг. Хуулийн эдгээр заалтуудыг анхан шатны шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. 2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг хөдөлмөрийн тухай болон бусад хулиар зохицуулна “ гэж заасан тул “бусад хууль” болох Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр , тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн хамгаалалт Р. У надад нэгэн адил үйлчлэх учиртай гэж гомдол гаргаж байна. 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “....үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргах нь түүнд хулиар олгогдсон эрх, үүрэг бөгөөд хариуцагч Алтай сумын Засаг дарга 2020.06.15-ны өдрийн 195 дугаар албан бичгээр цаашид ЭМТ-ийн даргаар ажиллуулах боломжгүй гэж үзсэн нь ажил олгогчийн эрхэд халдсан явдал” гэж дүгнэсэн нь шүүх нотлох баримтгүй үйлдэлд хууль бус дүгнэлт хийсэн явдал юм. Харин Р.У- миний бие 37 жил мэргэжлээр тасралтгүй нэг газарт тогтвор суурьшилтай үр бүтээлтэй ажилласан, удаа дараа мэргэжил дээшлүүлсэн, нарийн мэргэжил эзэмшсэн, мэргэжлийн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Миний удирдаж буй Эрүүл мэндийн төвийн ажил жил дараалан тогтвортой сайн байсан. Үүний тод жишээ нь гэвэл сүүлийн 12 гаруй жил ажлын үр дүнгээр эхний байруудад шалгарч байсны дээр намайг ажлаас чөлөөлсөн 2019 онд системдээ 1 дүгээр байранд шалгарсан. Одоогоор тус ЭМТ-д 4 их эмч ажилладаг бөгөөд надаас өөр нарийн мэргэжилтэй нэг ч эмч байхгүй. Бүгд ерөнхий мэргэжлийн эмч нар байдаг болохоор миний ажлын ачаалал, хариуцлага өндөр байхаас өөр зам байхгүй, өдөр шөнөгүй, амралт баяр ёслолгүй бараг өдөр бүр өвчтөн хүлээн авч, үйлчилдэг залуу эмч нарыг дагалдуулан ажлын байрны сургалт явуулж зөвлөн тусалж зааж сургадаг. Ийнхүү он удаан жил ЭМТ-ийн салбартаа бусдыг хошуучлан манлайлж, сумын эрүүл мэндийн төвд 2 удаа аймгийн хэмжээний үзүүлэх сургууль зохион байгуулж, үлгэр дурайлал үзүүлж байсан . Хоёр эмчийг төгсөлтийн дараах мэргэшил олгох , сургалтад хамруулан гэрээгээр суралцуулж байгаа бөгөөд ойрын 2 жилийн дотор төгсгөхийг зорьж байна. Харин би цаашид үргэлжлүүлэн ажиллах талаар Эрүүл мэндийн газарт хүсэлтээ гаргасан. Мэргэжлийн байгууллагаас цаашид үргэлжлүүлэн ажиллуулахгүй, мэргэжил, ур чадварын хувьд болон эрүүл мэндийн хувьд ажилд тэнцэхгүй гэсэн дүгнэлт шийдвэр байхгүй. Миний ажлын амжилт, мэргэжлийн мэдлэг, ур чадвар, дадлага туршлага, ажлын үзүүлэлтүүдийг шүүх үндэслэлгүй үгүйсгэсэн явдал гэж гомдол гаргаж байна. Шүүх зөвхөн хавтаст хэргийн материалд байгаа нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгөх байтал өөрөө үзэмжээр дүгнэлт хийж, Р.У- миний мэдлэг боловсрол, туршлага, эрүүл мэндийн байдалд үгүйсгэж дүгнэлт өгсөн нь шүүгчийн ёс зүй зөрчсөн, миний хувийн байдлыг шүүгч буруу дүгнэсэн явдал гэж гомдол гаргаж байна. 4.Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалт өндөр насны тэтгэвэр тогтоох харилцааг нарийвчлан зохицуулсан ажил олгогч бүрэн эрхийн хүрээнд асуудлыг шийдвэрлэж, ажлаас чөлөөлсөн, үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй гэж шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэх боломжгүй” гэжээ. Гэтэл Р.У- намайг ажлаас чөлөөлсөн шийдвэрт ажил олгогч “ямар үндэслэлээр цааш нь үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй, ямар шалтгаан, үндэслэл байгааг “ дурдаагүй, энэ талаар чөлөөлсөн захирамжид заагаагүй байгааг шүүх анхааран үзээгүй байгаа нь шүүх хэргийг нэг талыг баримтлан шийдвэрлэснийг илтгэж байна. Харин Алтай сумын Засаг дарга ( А.А-) нь Р.У- намайг Алтай сумын Засаг даргын 2019.12.31-ний өдрийн “Р.У-ыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай “ А/ 187 тоот захирамж , 2020.06. 26-ны өдрийн “Р.У-ыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай “ Б/ 84 дугаартай захирамж , 2020.10.19-ний өдрийн “Р.У-ыг ... үүрэгт ажлаас чөлөөлөх тухай “ Б/ 134 тоот захирамж , Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд нь нэг жилийн дотор 3 удаа ажлаас чөлөөлж байгаагаар нь дүгнэвэл хариуцагч А.А- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар “үзэл бодлоор ялгаварлан, миний хөдөлмөрлөх эрхийг хязгаарлан, өөртөө давуу байдал бий болгосон “ хууль бус үйлдэл хийж, хавчин гадуурхсан нь үйлдлээр нотлогдсоор байтал анхан шатны шүүх буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна .Алтай сумын Засаг даргын 2020.10.19-ний өдрийн “ Р.У-ыг Алтай сумын эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай“ Б/134 дугаартай захирамжийн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэж, ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэсэн явдал юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага, татан буугдсан, орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн“ гэсэн заалтыг баримталсан байна. Энэ нь Р.У- намайг ажилд эгүүлэн тогтоох үндэслэл болно.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
Р.У- нь Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргад холбогдуулан Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/134 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Алтай сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргаж, үндэслэлээ “шүүхийн шийдвэрийг албадан биелүүлж, томилсноос хойш нэг сар арван хоногийн дараа өмнөх ажлаас чөлөөлсөн үндэслэлээ дахин зааж хууль бусаар ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-д заасныг зөрчсөн” гэж тайлбарлажээ. Хариуцагч уг гомдлыг эс зөвшөөрч “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх 60 нас 6 сартайд үүсэх ба Р.У- нь 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр тусгайлан зохицуулсан хуульд заасан болзол шаардлагыг хангасан” гэж шүүхэд маргасан байна.
Баян-Өлгий аймгийн Алтай сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Р.У-ыг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 60 нас 10 сартайд өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн нөхцөл байдлыг харгалзан, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.3, 43 дугаар зүйлийн 43.3, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйл, Эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журмыг тус тус удирдлага болгон тус сумын Засаг дарга захирамж гарган ажлаас чөлөөлжээ.
Нэхэмжлэгч Р.У- нь 1959 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 60 нас 10 сартай болох нь нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбараар тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх “Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 14 дүгээр зүйлийн 14.1.2-д зааснаар Алтай сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалтан нь төрийн үйлчилгээний албан тушаалтан мөн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д тэтгэвэр тогтоолгох нас 60 нас 6 сар байхаар хуульчилсан байх бөгөөд нэхэмжлэгч 60 нас 10 сар 23 хоногтой тул тэтгэвэр тогтоолгох дээрх хуульд заасан насанд хүрсэн” гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтад (1) ажилтан 60 нас хүрч (2) өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах ерөнхий үндэслэлийг заасан боловч “ажилтан өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” гэх нөхцөлийн талаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагч нь нийтдээ 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно.” гэж, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна”. гэж нарийвчлан хуульчилсан.
Харин хуульд зааснаар 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагчийн хувьд өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох тохиолдолд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар 1959 онд төрсөн эрэгтэй даатгуулагчийн хувьд 60 нас 6 сар хүрсэн тохиолдолд өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй байхаар хуульчилжээ.
Гэтэл ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй тохиолдолд дээрх журмын тухай хуулийн зохицуулалт хэрэглэгдэхгүй, хамааралгүй бөгөөд Р.У- нь Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн б/114 дүгээр захирамжаар, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн томилогдсон, үүнээс хойш Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... Харин 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, ... даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно.” гэж заасны дагуу ажлаас чөлөөлөгдөх болон өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах тухай хүсэлтээ ажил олгогч болон эрх бүхий байгууллагад гаргаагүй, харин ажилд эгүүлэн тогтоох тухай Засаг даргын захирамж гарахаас өмнө буюу 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр “цаашид үргэлжлүүлэн ажиллах” тухай хүсэлт гаргасан байхад түүнийг ажил олгогч “өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3. дахь заалтад нийцээгүй байна.
Тодруулбал, ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах хуульд заасан үндэслэл бүрдээгүй, ажилтан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй буюу түүнд өндөр насны тэтгэвэр авах эрх үүсээгүй байхад нэхэмжлэгч Р.У-ыг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэг тус тус нийцээгүй ба Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалт нь 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй даатгуулагчийн хувьд өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй тохиолдолд хэрэгт хамааралгүйг тэмдэглэх нь зүйтэй.
Анхан шатны шүүх ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг бусад хуулиудтай уялдуулан зөв тайлбарлаж хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй маргааны үйл баримтад хамааралгүй хуулийг хэрэглэсэн байх тул дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж,
Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/134 дугаартай “Р.У-ыг Алтай сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан тус аймгийн Алтай сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2020/01267 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтыг баримтлан Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/134 дугаартай “Р.У-ыг Алтай сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, Р.У-ыг Баян-Өлгий аймгийн Алтай сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай.” гэж, 2 дахь заалтыг “2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар Р.У-ы гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200.00 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч Р.У-ы анхан шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200.00 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100020000941 дугаар данснаас буцаан гаргуулж Р.У-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД М.НЯМБАЯР
Д.КӨБЕШ