Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 182

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,  

улсын яллагч Э.Бадрал,

шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өндөрүүд овгийн Түвшинжаргалын Төрмөнхөд холбогдох эрүүгийн 1811000210029 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Өндөрүүд овгийн Түвшинжаргалын Төрмөнх, 1984 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто замын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо, Өндөрхаан 5 дугаар гудамжны 5 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ХД84102811.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Т.Т нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 50-608 тоотод өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Г.Саранчимэгийг байнга буюу 2017 оны 12 дугаар сарын 9, 12, 18, 22-ны өдрүүдэд зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

Мөн шүүгдэгч Т.Т нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 50-608 тоотод өөрийн эхнэр Г.Саранчимэгийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Т.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Намайг 3 удаа зодсон гэж байна. Сүүлийнх нь манай эхнэр архи уусан байсан. Би найзтайгаа жаахан архи уугаад ирсэн. Эхнэр согтуу байсан учраас маргалдаад ойрхон тэлээ байж байхаар нь ороолгосон…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Г.Саранчимэг нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би хувиараа айлд 10.000 төгрөгөөр хүүхэд харах ажил хийдэг юм. 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тухайн үед хүүхэд хардаг айлын хүн баярласнаа илэрхийлээд вино гаргаж өгсөн юм. Тэр виног уучхаад гэртээ харьсан. Тэгээд гэртээ ирээд 0.750 литрийн Монгол стандарт нэртэй архи байхаар нь 1-2 хундага уугаад сууж байтал гаднаас нөхөр Төрмөнх орж ирэхээр нь би айсандаа гэрээсээ гараад явчихсан. Тэгээд гадаа байж байгаад ойролцоогоор 1 цагийн дараа гэртээ орж ирэхэд өмднийхөө тэлээг тайлаад намайг тэлээгээр ороолгож зодсон. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Намайг зодоход шалтгаан байхгүй Төрмөнх согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл үүсгэн улмаар хоорондоо маргалдан цохиж түлхдэг. Миний бие эр хүний гарын аяыг даахгүй гэмтдэг, Төрмөнх архи ууж ирээд мөрөөрөө байхгүй, дандаа хэрүүл хийж агсам согтуу тавьдаг. Архи уусан л бол надад гар хүрч зоддог тул би өөрийгөө хамгаалах гэж дуудлага өгдөг. ...Би юу гэж зүгээр байгаа хүнд дуудлага өгөх билээ. Өөрөө өөрөөсөө болдог сонин хүн байгаа юм. Би энэ хүнээс салж байвал надад өөр хүсэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-10-11, 64-65х/.

Насанд хүрээгүй гэрч С.Урангоо мэдүүлэхдээ: “...2018 оны 1 дүгээр сарын 8-ны орой 21 цаг өнгөрч байхад гаднаас Төрмөнх ах ганцаараа орж ирчхээд гэрт хононо гэж хэлсэн. Ингээд би гар утсаараа оролдоод сууж байхад Төрмөнх ах 3 хүүхдээ үнсээд тэврээд байсан. Тэгээд хүүхдүүдээ унтуулчхаад гэнэтхэн хувцсаа өмсөөд гараад явсан. Тухайн үед би ээж дээрээ ирэхдээ эмээ намайг тусалсан гээд 10.000 төгрөг өгсөн. Тэр мөнгөнийхөө 2000 төгрөгөөр нь унаанд суугаад ирсэн. Ээжийг гэртээ нүүрс ав гэж бодоод хариулт 8.000 төгрөгийг шкафан дээр ил тавьчихсанаа мартаад Төрмөнх ах гарч явсны дараа гэнэтхэн тэр мөнгийг санаад хартал алга болчихсон байсан. Ингээд ээж ажил хийж байгаад орой 00 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд нь би юу болсон талаар хэлсэн. Тухайн үед Төрмөнх ах эрүүл байсан. Харин дараа нь 20-иод минутын дараа залгахад архи уучихсан шинжтэй байсан. ..Төрмөнх согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам болчихдог, тэгээд ээжид агсам тавьж, гар хүрч зодож зовоодог байсан. Ээж үүнийг мөн ч олон жил тэвчсэн. Ямар ч шалтгаан байхгүй архи уусан үедээ л ирж гар хүрдэг байсан. Ээж гар хүрэх болгонд нь тэвчээд өнгөрдөг байсан...” гэжээ /хх-14-16х/.

Гэрч Ж.Баярбат мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Согоот 10-аас Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 50-608 тоотоо нөхөр зодоод байна гэсэн дуудлага ирсний дагуу очиж шалгахад нөхөр Төрмөнх нь эхнэр Саранчимэг 3 хүүхдийн хамтаар гэртээ байсан ба эхнэр Саранчимэг нь уйлчихсан нөхөр Төрмөнхийг өмдний тэлээ болон галын төмрөөр зодоод байна гээл хөлийн зузаан гуяын хэсэгт нь хавдаж улайсан шарх үзүүлсэн. ...Миний бие Саранчимэгээс ирсэн 3 дуудлагад очсон байсан...” гэжээ /хх-25-26х/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 623 дугаар дүгнэлтэд: 

“1. Г.Саранчимэгийн биед баруун зүүн гуя, зүүн бугалга, шуу, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх-32х/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-45, 74х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-40х/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Т нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 50-608 тоотод өөрийн эхнэр Г.Саранчимэгийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн,

мөн шүүгдэгч Т.Т нь эхнэр Г.Саранчимэгийг байнга буюу 2017 оны 12 дугаар сарын 9, 12, 18, 22-ны өдрүүдэд зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т.Тийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан мөн гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Төрмөнх нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогч Г.Саранчимэг нь баримтаар нэхэмжилсэн хохиролгүй бөгөөд хохирогчоор мэдүүлэхдээ “...Би энэ хүнээс салж байвал надад өөр хүсэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн, мөн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хавтаст хэргийн материалтай танилцаад “...Хэргийн материалтай уншиж танилцлаа. Гомдол санал байхгүй...” гэсэн болохыг дурдаж байна.

Шүүх шүүгдэгч Т.Төд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн шүүгдэгч Т.Тийн нийт эдлэх ялыг тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Мөн шүүгдэгч Т.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогч Г.Саранчимэг нь гомдол, саналгүй гэх тул 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өндөрүүд овгийн Түвшинжаргалын Төрмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Төд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,

мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Т.Төд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.   

4. Шүүгдэгч Т.Төд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Төд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Төд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН