Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2025/0122

 

    2025         02           07                                   128/ШШ2025/0122

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би “О*******” ХХК-ийн гомдолтой, Монополын эсрэг газарт холбогдох зөрчлийн хэрэгт гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г*******ийн ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гомдол гаргагч “О*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...“О*******” ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Э.Э*******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Монополын эсрэг газраас 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01/152 дугаар албан бичгээр ирүүлсэн албан бичигтээ: “...Монополын эсрэг газраас 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр “О*******” ХХК-д ногдуулсан 900 нэгжтэй тэнцэх төгрөгийн торгуулийг “О*******” ХХК, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тус агентлагийн Төрийн сангийн 100******* дугаар торгуулийн орлого хүлээн авах дансанд төлж барагдуулсан байна...” гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

           “О*******” ХХК-аас, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөн зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Э.Э*******т холбогдуулан “...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөн зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 000******* дугаар шийтгэлийн хуудсыг  хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гарган маргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх;”, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж тус тус заасан.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул нэхэмжлэгч “О*******” ХХК-ийг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан “О*******” ХХК-ийн гомдолтой, Монополын эсрэг газарт холбогдох “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөн зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 000******* дугаар шийтгэлийн хуудсыг  хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Ган-Эрдэнэд  даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                           У.БАДАМСҮРЭН