Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 57

 

 

2023       10           17                                       2023/ДШМ/57

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Э.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга С.Аззаяа нарыг оролцуулан,

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЗ/338 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлийг үндэслэн *******т холбогдох эрүүгийн 2336000000229 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, ******* ургийн овогт *******ийн Ариунбаяр, 1990 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл гурав, эцэр, эхийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: *******.

 

2. ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 26-ны өглөө 06-07 цагийн хооронд Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав нутаг дэвсгэр Буянт голын лагарт байх гэртээ хохирогч *******, ******* нар нь унтаж байхад Ц.Болд-Эрдэнийн 535'000 төгрөгийн үнэлгээтэй ай пони XS (Iphone XS) загварын гар утас, хохирогч А.Ум- Амгалангийн 300'000 төгрөгийн үнэлгээтэй Самсунг А-13 (Samsung A-13) загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 835'000 (найман зуун гучин таван мянган) төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

3.Ховд аймгийн Прокурорын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Алтанцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* ургийн *******ийн Ариунбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2336000000229 дугаартай хэргийг Ховд аймгийн Прокурорын газарт буцааж,

4.2 Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэг прокурорт очих хүртэл үргэлжлүүлж,

4.3 Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,

4. Энэхүү захирамжийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ажлын 5 (таван) өдөрт багтаан Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан хохирогч, шүүгдэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1  Шүүгчийн захирамжийг 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч танилцаад, шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй байна гэсэн дүгнэлт хийж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

5.2  Тухайлбал: Хэрэгт авагдсан баримтуудаар *******, ******* нар нь өөрийн эсгий гэртээ /монгол/ хаалгаа онгорхой унтаж байхад яллагдагч ******* нь орж Айфон Экс-8 (Iphone X8), Самсунг Ай-13 (Samsung A-13) загварын гар утаснуудыг хулгайлж авсан үйл баримт тогтоогдсон болно. Улсын дээд шүүхийн тайлбараар "орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн" гэдгийг түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад нь сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орохыг ойлгоно.

Мөн тодорхой хугацаанд байх эрх бүхий этгээд өөр цаг хугацаанд үйлдвэрлэлийн байр, албан тасалгаа зэрэгт зөвшөөрөлгүйгээр орсон байвал орон байр, агуулах саванд нэвтэрсэн гэж үзнэ гэж тодорхойлсон байна. Шүүгдэгч нь гэмт хэргийн субъектив талын хувьд хулгай хийх санаа зорилго агуулж хохирогчийнд орсон эсэх нь нотлогдоогүй, шүүгдэгчийн мэдүүлгээр хохирогчийн хаалга онгорхой байсан, ширээн дээр ил байсан 2 утсыг хараад хулгай хийх санаа төрж хулгайлж авсан байна. Үүнээс хулгайлах гэмт хэргийн субъектив санаа, зорилго нь байранд нэвтэрсэн хойно буюу гэнэт үүссэн санаа болох нь харагдаж байна. Гэтэл анхан шатны шүүхээс гэмт хэргийн сэдэлт, зорилго хэзээ үүссэн, орон байранд хулгайлах гэмт хэрэг үйлдэх зорилгоор нэвтэрсэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй байж Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т заасан заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна." гэж заасан Гэтэл анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх шаардлагатай гэж үзсэн бол хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийн оролцогч нарт хүндрэл учруулахгүйгээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцүүлэн шүүгдэгчид хэргийн зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гардуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах эрхээ хэрэгжүүлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Иймд Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2023/Ш3/338 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2336000000229 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

2. Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 26-ны өглөө 06-07 цагийн хооронд Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав нутаг дэвсгэр Буянт голын лагерт байх гэртээ хохирогч *******, ******* нар нь унтаж байхад Ц.Болд-Эрдэнийн 535'000 төгрөгийн үнэлгээтэй Iphone XS загварын гар утас, хохирогч А.Ум- Амгалангийн 300'000 төгрөгийн үнэлгээтэй  Samsung А-13 загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 835'000 (найман зуун гучин таван мянган) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

3.Ховд аймгийн прокурорын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн,яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан  шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

4.Анхан шатны шүүх *******т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд  “...хохирогч Ц.Болд-Эрдэнийн гэрт нь  орж хохирогч нарын гар утсыг авсан үйлдлийг орохыг зөвшөөрөгдөөгүй орон зай, хориглосон цаг хугацаанд  шүүгдэгч нь хохирогчийн гэрт нэвтэрч орсон гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан  "... хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн" гэх шинжээр зүйлчлэхээр байна.”, хэргийг зүйлчлэлийг шүүхээс зөвтгөх боломжгүй гэх  үндэслэлээр шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

5.Давж заалдах шатны шүүхэд прокурор  “...анхан шатны шүүхээс гэмт хэргийн сэдэлт, зорилго хэзээ үүссэн, орон байранд хулгайлах гэмт хэрэг үйлдэх зорилгоор нэвтэрсэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй байж Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т заасан заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх агуулга бүхий эсэргүүцлийг ирүүлжээ.

            6. Анхан шатны шүүх   шүүгдэгч *******т холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь  хууль зүйн үндэслэл бүхий болжээ. 

7.Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 25-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Буянт голын хөвөөнд хоноод 2023 оны 06 дугаар сарын 26-ны өглөө 06-07 цагийн хооронд Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав нутаг дэвсгэр Цэнгэлдэх хүрээлэнгийн ар талд Буянт бага голын хөвөөнд зусланд хохирогч Ц.Болд-Эрдэний гэрийн хаалга онгорхой байхаар нь ороод хохирогч  нарыг унтаж байхад  нь Ц.Болд-Эрдэнийн 535'000 төгрөгийн үнэлгээтэй  Iphone XS загварын гар утас,  *******гийн 300'000 төгрөгийн үнэлгээтэй  Samsung А-13 загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авсан үйл баримт тогтоогдсон байна.

8. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн"  гэж тодорхойлжээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд "энэ хуульд заасан "орон байр" гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар,зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно" гэж тайлбарласан байх бөгөөд Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав нутаг дэвсгэр Буянт голын хөвөөнд дэх зуслангийн гэрийг хүн байнга амьдрахад зориулагдсан орон байр гэж үзнэ.

Дээрх хуульд тусгагдсан орон байранд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр нэвтрэхийг хуулиар хориглосон байдаг.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчийн эд хөрөнгийн эрх зөрчигдсөнөөс  гадна түүний орон байрны халдашгүй байдал давхар зөрчигдөж байгаа тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хохирогч Ц.Болд-Эрдэнийн зусланд “Буянт” бага голын хөвөөнд бариатай байгаа гэр нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй орон байр гэдгийг мэдсээр байж нэвтэрч орсон үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах үндэслэл болно.

Энэ талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна.

Нөгөө талаар зусланд бариатай байсан монгол гэрийн хаалга онгорхой байсан, шүүгдэгч нь уг гэрт орохдоо хулгай хийх гэж биш утсаар ярих зорилготой байсан зэрэг нь хууль бус нэвтэрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Иймд прокурорын “...орон байранд хулгайлах гэмт хэрэг үйлдэх зорилгоор нэвтэрсэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй байж Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т заасан заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх агуулга бүхий” эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр нь үлдээж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дүгээр сарын 21-ны өдрийн 2023/ШЗ/338 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх хүртэл   *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэсүгэй.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           М.НЯМБАЯР  

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            С.ӨМИРБЕК

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Н.ТУЯА