| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 102/2024/02392/И |
| Дугаар | 192/ШШ2025/02765 |
| Огноо | 2025-04-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 192/ШШ2025/02765
2025 04 09 192/ШШ2025/02765
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *****-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *****,
Хариуцагч: ***** нарт холбогдох
17,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, мөн сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга **** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрүүдийн хооронд *******ийн хүсэлтээр нийт 6 удаагийн шилжүүлгээр 17,000,000 төгрөгийг *******ийн ******* тоот дансанд шилжүүлсэн. Тухайн үедээ нэг сарын хугацаатай зээлье гэж хэлсэн. Зээлээ төлөөч ээ гэхэд манай ах төлнө гэсэн тайлбар хэлдэг. Би ахад нь мөнгө өгөөгүй. Энэ хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй. ******* нь мөнгө зээлэх үедээ өөрийн эзэмшлийн **** улсын дугаартай Geely tugella маркийн автомашиныг барьцаа болгон үлдээсэн ч тус автомашин нь Хаан банкны зээлээр худалдан авсан байсан тул үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болсон. Хариуцагч нь ямар ч ч байсан мөнгийг чинь өгнө гэж хэлчхээд өнөөдрийг хүртэл өгөөгүй. 2,000,000 төгрөгийг би нөхрийнхөө дансаар *******ийн данс руу шилжүүлсэн. Энэ дансны хуулгыг хэрэгт хавсарган өгөх байж. Миний бие 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр тус шүүхэд хүсэлт гарган уг хэрэгт *******г хамтран хариуцагчаар татсан. ******* нь хариуцагчаар татагдсанаас хойш огт холбоогүй, хаяг тодорхойгүй, мэдэгдэл хүлээн аваагүй, гадаад улсад байгаа зэрэг шалтгаанаар шүүх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх, шүүхийн шийдвэр гаргах, түүнийг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөлийг бий болгож байгаа тул *******г уг хэргийн хамтран хариуцагчаар хасаж өгнө үү. Цаашид *******т холбогдуулан хэргийг шийдвэрлүүлэх хүсэлттэй байна гэв.
Хариуцагч ******* шүүхэд хариу тайлбар бичгээр гаргаж өгөөгүй, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ах ******* нь Хонгконг улс руу 8 сарын хугацаатай явсан. Нэхэмжлэлийн шаардсан мөнгийг ******* төлнө гэдэг гэжээ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэл/хх 1 тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/хх 2 тал/, иргэний үнэмлэхийн хуулбар/хх 3 тал/, Хаан банкны ******* тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга/хх 4 тал/, ******* дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт/хх 5 тал/, *******ийн гаргасан тайлбар/хх 6 тал/, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай захирамж/хх 7-8 тал/, Хаан банкны ******* тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга/хх 47 тал/ зэрэг нотлох баримтыг гарган өгсөн, хариуцагч талаас нотлох баримт гарган өгөөгүй, шүүхийн журмаар Хил хамгаалах ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2-4в/2088 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримт бүрдсэн байна.
Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17,000,0000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага анх гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******г хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасныг шүүх хангасан боловч 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч хамтран хариуцагч *******гаас татгалзах хүсэлт гаргасан.
Харин хариуцагч ******* тус шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн.
Хариуцагч ******* шүүхэд хариу тайлбар бичгээр гарган өгөөгүй боловч 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ах ******* нь Хонгконг улс руу 8 сарын хугацаатай явсан, нэхэмжлэлийн шаардсан мөнгийг ах ******* төлнө гэх тайлбар гаргасан боловч холбогдох татгалзлаа нотлох баримт гарган өгөөгүй, нэхэмжлэгч *******д холбогдох шаардлагаасаа татгалзжээ.
Шүүх нэхэмжлэгчийн болон хариуцагч талын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Дараах үйл баримт тогтоогдов.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ийн хүсэлтээр өөрийн эзэмшлийн “Хаан” банкны *******8 тоот данснаас хариуцагч *******гийн эзэмшлийн “Хаан” банкны ******* тоот дансуудаар дамжуулан 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 5,500,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж зээлдүүлсэн болох нь нэхэмжлэгч талын дансны хуулгаар тогтоогддог./хх 4, 47 тал/.
Хариуцагч ******* 15,000,000 төгрөгийг өөрийн дансанд хүлээж авсан эсэх талаар маргаагүй, харин өөрөө ашиглаагүй ******* ашигласан гэж татгалздаг ч шүүх зохигч талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна./хх 50-51 тал/,
Нэхэмжлэгч талын зүгээс зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, зээлдүүлсэн мөнгийг банкаар дамжуулан шилжүүлсэн, өөрийн эзэмшлийн *******8 тоот дансаар 4 удаагийн гүйлгээгээр 15,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.
Гэвч нэхэмжлэгч нөхрийнхөө дансаар дамжуулан хариуцагч *******т 2,000,000 төгрөг шилжүүлсэн буюу зээлдүүлсэн гэх тайлбарыг гаргадаг ч хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.
Дээрх үйл баримтаас үзвэл зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хэлбэрийн хувьд амаар байгуулсан гэж үзэхээр байна. Харин хариуцагч талын ******* зээлийг ашигласан гэх татгалзал үндэслэлгүй юм.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсантай ижил хэмжээний мөнгийг хүүгийн хамт тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээхээр, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт зааснаар талууд хүү тогтоож болохоор, хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр байгуулахаар, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахаар тус тус заасан байна.
Иймээс талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул зээлдүүлэгчийн зүгээс зээлдэгчээс хүү шаардах эрхээ алдсан буюу хүү шаардах эрхгүй бөгөөд нэхэмжлэгч ч хариуцагчаас хүү шаардаагүй зөвхөн үндсэн төлбөрөө нэхэмжилдэг.
Хариуцагч ******* зээлийн гэрээний дагуу 15,000,000 төгрөг аваагүй гэдгээ үгүйсгээгүй, зээлийн төлбөрийг төрсөн ах ******* төлнө гэх тайлбарыг шүүх хуралдааны явцад гаргасан хэдий ч өөрийн тайлбар татгалзалтай холбоотой баримтыг гаргаж өгөөгүй, нэхэмжлэгч түүнээс татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгөтэй ижил хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд нь буцаан өгөх үүрэгтэй, нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй тул зээлийн үндсэн төлбөрт 15,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэв.
Харин нэхэмжлэгч нь нөхрийнхөө данснаас 2,000,000 төгрөгийг хариуцагч руу шилжүүлсэн гэх тайлбараа холбогдох баримтаар нотлоогүй, мөн түүний өмнөөс нэхэмжлэх эрхтэй этгээд гэдгээ нотлоогүй тул уг хэсгийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,000,000 гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагчаа тодорхойлох эрхийн хүрээнд нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******гаас татгалзсаныг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 232,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч ******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 232,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ *****