Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 212/МА2021/00008   

 

Х.С- хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2020/01262 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 02 дугаар багт оршин суух, Х.С- хүсэлттэй иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.Д-ы давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны  01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.Еркегүл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Алтай, төрийг төлөөлж прокурор А.Дорждэрэм, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.Д-, түүний өмгөөлөгч Т.Бахыт нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хэлмэгдэгч эцэг Б.Х-гийн нөхөн олговрын мөнгө 80.000.000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Миний эцэг Б.Х-г 1938 онд улс төрийн хэрэгт баривчлагдан, 1938 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Онцгой бүрэн эрхт комиссын 24 дүгээр хурлын тогтоолоор хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн байна. Уг хэргийг 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдөр БНМАУ-ын Улсын Дээд шүүхийн цэргийн коллегийн 160 дугаар магадлалаар цагаатгасан билээ. Эцэг Б.Х-гийн нөхөн олговрын мөнгийг надаас өөр нэхэмжлэх хүн байхгүй. Намайг эцэг Б.Х-н хилс хэрэгт хэлмэгдсэний нөхөн олговор болох 80.000.000 төгрөгийг авах эрхийг цагаатгах ажлыг зохион байгуулах улсын комисс Зууны мэдээ сонины 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 15 дугаарт Х.С- гэж нэрсний жагсаалтын 01 дүгээр бичсэн байна. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2020/00298 дугаар шийдвэрээр Х.С- нь 1939 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн гэж тогтоож өгсөн бөгөөд би эцгийнхээ өмнөөс төрөөс олгосон 80.000.000 төгрөгийг авах эрхтэй гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Б.Х- ганц хүү ганц охинтой. Эхнэр нь Ш- гэдэг хүн байсан. Н- гэдэг хүү нь 1973 онд онд нас барсан. Миний ээж н.Ш- 1982 онд нас барсан. Намайг ах бага байхад Н.Р- нагац ах маань өргөж аваад иргэний үнэмлэх дээр өөрийнхөө нэр дээр бичүүлсэн. Гэхдээ би Х охин гэдэг талаар төв архив болон аймгийн архивд баримт байгаа” гэжээ.  

 

Прокурор А.Дорждэрэмийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Хавтаст хэрэгт авагдсан 1944 оны хүн амын тооллого, 1956 оны хүн амны тооллого болон 2001 онд шийдэгдсэн иргэний хэрэгт авагдсан нотлох баримтууд мөн энэхүү иргэний хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Х.С- нь 1939 онд төрсөн болох нь бүрэн тогтоогдохгүй байна. Х.С- нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар болон хуульд заасан хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд болох нь хангалттай тогтоогдохгүй байгаа учраас өнөөдрийн шүүх хуралдаанд Х.С-ийн нэхэмжилсэн 80 сая төгрөгийг хангаж шийдвэрлэх боломжгүй тул хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэжээ. 

 

Гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбарт: “Миний өвөг эцэг болох Б- овогтой Х-нь улс төрийн хилс хэрэгт 1938 оны 7 дугаар сарын 27-ны өдөр баривчлагдаж, 1938 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Онцгой бүрэн эрхт комиссын 29 дүгээр хурлын тогтоолоор хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэж, улмаар хэргийг хянан хэлэлцээд Монгол Улсын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 160 дугаар тогтоолоор цагаатгажээ. 1998 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр УИХ-аас Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль батлагдсаны дараа 2001 онд миний бие түүний ач хүү мөн болохыг тогтоолгох талаар шүүхэд хүсэлт гаргасныг хянан хэлэлцээд Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 612 дугаартай шийдвэрээр намайг хэлмэгдэгч Б- овогтой Х-н ач нь мөн болохыг тогтоосон. Дээрх шүүхээс хэлмэгдэгчийн үр садад нөхөх олговор олгох асуудлыг хэлэлцээд 2001 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 956 дугаартай шийдвэрээр ач нар нь З.Даривхан, З.Д-, З-н, З.Күлпаш, З.Мангаз, З.Забей, З.Зауре, З.Еркитхан болон Н-гийн нэр бүхий хүүхдүүдэд 1,0 сая төгрөгийг хувааж өгсөн юм. Тэр үед С- нь уг мөнгөнөөс хувь хүртэхээр нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс С- нь Х-н охин гэж үзэх үндэслэлгүй байна гэж тогтоож байсан. Гэтэл дээрх хууль батлагдаж хэлмэгдэгч нарын үр хүүхдүүдэд төрөөс нөхөх олговор олгож эхэлсэн тэр үеэс эхлэн Р.С- нь өөрийн ургийн овог, эцгийн нэрийг өөрчлөх талаар хөөцөлдөж байгаад тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 003466 дугаартай “Нэмэлт өөрчлөлт оруулах тухай” дүгнэлтээр ургийг Жадик, эцгийн нэрийг Х-гэж өөрчилсөн. Хүсэлтээ хангуулж авсны дараа шүүхэд нас тогтоолгох хүсэлт гаргаж, төрсөн огноогоо 1939 оны 3 дугаар сард төрсөн болгон өөрчлүүлжээ. Тэгвэл 2001 оны шүүхийн шийдвэртэй хэргийн материалд нотлох баримтаар өгсөн материалд 2001 оны 8 дугаар сарын 21-ний өдөр олгосон Жадик овогтой Х.С- гэсэн иргэний үнэмлэхийн хуулбар явж байна. Тэгсэн атлаа 2019 онд овог, эцгийн нэр өөрчлүүлэхээр хүсэлт гаргаж байгаа байдал нь хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байх магадлалтай харагдаж байна. Харин Р.С- нь шүүхэд гаргасан тайлбартаа “...З- нь миний эцэг Х-н хүүхэд биш, аавын үеэл ахынх нь хүүхэд гэх бөгөөд өнчин байхад нь аав түүнийг асрамждаа байлгаж байгаад 20 орчим настай байх үед нь зам тавих, уурхайд ажиллуулахаар Улаанбаатар хот тийш нь явуулсан гэдэг,...1990-ээд онд хэлмэгдэгчдийн 1 сая төгрөгийг авах үед миний хүү Б.П-гадаадад явчихсан, би өөрөө өвчтэй байсан болохоор З.Д-д хэлж зөвшөөрч түүнийг итгэмжлэлээр ажиллуулж 1,0 сая төгрөгийг авсан. Түүнд төрөл садан гэж 200,000 төгрөг өгсөн санагдана. Гэтэл энэ этгээд тэр үед бүрдүүлсэн баримтыг далимдуулан 80,0 сая төгрөгийг авна гэж намайг элдвээр гүтгэн шүүхэд ханджээ” гэсэн байна. Дээрх тайлбараар миний өвөг эцэг Б.Х-н анхны эхнэр нь Ж- гэж хүн байсан ба тэр З-, Н- гэдэг нэртэй 2 хүүхэдтэй байсан. Харин анхны эхнэр Ж- нь 1930-аад оны үед нас барсан гэдэг. Анхны эхнэрээ нас барсны дараа эсэргүүд баригдахын өмнө Б охин Ш хүн амын тооллогын Цагаан гол сумын 6 дугаар багийн 26 дахь өрхөд Х 3-34 настай гэж бичигдсэн нотлох баримт хавтас хэрэгт байгаа атал миний эцэг З-ыг Х-н хүүхэд биш үеэл ахынх нь хүүхэд байсан, өнчин байхад нь асарч авсан...гэх зэргээр өөрөө харж байсан мэт хүмүүсийн уг гарлын түүхийг гуйвуулж, төрөөс олгох нөхөх олговрыг авахаар зүтгэж, мөн миний өвөг дээдсийг гутаан гүтгэж, мөн улсын төсвийн санд хохирол учруулах гэж байгаа явдалд гомдолтой. Р- гэдэг хүн бол Санырау овгийн Б- гэдэг хүний хүүхэд бөгөөд 1944 оны хүн амын тооллогод Ш.С- гэж бичсэн ба 1956 оны тооллогод “түр” оршин суудаг гэж тэмдэглэжээ. Р- гэдэг бол Ш-ын төрсөн ах. Р.С-ын энэ үйлдэл нь хоёр айл, овог омгийн хоорондох харилцаанд сэв суулгасан, эвдрэлцүүлсэн, түүхэн үнэн байдлыг өөрийн дур зоргоор гуйвуулсан явдал. Мөн миний эцгийг ажил хийлгэхээр Улаанбаатар хот руу явуулсан гэдэг нь худал бөгөөд тэр хүн Улаанбаатар хот руу очиж үзээгүй, 1940-ээд оны дунд үед Цэнгэл-Цагаанголоос нүүж Алтанцөгц суманд шилжиж ирээд Артельд гар үйлдвэрт ажиллаж байгаад 1975 онд нас барсан. Харин түүний төрсөн ах Х-н Н- нь 1973 онд нас барсан. Намайг 80,0 сая төгрөг авахаар улайрч байгаа гэх утгатай зүйл бичиж байгаа нь огт үндэслэлгүй. Би хэлмэгдэгчийн төрсөн хүүхэд нь биш ач нь болохоор би авах ёсгүй гэдгийг мэдэж байна. Би мөнгө авна гэж шүүхэд хүсэлт гаргаагүй, С нь хэлмэгдэгчийн хүүхэд биш учраас авах ёсгүй гэж гуравдагч этгээдээр оролцож байна. Р- овогтой Снь 1941 онд төрсөн гэж бүх бичиг баримт дээр бичигдсэн.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2020/01262 дугаар шийдвэрээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Төрийн сангийн санхүүгээс хэлмэгдэгч Б.Х-гийн нөхөн олговрын мөнгө 80.000.000 /наян сая/ төгрөгийг гаргуулан хүүхэд нь болох Жадик овогт Х.С-т олгохоор шийдвэрлэжээ. 

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: “...Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 612 дугаартай шийдвэрээр намайг хэлмэгдэгч Б- овогтой Х-н ач нь мөн болохыг тогтоож, мөн дээрх шүүхээс хэлмэгдэгчийн үр садад нөхөх олговор олгох асуудлыг хэлэлцээд 2001 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 956 дугаартай шийдвэрээр ач нар нь З.Даривхан нарын зэрэг нэр бүхий хүмүүст 1,0 сая төгрөгийг хувааж өгсөн юм. Тэр үед С- нь уг мөнгөнөөс хувь хүртэхээр нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс С- нь Х-н охин гэж үзэх үндэслэлгүй байна гэж тогтоож байсан боловч өнгөрсөн хугацаанд бүх бичиг баримтаа өөрчлүүлэн эцэстээ шүүхэд хандсан юм байна. Гэтэл дээрх хууль батлагдаж хэлмэгдэгч нарын үр хүүхдүүд л төрөөс нөхөх олговор олгож эхэлсэн тэр үеэс эхлэн Р.С- нь өөрийн ургийн овог, эцгийн нэрийг өөрчлөх талаар шаргуу хөөцөлдөж бүх бичиг баримтаа өөрчлүүлж чадсан байна. Улсын бүртгэлийн хэлтэст Р.С- нь гаргасан хүсэлтдээ: “...Р- С- би 1941 онд Жадик овогт Х-н хоёр дахь хүүхэд болж мэндэлсэн болно. Миний эцгийн нэрийг Жадик овогт Х-болгон нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү” гэж бичсэн байна. Тэгээд хүсэлтээ хангуулж авсны дараа шүүхэд нас тогтоолгох хүсэлт гаргаж, төрсөн оноо өөрчлүүлэхэд бүр огноог нь 1939 оны 3 дугаар сард төрсөн болгон өөрчлүүлжээ.Тэгвэл 2001 оны шүүхийн шийдвэртэй хэрэгт нотлох баримтаар өгсөн материалд 2001 оны 8 дугаар сарын 21-ний өдөр олгосон Жадик овогтой Х.С- /1хх-ийн 21 хуудсанд/ гэсэн иргэний үнэмлэхийн хуулбар байна. Тэгсэн атлаа 2019 онд овог, эцгийн нэр өөрчлүүлэхээр хүсэлт гаргаж байгаа байдал нь хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байх магадлалтай байдал харагдаж байгааг анхан шатны шүүх огт анхаараагүй байна. Мөн 1 хавтаст хэргийн 38-39 хуудсанд хуурамч бичиг баримт бүрдүүлж байгаа талаар тухайн үед өгсөн миний мэдүүлэг хүртэл байгааг мөн анхааралгүй, насаа өөрчлүүлэн тогтоолгож, ургийн овог болон эцгийн нэрийг өөрчилснийг үндэслэлгүй болгож, нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэж байна. Р.С- нь 2019 онд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд Алтан гадас одонгоор шагнагдахдаа хүртэл Р-аар овоглогдон шагнагдсан байдаг. 2001 онд хэлмэгдэгчийн нөхөн олговор олгох асуудлыг шүүхээр хэлэлцэх үед Х-н нэр дээр улаан паспорт авсан байсан ба түүнийг шүүгч С.Сайран хурааж авсан. С- нь “Санырау” овогтой ба бидэнтэй ямар нэгэн төрөл садангийн холбоогүй, 1941 онд Р-ы эхнэр Х- гэдэг хүнээс төрсөн, миний өвөг эцгээр овоглон, өөрийн төрсөн эцгийг нагац болгон, бичиг баримт бүрдүүлэн, миний эцгийг Х-н хүүхэд биш үеэл ахынх нь хүүхэд гэж гүтгэн, миний өвөг дээдсийн нэрийг барьж, төрөөс мөнгө авахаар улайрч байгааг нь шүүхээс зөвтгөн шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна. Харин миний өвөг эцгийн анхны эхнэр Ж- нь 1930-аад оны үед нас барсан тул эсэргүүд баригдахын өмнө 1937 онд Ш- гэдэг хүнтэй гэр бүл болж, жил ч хүрэлгүй баривчлагдсан юм байна. Үүнийг Х-н ач охин З- гэдэг хүн 2001 оны 12 дугаар сарын 14-ний өдөр бичиж нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтдоо "... М- би 1929 онд төрсөн, аав Х-н гарт 1-9 нас хүртэл өсөж торнисон. Аав баригдахад 9 настай байсан, Ш-ын гарт Н бид хоёр байсан, 1945-1946 онд өөрийн эцэг З Алтанцөгц рүү нүүхэд З-ын гэрт очсон. Тэр үед С- Ш-ын гэрт байгаагүй, Ш-ын дүү Р-ы Х- гэдэг эхнэрээс нь төрсөн, тэр үед С- 1-2 настай байсан нь үнэн... гэж бичиж үлдээжээ. Гэтэл тухайн үед нотлох баримт бичиж үлдээсэн хүмүүс бүгд нас барсан тул тэр хүмүүсээс асуух боломжгүй гэсэн үндэслэлээр нотлох баримтаар үнэлээгүй, харин С- нь Р-ы хүүхэд биш болох нь нотлогдож байна гэж дүгнэж, нөхөн олговрыг олгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй байна гэж гомдол гаргаж байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

   Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

            Х.С- нь хэлмэгдэгч эцэг Б.Х-н хуульд заасан нөхөн олговрын мөнгө 80.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Анхан шатны шүүх Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэлмэгдэгч эцэг Б.Х-н нөхөн олговрын мөнгө 80.000.000  төгрөгийг түүний хүүхэд Х.С-т гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

 

 Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Х.С-ийн эцэг Б.Х- нь 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдан, 1938 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Онцгой бүрэн эрхт комиссын  29 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 42, 43, 44 дүгээр  зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгджээ. Уг хэргийг хянаад 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дээд шүүхийн Цэргийн коллегийн 160 дугаар магадлалаар Б.Х-г цагаатгасан нь хавтаст хэрэгт авагдсан Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2019 оны 9 дүгээр сарын 24-ний  өдрийн №05/3728 тоот лавлагаа болон Дээд шүүхийн Цэргийн коллегийн 160 дугаар магадлал, цагаатгалын үнэмлэх зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч Х.С- нь хэлмэгдэгч Б.Х-н төрсөн охин мөн болох нь хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын Улсын байцаагчийн 003466 дугаар дүгнэлт, ХААТР-1 маягт, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 524 дугаартай архивын лавлагаа, Х.С-ийн Монгол Улсын Иргэний үнэмлэх, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 03-01/1062 дугаартай архивын лавлагаа, Баян-Өлгий аймгийн Цагаан гол сумын 2 дугаар багийн 1956 оны хүн амын тооллогын бүртгэлийн 9 дүгээр хуудасны тооллогын хуудас №8 зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байх ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Нэхэмжлэгч Х.С- нь 1939 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн болох нь Баян-Өлгий аймгийн Цагаангол сумын 2 дугаар багийн 1956 оны хүн амын тооллогын хуудас, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2020 оны 03 дугаар сарын 10-ний өдрийн 03-01/1064 дугаартай лавлагаагаар тогтоогдсон ба энэ талаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2020/00298 дугаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байна.

Анхан шатны шүүх “нэхэмжлэгч Жадик овогт Х.С- 1939 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн болох нь нотлогдсон бөгөөд тэрээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дахь хэсэгт заасны дагуу  хэлмэгдэгч Б.Х-г 1938 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Онцгой бүрэн эрхт комиссын 29 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 42, 43,44 дүгээр  зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэснээс хойш буюу 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд нь байх тул тэрээр хэлмэгдэгч эцэг Б.Х-н нөхөн олговрын мөнгө 80.000.000 төгрөгийг нэхэмжлэх эрх нь шинээр үүссэн байна” гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтад тулгуурласан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэглэвэл зохих Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг үндэслэлтэй тайлбарлаж хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Жадикхыдыр овогт З-ын Д нь  хэлмэгдэгч Б.Х-н ач мөн болох нь Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 612 дугаар, 2001 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 956 дугаар шийдвэрээр нотлогдсон ба энэ талаар талууд маргаагүй болно.

 

             Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн “нэхэмжлэгч Х.С- Санырау овогтой бидэнтэй ямар нэгэн төрөл садангийн холбоогүй, 1941 онд Р-ы эхнэр Х- гэдэг хүнээс төрсөн, миний өвөг эцгээр овоглон, өөрийн төрсөн эцгийг нагац болгон бичиг баримт бүрдүүлэн, миний эцгийг Х-н хүүхэд биш үеэл ахынх нь хүүхэд гэж гүтгэн төрөөс мөнгө авахаар улайрч байгааг нь шүүхээс зөвтгөн шийдвэр гаргасан явдалд  гомдолтой” гэх давж заалдах гомдлын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзвэл, Х.С- нь хэлмэгдэгч Б.Х- нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн, түүний хүүхэд мөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй дүгнэлт хийсэн, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2020/01262 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн  давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

                       

Д.КӨБЕШ