| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0135/э |
| Дугаар | 186 |
| Огноо | 2018-03-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
улсын яллагч Д.Нямсүрэн,
Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Л.Лхааганжав,
Шүүгдэгч А.П, түүний өмгөөлөгч Ж.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шар торгууд овогт Батболдын Гомбо-Юндэн, Жанчхүү Цахир овогт Алимаагийн Пагдад нарт холбогдох эрүүгийн 1711000000338 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шар торгууд овогт Батболдын Гомбо-Юндэн, 1997 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41-632б тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ИЗ97082512.
Жанчхүү Цахир овогт Алимаагийн Пагдад, 1998 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 9-132 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УК98052275.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41-811 тоотод оршин суух иргэн Н.Амарбаясгалангийн монгол гэрийн хаалганы цоожийг зэвсэг хэрэглэн эвдэн нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, флаш, эрэгтэй эмэгтэй хос мөнгөн бөгж зэрэг эд зүйлийг хулгайлж 306.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Г нь А.Птай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41-811 тоотод оршин суух иргэн Л.Даваажавын монгол гэрийн хаалганы цоожийг зэвсэг хэрэглэн эвдэн нэвтэрч 32 инчийн BSB загварын зурагт, 2 ширхэг эмэгтэй хүний бугуйн цаг, мөнгөн бугуйвч, мөнгөн ээмэг, гинж зэрэг эд зүйлийг хулгайлж 300.600 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч А.П нь Б.Гтэй бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41-811 тоотод оршин суух иргэн Л.Даваажавын монгол гэрийн хаалганы цоожийг зэвсэг хэрэглэн эвдэн нэвтэрч 32 инчийн BSB загварын зурагт, 2 ширхэг эмэгтэй хүний бугуйн цаг, мөнгөн бугуйвч, мөнгөн ээмэг, гинж зэрэг эд зүйлийг хулгайлж 300.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…буудлын ломбард ороод хоёр ширхэг мөнгөн аягыг 40.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Дараа нь 2017 оны 11 дүгээр сарын 31-ний өглөө үүрээр 11 цагийн үед Пагдад манайд ирсэн. Манай дээд талын айлд хүн байхгүй байхаар нь би Пагдадаар гадаа хүн харуулаад өөрөө хашааны завсраар орж хаалгыг эвдэж ороод зурагт, мөнгөн бугуйвч, мөнгөн цаг зэргийг авч гарсан. Гэртээ байж байхад цагдаа ирж баривчилсан. Маш харамсаж байна…” гэв.
Шүүгдэгч А.П нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би 2017 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр 11 цагт Гомбо-Юндэнгийнд очсон. 14 цагийн үед Гомбо-Юндэн дээд талын айлд хүн байхгүй байна, намайг гадаа хүн харж бай гэсэн. Гомбо-Юндэн хашааны завсраар орж хулгай хийсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна…” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Н.Амарбаясгалан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 10 сарын 24-ний 15 цагаас 10 сарын 25-ны 19 цагийн хооронд гэртээ байхгүй байсан. Орой 19 цагт гэртээ иртэл гэрийн гэрийн болон амбаарын цоожийг эвдээд хулгай орсон байдалтай байхаар нь цагдаа дуудсан. Эд зүйлээ шалгаж үзэхэд авдарт байсан 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 8 GB-ын флаш, нөхөр бид 2-ын хос мөнгөн хуримын бөгж зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Зүүн талын айлын цэргээс ирэн 2 залууг сэжиглэж байна ...” гэжээ /хх-109/.
Хохирогч Л.Даваажав мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 07 цаг 30 минутын үед гэрээсээ гараад эхнэр Амарбаясгалан 16 цагийн үед ирэхэд манай гэрийн үүдний төмөр хаалгыг ямар нэг зүйлээр хөшиж эвдэж гэрт хулгай орсон бололтой байна, би гэртээ орж чадахгүй байна гэж утсаар ярьсан. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд гэртээ ороход 32 инчийн зурагт, эхнэрийн 2 ширхэг бугуйн цаг, мөнгөн бугуйвч ээмэгний хослол, алдагдсан ба эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан. Сэжиглэж байгаа хүн гэвэл манай хажуу талын айлын өнгөрсөн намар цэргээс халагдаж ирсэн 2 залууг сэжиглэж байна. Манай гэрт хулгай орох болгонд тэдний хашаа руу орсон гарсан гутлын мөр байдаг байсан. Өнөөдөр ч гэсэн бас байсан...” гэжээ /хх 28/.
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд /хх 93-97/, эд зүйлийн үнэлгээ 306.000 төгрөг /хх 123, 128/, Б.Ггээс 1 ширхэг улаан иштэй отверка хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх 104, 105/, отверкийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан тэмдэглэл /хх 106/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд /хх 6-10/, эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахлах ахлагч Н.Ариунболдын бичсэн илтгэх хуудас /хх 11/, эд зүйл хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 20-21/, А.Паас хар өнгийн арзгар ултай, хагас түрийтэй хар өнгийн 1 хос гутлыг хураан авсан тэмдэглэл /хх 23/, Б.Ггээс Жордан-6 нэртэй пүүзэн гутлыг хураан авсан тэмдэглэл /хх 22/, хураан авсан гутал, пүүзийг эд мөрийн баримтаар тооцсон тухай тэмдэглэл /хх 22/, гутлын мөрөнд шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтдүүд /хх 41, 46/.
Шүүгдэгч Б.Ггийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-137, 140/, шүүгдэгч А.Пын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 152, 154/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Г нь:
1. 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41-811 тоотод оршин суух иргэн Н.Амарбаясгалангийн монгол гэрийн хаалганы цоожийг зэвсэг хэрэглэн эвдэн нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, флаш, эрэгтэй эмэгтэй хос мөнгөн бөгж зэрэг эд зүйлийг хулгайлж 306.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. А.Птай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41-811 тоотод оршин суух иргэн Л.Даваажавын монгол гэрийн хаалганы цоожийг зэвсэг хэрэглэн эвдэн нэвтэрч 32 инчийн BSB загварын зурагт, 2 ширхэг эмэгтэй хүний бугуйн цаг, мөнгөн бугуйвч, мөнгөн ээмэг, гинж зэрэг эд зүйлийг хулгайлж 300.600 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч А.П нь:
1. Б.Гтэй бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41-811 тоотод оршин суух иргэн Л.Даваажавын монгол гэрийн хаалганы цоожийг зэвсэг хэрэглэн эвдэн нэвтэрч 32 инчийн BSB загварын зурагт, 2 ширхэг эмэгтэй хүний бугуйн цаг, мөнгөн бугуйвч, мөнгөн ээмэг, гинж зэрэг эд зүйлийг хулгайлж 300.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Г, А.П нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэн орон байранд нэвтэрч нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн хохирогч нар нь гомдол саналгүй гэсэн хүсэлтээ бичгээр /хх-ийн 169 дүгээр хуудас/ гаргасан тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Б.Г, А.П нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзав.
Мөн Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1, 2-т тус тус зааснаар гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулж, уг оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Түүнчлэн шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой гэж шүүх үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг улаан иштэй отвёрка, хар өнгийн арзгар ултай хагас түрийтэй хар өнгийн 1 хос гутал, Жордан-6 нэртэй пүүзэн гутал зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шар торгууд овогт Батболдын Гомбо-Юндэн, Жанчхүү Цахир овогт Алимаагийн Пагдад нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу бусдын эд хөрөнгийг бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гг 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар, А.Пыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэсүгэй
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Б.Г, А.П нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж эдлэх ялыг 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг улаан иштэй отвёрка, хар өнгийн арзгар ултай хагас түрийтэй хар өнгийн 1 хос гутал, Жордан-6 нэртэй пүүзэн гутал зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн тамгын газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Б.Г, А.П нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г, А.П нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН