| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 2336000000244 |
| Дугаар | 58 |
| Огноо | 2023-10-17 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 58
2023 10 17 2023/ДШМ/58
Н.Нямгэрэлд холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор М.Берикбол, нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/396 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Н.Нямгэрэлд холбогдох эрүүгийн 2336000000244 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн Егөс ургийн овогт Найдансүрэнгийн Нямгэрэл, 1981 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын туслах эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 16-10 тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: пв81090416.
2. Яллагдагч Н.Нямгэрэл нь Ховд аймгийн Жаргалант сумын 10 дугаар (Тахилт) багийн 16-10 тоотод байх гэртээ 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шөлтэй хоол хийсэнгүй гэх шалтгаанаар эхнэр Э.Алтанцоожтой маргалдаж улмаар нүүр хэсэгт гараараа нэг удаа, сандал шидэж гар хэсэгт цохиж биед нь зүүн нүдэнд цус хуралт, зүүн гарын богтос ясны доод 1/3-р хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн Прокурорын газраас Н.Нямгэрэлийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
4.1 Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Берикболоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт Егөс ургийн овогт Найдансүрэнгийн Нямгэрэлд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2336000000244 дугаартай хэргийг Ховд аймгийн Прокурорын газарт буцааж,
4.2 Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэг прокурорт очих хүртэл үргэлжлүүлж,
4.3 Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,
4.4 Энэхүү захирамжийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1 Шүүгчийн захирамжийн үндэслэлийн хувьд: 1. Хохирогч Э.Алтанцоож нь “... надад учирсан хохирлыг миний нөхөр Н.Нямгэрэл хариуцаж эмчилгээ хийлгэсэн" гэж мэдүүлсэн, "...нөхөр Н.Нямгэрэлд ямар нэгэн гомдол санал, байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү" гэсэн хүсэлтийг гаргасан, шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан "прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх" гэх нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэж хэргийг прокурорт буцаажээ.
Шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй, шүүх хуулийг буруу хэрэглэж, хэт нэг талыг баримталж хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан байна гэсэн дүгнэлт хийж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.Тухайлбал:
5.2 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зорилтод нийцүүлсэн зохицуулалт юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас уруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргахаар заасан яллагдагчийн олгосон боломж, эрх гэж ойлгоно. Хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх нь яллагдагчид хуулиар олгож байгаа боломж буюу яллагдагчийн эрх, мөн хохирогчийн зөрчигдсөн эрхийг түргэн шуурхай сэргээх ажиллагаа юм.
5.3 Шүүгдэгч прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, ял, албадлагын арга хэмжээний талаар маргаагүй ял, албадлагын арга хэмжээний талаар прокурортой тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан, энэ талаар шүүгдэгч шүүх хуралдаанаар давхар хэлсэн.
5.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т "энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр хуульчилсан нь хохирлоо төлсөн, төлөхөө илэрхийлсэн аль ч тохиолдолд хэрэглэхээр заасан.
Дээрх хоёр ойлголтыг салгаж хэрэглэх нь хохирол төлж, хор уршгаа арилгаснаас хохирлоо төлөхөө илэрхийлсэн яллагдагч, шүүгдэгчид ашигтай нөхцөл байдал бий болгосон гэж үзэхээр байна. Хохирол нөхөн төлсөн тохиолдолд хорих ялыг хөнгөрүүлнэ, хохирлоо төлөхөө илэрхийлсэн тохиолдолд оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэнэ гэж хэт нэг талыг баримтлах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг доордуулахаар байна.
5.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж байгаа тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх суурь зарчимд нийцсэн байхыг шаарддаг. Хохирогч Э.Алтанцоож, шүүгдэгч Н.Нямгэрэл нар нэг гэр бүлийн эхнэр, нөхөр хүмүүс бөгөөд хохирогч Э.Алтанцоож нь хохирол нэхэмжлээгүй, хохирол нэхэмжилсэн болон хохирол нөхөн төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэхэд хохирогчийн хохирол нэхэмжлээгүй байдлыг харгалзсан.
5.6 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хэсэгт дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргахаар заасан ба шүүгч хэргийг ердийн журмаар шийдвэрлэх бүрэн боломжтой.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь..." гэж заасан ба энэхүү заалтыг шүүх хэрэглэхээр хуульчилсан, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүргүүлж байгаа прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргах бүрэн боломжтой ба хэргийг прокурорт буцаах үндэслэлд хамаарахгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан ...энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах талаар заасан заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн агуулгад нийцсэн байхыг шаарддаг. Иймд Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2023/Ш3/396 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Н.Нямгэрэлд холбогдох эрүүгийн 2336000000244 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
3.Ховд аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Нямгэрэлд Ховд аймгийн Жаргалант сумын 10 дугаар (Тахилт) багийн 16-10 тоотод байх гэртээ 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шөлтэй хоол хийсэнгүй гэх шалтгаанаар эхнэр Э.Алтанцоожтой маргалдаж улмаар нүүр хэсэгт гараараа нэг удаа, сандал шидэж гар хэсэгт цохиж биед нь зүүн нүдэнд цус хуралт, зүүн гарын богтос ясны доод 1/3-р хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан ба уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь нотлогдсон" гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
4. Анхан шатны шүүх Н.Нямгэрэлд холбогдох хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлэхдээ эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдааг шүүхээс засах боломжгүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
5. Прокурор хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн эсэргүүцэлдээ “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь..." гэж заасан ба энэхүү заалтыг шүүх хэрэглэхээр хуульчилсан, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүргүүлж байгаа прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргах ба шүүгч хэргийг ердийн журмаар шийдвэрлэх бүрэн боломжтой.”гэжээ.
6.Шүүгдэгч Н.Нямгэрэлд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцсэн байна.
7. Анхан шатны шүүх прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Н.Нямгэрэлд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1,4.2, 4.5, 4.6 дахь заалтад заасан нөхцөл байдлууд хангагдаж байгаа боловч мөн зүйлийн 4.3-т заасан хууль зүйн шаардлага хангагдаагүй,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар прокурор гэмт улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн шүүгдэгчтэй хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр тохиролцох ёстой байтал тэнсэхээр тохиролцсон нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн,хууль хэрэглээний алдааг хэргийг прокурорт буцаах замаар засах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх буюу хуульд заасан шаардлагыг хангаж, шүүгдэгч өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх боломжоор хангах нь зүйтэй гэх үндэслэлээр шүүгдэгчид холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
8.Иймд шүүх прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж, шүүгдэгч Н.Нямгэрэлд холбогдох хэргийг ердийн журмаар шийдвэрлэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан прокурорын хууль хэрэглээний алдааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгдэгч Н.Нямгэрэлд холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дүгээр сарын 02-ны өдрийн 2023/ШЗ/98 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр нь үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх хүртэл Н.Нямгэрэлд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА