| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 124/2024/0012/З |
| Дугаар | 124/ШШ2025/0004 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Татвар, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 124/ШШ2025/0004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Ц Т С” ХХК /РД: ......./, .......................................-р багт байрлах,
Хариуцагч: Увс аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Т.Б, Т.Ж, Увс аймгийн Татварын газрын Татварын маргаан таслах зөвлөлд холбогдуулан гаргасан,
“Увс аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн НА-15230000079 тоот нөхөн ногдуулалтын актаас үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, 2019 онд худалдан авсан авто машины нэмэгдсэн өртгийн албан татвар, 2020, 2021 оны нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалтын орлоготой холбогдуулан ногдуулсан нөхөн татвар,торгууль, алдангийг хүчингүй болгуулах, Увс аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 03 тоот тогтоолоор 2019 оны үл хөдлөх хөрөнгийн албан татварын алданги, торгууль 3,427,767,65 төгрөгөөр, 2019 оны газрын төлбөрийн хугацаандаа төлөөгүй алдангийг 1,029,134,37 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж шийдвэрлэснийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Ц Т С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Г, Д.Б, Ж.А, хариуцагч Увс аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Т.Б, Т.Ж, Увс аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн нарийн бичгийн дарга Ю.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Ц Т С” ХХК-иас шүүхэд анх татварын улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн НА-15230000079 тоот нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн “нөхөн ногдуулалтын актаас 312,715,106,80 төгрөгийн төлбөрийг бууруулах, 2024 оны Увс аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 03 тоот тогтоолоор 2019 оны үл хөдлөх хөрөнгийн албан татварын алданги, торгууль 3,427,767,65 төгрөгөөр, 2019 оны газрын төлбөрийн хугацаандаа төлөөгүй алдангийг 1,029,134,37 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж шийдвэрлэснийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон.
Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал нөхөн ногдуулалтын акттай холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа “Увс аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн НА-15230000079 тоот нөхөн ногдуулалтын актаас 2019 онд худалдан авсан хоёр авто машины нэмэгдсэн өртгийн албан татвартай холбогдох нөхөн ногдуулалт, 2020, 2021 оны нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалтын орлоготой холбогдуулан ногдуулсан нөхөн татвар,торгууль, алдангийг хүчингүй болгуулах, мөн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвартай холбогдуулан ногдуулсан төлбөрийг бүхэлд нь хүчингүй болгуулах” гэж тодруулсан.
2.Увс аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Т.Ж, Т.Б нар нь “Ц Т С” ХХК-ийн 2019-2021 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг хийж, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн НА-15230000047 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 2020 онд 1,256,167,604.85, 2021 онд 358,785,428.74 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан албан татвар ногдох орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгаагүй, үйлдвэрлэл болон конторын барилгын нийт үл хөдлөх эд хөрөнгөд 2019-2021 онуудад албан татварыг дутуу ногдуулан төлөөгүй, 2019 онд 247,153,895.20 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардал гаргаж төлөх татварын хэмжээг бууруулсан, 2019-2021 онуудад газрын төлбөр төлөөгүй зөрчил гаргасан гэж үзэн 211,525,806.3 төгрөгийн нөхөн татвар, 82,699,269.22 төгрөгийн торгууль, 76,282,170.93 төгрөгийн алданги, нийт 370,507,246.45 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон байна.
3.Увс аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаартай тогтоолоор НА-15230000047 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хянаад “Ц Т С” ХХК нь 2020, 2021 онуудын газрын төлбөрийг тухайн онуудад төлсөн байх тул 2019 оны газрын төлбөрийн 7,485,260.00 төгрөгийн ногдуулалтаас 1,248,460.00 төгрөгийг төлж 6,236,880.00 төгрөгийн газрын төлбөрийг дутуу төлсөнд 623,680.00 төгрөгийн торгууль, 2,276,494.37 төгрөгийн алданги, нийт 2,900,174.37 төгрөгийн төлбөр төлүүлэхээр, үл хөдлөх эд хөрөнгийн 2019-2021 оны татварыг дутуу ногдуулж төлсөн 3,477,345,350.04 төгрөгийн зөрчилд 20,864,072.10 төгрөгийн нөхөн татвар, 8,345,628.84 төгрөгийн торгууль, 9,252,070.01 төгрөгийн алданги, нийт 38,461,770.95 төгрөгийн төлбөр төлүүлэхээр өөрчилж, бусад зөрчлийг дүгнэсэн улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэн НА-15230000047 дугаартай нөхөн ногдуулалтын актыг 5,471,874,533.39 төгрөгийн зөрчилд 188,733,660.52 төгрөгийн нөхөн татвар, 75,551,689.66 төгрөгийн торгууль, 75,916,482.09 төгрөгийн алданги, нийт 340,201,832.27 төгрөгийн төлбөр төлүүлэхээр өөрчилжээ.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:
14.1.1.дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол гэж заасан.
Нэхэмжлэгчээс маргаан бүхий татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Увс аймгийн Татварын газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд гомдол гарган шийдвэрлүүлэн 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл ирүүлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1 дэх хэсгүүдэд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.
5. Нэхэмжлэгч “Ц Т С” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж ирүүлсэн нэхэмжлэлдээ:“ ...Татварын маргаан таслах зөвлөлийн 03 тоот тогтоолоор 2019 оны үл хөдлөх хөрөнгийн албан татварын алданги, торгууль З.427,767,65 төгрөгөөр, 2019 оны газрын төлбөрийн хугацаанд төлөөгүй алдангийг 1,029,134,37 төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн тухайд:
Татварын маргаан таслах зөвлөл НА-15230000079 тоот нөхөн ногдуулалтын актыг хэлэлцэж, шийдвэрлэхдээ 2019 оны үл хөдлөх хөрөнгийн албан татварын нөхөн татварын алданги, торгууль 3,427,767.65 төгрөгөөр, 2019 оны газрын төлбөрийн хугацаанд төлөөгүй алдангийг 1,029,134.37 төгрөгөөр тус тус нэмж ногдуулсан нь хууль бус бөгөөд маргаан таслах зөвлөлд хуулиар олгогдоогүй эрх хэмжээ юм. Маргаан таслах зөвлөл нь татвар төлөгчийн гомдлын хүрээнд урьдчилан шийдвэрлэх журмаар хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй болохоос Татварын улсын байцаагчийн эрхийг эдэлж торгууль, алдангийг нэмж ногдуулах эрх бүхий этгээд биш байна. Хууль болон журмын заалтуудаас үзвэл татварын улсын байцаагч нараас тогтоосон төлбөрийн дүнг тухайлбал алдангийн дүнг нэмж тооцон, нөхөн ногдуулалтын актад өөрчлөлт оруулах эрхийг хариуцагч Татварын маргаан таслах зөвлөлд хуулиар олгоогүй байхад Татварын улсын байцаагч нарын үйлдсэн "Нөхөн ногдуулалтын акт"-аар тогтоосон төлбөрийн дүн дээр торгууль, алдангийг нэмж ногдуулах нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд "2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө.", Татварын ерөнхий хууль/2008/ 74 дугаар зүйлийн 74.1-дэх хэсэгт "Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна" зааснаас харвал 2019 оны үл хөдлөх хөрөнгийн албан татварын нөхөн татвар, хугацаанд төлөөгүй газрын төлбөрийн алданги 20 хувиас хэтрэхгүй юм.Иймд Маргаан таслах зөвлөлийн №03 тогтоолоор 2019 оны үл хөдлөх хөрөнгийн албан татварын нөхөн татварын алданги, торгууль 3,427,767.65 төгрөгөөр, 2019 оны газрын төлбөрийн хугацаанд төлөөгүй алдангийг 1,029,134.37 төгрөгөөр тус тус нэмэгдүүлснийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно" гэж зааснаас үзвэл үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг тооцохдоо хэд хэдэн нөхцөлийг заасан байх бөгөөд эхний нөхцөл хангагдаагүй тохиолдолд дараагийн нөхцөл хэрэгжихээр зохицуулжээ. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн бол дараагийн нөхцөлийг харгалзахгүйгээр уул бүртгэгдсэн үнэлгээнээс татвар ногдуулахаар заасан. Нэхэмжлэгчийн Увс, Улаангом сум 10-р багт байршилтай, 2415 м.кв талбайтай, конторын зориулалт бүхий, улсын бүртгэлийн Ү1520000105 дугаартай, дансны бүртгэлд 493,847,429.74 төгрөгөөр бүртгэгдсэн бүхий үл хөдлөх хөрөнгө нь улсын бүртгэлд 19,334,000 төгрөгөөр бүртгэгдсэн байх тул улсын бүртгэлд бүртгэгдсэн үнэлгээнээс албан татвар ногдуулах ёстой.Мөн дансны бүртгэлд 3,855,600 төгрөгөөр бүртгэгдсэн Харуулын байр нь сэндвичээр баригдсан бөгөөд энэ нь зөөвөрлөн ашиглаж болох онцлогтой тул Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т заасан заасны дагуу газраас салгамагц ашиглаж үл болох гэх шинжийг агуулсан эд хөрөнгөөр тодорхойлогдохгүй юм.
Иймд татварын улсын байцаагч нарын НА-15230000079 тоот нөхөн ногдуулалтын актаас 2415 м.кв талбайтай, конторын зориулалт бүхий, улсын бүртгэлийн Ү1520000105 дугаартай үл хөдлөх хөрөнгө, харуулын байр хөрөнгөнд 2019-2021 онуудад ногдох 8,958,654.54 төгрөгийн нөхөн татвар, 3,284,840.00 төгрөгийн торгууль, 2,912,609.90 төгрөгийн алданги нийт 15,156,104.44 төгрөгийн төлбөрийг бууруулж өгнө үү.
2019 онд худалдан авсан автомашинуудад холбогдох нэмэгдсэн өртгийн албан татвараас худалдан авалтын хасалт хийсэн зөрчлийн тухайд:
Татварын ерөнхий хуулийн /2019/ 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт "...нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ.", Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28- ны өдрийн А/34 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан "Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"-н 7 дугаар зүйлийн 7.6.1 дэх заалтад "тэмдэглэх хэсэгт: ...хөндлөнгийн мэдээллийн ашиглалт, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн утга, дүн, зөрчсөн хууль тогтоомж, эрх зүйн баримт бичиг...;" гэж зааснаас үзэхэд хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн утга, дүн, зөрчсөн хууль тогтоомжийг нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсэгт тусгадаг байна. 2019 онд худалдан авсан Ахio согоllа маркын суудлын автомашин, Тоуоtа Tасоmа маркын ачааны зориулалтын автомашинуудыг ямар хууль тогтоомж зөрчсөн талаар актын тэмдэглэх хэсэгт тусгаагүй болно. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5-д заасан шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмуудтай нийцэхгүй байна.
Ахio согоllа маркын суудлын автомашины хувьд: Тус машиныг Т Э компаниас 2019.09.09-ны өдөр 17.0 сая төгрөгөөр худалдан авч, тухайн сарын нэмэгдсэн өртгийн татварын худалдан авалт хэсэгт тусгаж, 2019.10.10-ны өдөр 9 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татвараа тайлагнасан.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг "албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, ...", мөн зүйлийн 16.1.1 дах заалтад "тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө" гэж НӨАТ-н хувьд тухайн сарын борлуулалтыг суутган төлөгч дараа сарын 10-ны дотор төсөв төлөхөөр хуульчилсан. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дах хэсэгт "үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна" гэж зааснаас нэмэгдсэн өртгийн суутган төлөгч нь НӨАТ-г суутгаж төлдөг байна.
Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт "Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, ... хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд ...", мөн зүйлийн 15.3.3 дах заалт "борлуулалт хийгдсэнээс хойш тодорхой хугацааны дотор татвар төлөхөөр хуульд заасан татварын төрөл болон суутгаж төлдөг татварын хувьд тухайн төрлийн татварын тайланг гарган, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс" гэж заасан. Нэмэгдсэн өртгийн албан татвар нь Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.3-д заасан 2 шинжийг бүрэн хангаж байх тул түүний хөөн хэлэлцэх хугацааг дараа сарын 10-ны өдрийн дараагийн ажлын өдрөөс эхлэн тоолохоор байна. Өөрөөр хэлбэл Ахio согоllа маркын суудлын автомашиныг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.1 дэх заалтыг заалтыг зөрчсөн гэж үзвэл түүнд хүлээлгэх хариуцлагын хөөн хэлэлцэх хугацааг 2019.10.11-ний өдрөөс 4 жилээр тоолбол 2023.10.11-ны өдөр дууссан. Татварын улсын байцаагч нар хяналт шалгалтаа 2023.10.09-ний өдөр эхэлсэн ч нөхөн ногдуулалтын актыг 2023.12.26-ний өдөр үйлдсэн тул хөөн хэлэлцэх хугацаа 77 хоног хэтэрсэн байна.
Тоуоtа tасоmа маркийн ачааны зориулалтын автомашины хувьд: Тус машиныг “З И” компаниас 2019.12.31-ны өдөр 35.5 сая төгрөгөөр худалдан авсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.1 дэх заалтыг заалтад зөвхөн суудлын автомашины худалдан авалтыг хасахгүй байхаар хуульчилсан. Тоуоtа tасоmа маркийн автомашин нь ачааны зориулалттай бөгөөд Увс Ц Т С компанийн хэвийн үйл ажиллагааг хангахаар сэлбэг, хэрэгсэл, тоног төхөөрөмж ачиж өдөр тутмын дуудлагын үйлчилгээнд ашиглагддаг машин юм. Иймд 5,654,545.46 төгрөгийн нөхөн татвар, 1,696,363.64 төгрөгийн торгууль, 1,130,909.09 төгрөгийн алданги нийт 8,481,818.18 төгрөгийн төлбөрийг бууруулж өгнө үү.
Эрчим хүчний үнийг Эрчим хүчний зохицуулах хороогоос тогтоож, тогтоосон үнийн дагуу борлуулалт хийгддэг онцлогтой салбар юм. Үүний дагуу “Ц Т С” ХХК нь “Б Б Э Х С” ХК-иас 115.1 төгрөгөөр эрчим хүч худалдан авч айл өрхүүдэд 110.8 төгрөгөөр борлуулдаг. Өөрөөр хэлбэл манай компани айл өрхүүдэд борлуулсан 1кватт эрчим хүчнээс 4.3 төгрөгийн алдагдал хүлээж байдаг. Энэхүү алдагдлаас улбаалан компанийн нийт алдагдлын тодорхой хэсгийг Б Б Э Х С ХК-нийн эдийн засгийн үзүүлэлт, санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан жил бүр харилцан адилгүй байдлаар худалдан авах эрчим хүчний төлбөрөөс хөнгөлж (татаас) хариуцдаг. Энэ хүрээнд Б Б Э Х С ХК нь 2020 онд 1,256,167,604.85 төгрөгийн, 2021 онд 358,785,428.74 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. Энэхүү хөнгөлөлт нь манай компанийн борлуулалт биш бөгөөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дах заалтад “төлбөргүйгээр бусдаас авсан бараа, ажил, үйлчилгээний орлого" гэж заасны дагуу дээрх хөнгөлөлтүүдийг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд гаргасан. Харин нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд дээрх хөнгөлөлтийг зохицуулаагүй тул нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд заагаагүй болно.
Татварын улсын байцаагч нар нягтлан бодох бүртгэлийн баримтууд, санхүүгийн анхан шатны баримтуудыг шалгахгүйгээр Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоолгүй, зөвхөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн үзүүлэлтүүдийг хооронд нь зарцуулж зөрчил илрүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д заасан “тодорхой байх “ зарчмуудтай нийцэхгүй байна.
Иймд татварын улсын байцаагч нарын НА-15230000079 тоот нөхөн ногдуулалтын актаас нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд борлуулалтын орлого тусгаагүй гэх 2020 онд 125,616,460.49 төгрөгийн нөхөн татвар, 50,246,704.19 төгрөгийн торгууль, 53,456,212.42 төгрөгийн алданги нийт 229,319,677.10 төгрөгийн төлбөр, 2021 онд 35,878,542.87 төгрөгийн нөхөн татвар, 14,351,417.15 төгрөгийн торгууль, 9,527,547.05 төгрөгийн алданги нийт 59,757,507.08 төгрөгийн төлбөрийг тус тус бууруулж өгнө үү...” гэжээ.
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...Нэхэмжлэгч талаас үл хөдлөх эд хөрөнгийн татвартай холбогдох зөрчлийн хэсгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул энэ талаар нэхэмжлэлээ нэмэгдүүлж байна.
“Увс Ц Т С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч нарт холбогдох хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр 2024 оны 11 дүгээр сард томилогдсон. Энэ хүрээнд нэмэлт тайлбаруудыг гаргаж явсан бөгөөд эхний тайлбарыг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан. Маргаан таслах зөвлөл НA-15230079 тоот нөхөн ногдуулалтын актыг хэлэлцэж шийдвэрлэхдээ 2019 оны үл хөдлөх хөрөнгийн нөхөн татварын алданги, торгууль 3,427,767.65 төгрөгөөр, 2019 оны газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй алданги буюу 1,029,134.37 төгрөгөөр тус тус нэмж ногдуулсан нь хууль бус байна. Маргаан таслах зөвлөл хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэтрүүлсэн гэж маргасан. Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан чиг үүргийг маргаан таслах зөвлөл хэрэгжүүлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл зөвлөгөө өгөх, хяналт шалгалт хийх, орлого бүрдүүлэх үүргүүдийг хэрэгжүүлэх боломжгүй. 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордож байгаа бол хуулийг буцаан хэрэглэнэ, бусад тохиолдолд хэрэглэхгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл тухайн үед 2008 оны хуулиар торгууль 30 хувьтай, алданги 20 хувиар хязгаарлагдаж байсан. Гэтэл маргаан таслах зөвлөл үүнийг зөрчөөд 30 хувь, 20 хувиас нэмэгдүүлсэн байна. Маргаан таслах зөвлөлийн торгууль, алдангитай холбоотой нийт 4,456,902 төгрөгийн алданги, торгуулийг хүчингүй болгож өгнө үү.
Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тухай маш тодорхой заасан бөгөөд газраас бусад үл хөдлөх хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уг хөрөнгийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тооцохоор заасан. 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн улсын бүртгэлээс авсан лавлагаанд конторын зориулалттай барилгыг 2,415 м.кв, үнэлгээ нь 19,334,000 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Үүнийг Хур системээс татварын улсын байцаагч нар авч харах боломжтой байсан. Гэтэл үүнийг үзэхгүйгээр дансанд бүртгэгдсэн дүнгээр тооцож байгаа нь хууль зөрчиж байна. 19,334,000 төгрөгөөс үл хөдлөх хөрөнгийн албан татварыг тооцож үзвэл 116,000 төгрөг болно. 1999 онд конторын 2 давхар барилгыг ашиглалтад оруулж, бүртгэсэн байна.Харуулын байр нь сэндвичэн барилга байтал татвар ногдуулсан. Сая үл хөдлөх хөрөнгийн үндсэн хөрөнгийн бүртгэл болон үл хөдлөх хөрөнгүүдийн паспортыг нотлох баримтаар өгсөн. 1999 оны хөрөнгө нь 355,000,000 төгрөгөөр үнэлэгдэж бүртгэгдсэн бөгөөд 2019 онд 2,267,000 төгрөг, 2020, 2021 онд 2,115,000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлсөн. Төлсөн татварынхаа хэмжээнд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй байгаа дүнгүүд орж байгаа учраас үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой тавигдсан нөхөн татвар, алданги, торгуулийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Автомашинтай холбоотой нэмэгдсэн өртгийн албан татвар тавигдсан байгаа. 2 машины асуудал яригддаг, 1 нь 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр худалдаж авсан суудлын автомашин, нөгөөх нь Toyota Tacoma буюу бага оврын ачааны машин байгаа. Нэмэгдсэн өртөг албан татварын тухай хуульд суудлын автомашин худалдан авсан бол түүнтэй холбоотой НӨАТ-г хасалт хийхгүй гэдгийг тодорхой заасан. Эхний Toyota Corolla Axio маркийн автомашиныг 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 17,000,000 төгрөгөөр худалдаж авсан, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тайлагнасан гэсэн үг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д сар бүрийн 10-ны дотор тайлангаа тушааж, татвараа төлөхийг заасан. Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги торгууль оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байна. Мөн хуулийн 15.3.3-д борлуулалт хийгдсэнээс хойш тодорхой хугацааны дотор татвар төлөхөөр хуульд заасан борлуулалт хийгдсэнээс хойш тодорхой хугацааны дотор татвар төлөхөөр хуульд заасан татварын төрөл болон суутгаж төлдөг татварын хувьд тухайн төрлийн татварын тайланг гарган, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа тоолж эхэлнэ гэж заасан. 2019 оны 9 дүгээр 09-ний өдөр худалдаж авсан автомашины хөөн хэлэлцэх хугацааг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс тоолбол 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дуусаж байна. Үүнтэй холбогдуулаад нөхөн ногдуулалтын акт 12 дугаар сарын 26-ны өдөр тавигдсан буюу 77 хоног хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна.
Toyota Tacoma машины хувьд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 35,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Нэмэгдсэн өртгийн албан албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.1-д зөвхөн суудлын автомашин гэдэг зохицуулалт байгаа. Суудлын автомашин гэдэг нь битүү хүн суух зориулалттай байдаг. Харин бага оврын автомашин ардаа ачааны тэвштэй байдаг.
2020 болон 2021 оны нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалтын орлого дутуу тайлагнасан зөрчлийн тухайд хэлье. Монгол улс даяар эрчим хүчний үнэ тусгай зохицуулалттай онцлог салбар. Өөрөөр хэлбэл компаниудын борлуулах үнийг Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоодог. Увс аймгийн хувьд баруун бүсээс эрчим хүчээ худалдаж аваад албан байгууллага, айл өрхүүдэд зардаг. 115 төгрөгөөр худалдаж авдаг, айл өрхүүд дээр 110 төгрөгөөр төлдөг. 1 киловатт тутамд компани 4 төгрөг 3 мөнгөөр алдагдал хүлээж байгаа. Хэвийн үйл ажиллагааг нь хангах үүднээс алдагдлыг нь “Б Б Э Х С” компаниас эдийн засгийн үзүүлэлт, санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан жил бүр харилцан адилгүй байдлаар алдагдлыг компанийнхаа зүгээс хариуцдаг. Б Б Э Х С компаниас 2020 онд 1,256,167,604.85 төгрөгийн,2021 онд 358,785,428.74 төгрөгийн алдангийн хөнгөлөлтийг өгсөн. Энэ хөнгөлөлт нь нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу татвар ногдох орлого мөн эсэх асуудлыг авч үзэх ёстой. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг томьёолж, тодорхойлсон боловч хөнгөлөлт гэдэг зүйлийг зохицуулж өгөөгүй. Харин Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8.1.4-д бусдаас үнэ төлбөргүй авсан барааг үйл ажиллагааны орлогод нь тодорхойлж заасан тул тухайн үеийн санхүүгийн тайланд тусгасан. Энэ хэмжээний мөнгө дансаар, авлагаар эсвэл хөрөнгө борлуулснаас орж ирээгүй гэдгийг өөрсдийнхөө хэмжээнд нотлох гэж нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Энэ нь хөнгөлөлтийг илэрхийлсэн мөнгөн дүн болохоос бодитоор орж ирсэн орлого биш.
Салбарынх нь онцлогийг нь авч үзвэл Голомт банк, Төрийн банк, Хас банк, Хаан банкны 4 орлогын данстай. Энэ орлогын данснаас компанийн хэвийн үйл ажиллагааг хангахтай холбоотой зардал гаргадаггүй. 0 үлдэгдэлтэй данс руу орлогуудыг татаад, 0 үлдэгдэлтэй данснаасаа компанийн зарлагын данс руу татагдаж, зарлагын данснаасаа өдөр тутмын үйл ажиллагаа, цалин, түлш шатахуун гэх зардлуудыг гаргадаг. Орлогуудын дансыг болон тухайн банкнуудын үлдэгдэл баталгаажуулалт гэдгийг бүгдийг нь түүж гаргаж ирсэн.Эндээс 2020 онд 9,2 тэрбум төгрөгийн орлого орж ирээгүй, 2021 онд 9,6 тэрбум төгрөгийн орлого орж ирээгүй нь харагдаж байгаа гэдгийг хэлье.
Ямар учиртай орлого байсан, хөрөнгийн орлого байсан уу, хөрөнгө борлуулсны орлого байсан уу эсвэл компанийн үйл ажиллагаатай холбоотой цахилгаан түгээх орлого байсан уу гэдгийг шалгахгүйгээр зөвхөн татварын тайлан ТТ02, НӨАТ-ын 2 тайлангуудыг хооронд нь харьцуулаад борлуулалт дутуу тусгасан гэж үзэж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, мөн Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан тодорхой байх зарчмуудыг зөрчиж байна. Энэ хүрээнд бид нар нэмэлт тайлбаруудыг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гаргаж өгсөн.
2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр татварын улсын байцаагч нар болон маргаан таслах зөвлөлийн өгсөн тайлбарын хүрээнд бид нар тайлбар өгсөн. Энд 1 дансны асуудал яригддаг бөгөөд Хаан банкны 5800193799 тоот данс руу их хэмжээний орлого орсон, 2020 онд 1,256,167,604.85 төгрөг, 2021 онд 358,785,428.74 төгрөгийн цахилгааны борлуулалтыг тийшээ авсан гэх тайлбар ирсэн. Энэ компанийн хувьд нягтлан бодох бүртгэлийн онцлог нь орлогын данс нь тусдаа байдаг. Тэнд зарлага хийж болохгүй тэр данснаас 0 үлдэгдэлтэй данс буюу 5800631713 тоот данс руу шилжүүлдэг. Улмаар 0 үлдэгдэлтэй данснаас 75 хувийг нь баруун бүс рүүгээ, 25 хувийг нь 5800193799 тоот зарлагын данс руу шилжүүлдэг. Компани өөрийнхөө 1 данснаас нөгөө данс руу шилжүүлж байгаа шилжүүлэг нь яагаад эрчим хүчний борлуулалтын орлого болдог юм бэ. Энэ дансанд 3 төрлийн орлого орж ирдэг бөгөөд 0 үлдэгдэлтэй данснаас 25 хувийн орлого орж ирдэг, айл өрхүүдэд тоолуур зарсны орлого ордог. Тоолуурыг 76,000 төгрөгөөр худалдаж авдаг. Мөн техник үйлчилгээний орлого орж ирдэг. Энэ нь сардаа 45,000-100,000 төгрөгийн орлого орж ирдэг. Тоолуур сардаа 1-5 ширхэг зарагддаг. Хэрэв 1,256,167,604.85 төгрөг, 2021 онд 358,785,428.74 төгрөгийн орлогыг бүгд тоолуурын орлого байсан, үүнийгээ тайланд тусгаагүй гэж үзээд тоолуурын үнэ 76,000 төгрөгт хувааж үзвэл ойролцоогоор Увс аймгийн нийт өрхтэй тэнцэж байгаа буюу 21,000 гарч байна шүү дээ. Би 2020, 2021 онд Увс аймгийг бүгдийг тоолууржуулах үйл ажиллагаа хийгдсэн гэж бодохгүй байгаа. Хэрэв татварын маргаан эргэлзээтэй байгаа бол татвар төлөгчийн талд шийдвэрлэх зарчим байдаг. Үүнийг эрчим хүчний орлого биш байсныг нотлох баримтуудаар гаргаж ирсэн. Нийт татварын улсын байцаагчийн актаас нөхөн татвар 713,739.60 төгрөг, торгууль 911,575.84 төгрөг, алданги 1,520,609.14 төгрөг, нийт 3,151,924.58 төгрөгийг хүлээн зөвшөөрч, нөхөн татвар 188,000,000 төгрөг, торгууль 73,900,000 төгрөг, алданги 70,600,000 төгрөг, нийт 332,600,000 төгрөгийг хүчингүй болгож өгнө үү гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэв.
7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Орлогын данснаас ............. тоот данс руу 100 хувиар хуваарилагддаг. Энэ нь 0 үлдэгдэл бүхий данс. 0 үлдэгдэлтэй данснаас 75 хувь “Б Б Э Х С” ТӨХК руу, 25 хувь нь манай данс руу автоматаар хуваарилагддаг системд шилжсэн байдаг” гэв.
8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”Нэмж гаргах тайлбаргүй” гэв.
9.Хариуцагч Увс аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Т.Б, Т.Ж нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа:”...2023 оны 10 сарын 10-ны 15231003245 тоот томилолтоор ...................... тоот регистрийн дугаартай " Ц Т С " ХХК-ний 2019.01.01-2021.12.31-ны өдрийг хүртэл хугацааны татварын ногдуулалт, төлөлтөд эрсдэлд суурилсан, иж бүрэн хяналт шалгалт хийж 2023 оны 12 сарын 26-ний өдөр 6,991,183,230.01 төгрөгийн зөрчилд 211,525,806.3 төгрөгийн нөхөн татвар, 82,699,269.22 төгрөгийн торгууль, 76,282,170.93 төгрөгийн алданги, нийт 370,507,246.45 төгрөгийн 15230000047 тоот нөхөн ногдуулалтын актыг ногдуулсан. “Ц Т С” ХХК-аас удирдлага болон нягтлан бодогчоос ямар үндэслэлээр, ямар төрлийн зөрчилд нөхөн ногдуулалтын актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх тайлбар өгөөгүй.
Эцсийн хэрэглэгч болох “Ц Т С” ХХК-ийн эрчим хүч хэрэглэгч ААН, иргэдийн нэмэгдсэн өртөг шингэсэн худалдан авалтыг суутган авч нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй / 2020 онд Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар борлуулалтын орлого дутуу тусгасан 1,256,167,604.85 төгрөгийн зөрчилд 125,616,760.49 төгрөгийн нөхөн татвар, 50,246,704.19 төгрөгийн торгууль, 53,456,212.42 төгрөгийн алданги, нийт 229,319,677.10 төгрөгийн нөхөн ногдуулалтын акт, 2021 онд Нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалтын орлого дутуу тусгасан 358,785,428.74 төгрөгийн зөрчилд 35,878,542.87 төгрөгийн нөхөн татвар, 14,351,417.15 төгрөгийн торгууль, 9,527,547.06 төгрөгийн алданги, нийт 59,757,507.06 төгрөгийн нөхөн ногдуулалтын актыг тус тус үйлдсэн. Дээрх зөрчил нь Нэмэгдсэн өртгийн орлогын албан татварын тухай хуулийн 8.1.1.бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд;, 16.1.Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана:, 16.1.1.тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө гэсэн заалтыг зөрчсөн.
2019 онд 1,203,197,913.33 төгрөгийн хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгөнд албан татвар ногдуулж хуульд заасан хугацаандаа төлөөгүй зөрчилд 7,219,187.48 төгрөгийн нөхөн татвар, 2,165,756.24 төгрөгийн торгууль, 1,443,837.50 төгрөгийн алданги нийт 10,828,781.22 төгрөг, 2020 онд 1,873,181,266.67 төгрөгийн хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулж хуульд заасан хугацаандаа төлөөгүй зөрчилд 11,293,087.60 төгрөгийн нөхөн татвар, 4,495,635.04 төгрөгийн торгууль, 4,310,752.05 төгрөгийн алданги, нийт 20,045,474.69 төгрөг, 2021 онд 1,912,790,466.67 төгрөгийн хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулж хуульд заасан хугацаандаа төлөөгүй зөрчилд 11,476,742.80 төгрөгийн нөхөн татвар, 4,590,697.12 төгрөгийн торгууль, 2,606,942.13 төгрөгийн алданги, нийт 18,674,382.06 төгрөг, нийт дүнгээрээ 49,548,637.97 төгрөгийн нөхөн ногдуулалтын акт бичигдсэн. Тус татвар төлөгч нь Хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын төрлөөр 2019 онд 2,267,579.32 төгрөг, 2020 онд 2,115,791.00 төгрөг, 2021 онд 2,115,791.00 төгрөгийн татварыг тус тус төлсөн байх ба үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 352,632,000.00 төгрөгийн байгууламжийн үнэлгээнээс тооцож үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг ногдуулан төлсөн нь татварын системээс харагдаж байна . Шалгалтын явцад тус компанийн хөрөнгийн нягтлан бодогчоос Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон даатгал хийгдсэн бол нотлох баримтыг шаардсан боловч ирүүлээгүй, харин данс бүртгэлд тусгагдсан хөрөнгийн дэлгэрэнгүй жагсаалт, элэгдлийн тооцооллыг болон санхүүгийн тайланг тодруулгын хамт ирүүлсэн. 2019 онд хөрөнгийн дахин үнэлгээгээр 569,882,741.35 төгрөгийн хөрөнгө нэмэгдсэн. Дээрх зөрчил нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3.1 Монгол улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна, 5 дугаар зүйлийн 5.1. Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно, 6 дугаар зүйлийн 6.1.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан үнэлгээнээс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0.6-1.0 хувиар тооцож ногдуулна, 8 дугаар зүйлийн / Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлнө / гэсэн заалт болон Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолд "...үнэлгээнээс татвар ногдуулах хувь хэмжээ 0,6 хувь" гэсэн заалтыг Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна, гэж заасныг зөрчсөн.
2019 онд 6,236,800.00 төгрөгийн газрын төлбөрийг дутуу ногдуулж төлсөнд 1,871,040.00 төгрөгийн торгууль, 1,247,360.00 төгрөгийн алданги, нийт 9,355,200.00 төгрөгийн нөхөн ногдуулалтын акт бичсэн. Газрын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд "Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно" гэж заасныг зөрчсөн.
2019 онд нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдуулах орлогын дүн 7,876,215,907.84 төгрөг, хасагдах зардлын дүн 8,237,143,402.83 төгрөгөөр тайлагнаж 360,927,494.99 төгрөгийн алдагдалтай тайлагнасан дүнг 247,153,895.20 төгрөгөөр бууруулж, алдагдлыг 113,773,599.79 төгрөгөөр баталгаажуулсан, 2020 онд 69,640,000.00 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлаар татвар ногдуулах орлого бууруулсан зөрчилд 55,245,207.90 төгрөгийн алдагдлыг бууруулж 719,739.60 төгрөгийн нөхөн татвар, 287,895.84 төгрөгийн торгууль, 273,249.14 төгрөгийн алданги, нийт 1,280,884.58 төгрөгийн нөхөн ногдуулалтын акт үйлдсэн.
2019 онд “Т Э” ХХК-аас 17,000,000.00 төгрөгийн Тоуоtа Ахio, “Зенит-инженеринг” ХХК-аас 39,545,454.55 төгрөгийн Тоуotа Тасоmа суудлын авто машиныг худалдан авч НӨАТ хасалт эдэлж төлөх татвар бууруулсан зөрчилд 5,654,545.46 төгрөгийн нөхөн татвар, 1,696,363.64 төгрөгийн торгууль, 1,130,909.09 төгрөгийн алданги, нийт 8,481,818.19 төгрөгийн нөхөн ногдуулалтын акт үйлдсэн:, Дээрх зөрчил нь: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.6.Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй: 14.6.1.суудлын автомашин, түүний эд анги, сэлбэг гэснийг зөрчсөн.
2024 оны 01 сарын 25-ны өдөр Увс аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд хандсан. Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 04 сарын 19-ний өдрийн дугаар 03 тогтоолоор НА-15230000047 дугаартай нөхөн ногдуулалтын актыг 5,471,874,533.39 төгрөгийн зөрчилд 188,733,660.52 төгрөгийн нөхөн татвар, 75,551,689.66 төгрөгийн торгууль, 75,916,482.09 төгрөгийн алданги, нийт 340,201,832.27 төгрөгийн төлбөр төлүүлэхээр өөрчилсөн…” гэжээ.
10.Хариуцагч татварын улсын байцаагч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байр суурь хэвээрээ байна.Хамгийн гол хөндөгдөж байгаа сэдэв нь борлуулалтын орлогын зөрүү байгаа. Тухайн компани Голомт банк, Төрийн банк, Хас банк, Хаан банк гээд 4 орлогын дансыг би тулгаж үзсэн, данс хооронд гүйлгээ орлого байхгүй, 0 үлдэгдэлтэй боловч үүнээсээ бараа материалаа авдаг, цалингаа тавьдаг данснууд байсан. ....................... тоот дансанд “Б Б Э Х С” компанийн .......................... тоот данснаас дандаа орлого орж ирдэг.Энэ нь нэхэмжлэгч талын хэлээд байгаа улсаас олгож байгаа түгээх үйлчилгээний орлого. Увс Ц Т С ТӨХК маань 2020 оны борлуулалт цахим төлбөрийн баримтаар хүлээн зөвшөөрсөн 2,342,000,000 төгрөг, 2021 онд 2,024,743.6 төгрөг байгаа. Тухайн компани цахилгаан эрчим хүч үйлдвэрлээд “Б Б Э Х С” компанид өгөхгүй байгаа нь тодорхой, түгээх үйлчилгээний орлого гээд компаниас орж ирж байгаа орлогоо хүлээн зөвшөөрч, борлуулалтын орлогоо орлогын албан татварын тайландаа тусгаж явсан. Орлогын данс гээд хүлээн зөвшөөрсөн 4 дансны 6 тэрбумын орлого байгаа. Дээр нь .......... тоот дансанд 2020 онд 1,247,194,000.5 төгрөг орж ирж байсан. Би зөвхөн дансаар тулгаж үзээгүй, данс хооронд гүйсэн гүйлгээ, зарлагын гүйлгээ хийдэг данс руугаа шилжүүлсэн орлогыг нь үзэж байж орлогын данс гэх орлогоо хүлээн зөвшөөрч байгаа 6,916,000,000 төгрөгийг баталгаажуулсан. ............. тоот данснаас цалин олгож, бараа материалаа худалдаж авч байсан гүйлгээнүүд гарсан. Энэ дансанд түгээх үйлчилгээний орлоготой холбоотой орлогын дийлэнх нь байсан. Тоолуурын борлуулалттай холбоотой орлого бага зэрэг орсон. Мөн техникийн нөхцөлийн орлого орж ирдэг байсан нь үнэн. Гэхдээ энэ данснаасаа бусад харилцах данс руу гарсан гүйлгээ байхгүй. Зардлын данс болоод шууд хэрэглэгдсэн данс байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд албан татвар ногдох бараа ажил үйлчилгээ, 7.2.15-д төрөөс олгож байгаа төсвийн санхүүжилт, татаас урамшуулалд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна гэж заасан.
Тээврийн хэрэгслийн худалдан авалтад татварын хасалт эдлэх ёсгүй байтал хасалт эдэлсэн. 2019 оны 9 дүгээр сард Axio corolla суудлын авто машиныг худалдан авсан байсан. 2019 оны 9 дүгээр сарын тайланг дараа сарын 10-ны дотор гаргах ёстой. Бидний хяналт шалгалтын ажил 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр эхэлсэн байдаг. Томилолт эхэлснээр бид тухайн зөрчлийг хөөн хэлэлцэх хугацаандаа багтааж авч үзсэн. Хяналт шалгалтын эцсийн шийдвэр гарах хугацаа нь Увс Ц Т С компаниас тайлбар өгөх хүн байхгүй, хариуцах эзэн байхгүй, Улаанбаатар хотод албан томилолттой, ажилтай яваа гэх хүсэлт гаргасны улмаас хуулийн хугацаа хойшлогдсон байдаг. Тийм учраас 77 хоног яригдаад байгаа юм. Үл хөдлөх хөрөнгийн хувьд улсын бүртгэлийн үнэлгээгээр явах ёстой гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. Баланс дээрээ жил бүр элэгдлийн зардлыг үл хөдлөх эд хөрөнгийн дансанд авагдсан үнээр тооцсон. Ийм учраас бид баланс дээр байгаа үнэлгээгээр тооцохоос өөр аргагүйд хүрсэн. Харуулын объектын байр яригдаад байсан. Тухайн компанийн хөрөнгийн жагсаалтад байгаа, дэлгэрэнгүй бүртгэлд 2 харуулын байр тусгагдсан гарч байсан. 1 харуулын байранд үл хөдлөх хөрөнгийн татварыг ногдуулсан байдаг, нөгөө харуулын байрыг сендвичэн барилга гэж тайлбарласан тул давхардаж татвар ногдуулаагүй...” гэв.
11. Хариуцагч татварын улсын байцаагч Т.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой маргаад байгаа асуудал нь харуулын 1, 2 дугаар байр байгаа. Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлд бүртгэлтэй байсан.Харуулын 1 дүгээр байр нь биднийг татварын хяналт шалгалт хийж байх үед хөрөнгийн татвар ногдоод, элэгдлээ хасчихсан байсан. Харуулын 2 дугаар байр нь сэндвичин байр гэдэг. Үүнд бид татвар ногдуулаагүй...” гэв.
12. Хариуцагч Увс аймгийн Татварын газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийг төлөөлөн Ю.О шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”... Магадлагч байцаагчийн дүгнэлтийн тооцоолол хэсэгт Татварын ерөнхий хууль/шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4-р зүйлд "2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль/шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1,3,4.5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө.", Татварын ерөнхий хууль/2008/ 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт "Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна." гэсэн заалтыг хэрэгжүүлээгүйн улмаас тооцооллын зөрүү үүссэн байгаа тул нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй байна...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх маргаан бүхий актын холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэн, маргаан таслах зөвлөлд холбогдох нэхэмжлэлийн хувьд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлэв.
2.Тус хэрэгт хамтран хариуцагчаар оролцогч Увс аймгийн Татварын газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд зөвлөлийн даргын сул орон тоо гарсан, дараагийн дарга томилогдоогүй байх тул хамтын удирдлага бүхий захиргааны байгууллагын хувьд зөвлөлийн гишүүдээс олгосон итгэмжлэлийн хүрээнд зөвлөлийн нарийн бичгийн дарга Ю.О төлөөлж байгаа нь хуульд харшлаагүй гэж үзэв.
3.Шийдвэрийн тодорхойлох хэсэгт маргаан бүхий татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсэгт дурдагдсан зөрчил, нийт ногдуулсан төлбөрийн талаар болон татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолын агуулгын талаар бичигдсэн.
4.Маргаан бүхий татварын нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгчийг борлуулалтын орлогын зөрүүг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, үйлдвэрлэл болон конторын барилгын үл хөдлөх эд хөрөнгөд албан татварыг дутуу ногдуулан төлөөгүй, баримтаар нотлогдоогүй зардал гаргаж төлөх татварын хэмжээг бууруулсан, газрын төлбөр төлөөгүй зэрэг нийт 4 зөрчлийн талаар тодорхойлсон, хариуцагч хариу тайлбартаа авто машин худалдан авахдаа НӨАТ-ын хасалт эдэлж төлөх татвар бууруулсан 1 зөрчлийг нэмж тайлбарласан, нийт 5 зөрчлийн дүнгээр нөхөн ногдуулалтын акт тавигдсан байх бөгөөд үүнээс нэхэмжлэгч тал “борлуулалтын орлогын зөрүүг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, үйлдвэрлэл болон конторын барилгын үл хөдлөх эд хөрөнгөд албан татварыг дутуу ногдуулан төлөөгүй, авто машин худалдан авахдаа НӨАТ-ын хасалт эдэлж төлөх татвар бууруулсан” гэх 3 төрлийн зөрчилд холбогдох хэсгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй маргаж байгаа тул маргаан бүхий зөрчил тус бүрд шүүхээс дүгнэлт хийв.
5.2019 онд Axio corolla , Toyota Tacoma суудлын авто машиныг худалдан авч НӨАТ-ын хасалт эдэлж төлөх татвар бууруулсан гэх зөрчлийн талаар:
5.1. Нэхэмжлэгч тал “ Авто машин худалдан авсан нь ямар хууль тогтоомж зөрчсөн талаар нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсэгт тусгаагүй, Axio corolla маркын суудлын авто машиныг 2019.09.09-ний өдөр худалдан авч, 2019.10.10-ны өдөр 9 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татвараа тайлагнасан тул түүнд хүлээлгэх хариуцлагыг 2019.10.11-ний өдрөөс нөхөн ногдуулалтын акт үйлдсэн 2023.12.26-ны өдөр хүртэл хөөн хэлэлцэх 4 жилийн хугацааг тоолбол 77 хоног хэтэрсэн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.1-д зөвхөн суудлын авто машины худалдан авалтыг хасахгүй байхаар заасан. Toyota Tacoma маркын авто машин нь ачааны зориулалттай машин болно” гэж маргасан.
5.2. Хариуцагч талаас “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.1-д “суудлын авто машин, түүний эд анги, сэлбэг худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй” гэж заасан тул нөхөн ногдуулалтын актыг тавьсан” гэж тайлбарлан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй байна.
5.3. “Ц Т С” ХХК нь 2019 онд “Т” Э ХХК-иас 17,000,000 төгрөгийн Toyota Axio, “З И” ХХК-иас 39,545,454.55 төгрөгийн Toyota Tacoma авто машиныг худалдан авсан байх бөгөөд худалдан авалт хийгдсэн талаар талууд маргаангүй.
5.4.Татварын улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн НА-15230000047 дугаартай нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсэгт дээрх зөрчлийн талаар тусгаагүй байх бөгөөд хариуцагч нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа хоёр авто машин худалдан авахад төлсөн албан татварыг суутган төлөгчийн төлөх албан татвараас хасахгүй гэж үзэн 5,654,545.46 төгрөгийн нөхөн татвар, 1,696,363.64 төгрөгийн торгууль, 1,130,909.99 төгрөгийн алданги, нийт 8,481,818.19 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн, нийт ногдуулсан татвар, торгууль, алдангийн дүнд тооцогдсон гэж тайлбарласан.
5.5. Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ” 41 дүгээр зүйлийн 41.13-д “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга баталж, мөрдүүлнэ” гэж, Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан "Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"-ын 7.6.1-д “ тэмдэглэх хэсэгт хөндлөнгийн мэдээллийн ашиглалт, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн утга, дүн, зөрчсөн хууль тогтоомж, эрх зүйн баримт бичиг, Нөхөн ногдуулалтын акт, Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, Илтгэх хуудас үйлдэх үндэслэл” бичсэн байхыг заасан.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна: 4.2.3.захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” , мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх зарчмыг захиргааны үйл ажиллагаанд баримтлахаар заасан.
Өөрөөр хэлбэл, татварын улсын байцаагчийн үйлдсэн нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсэгт авто машинтай холбогдох татварын зөрчил нь ямар хуулийн аль заалтыг зөрчиж байгаа талаар тусгаагүй мөртөө актын тогтоох хэсэгт нэгдсэн нийт тооцоонд оруулж нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан нь Татварын ерөнхий хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан зохицуулалт, хуульд үндэслэх зарчимд нийцээгүй тул нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэн Татварын улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн НА-15230000047 дугаартай нөхөн ногдуулалтын актын 2019 онд Axio corolla , Toyota Tacoma суудлын авто машиныг худалдан авч НӨАТ-ын хасалт эдэлж төлөх татвар бууруулсан гэх зөрчилд ногдуулсан 5,654,545.46 төгрөгийн нөхөн татвар, 1,696,363.64 төгрөгийн торгууль, 1,130,909.99 төгрөгийн алданги, нийт 8,481,818.19 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
5.6. Мөн Toyota Tacoma авто машин нь албан ажлын зориулалтаар ашиглах боломжтой бага оврын ачааны машины зориулалттай машин болох нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээнд “Toyoto Tacoma маркын 9405 УВХ улсын дугаартай авто машины төрөл зориулалтыг “бага оврын ачааны зориулалттай” гэж тодорхойлсон байх тул “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.1-д “суудлын авто машин, түүний эд анги, сэлбэг худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй” гэж заасан зохицуулалтын хүрээнд нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцох ёстой талаар шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Г-ын гаргасан тайлбар үндэслэлтэй гэж үзлээ.
Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Г-ын” Авто машин худалдан авсан нь ямар хууль тогтоомж зөрчсөн талаар нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсэгт тусгаагүй” гэх тайлбарыг хүлээн авсан болохыг тэмдэглэв.
5.7. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй” , мөн зүйлийн 15.3.2-д “ тайланг сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс гэж заасан, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана” гэж зааснаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн татварын тайланг сар бүр тайлагнахаар зохицуулсан байна.2019 оны 9 сард худалдан авсан суудлын автомашинд холбогдох татварын зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааг 2019 оны 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн өдрөөс эхлэн тоолохоор байна.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Гын шүүх хуралдаанд гаргасан “ 2019 оны 9 сард худалдан авсан авто машины хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан” гэх тайлбар үндэслэлгүй болно.
5.8. Гэвч татварын улсын байцаагч нараас нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсэгт 2019 онд худалдан авсан Axio corolla маркын авто машинд холбогдох зөрчлийг тодорхойлоогүй нь “хууль дээдлэх” зарчмыг мөрдөж ажиллаагүй, энэхүү алдааг засах, зөвтгөх боломжгүй, нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн тул нөхөн ногдуулалтын актаас тус зөрчилд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.
6. 2020 онд 1,256,167,604.85 төгрөг, 2021 онд 358,785,428.74 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлбартаа тусгаагүй гэх зөрчлийн талаар:
6.1. Нэхэмжлэгч талаас “ Ц Т С” ХХК нь Б Б Э Х С” ХК-иас 115.1 төгрөгөөр эрчим хүч худалдан авч айл өрхүүдэд 110.8 төгрөгөөр борлуулж 1кватт эрчим хүчнээс 4.3 төгрөгийн алдагдал хүлээж байдаг. Алдагдлын тодорхой хэсгийг “Б Б Э Х С” ХК-ийн эдийн засгийн үзүүлэлт, санхүүгийн нөхцөлөөс шалтгаалан жил бүр харилцан адилгүй байдлаар эрчим хүчний төлбөрөөс чөлөөлж хөнгөлөлт буюу татаасыг хариуцдаг. 2020 онд 1,256,167,604.85 төгрөг, 2021 онд 358,785,428.74 төгрөг нь хөнгөлөлтийн нэг хэсэг юм.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд дээрх хөнгөлөлтийг зохицуулаагүй тул нэмэгдсэн өртгийн татварын тайланд тусгаагүй болно” гэж маргасан.
6.2. Хариуцагч талаас “Тухайн компани Голомт банк, Төрийн банк, Хас банк, Хаан банк гээд 4 орлогын дансыг би тулгаж үзсэн, 0 үлдэгдэлтэй боловч үүнээсээ бараа материалаа авдаг, цалингаа тавьдаг данснууд байсан. 5800193799 тоот дансанд “Б Б Э Х С” компаниас дандаа орлого орж ирдэг. 5800193799 тоот данснаас цалин олгож, бараа материалаа худалдаж авч байсан гүйлгээнүүд гарсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8.1.Албан татварыг доор дурдсан журмаар ногдуулна: 8.1.1. бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд гэж заасныг мөн хуулийн 7 дугаар зүйлд албан татвар ногдох бараа ажил үйлчилгээ, 7.2.15-д төрөөс олгож байгаа төсвийн санхүүжилт, татаас урамшуулалд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна гэж заасан тул нөхөн ногдуулалт хийсэн” гэж хариу тайлбар гарган нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй.
6.3. Нөхөн ногдуулалтын актад тус зөрчилд хэдэн төгрөгийн татвар, алданги, торгууль ногдуулсан талаар тэмдэглэх хэсэгт тусгагдаагүй бөгөөд хариуцагч улсын байцаагчаас “нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар орлого дутуу дусгасан 1,256,167,604.85 төгрөгийн зөрчилд 125,616,760.49 төгрөгийн нөхөн татвар, 50,246,704.19 төгрөгийн торгууль, 53,456,212.42 төгрөгийн алданги, нийт 229,319,677.10 төгрөгийн, 358.785.428.74 төгрөгийн зөрчилд 35,878,542.87 төгрөгийн нөхөн татвар, 14,351,417.15 төгрөгийн торгууль, 9,527,547.06 төгрөгийн алданги, нийт 59,757,507.06 төгрөгийн нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн талаар тайлбарласан ба талууд зөрчлийн тооцоолол, нөхөн ногдуулалтын тооцоололтой маргаангүй, харин нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогод тооцох эсэх талаар маргаж байна.
6.4. “Ц Т С” ХХК-ийн 2020 оны орлогын албан татварын тайлангаар үндсэн үйлдвэрлэл, ажил үйлчилгээний борлуулалтын орлогыг 9,106,203,032.39 төгрөг гэж, 2020 онд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлангаар нийт борлуулалтын орлогыг 7,850,035,427.48 төгрөг гэж, 2021 оны орлогын албан татварын тайлангаар бараа, ажил үйлчилгээний борлуулалтын орлогыг 9,645,617,343.33 төгрөг гэж, 2020 онд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлангаар нийт борлуулалтын орлогыг 9,287,420,544 төгрөг гэж тус тус тайлагнасан байна.Тайланд тусгагдсан борлуулалтын орлогын тоон үзүүлэлтийг харьцуулахад 2020 онд 1,256,167,604.85 төгрөг, 2021 онд 358,785,428.74 төгрөгийн борлуулалтын орлогын зөрүү гарч байх бөгөөд хариуцагч улсын байцаагч нараас энэхүү зөрүүг борлуулалтын орлого хэлбэрээр орж ирэн зардалд зарцуулагдсан гэж, нэхэмжлэгч талаас “Б Б Э Х С” компаниас ямар нэгэн мөнгөн орлого хэлбэрээр орж ирээгүй, харин хөнгөлөлт татаас юм” гэж тайлбарласан.
6.5. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “ Албан татварыг доор дурдсан журмаар ногдуулна:
8.1.1.бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд” гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна:
7.2.Доор дурдсан үйл ажиллагааг 7.1-д нэгэн адил хамааруулна:
7.2.15. төрөөс олгож байгаа төсвийн санхүүжилт, татаас, урамшуулал гэж заасан мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “Дараах үйлчилгээг албан татвараас чөлөөлнө: 13.5.12: төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ. Үүнд Засгийн газар, түүний агентлагууд, төсөвт байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ хамаарна гэж тус тус заасан.
6.6. Хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч нараас хуулийн этгээдийн орлогын албан татварын тайлан болон нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлангийн зөрүүгээр зөрчлийг тодорхойлсон байх ба тухайн орлогоор тодорхойлсон мөнгөн дүн бүхий гүйлгээ нь ямар зориулалт, зорилго бүхий болохыг судлан тогтоогоогүй байна.
Өөрөөр хэлбэл, дээрх орлого нь албан татвар ногдуулах төрөөс олгож байгаа татаас, урамшуулалд хамаарах эсэх, эсхүл төрийн байгууллагаас эрчим хүчний дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор үзүүлж байгаа албан татвараас чөлөөлөгдөх үйлчилгээ эсэх талаарх нотлох баримтуудыг цуглуулж бодит байдлыг тодруулаагүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Г-ын “бодит байдлыг тогтоогоогүй” гэх тайлбар үндэслэлтэй.
6.7. Иймд шүүхээс хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай,нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагч захиргааны албан тушаалтнаас дахин шинэ акт гаргах хүртэл татварын улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн НА-15230000079 дугаартай актын 2020 онд 1,256,167,604.85 төгрөг, 2021 онд 358,785,428.74 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлбартаа тусгаагүй гэх зөрчилд холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу 3 сарын дотор дахин акт үйлдэх хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл, тухайн орлогыг хаанаас ямар зорилгоор шилжүүлсэн, бодитоор мөнгөн төлбөр мөн эсэх зэргийг тодруулсны эцэст татвар ногдох орлого уу, чөлөөлөгдөх орлого уу гэдэгт дүгнэлт хийхээр байна.
7.Үйлдвэрлэл болон конторын барилгын нийт үл хөдлөх эд хөрөнгөд 2019 онд 7,219,187.48 төгрөг, 2020 онд 11,239,087.60 төгрөг,2021 онд 11,476,742.80 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг дутуу ногдуулан төлөөгүй гэх зөрчлийн талаар:
7.1. Нэхэмжлэгч талаас “Үл хөдлөх эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд эхний ээлжид уул бүртгэгдсэн үнэлгээнээс татвар ногдуулахаар заасан, хэрвээ эхний нөхцөл хангагдаагүй тохиолдолд дараагийн нөхцөл хэрэгжихээр заасан тул дансанд бүртгэлтэй үнэлгээгээр тооцож албан татвар ногдуулсан болон сэндвичээр баригдсан зөөвөрлөн ашиглаж болох харуулын байранд татвар ногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэн маргасан.
Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн Y1520000105 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, харуулын байранд ногдуулсан 8,958,654.54 төгрөгийн татвар, 3,284,840.00 төгрөгийн торгууль, 2,912,609.90 төгрөгийн алданги нийт 15,156,104.44 төгрөгийн төлбөрийг бууруулж өгөхийг хүссэн ба шүүх хуралдаанд маргаан бүхий актын үл хөдлөх эд хөрөнгийн татвар нөхөн ногдуулсан хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож өгөхийг хүссэн болно
7.2. Хариуцагч талаас “Тухайн компани үл хөдлөх эд хөрөнгийн данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээс элэгдэл байгуулж зардалд тусгасан тул санхүүгийн тайлангийн өмчийн өөрчлөлтийн тайлангийн мэдээлэл, татвар төлөгчийн ирүүлсэн үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл зэргийг үндэслэн данс бүртгэлийн үнэлгээнээс үл хөдлөх хөрөнгийн татвар ногдуулсан.Данс бүртгэлд харуулын байр- 1, харуулын байр- 2 гэж байх бөгөөд татвар төлөгч харуулын байр 2 гэсэн хөрөнгийг сэндвичээр барьсан гэж тайлбарласан тул нөхөн ногдуулалтын актад харуулын байр-1 гэсэн хөрөнгөд татвар ногдуулсан” гэж тайлбарлан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй.
7.3. Хариуцагч татварын улсын байцаагчаас 2019 онд 1,203,197,913.33 төгрөгийн хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулж хуульд заасан хугацаандаа төлөөгүй зөрчилд 7,219,187.48 төгрөгийн нөхөн татвар, 2,165,756.24 төгрөгийн торгууль, 1,443,837.50 төгрөгийн алданги, нийт 10,828,781.22 төгрөг, 2020 онд 1,873,181,266.67 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулж хугацаандаа төлөөгүй зөрчилд 11,293,087,60 төгрөгийн нөхөн татвар, 4,495,635.04 төгрөгийн торгууль, 4,310,752.05 төгрөгийн алданги, нийт 20,045,474.69 төгрөг,2021 онд 1,912,790,466.67 төгрөгийн хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийн татварыг хугацаандаа төлөөгүй зөрчилд 11,476,741.80 төгрөгийн нөхөн татвар,4,590,697.12 төгрөгийн торгууль, 2,606,942.13 төгрөгийн алданги, нийт 18,674,382.06 төгрөг, нийт дүнгээрээ 49,548,637.97 төгрөгийн нөхөн ногдуулалтын акт бичсэн талаар тайлбарласан ба тооцооллын талаар талууд маргаангүй ба үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг ямар үнэлгээнээс тооцох талаар маргасан.
7.4. “Ц Т С” ХХК-ийн 2019-2021 онуудын үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлд спорт заал, конторын 2 давхар барилга, конторын өргөтгөл 1 давхар, үйлчилгээний төвийн барилга, харуулын байр 1, харуулын байр 2 гэсэн барилга тус бүр өөрийн үнэлгээгээр бүртгэгдсэн байна.
7.5. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно гэж заасан.
Өөрөөр хэлбэл, Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд татварыг ямар журмаар, яаж тооцохыг нарийвчлан, тодорхой дараалал тогтоож зохицуулсан, хэрэв үл хөдлөх эд хөрөнгийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн бол түүнд бүртгүүлсэн үнэлгээнээс эхэлж татвар тооцох, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлээгүй бол хөрөнгийн даатгалын үнэлгээнээс, түүний дараа данс бүртгэлийн үнэлгээнээс тооцохоор байна.
Үүнээс үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Г-ын энэ талаарх тайлбар үндэслэлтэй байна.
7.6. Гэвч нөгөө талдаа хариуцагч татварын улсын байцаагч нараас “үл хөдлөх хөрөнгийн элэгдэл тооцохдоо дансанд бүртгэлтэй үнэлгээнээс тооцож, татвар ногдох орлогыг бууруулсан атлаа татвар төлөх болохоор бага үнээс тооцож, төлөх татвараа бууруулсан” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, Үл хөдлөх эд хөрөнгийн татварыг тооцохдоо улсын бүртгэлд бүртгэгдсэн үнээс, орлогын албан татвараас хасагдах элэгдлийг тооцохдоо данс бүртгэлийн үнэлгээнээс тооцох нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
5.1.1.зайлшгүй байх; 5.1.3.шударга байх” гэж заасан зарчмыг хөндөж байна.
Иймд, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч нь уг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой аливаа татвар хураамжийг шударгаар төлөх, санхүү бүртгэлийг үнэн зөв хөтлөх үүрэгтэй, энэ тохиолдолд “үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэ“, “санхүү бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн элэгдэл хорогдол тооцох үнэ” өөр өөрөөр тогтоосныг шүүхээс зөв гэж үзэх үндэслэлгүй, дээр дурдсанаар үл хөдлөх эд хөрөнгийн татвар болон үл хөдлөх хөрөнгийн элэгдлийг тооцсон үнэ зөрүүтэй эсэхийг үл хөдлөх хөрөнгө бүрээр нэг бүрчлэн дахин нягтлах шаардлагатай, энэ нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байх тул маргаан бүхий актын холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Мөн “Ц Т С” ХХК нь харуулын сэндвичээр баригдсан нэг байртай болох шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон боловч хариуцагч татварын улсын байцаагчаас “харуулын байранд элэгдэл тооцож татвар ногдох орлого бууруулсан байсан тул татвар ногдуулсан” гэх талбар гаргасан, нэгэнт шүүхээс үл хөдлөх эд хөрөнгийн татвар болон элэгдэл тооцсон дүнгийн талаар дахин нягтлах шаардлагатай гэж үзсэн тул харуулын байртай холбогдох татварын асуудлын дахин нягтлах шаардлагатай тул нөхөн ногдуулалтын актын үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдох хэсгийг бүхэлд нь түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
8. Увс аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 03 тоот тогтоолоор 2019 оны үл хөдлөх хөрөнгийн албан татварын алданги, торгууль 3,427,767,65 төгрөгөөр, 2019 оны газрын төлбөрийн хугацаандаа төлөөгүй алдангийг 1,029,134,37 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж шийдвэрлэснийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:
8.1. Нэхэмжлэгч талаас “Татварын маргаан таслах зөвлөл НА-15230000079 тоот нөхөн ногдуулалтын актыг хэлэлцэж, шийдвэрлэхдээ 2019 оны үл хөдлөх хөрөнгийн албан татварын нөхөн татварын алданги, торгууль 3,427,767.65 төгрөгөөр, 2019 оны газрын төлбөрийн хугацаанд төлөөгүй алдангийг 1,029,134.37 төгрөгөөр тус тус нэмж ногдуулсан нь хууль бус бөгөөд маргаан таслах зөвлөлд хуулиар олгогдоогүй эрх хэмжээ юм. Татварын ерөнхий хууль/2008/ 74 дугаар зүйлийн 74.1-дэх хэсэгт "Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна" зааснаас харвал 2019 оны үл хөдлөх хөрөнгийн албан татварын нөхөн татвар, хугацаанд төлөөгүй газрын төлбөрийн алданги 20 хувиас хэтрэхгүй юм” гэж маргасан.
8.2. Хариуцагч Увс аймгийн Татварын газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлөөс шүүхэд ирүүлсэн тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ Магадлагч байцаагчийн дүгнэлтийн тооцоолол хэсэгт Татварын ерөнхий хууль/шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4-р зүйлд "2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль/шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1,3,4.5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө.", Татварын ерөнхий хууль/2008/ 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт "Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна" гэсэн заалтыг хэрэгжүүлээгүйн улмаас тооцооллын зөрүү үүссэн байгаа тул нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй байна” гэх тайлбар гарган холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
8.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасантай хариуцагчийн зөвшөөрсөн тайлбар нийцэж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
9. Нэхэмжлэгч талаас маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын 2019 онд 247,153,895.20 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардал гаргаж төлөх татварын хэмжээг бууруулсан гэх зөрчилтэй маргаагүй, мөн нөхөн ногдуулалтын актын 2019 оны газрын төлбөртэй холбогдох хэсэгтэй маргаагүй болохыг тэмдэглэв.
10. Мөн татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолоор 2020, 2021 оны газрын төлбөр төлөгдсөн талаар дүгнэж, ногдуулсан төлбөрийг багасгаж шийдвэрлэсэн ба хариуцагч татварын байцаагч нараас 2020, 2021 оны газрын төлбөр төлөгдсөн байсан талаар хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан болохыг дурдах нь зүйтэй.
11. Хариуцагч татварын улсын байцаагч нарын зүгээс дахин шинэ акт гаргахдаа шүүхийн шийдвэрт дурдагдсан асуудлуудыг шалгахаас өөрөөр бусад зөрчлийн асуудлыг хянан шийдвэрлэхгүй болохыг, мөн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны албан тушаалтан шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актын холбогдох хэсгүүд хүчингүй болохыг тэмдэглэж байна.
12. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч албан тушаалтыг харьяалах байгууллага болох Увс аймгийн Татварын газраас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ц Т С” ХХК-д олгох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ц Т С” ХХК-ийн гаргасан “ Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 03 тоот тогтоолоор 2019 оны үл хөдлөх хөрөнгийн албан татварын алданги, торгууль 3,427,767,65 төгрөгөөр, 2019 оны газрын төлбөрийн хугацаандаа төлөөгүй алдангийг 1,029,134,37 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж шийдвэрлэснийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хамтран хариуцагч Увс аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.1, 5.1.3, 42 дугаар зүйлийн 42.1, 41 дүгээр зүйлийн 41.13, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15, 13 дугаар зүйлийн 13.5, 13.5.12, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “Ц Т С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган Увс аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн НА-15230000079 тоот нөхөн ногдуулалтын актын 2019 онд Axio corolla , Toyota Tacoma суудлын авто машиныг худалдан авч НӨАТ-ын хасалт эдэлж төлөх татвар бууруулсан гэх зөрчилд ногдуулсан нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгож, 2020 онд 1,256,167,604.85 төгрөг, 2021 онд 358,785,428.74 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгаагүй, үйлдвэрлэл болон конторын барилгын үл хөдлөх эд хөрөнгөд 2019-2021 онуудад үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг дутуу ногдуулан төлөөгүй гэх зөрчилд холбогдох хэсгийг татварын улсын байцаагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Увс аймгийн Татварын газраас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ц Т С” ХХК-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ