Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 212/МА2021/00009     

 

С.М- нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2021/00016 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суух, Ш.С-, Жадик овогт С.М-- нарын нэхэмжлэлтэй, тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч С.М-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны  01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.Еркегүл, нэхэмжлэгч С.М-, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, Б.Айнур, орчуулагч Б.Арманбек нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Ө20-18 дугаар шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгож, эд хөрөнгөд дахин үнэлгээ хийхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах тухай.

 

Нэхэмжлэлд: “Бид нараас 18.617.231 төгрөг гаргуулан ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гарсан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш бид уг төлбөрөөс 12.417.000 төгрөгийг С.М-ийн цалингаас суутган төлсөн бөгөөд одоо 5.400.000 төгрөгийн үлдэгдэлтэй. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэгч үлдсэн төлбөрт бидний өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний Өлгий сумын 8 дугаар багт байрлалтай 700м.кв өмчлөлийн газартай 7 өрөө бүхий 10х12 харьцаатай 120м.кв өвлийн сууц, 2 өрөө бүхий 5х10 харьцаатай 50м.кв бүхий өвлийн сууц, гарааш, худаг хэд хэдэн амбаар, зуны байшинтай бидний хашаа байшинг дуудлага худалдаанд борлуулан үлдсэн төлбөрийг барагдуулахаар шийдвэрлэж, эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлсэн байх ба уг шинжээчийн үнэлгээгээр бидний дээрх эд хөрөнгийг цогцоор нь 34.000.000 төгрөгөөр үнэлснийг шийдвэр гүйцэтгэгч бидэнд мэдэгдсэн мэдэгдэх хуудсыг 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гардуулж өгсөн. Бидний уг эд хөрөнгө одоогийн зах зээлийн ханшаар 60.000.000 төгрөг байх бөгөөд ийнхүү 34.000.000 төгрөгөөр дордуулж үнэлснийг зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт үнэлгээ тогтоосныг мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргана гэж заасны дагуу хуулийн хугацаанд багтаан гомдлоо гаргаж байна. Иймд зохих хууль тогтоомжийн дагуу шалган бидний эд хөрөнгөд үнэлгээ тогтоосон шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг шийдвэр гүйцэтгэгчид даалгаж өгөхийг хүсье.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Баян-Өлгий аймаг дахь сумын дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 598 дугаартай шийдвэрээр С.М-, Ш.С- нараас 18.617.231 төгрөг гаргуулан ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгохоор тогтоож, мөн Өлгий сумын 8 дугаар багт байрлах 90м.кв талбайтай Y-0213001133, 50м.кв талбайтай Y-0213001538, Г-0213001849 бүртгэлийн дугаартай 790м.кв талбайтай газрын хамт барьцаат хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахыг даалган шийдвэрлэсэн байна. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 20020120 дугаартай бүртгэлийн хувийн хэрэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар ажиллагаа явуулж С.М-, Ш.С- нарын барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж хөрөнгийн үнэлгээнд талууд харилцан тохиролцоогүй байсан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл зааснаар хөрөнгийг орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлүүлэхээр шинжээчид эрх, үүргийг танилцуулан “Вендо” ХХК-ын үнэлгээчин Ц.Түвшинжаргалыг томилсон. Төлбөр төлөгч С.М-, Ш.С- нарын барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг 34.000.000 төгрөгөөр үнэлүүлсэн ба үнэлгээг талуудад мэдэгдсэн. Төлбөр төлөгч С.М-, Ш.С- нарын ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт төлөх 9.155.347 төгрөгийн үлдэгдэлтэй. Иймд мэргэжлийн үнэлгээчин зах зээлийн үнэлгээгээр үнэлсэн бөгөөд дахин үнэлгээ тогтоох боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2021/00016 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.М-, Ш.С- нарын 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Ө20-18 дугаар шинжээчийн дүгнэлтийн хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.    

 

Нэхэмжлэгч С.М-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: “...Бидний эд хөрөнгө одоогийн зах зээлийн ханшаар 60.000.000 төгрөг байхаар эд хөрөнгө байх бөгөөд ийнхүү бидний эд хөрөнгийг шинжээч үнэлгээчин очиж үзэн судалгаа шинжилгээ хийлгүйгээр таамгаар хууль зөрчин үнийг 34.000.000 төгрөгөөр дордуулж үнэлсэн. Ер нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилсон талаар шийдвэрээ ч бидэнд танилцуулаагүй бөгөөд шинжээч үнэлгээчин бидэнтэй уулзаж, бидний эд хөрөнгийг харж үзэлгүй хийсвэрээр үнэлгээ тогтоосон. Ийнхүү бид хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлоо Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт “үнэлгээ тогтоосныг мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргана” гэж заасны дагуу хуулийн хугацаанд шүүхэд хандсан. Нөхцөл ийм байсаар байтал шүүх нэг талыг барьж хууль зөрчсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж бидний эд хөрөнгөд дахин үнэлгээ хийлгүүлэхийг шийдвэр гүйцэтгэгчид даалгаж өгөхийг хүсье.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль  ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч С.М-, Ш.С- нар Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны эд хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгож, эд хөрөнгүүдэд дахин үнэлгээ хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ “шүүхийн шийдвэр гүйцэтгэгч үлдсэн төлбөрт бидний өмчлөлийн хашаа байшинг дуудлага худалданд оруулж борлуулан үлдсэн төлбөрийг барагдуулахаар шийдвэрлэж, бидний эд хөрөнгийг цогцоор нь 34.000.000 төгрөгөөр үнэлсэн. Уг эд хөрөнгийн одоогийн зах зээлийн ханш 60.000.000 төгрөг байхад дордуулж үнэлсэнийг зөвшөөрөхгүй байна” гэж тайлбарлаж, хариуцагчаас “С.М-, Ш.С- нарын барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж хөрөнгийн үнэлгээг талууд харилцан тохиролцоогүй байсан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар шинжээч томилж үнэлүүлсэн” гэж тус тус шүүхэд мэтгэлцжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2019/00598 дугаартай шүүгчийн захирамжаар Ш.С-, С.М- нар нь  ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Энэхүү шүүхийн шийдвэрийг төлбөр төлөгч С.М-, Ш.С- нар сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын хүсэлтээр 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 823 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж,  Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №0000020020120 дугаартай  тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зээлийн төлбөрийг албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ.

Уг ажиллагааны явцад төлбөр төлөгч Ш.С-, С.М- нарын  ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас анх 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр №201743292987 тоот зээлийн гэрээгээр 23.000.000 төгрөгийн зээл авахдаа Баян-Өлгий аймаг, Өлгий сум 8 дугаар баг, Хуст арал 22-28 тоотод байрлах 90 м.кв талбайтай /Ү-0213001133, ГД000457359/ 7 өрөө бүхий байшин, Өлгий сум 8 дугаар баг, Хуст арал 2-24 тоотод байрлах 50 м.кв талбайтай /Ү-0213001538, ГД0078121/ 2 өрөө хашаа, байшин, Өлгий сум 8 дугаар баг, Хуст арал 22-28 тоотод орших /Г-0213001849, ГД000077724/  790 м.кв газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан ба уг үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хураан авах ажиллагааг явуулж, төлбөр төлөгч Ш.С-, С.М- нар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эд хөрөнгийг 60.000.000 төгрөгөөр үнэлэн анхны албадан дуудлага худалдааны үнийн саналыг өгсөн боловч төлбөр авагч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тул хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 20020120/04 дугаар тогтоолоор шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн байна. Уг үнэлгээгээр барьцаалсан дээрх хөрөнгүүд нь 34.000.000 төгрөгөөр үнэлэгдсэнийг төлбөр төлөгч нар эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан байна.

Хариуцагч нь Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч болон төлбөр авагч нар 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр №201743292987 тоот зээлийн гэрээгээр зээл авахдаа барьцаалсан Баян-Өлгий аймаг, Өлгий сум 8 дугаар баг, Хуст арал 22-28 тоотод байрлах 90 м.кв талбайтай /Ү-0213001133, ГД000457359/ 7 өрөө бүхий байшин, Өлгий сум 8 дугаар баг, Хуст арал 2-24 тоотод байрлах 50 м.кв талбайтай /Ү-0213001538, ГД0078121/ 2 өрөө хашаа, байшин, Өлгий сум 8 дугаар баг, Хуст арал 22-28 тоотод орших /Г-0213001849, ГД000077724/  790 м.кв газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг санал болгосон 60.000.000 төгрөгт харилцан тохиролцоогүй тул  шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 20020120/04 дугаар тогтоолоор “Вендо” ХХК-ийг шинжээчээр томилж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1,   Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн, уг үйл ажиллагаанд хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч тал тухайн эд хөрөнгийн зах зээлийн үнэ 60.000.000 төгрөгөөр тогтоогдох байтал шинжээч үндэслэлгүйгээр 34.000.000 төгрөгөөр үнэлсэнгэх үндэслэл бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй ба дээр дурдсанчлан төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хөндлөнгийн шинжээч томилж үнэлүүлэх ажиллагаанд хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2021/00016 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

                       

Д.КӨБЕШ