Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/17

 

2023            09       18                                      2023/ДШМ/17              

  Т.М-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

СБ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.О даргалж, шүүгч О.Б, Г.У нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийв. Шүүх хуралдаанд:

прокурор Г.Б

шүүгдэгч Т.М

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д

                        шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Ө

нарыг оролцуулан 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн СБ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Н.Н-ийн эсэргүүцлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.М-д холбогдох эрүүгийн 2330000000085 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

1. МУ-ын иргэн, 19 онд УБ хотод төрсөн, ...настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, УБ хот, БЗД ... дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны ....тоотод оршин суух хаягтай, БЗД шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 556 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 558 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2 дах хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ял тус тус оногдуулж, нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 6 жил 6 сарын хугацаагаар тогтоосон,

БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 512 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 602 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоосон, Б ургийн овогт Т.М,

2. Шүүгдэгч Т.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 00 цаг 20 минутын орчимд  СБ аймгийн БУ сумын 7 дугаар баг дахь хувийн эзэмшлийн орон сууцны 2 дугаар давхрын цонхоор хууль бусаар нэвтрэн орж, хохирогч Б.Ц-ний гар утсыг хулгайлж, *******, мөн тухайн үед уг байшинд унтаж байсан бага насны охины хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

3. Хяналтын прокурор Г.Б нь түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

4. СБ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.М-ийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэхийг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.М-ийг хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар дөрвөн жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх нийт ялыг зургаан жил нэг сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.М-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, түүний сэжигтнээр баривчлагдсан, цагдан хоригдсон 61 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

шүүгдэгч Т.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд насанд хүрээгүй хохирогч Б.Ц Б.Ц нар, түүний хууль ёсны төлөөлөгч Ө.Б хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгч Т.М-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй,

насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч тухайн гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол, хор уршиг, гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн малгайг шүүгдэгч Т.М-д буцаан олгохыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэжээ.

5. Аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Н.Найгалдоржийн эсэргүүцэл, хяналтын прокурор Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Т.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан бөгөөд шүүх шүүгдэгч Т.М-ийн үйлдсэн хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулаагүй бөгөөд түүнд нэг төрлийн буюу эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд заасан хорих ял оногдуулсан тул шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлах шаардлагагүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт нийцүүлэх нь зүйтэй юм.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Т.М нь 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй 1 хоног баривчлагдаж, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 1 сар 29 хоног буюу 59 хоног цагдан хоригдож, хойшлуулшгүйгээр баривчлагдсан 1 хоногийг оруулан тооцоход түүний цагдан хоригдсон нийт хугацаа 60 хоног болох байтал шүүхээс Т.М-ийн цагдан хоригдсон хоногийг 61 хоногоор тооцож, ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэсэн нь шүүгдэгчид 1 хоногийн хорих ял завших боломж олгосон гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 110 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалт, 5 дахь заалтад өөрчлөлт оруулах саналтай байна гэжээ.

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлах шаардлагатай гэж үзэж байна. Харин шүүгдэгчийн цагдан хоригдсон 61 хоногийг 60 хоног болгох тухай саналд эсэргүүцэх зүйлгүй. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Т.М-д холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарлах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

3.Шүүгдэгч Т.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 00 цаг 20 минутын орчимд  СБ аймгийн БУ сумын ... дугаар баг дахь Ө.Б-ийн 2 давхар хувийн эзэмшлийн орон сууцны 2 дугаар давхрын цонхоор хууль бусаар нэвтрэн орж хохирогч Б.Ц-ний гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч *******,

          мөн тухайн үед уг байшинд унтаж байсан, 13 нас 5 сар 23 хоногтой насанд хүрээгүй Б.Ц-ийг хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцжээ. Үүнд: 3.1. Яллагдагч Т.М-ийн “Би тухайн өдөр тэр айл руу орсон. Согтуу байсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Маргааш нь утас халаасанд байсан тул хулгайлсан тухайгаа санасан. Тэр айлд ороод ширээн дээр байсан утсыг авахад унтаж байсан хүүхдийн хажууд дахин нэг утас байсан. Тэр утсыг авах гээд байж байтал тэр охин сэрээд би гараараа амыг нь дараад хөлөө хөлөн дээр нь тавиад дарж байхад тэр охин бахираад шатаар хүн орж ирж байх чимээ сонсогдохоор нь би цонхоор гараад зугтаасан...” гэх /1 хх 115-117, 127-130/,

3.2.Насанд хүрээгүй хохирогч Б.Ц-ний “2023 оны 04 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 00 цаг 10 минут үед шиг санаж байна. Гэр халуун байсан учраас цонхоо онгойлгоод, өрөөнийхөө гэрлийг асаагаад унтсан. Унтаж байхад гэнэт нэг хүн амыг минь гараараа таглах шиг болоод сайн амьсгалж чадахгүй болохоор нь сэрээд харахад манай өрөөний гэрэл унтарсан байсан. Миний амыг эрэгтэй хүн гараараа хаасан байсан. Би тухайн үед дээшээ хараад унтаж байсан, тухайн хүн намайг хүчээр доошоо эргүүлж харуулаад хоёр гараараа миний ам, нүүрийг хаагаад “дуу чимээ гаргах юм бол ална шүү” гэхээр нь би айсандаа уйлсан. Би амьсгалж чадахгүй байсан учраас давчдаж, хөл гараа гозолзуулж, гэрийн шалыг хэд хэдэн удаа өшиглөсөн. Мөн тухайн үедээ ам тагласан хүний гарыг хазсан. Шатаар хүн гарч ирж байгаа чимээ гарч, мэдрэгчтэй гэрэл асахад тухайн хүн дээрээс босоод зугтаасан. Тухайн хүн зугтааж байхдаа өмдөө татсан...” гэх / 1 хх 24-26 /,

3.3. Насанд хүрээгүй хохирогч Б.Ц “Намайг усанд орох гээд байж байхад манай хоёр давхрын өрөөнд хүн явж байгаа чимээ сонсогдохоор нь гарч ирэхэд дүү Б.Ц нь шатаар дээш гарах гэхэд мэдрэгчтэй гэрэл ассан. Б.Ц  хоёр давхраас айж сандарсан байдалтай бууж ирээд “Ахаа эрэгтэй хүн миний амыг гараараа дараад, дээр гарч суугаад, тухайн хүнтэй ноцолдож байгаад хөлөөрөө шал хэд хэдэн удаа өшиглөөд, ааваа гэж дуудсаныг сонссон уу? дөнгөж сая гэрэл асахад тухайн хүн миний дээрээс босоод зугтаахад нь араас нь харахад өмдөө өвдөг хүртлээ шувталчихсан байсан. Өмдөө татаад цонхоор гараад явчихлаа:” гээд уйлахаар нь би айсандаа хажуу айлын Энхмөнх ахад уг асуудлыг хэлээд дуудсан. Би 2 давхрын голын өрөөнөөс утсаа авах гэтэл миний гар утас байхгүй байсан...” гэх /1 хх 31-33/,

3.4. Гэрч Б.Эийн “Б.Ц орж ирээд: “Манайд хүн ороод ирлээ гэхээр нь тухайн айлд орсон. Б.Ц Б.Ц, Б.Ц, бага дүү Б.Ч нарын хүүхдүүд гэрийнхээ 1 давхрын өрөөнд байж байсан. Б.Ц надад “хоёр давхарт дүү Б.Ц-ний унтаж байсан өрөөний цонхоор хүн орж ирээд амыг дарахад нь дүү эсэргүүцсэн, Б.Ц түжигнэх дуу чимээ гарахаар нь доод давхраас дээшээ шатаар алхахад шатны дээд хэсэгт байдаг мэдрэгчтэй гэрэл асахад хүн гүйж байгаа чимээ гарсан. Гар утас хулгайлсан хүний цагаан өнгийн малгай Ц-ний өрөөнд байна.” гэж хэлсэн. Б.Ц нь надад хэлэхдээ “Намайг унтаж байхад гэнэт хүн миний амыг таглах шиг болоод би амьсгалж чадахгүй болсон. Миний амыг гараараа дарсан хүн намайг дуу чимээ гаргахын бол ална шүү, чимээгүй байгаарай гэхээр нь би эсэргүүцээд дийлэхгүй байсан. Шатны дээд хэсэгт байдаг мэдрэгчтэй гэрэл асахад нөгөө хүн миний дээрээс босоод явсан бөгөөд тухайн хүний өмд нь өвдөг хүртлээ тайлагдсан, өмдөө татаад зугтаасан” талаар хэлсэн. Мөн Бат-Амгалангийн хүүхдүүд тухайн үед маш их айж сандарсан байсан бөгөөд Б.Цэлмүүн, Б.Ц нар нь уйлчихсан байсан...” гэх мэдүүлгүүд/1 хх 40-42/,

3.5. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 5-9/,

3.6. Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээчийн 2023 оны 11 дугаартай “Шинжлэгдэж буй №1, №2 дугаартай 2 ширхэг гарын мөр нь санд MN000510023980 дугаараар бүртгэгдсэн, УК97060551 регистрийн дугаартай Т.М-ийн зүүн гарын эрхий хурууны мөр байна...” гэх дүгнэлт /1 хх 45-51/,  

3.7.Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 2302108 дугаартай “Алдагдсан гар утасны зах зээлийн үнэлгээ 511666,7 төгрөг” гэх дүгнэлт /1 хх 65-74/,

3.8. Сэжигтэн Т.М-өөс Oscal загварын гар утсыг хураан авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэгээр цагаан өнгийн малгай 1 ширхгийг хураан авсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1 хх 10-14/,

3.9. СБ аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн  2023 оны 137 дугаартай “Б.Ц-ний биед баруун нүдний доод зовхинд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.  Б.Ц-ний охин хальсанд урагдал гэмтэл тогтоогдсонгүй.”  гэх дүгнэлт / 1 хх  57-58 /,

3.10. “Насанд хүрээгүй хохирогч Б.Ц нь 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 13 нас 5 сар 23 хоногтой байсан.” гэх нас тоолсон тэмдэглэл /1 хх 141/,

3.11. Хохирогч Б.Ц төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /1 хх 136-137/

3.12. Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжилгээний “Т.Мөнхтөр нь сэтгэцийн ямар  нэгэн өвчингүй, болсон асуудлын талаар бодитой тусган, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, үйл явдлаас болж түүний сэтгэцэд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна” гэх дүгнэлт /1 хх 83/ зэрэг болно.

4. Хэрэгт авагдсан шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, иргэний үнэмлэх, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хохирогч Б.Ц-ний төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, давхар нотолж байгаа болно. /1 хх 134-135, 139/

5. “Хулгайлах гэмт хэрэг” нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар авахыг ойлгоно. Эрүүгийн хуульд "орон байр" гэдэгт хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг хамааруулан тайлбарласан. Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бусаар бусдын орон байранд нэвтэрсэн гэж буруутгах үндэслэл болно.

Шүүгдэгч Т.М нь шунахайн сэдэлтээр иргэн Ө.Б-ийн өмчлөлийн 2 давхар амины орон сууцанд зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар  нэвтэрч, хохирогч Б.Ц гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан. Түүнээс гадна шүүгдэгч Т.М нь тухайн орон сууцанд унтаж байсан 13 нас 5 сар 23 хоногтой Б.Ц-ийг хүчээр доош харуулах, дээр нь сууж, ам, нүүрийг нь гараараа даран хааж, бие махбодын хүч хэрэглэн, “дуу чимээ гаргах юм бол ална шүү” гэж айлган сүрдүүлж, доод давхраас хүн шатаар өгсөж, мэдрэгчтэй гэрэл асангуут өвдөг хүртлээ татсан өмдөө татан зугтаасан зэрэг нөхцөл байдлаас үзэхэд бага насны хүүхдийг хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчиндэхийг завдсан үйл баримт тогтоогдсон, түүний энэ үйлдэл бага насны хүүхдийг хүчиндэхийг завдсан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

6. Прокуророос шүүгдэгч Т.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, анхан шатны шүүх түүнийг эдгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

7. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан байна гэж дүгнэв.

8. Хэдийгээр анхан шатны шүүх шүүгдэгч Т.М-ийг эрүүгийн хуулийн тусгай ангийн хоёр өөр бүлэгт заасан, хоёр өөр төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, оногдуулсан ялыг нэмж нэгтгэж байгаа боловч, нийт хэмжээ нь хамгийн хүнд ялтай бүлгийн хорих ялын дээд хэмжээнээс хэтрээгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг хэрэглэх шаардлагагүй гэх дүгнэлтийг хийв.

9. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.М-ийг эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг тус бүрд нь ял шийтгэл оногдуулахдаа түүнд нэг төрлийн ял буюу хорих ял оногдуулж, нэмж нэгтгэсэн байх бөгөөд энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дэх хэсгийг журамлах шаардлагагүй тул энэ талаарх дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангаж, шийтгэх тогтоолд холбогдох өөрчлөлтийг орууллаа.

10. Мөн анхан шатны шүүх шүүгдэгчийн цагдан хоригдсон хугацааг буруу тооцсон алдаа гаргасныг залруулж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангав.

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх заалт, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлтийг оруулсугай:

1.1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Т.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан хоёр жил нэг сарын хугацаагаар хорих хөнгөн ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн жилийн хорих хүнд ялд нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг зургаан  жил нэг сарын хугацаагаар тогтоосугай.” гэснийг

          “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийг журамлан Т.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан хоёр жил нэг сарын хугацаагаар хорих хөнгөн ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн жилийн хорих хүнд ялд нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг зургаан  жил нэг сарын хугацаагаар тогтоосугай.” гэж өөрчилсүгэй.

1.2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Т.М-ийн сэжигтнээр баривчлагдсан, цагдан хоригдсон 61 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.” гэснийг 

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Т.М-ийн сэжигтнээр баривчлагдсан, цагдан хоригдсон 60 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

1.3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

Хоёр. Сүхбаатар аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Н.Н-ийн эсэргүүцлийг хангасугай.

Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч Т.М-ийн цагдан хоригдсон нийт 98 /ерэн найм/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 Дөрөв. Оролцогч, прокурор, дээд шатны прокурор нар нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ОЮУНТУНГАЛАГ

 

                 ШҮҮГЧИД                                О.БААТАРСҮХ

 

                                                                   Г.УРТНАСАН