Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 32

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

         Улсын яллагч Б.Батнасан

         Хохирогч Н.Г

         Иргэний нэхэмжлэгч Б.С

         Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч У овгийн Б-н М-д холбогдох 1716001420018 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, ... сумын харьяат, 1992 оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, 26 настай, боловсролгүй, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 3, хоёр эмээгийн хамт Говь-Алтай аймаг, .... оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, өмнө нь мотоцикль хулгайлах гэмт хэрэг үйлдээд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нийтэд тустай ажил хийх ял шийтгүүлсэн, У овогт Б-н М, РД: ... гэв.

 Б.М нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр *** аймгийн ***сумын *** багт байх “***” ХХК-ийн 2 дугаар эргэлтийн насос станцын хаалганы гадна хэсгээс Н.Г-н өмчлөлийн *** ГАЗ улсын дугаартай, Мон-Иж маркын, цэнхэр өнгийн, 1.100.000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклийг хулгайлсан  гэмт хэрэг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон шүүгдэгч ***-гийн  2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр *** аймгийн *** сумын *** багт байх “***” ХХК-ийн 2 дугаар эргэлтийн насос станцын хаалганы гадна хэсгээс Н.Г-ын өмчлөлийн ***ГАЗ улсын дугаартай, *** маркын, цэнхэр өнгийн, 1.100.000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклийг хулгайлсан нөхцөл байдал нь хүний өмчлөх эрхэд халдаж хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

          Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.М гэм буруутай болох нь:

          Шүүгдэгч Б.М -ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Тэр орой оройхон нагацийндаа оччихоод доошоо явж байсан нэг мотоцикль байж байхаар мотоциклийн кундактрыг нь салгаад асааж унаад явсан. Би хулгай хийсэндээ их гэмшиж байна. Иргэний нэхэмжлэгч болон хохирогчид хохирол төлж барагдуулаагүй байгаа...” гэсэн мэдүүлэг,  

Хохирогч Н.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Мотоциклио алдчихсан, намайг хохиролгүй болгочихвол гомдол байхгүй. 9 дүгээр сарын 18-ны өдөр ажлынхаа үүдэн дээрээс алдсан. Мотоциклийн бүрэн бүтэн байдлыг шалгахад бүрэн бүтэн биш байсан. Дугуй, обуд нь солигдсон байсан. Урд амаржин нь тостойгоо холилдоод муудсан байсан. Хүний гараар орсон мотоцикль авахгүй...” гэсэн мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Б.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би 2017 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр гэртээ байж байхад Б.М ирээд намайг нэг мотоцикль аваадах гээд 50.000 төгрөгийн мотоцикль гэж ямар юм байдаг юм гэсэн чинь надад зовлонгоо тоочоод Чандмань явах гээд байна хүүхдийн бие өвдөөд мөнгөний хэрэг байна гэхээр нь би дагуулж яваад найзаасаа мөнгө авч өгсөн. Намайг авахад муухан мотоцикль байсан. Надад бас өөрт мотоцикль байсан тэр мотоцикльтойгоо сэлбээд гайгүй мотоцикль болгоод авъя гэсэн бодолтой авсан. Нэг өдөр цагдаатай ирээд хулгайн мотоцикль гэсэн. Би хулгайн мотоцикль гэж мэдээгүй. Өөрийн мотоцикль хүүхдийн бие өвдөөд мөнгөний хэрэгтэй байна гэхээр нь авсан. Тухайн мотоциклийг сэлбэж янзалсан уу л гэхээс өмнө нь байсан дээрээс нь илүү муутгаагүй. Надад одоо гомдол байхгүй. Би өөрийн хүсэлтээр нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэсэн мэдүүлэг,

         Иргэний нэхэмжлэгч Б.С-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2017 оны 09 дүгээр сарын 20-ны орчимд М манай гэрт цэнхэр өнгийн мотоцикль унаж ирээд энэ мотоциклийг худалдаад авчихаач Чандмань суманд байдаг эхнэр хүүхэд дээрээ очмоор байна. Хүүхэд өвдөөд байна. Эм тариа авах гэсэн юм гээд чи энэ мотоциклийг аваач гээд байхаар нь би наад мотоцикль чинь өөрийн чинь мотоцикль  мөн юм уу гэхэд М мөн ямар ч асуудалгүй, миний өөрийн мотоцикль гэхээр нь би 50.000 төгрөг өгөөд Мон Иж маркын мотоцикль авсан юм...” гэсэн мэдүүлэг хх-27-28рт,

Гэрч О.Н-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Г нь өөрийнхөө ***ГАЗ улсын дугаартай, мон иж маркийн, цэнхэр өнгийн мотоциклийг унаж ажилдаа ирсэн байсан. Тус мотоциклийг Г нь ажилдаа ирэхдээ насос станцын хашааны гадна үүдэнд тавьчихдаг бөгөөд хашааны үүднээс 2017 оны 09 дүгээр сарын 18-ны оройн 20 цагийн орчимд хулгайд алдчихсан юм...” гэсэн мэдүүлэг хх-34-35-рт,

         Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу  хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.М -д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй  байна.

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Б.М -г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох  үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч Б.М -г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-г 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч Н.Г нь “...Мотоциклийн бүрэн бүтэн байдлыг шалгахад бүрэн бүтэн биш байсан. Дугуй, обуд нь солигдсон байсан. Урд амаржин нь тостойгоо холилдоод муудсан байсан. Хүний гараар орсон мотоцикль авахгүй...” гэж байх боловч эд мөрийн баримт хурааж авсан тэмдэглэлд гэрлэн дохио ажиллагаатай, эд ангиуд хэвийн, асааж үзэхэд асаж байв гэсэн болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.С нь “...дугуй, обудыг нь солиогүй, дотуур хаймар, кольц, поршин, тос масло, яндангийн сэрээ зэрэг ойр зуурын юмыг нь сольсон. Мотоциклийг сэлбэж янзалсан уу л гэхээс өмнө нь байсан дээрээс нь илүү муутгаагүй...” гэж байх тул мотоциклийг хохирогч Н.Г-д олгохоор шийдвэрлэлээ.

 Иргэний нэхэмжлэгч Б.С нь шүүгдэгч Б.М-с хохирол нэхэмжлэхгүй. Нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.М нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн  1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч Б.С нь нэхэмжлэлээсээ татгалзсан, хохирогч Н.Г-д мотоциклийг олгож шийдвэрлэсэн зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт Б-н М-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М -г 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М -д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан *** рамны дугаартай, *** дугаартай, Мон-Иж гэсэн бичигтэй, улсын дугааргүй, хөх өнгийн мотоциклийг хохирогч Н.Г-д олгосугай.

5. Шүүгдэгч Б.М-г цагдан хорьж ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч Б.С нь нэхэмжлэлээсээ татгалзсан, хохирогч Н.Г-д мотоциклийг олгож шийдвэрлэсэн зэргийг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.М-н цахим үнэмлэхийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.М -д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.САРАНТУЯА