Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 123/2025/0008

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д,

Хариуцагч: Төв аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Ү, Р нарын хоорондын татварын маргаантай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, П, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Будхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага

1.1.      Нэхэмжлэгч Д нь нэхэмжлэлийн шаардлагаа “Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн НА-142100000.... тоот 943,295,445.52 (Есөн зуун дөчин гурван сая хоёр зуун ерэн таван мянга дөрвөн зуун дөчин таван төгрөг тавин хоёр мөнгө) төгрөгийн нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”[1]  гэж тодорхойлжээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар

2.1. Д нь Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны 05 сарын 06-ны өдөр олгосон ТЗ702/10 дугаар “Үнэт метал, үнэт чулууны арилжаа эрхлэгч”-ийн тусгай зөвшөөрлийн[2]  дагуу иргэдээс алт худалдан авч Монгол банкинд тушаах үйл ажиллагаа эрхэлдэг.

2.2. Дийн 2020 оны 01 дүгээр сарын01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж 2021 оны 11 дүгээр сарын17-ны өдөр НА-142100000.... дугаар Нөхөн ногдуулалтын актыг[3]  ногдуулжээ.

2.3. Төв аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 06 сарын 20-ны өдрийн 01 дугаар тогтоолоор[4] нэхэмжлэгчийн гомдлыг бүхэлд нь хүчингүй болгож, НА-142100000.... дугаар Нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээжээ.

2.4. Нэхэмжлэгч Д нь 2024 оны 07 дугаар сарын25-ны өдөр Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл  гаргажээ.

Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл

3.1. Нэхэмжлэгч Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Дээрх нөхөн ногдуулалтын актад "2020 оны хувь хүний орлогын албан татварын тайланд 1,183,129,869.01 төгрөгийн орлогыг дутуу тайлагнаж, татвар ногдуулах орлогоо бууруулсан гэж үзэн 180,172,932.1 төгрөгийн төлбөр. ТУНС-ийн ибаримтын мэдээллийн худалдан авалтын хэсэгт бүртгэгдээгүй баримтаар нотлогдоогүй 5,006,412,950.95 төгрөгийн зардлыг хасч, татвар ногдуулах орлогос бууруулсан гэж үзэн 763,122,513.42 төгрөгийн төлбөр нийт, нийт 6,189,542,819.96 төгрөгний зөрчил гарсан гэж үзэн 943,295,445.52 төгрөгийн төлбөр төлүүлэхээр ногдуулсан. ... Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар банкинд тушаасан алтыг худалдан авсан өртгийг тооцоогүй, хяналт шалгалтын үйл ажиллагаанд жишиг үнийн аргыг хэрэглээгүй, албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо санаатайгаар зөвхөн орлогыг нь тодорхойлж, хасагдах зардлыг буруу тодорхойлж бодит бус төлбөр ногдуулсан. ... Энгийнээр бодоход татварын байгууллага гэдэг бол татварын ногдлыг үнэн зөв тодруулах, эцсийн байдлаар тодруулах татварын ганц чиг үүрэгтэй төрийн байгууллага. Татварын ногдлыг тодорхойлох гэдэг бол орлого зарлага хоёрыг энгийнээр бодоход хоёуланг нь тооцож байж ашиг гарна. Энэ ашгаас татвар ногдуулах ёстой байдаг. Логикоор бодоход 38 килограмм алтны талаар яригдаж байна. 38.000 грамм алт тушаасан гэсэн үг. 1 грамм тутмаас 500 төгрөгийн ашиг олдог байлаа гэж бодоход валютын арилжаа шиг ханшны зөрүүгээр явдаг бизнес. 38.000 грамм алтыг 500 төгрөгөөр үржүүлж, 1 грамм тутмаас 500 төгрөгийн ашиг олж байна гэж бодох юм бол 38 килограммыг тушаахад энгийнээр бодоход 19.000.000 төгрөгийг ашиг олсон байх. Татварын хэлтэс яаж акт тавьсан бэ гэхэд зардлыг нь огт хасаагүй. ... Д бол алтыг олборлодог биш иргэдээс худалдаж авч банканд тушааж дундаас нь зөрүүгээс ашиг олдог бизнес хийдэг хүн. Яагаад төлбөрийн баримтын зардлууд бүртгэгдээгүй вэ гэхээр ченж гэж хэлэгддэг алт тушаагч иргэд маань ирээд тэд Дт баримт бүрдүүлж өгөх ёстой. Тэд нарт тийм боломж байдаггүй. Нөгөө талдаа татварын албаны ажил Монгол улсын бүх иргэд үйл ажиллагаа явуулаад орлого олж байгаа бол тэр системээр дамжуулж орлогын баримтыг үйлдэж өгч байх ёстой. Тэр хүмүүс баримт өгөөгүйгээс Дт зардлын баримт байхгүй байгаа. ... ТУНС-ийн ибаримтын мэдээллийн санд бүртгэгдээгүй гэх үндэслэлээр 5,006,412,950.95 төгрөгийн зардал буюу алт худалдан авсан өртөгийг зөрчил гэж үзсэн нь тайлант хугацаанд банкинд тушаасан 38,234.19 гр алтыг худалдан авсан бодит өртөгийг бүхэлд нь орхигдуулж, Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/ -ийн 6.1.11 дэх заалтад заасан жишиг үнийн аргыг хэрэглээгүй, мөн хуулийн 28.3, 36.2 дах хэсэгт заасныг болон Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 294 тоот тушаалын хавсралтаар баталсан Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам-ын 2.2, 2.2.2 дахь заалтуудыг хэрэгжүүлээгүй байна. ... Татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо алтны борлуулалтын орлогоос уг алтыг худалдан авсан үнэ буюу татвар ногдох орлогоос хасагдах зардлыг хасаагүй болох нь татварын улсын байцаагчийн үйлдсэн нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 2-т дурьдсан болон татварын маргаан таслах зөвлөлд ч энэхүү тайлбарыг өгсөнийг авч үзвэл алт худалдан авсан зардал түүнтэй холбогдох тооцооллыг авч үзээгүй нь нотлогдож байна. ... Миний 2020 оны Хувь хүний орлогын албан татварын тайланг татварын алба холбогдох хууль, журмын дагуу хүлээн аваагүйгээс эрсдэлд оруулж, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах, эрсдэлээс сэргийлэх боломж олгоогүй. Шалгалтын явцад залруулсан 1,183,129,869.01 төгрөгийн орлогыг олохтой шууд холбогдон гарсан зардалыг хасаагүй. 2020 оны 09 дүгээр сарын30-ны өдрийн Монгол банкинд тушаасан алтны борлуулалтын орлого болох 1,183,129,869.01 төгрөгийн орлогыг санамсаргүй алдаа гаргаж төлсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэсэгт бичсэнээс борлуулалтын орлого 1,183,129,869.01 төгрөгөөр, төлсөн төлбөрийн хэмжээ 849,789,653.76 төгрөгөөр зөрж алдаатай тайлан ТУНС-д илгээгдсэн. Татварын алба нь иргэдийн банкинд тушаасан алтны мэдээг сар бүр хүлээн авдаг бөгөөд миний тайланг хүлээн авах үед хүлээн авсан алтны үнийн дүн болон төлсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн дүн зөрүүтэй байгаа нь тодорхой байсан. Татварын ногдлыг зөв тодорхойлсон уу гэдэг чинь татварын хяналт байцаагч нар тогтоож байгаа өөр ямар ч байгууллага тогтоохгүй. Татварын алба нь миний тайланг хүлээн авахдаа Татварын ерөнхий хуулийн 30.2, 30.2.9, 30.4, 30.5, 31.1, Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/260 дугаар тушаалын хавсралт татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам-ын 3.1, 3.4, 3.5, 3.7 заалтуудыг зөрчсөн нь ямар нэгэн шаардлага, коммөнт ирүүлээгүй, тайланг буцаалгүйгээр 194332 кодтой татварын улсын байцаагч хүлээн авсанаар нотлогдож байна. Мөн тайланд буруу тусгагдсан 1,183,129,869.01 төгрөгийн алтны борлуулалтын орлогыг олохтой шууд холбогдон гарсан бодит зардал буюу алт худалдан авсан үнийн дүнгийн талаар нөхөн ногдуулалтын актад дурдаагүй байх бөгөөд орлогын нийт дүнд татвар ногдуулсан нь татвар ногдуулах орлогыг буруу тодорхойлж, холбогдох тооцооллыг хийгээгүй байна. ... Татварын алба 03 дугаар сарын 01-ний дотор бүх эрсдэлээ тооцоолоод банкнаас ирүүлсэн мэдээлэл Дийн ирүүлсэн тайлан хоёрыг шалгаж 03 дугаар сарын 01-ны дотор шалгах буюу татвар төлөгчдийн нэрсийг ирүүлсэн байх ёстой. Тэгтэл Дийн тайланг шалгах нэрс ирүүлснээс хойш буюу 07 дугаар сарын 08-нд хүлээж авсан болохоор татвар төлөгчид эргэлзээ төрж 2021 оны татвар төлөгчдийн нэрс дотор байгаагүй юм байна. Намайг хууль бусаар шалгасан байна гэсэн эргэлзээ төрж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр Төв аймгийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн НА-142100000.... тоот, 943,295,445.52 /Есөн зуун дөчин гурван сая хоёр зуун ерөн таван мянга дөрвөн зуун дөчин таван төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөгийн нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, П нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын ерөнхий хуулийн 41 дугаар зүйлд хяналт шалгалт яаж хийх вэ гэсэн ерөнхий зүйлийг заасан байдаг.Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т татварын алба хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамжид томилолттой хийх бөгөөд бүрэн эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр хууль тогтоомжид нийцүүлж хэрэгжүүлнэ. Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана гэж заасан. Нэхэмжлэгчийн тухайд хөндлөнгийн мэдээллийн санд бүртгэсэн тушаал мэдээллийг үндэслэн хяналт шалгалт хийх нөхцөл бүрдсэн буюу сангийн сайдын 2019 оны 305 дугаар тушаалаар батлагдсан татварын албаны эрсдэлийн үйл ажиллагаа хорооны ажиллах журмыг татвар төлөгчийн хүсэлт болон эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хамрагдах татвар төлөгчийн жагсаалтыг ЭҮ03 маягтаар батлагдаж, жагсаалтыг баталж хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэнд тухай бүрд хүргүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн Монгол банканд алт тушаасан хөндлөнгийн мэдээллийг үндэслэж эрсдэлд тооцогдож ЭҮ03 маягтаар нэр нь орж ирж хяналт шалгалтын томилолт үүсэж Төв аймгийн хяналт шалгалтын тасагт томилолт нь ирснээр энэ шалгалт хийгдсэн байдаг. 03 дугаар сарын 01-ний дотор ирдэг хяналт шалгалт бол төлөвлөгөөт ... хяналт шалгалт, 07 дугаар сарын 08-нд хүлээж аваад хойшоо эрсдэлд хүлээж авдаг ЭҮ03 маягт бол төлөвлөгөөт бус явцын дунд тайлан хугацаанд ирдэг хууль хяналтын байгууллага болон өргөдөл гомдлоо хяналтын мэдээлэл эрсдэл тооцож, эрсдэлтэй бол хяналт шалгалтад оруулдаг учраас шалгалтад орж ирсэн байдаг.... орлого ч тодорхой бус зарлага ч тодорхой бус тэр тохиолдолд тэрийг тодорхойлохын тулд жишиг үнийн аргыг хэрэглэдэг. Гэхдээ нэхэмжлэгчийн хувьд зардал нь 5.4 тэрбум төгрөгөөс 480 гаруй сая төгрөг нь баримтаар нотлогдож байгаа Монгол банканд тушаасан сорьцын үнэ гэх мэт баримтаар нотлогдож байгаа нь энэ байна, 5 тэрбум төгрөг маань ибаримт нотлогдохгүй байна гэдгийг нэг ёсондоо хуульд заасан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд 13.1-т заасан шалгуурыг хангахгүй байна гэдгийг татварын хяналтын улсын байцаагч гаргаж ирээд байгаа болохоос биш татвар төлөгчийн магадлалыг тодорхойлох гээд байгаа юм биш. Тодорхой зүйл нь шалгуурыг хангаж байна уу, хангахгүй байна уу хууль заасан зардлыг хассан байна уу гэдгийг гаргаж ирж шалгаж байгаа болохоос биш татвар төлөгчийн орлого зарлагыг тодорхойлох гээд байгаа биш. Тийм учраас энд жишиг үнийн аргыг хэрэглэхгүй гэж үзэж байна. ... Татварын байцаагч тайланг хүлээн авахдаа Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйл, Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/260 дугаар тушаалын хавсралт "татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам"-ын дагуу тайланг засуулахаар удаа дараа буцаасан нь татварын удирдлагын нэгдсэн системийн тайлан хянах цэсийн тайлангийн түүх хэсгийн мэдээллээс харагдаж байна. ... Etaх.mn гэх сайт нь бүртгэл мэдээллийн нэгдсэн сан. Тэрнээсээ дамжаад балансаа гаргадаг ибаримт луугаа мөн ордог. ... Тодорхойлчихсон татвар төлөгч өөрөө татварын ногдлыг үнэн зөв тодорхойлох үүрэгтэй. Тодорхойлоод гаргаж ирсэн зүйлийг бид нар хуулийн дагуу байна уу үгүй юу нотлох баримтын шаардлага хангаж зардлаа хассан байна уу гэдгийг тодорхойлсон болохоос биш бид нар энэ зардал хэдэн төгрөг байх ёстой гэж ерөөсөө үзээгүй. Энэ өөрсдийн тайлагнасан байгаа дүнгээ тайлагнасан байгаа тэр зардлаа нотолж чадаж байна уу. Ямар баримтаар нотолж байгаа юм шалгалтын явцад нотлох юмнуудаа гаргаж өгнө үү гэхэд надад жагсаалтаа гаргаад өгөөч гэхэд гаргаж өгөөгүй байхгүй байсан гэдэг хариулт өгсөн. ... Тайлан хэсэгт үзэхэд 1,1 тэрбум төгрөгийн АМНАТ-ын татварт төлсөн гэж тайлбарлаж байна. Гэтэл манай нягтлан АМНАТ дээр буруу тавьсан байна гэдэг. Нийт тухайн жилийн борлуулалтын орлого 5,4 тэрбум гэдэг. Монгол банкнаас мэдээлэл ирэхэд 6,3 тэрбум төгрөгийн алт тушаасан ийм орлого олсон гээд мэдээлэл нь нотлогдоод байгаа. 1,1 тэрбум төгрөг бол эдний алтны борлуулалтын орлого. Манайд 333 сая төгрөгийн АМНАТ төлсөн. Төлсөн татварыг зардалд тооцож хасах нь зөв ... Иймд Дт 943,295,445.52 төгрөгийн төлбөр ногдуулсан татварын улсын байцаагч нарын НА-142100000.... дугаартай нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ү, Р нарын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн НА-142100000.... дугаартай нөхөн ногдуулалтын актыг хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

1. Төв аймгийн Татварын хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын17-ны өдөр НА-142100000.... дугаар Нөхөн ногдуулалтын актын[5]  талаар:

1.1. Дийн 2020 оны 01 дүгээр сарын01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж 142190288 тоот томилолтоор шалгалтыг 2021 оны 09 дүгээр сарын24-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын17-ны өдрийг дуусталх хугацаанд хийж гүйцэтгэжээ.

1.2. Маргаан бүхий актаар хувь хүний орлогын албан татварын тайланд үнэт металл болох алт, мөнгө тушаасны борлуулалтын орлогыг 1,183,129,869.01 төгрөгөөр дутуу тайлагнаж, татварын удирдлагын нэгдсэн системын ибаримтын мэдээллийн худалдан авалтын хэсэгт бүртгэгдээгүй баримтаар нотлогдоогүй 5,066,412,950.95 төгрөгийн зардлыг 2020 оны татвар ногдох орлогоос хасч, татвар ногдох орлогоо бууруулсан зөрчил зэрэг нийт 6,189,542,819.96 төгрөгийн зөрчил илэрсэн тул 619,427,681.99 төгрөгийн нөхөн татвар, 247,771,072.8 төгрөгийн торгууль, 76,096,690.73 төгрөгийн алданги, нийт 943,295,445.52 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон.

1.3. Нэхэмжлэгчээс Төв аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд[6] маргаан бүхий Нөхөн ногдуулалтын актыг 2020 оны татварын тайлан гаргахдаа 1,183,129,869.01 төгрөгийн орлогыг санамсаргүй алдааг гаргаж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэсэгт бичсэнээс алдаатай тайлан илгээгдсэн. 1,183,129,869.01 төгрөгийн алтны борлуулалтын орлогыг олохтой шууд холбогдон гарсан бодит зардал буюу алт худалдан авсан үнийн дүнгийн талаар нөхөн ногдуулалтын актад дурдаагүй байх бөгөөд орлогын нийт дүнд татвар ногдуулсан нь татвар ногдох орлогыг буруу тодорхойлсон, жишиг үнийн аргыг хэрэглээгүй, албан татвар ногдуулах орлогыг буруу тодорхойлж бодит бус төлбөр ногдуулсан гэх үндэслэлээр зөрчлийг эс зөвшөөрч хандсан бөгөөд тус зөвлөлийн 2024 оны 06 сарын 20-ны өдрийн 01 дугаар тогтоолоор НА-142100000.... дугаартай Нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

2. Эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн талаар: Нэхэмжлэгч талаас Татварын алба жил бүрийн 03 дугаар сарын 01-ний дотор бүх эрсдэлээ тооцоолоод банкнаас ирүүлсэн мэдээлэл Дийн ирүүлсэн тайлан хоёрыг шалгаж 03 дугаар сарын 01-ний дотор шалгах буюу татвар төлөгчдийн нэрсийг ирүүлсэн байх ёстой. Тэгтэл Дийн тайланг шалгах нэрс ирүүлснээс хойш буюу 07 дугаар сарын 08-нд хүлээж авсан болохоор татвар төлөгчид эргэлзээ төрж 2021 оны татвар төлөгчдийн нэрс дотор байгаагүй юм байна гэж,

Хариуцагч талаас 03 дугаар сарын 01-ний дотор ирдэг хяналт шалгалт бол төлөвлөгөөт хяналт шалгалт, 07 дугаар сарын 08-нд хүлээж аваад хойшоо эрсдэлд хүлээж авдаг ЭҮ-03 маягт бол төлөвлөгөөт бус явцын дунд тайлан ирдэг эрсдэлтэй бол хяналт шалгалтад оруулдаг учраас шалгалтад орж ирсэн байдаг гэж маргажээ.

2.1. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана”, мөн зүйлийн 41.2 дах хэсэгт “Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ”, 41.4 дэх хэсэгт “Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана”, 41.8 дах хэсэгт “Татварын алба нь татварын улсын байцаагчийн мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага туршлага, ашиг сонирхлын зөрчилд өртөхгүй байх нөхцөлийг харгалзан татварын хяналт шалгалтыг зохион байгуулж, томилгоо хийж, удирдамжийг батална” гэж тус тус хуульчилсан.

2.2. Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 04 сарын 15-ны өдрийн А/39 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын  2.1 дэх хэсэгт “Татварын алба Татварын ерөнхий хуулийн 41.4-т заасны дагуу дараах үндэслэлээр татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана” гээд 2.1.1 дэх заалтад “эрсдэлд суурилсан”, 2.2 дах хэсэгт “Татварын албаны эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааны журамд заасан үндэслэлээр энэ журмын 2.1.1-д заасан хяналт шалгалтыг хийнэ” гэж, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын23-ны өдрийн А/60 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Татварын албаны эрсдэлийн удирдлагын журам”-ын 2.1 дэх хэсэгт “Татварын эрсдэл гэж татвар төлөгчийн зүгээс татварын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны бусад актыг санаатай болон санамсаргүй байдлаар зөрчсөнөөс үүсэх сөрөг үр дагаврыг хэлнэ”, 6.3 дах хэсэгт “ТЕГ-ын эрсдэлийн удирдлагын нэгж нь Эрсдэлд суурилсан хяналт шалгалтын төлөвлөгөөний төслийг боловсруулж, ТЕГ-ын даргын тушаалаар батлуулж, 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор харьяа татварын албадад хүргүүлнэ”, 6.4 дэх хэсэгт “ТЕГ-ын хяналт шалгалтын асуудал эрхэлсэн нэгжийн саналыг үндэслэн тайлант хугацааны төлөвлөгөөнд 11 дүгээр сард багтаан ТЕГ-ын даргын тушаалаар тодотгол хийж, өөрчлөлт оруулж болно”, 6.6 дах хэсэгт “Харьяа татварын албаны эрсдэлийн удирдлагын нэгж нь татварын эрсдэлийн үнэлгээний ашиглалтыг ЭУ-03 маягтаар нэгтгэн гаргаж, эхний хагас жилийн мэдээг 07 дугаар сарын 10-ны дотор, жилийн эцсийн мэдээг 01 дүгээр сарын 20-ны дотор ТЕГ-ын Эрсдлийн удирдлагын нэгжид ирүүлнэ” гэж тус тус зохицуулжээ.

2.3. Дээрх хууль тогтоомжоос үзэхэд Төв аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Ү, Р нар нь 1421902588 тоот томилолтоор[7] эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус иж бүрэн татварын хяналт шалгалтыг хийснийг буруутгах үндэслэлгүй байна.

3.    Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар татварын удирдлагын нэгдсэн системийн ибаримтын мэдээллийн худалдан авалтын хэсэгт бүртгэгдээгүй баримтаар нотлогдоогүй 5,006,412,950.95 төгрөгийн зардлыг 2020 оны татвар ногдох орлогоос хасч, татвар ногдох орлогоо бууруулсан түүнчлэн хувь хүний орлогын албан татварын тайланд үнэт металл болох алт, мөнгө тушаасны борлуулалтын орлогыг 1,183,129,869.01 төгрөгөөр дутуу тайлагнасан зөрчлийн талаар:

3.1. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй, түүнчлэн гадаад улсад олсон орлогод албан татвар ногдоно”, мөн хуулийн 6.3 дах хэсэгт “Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно” гээд 6.3.2 дах заалтад “Үйл ажиллагааны орлого” гэж, 8 дугаар зүйлийн 8.2 дах хэсэгт “Тогтмол бус үйл ажиллагаа эрхэлж олсон орлогыг үйл ажиллагааны орлогод хамруулна” гэж, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө”, 28.5 дах хэсэгт “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй” гэж заасны дагуу татвар төлөгч өөрөө татварын ногдлоо тодорхойлох, төлбөрийн баримтыг хэвлэж өгөх үүрэгтэй.

3.2. Нэхэмжлэгчээс 2020 оны хувь хүний орлогын албан татварын тайландаа[8] нийт орлогоо 5,495,791,641.26 төгрөг, хасагдах зардлаа 5,478,759,867.81 төгрөг гэж, үүнээс татварын ногдлыг 16,290,773.4 төгрөг гэж тодорхойлжээ.

Тус тайлангаа татварын албанд 2021 оны 01 дүгээр сарын 28-нд илгээж, илгээсэн тайлангаа 02 сарын 03-ны өдөр засаж дахин илгээсэн боловч татварын албанаас 2021 оны 03 дугаар сарын16-ны өдөр, 2021 оны 03 дугаар сарын24-ний өдөр, 2021 оны 03 дугаар сарын29-ний өдөр тус тус буцаасан байх боловч ямар үндэслэлээр буцаасан нь тодорхойгүй байх ба 2021 оны 07 дугаар сарын08-ны өдөр тайланг засаж илгээснийг 2024 оны 07 дугаар сарын09-ний өдөр татварын улсын байцаагч н.Дашжамц хүлээн авсан[9] байдаг.

3.3. Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “Татварын алба татвар төлөгч татварын тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд тушааж, татвараа үнэн зөв ногдуулж, төлж байгаа эсэхэд хяналт тавина”, 30.2 дах хэсэгт “Татварын алба тайланг хүлээн авахдаа татвар төлөгч татварын ногдуулалт, төлөлтийг үнэн зөв тодорхойлсон эсэхийг дараах байдлаар хянан, боловсруулалт хийнэ”, 30.2.4 дэх заалтад “хуулийн этгээдийн хувьд нягтлан бодох бүртгэл, хувь хүний хувьд орлого, татварын бүртгэлийн дэвтэр болон холбогдох бусад баримтыг үндэслэн тайлангаа гаргасан эсэх”, 30.2.5 дахь заалтад “нягтлан бодох бүртгэл болон татварын тайлангийн үзүүлэлтүүд хоорондоо тохирч байгаа эсэх”, 30.2.6 дахь заалтад “татварын тайлан хоорондын үзүүлэлтийн дүн болон тайланд хавсаргасан баримт, мэдээллийн дүн тайлагнасан дүнтэй тохирч байгаа эсэх, тооцооны алдаа байгаа эсэх”, 30.2.9 дэх хэсэгт “тухайн тайлангийн хугацаанд хамаарах татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн хөндлөнгийн мэдээлэл татварын тайлангийн мэдээлэлтэй тохирч байгаа эсэх”-д хяналт тавих нь Татварын албаны үүрэг юм.

3.4. Гэтэл Дээс 2020 онд Монгол банкинд тушаасан алтны мэдээний нэгтгэлээр 6,666,804,304.70 төгрөгийн борлуулалтын орлого хийсэн боловч хувь хүний орлогын албан татварын тайланд борлуулалтын орлогыг 5,496,791,641.26 төгрөг гэж тайлагнан, зөрүү болох 1,183,129,869.01 төгрөгийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэсэгт бичиж илэрхий зөрүүтэй тайлагнасан байхад Татварын албанаас тайланг нь удаа дараа буцаахдаа ямар үндэслэлээр буцаасан нь тодорхойгүй, алдааг засах боломжийг олгоогүй буюу тайланд хянан боловсруулалт хийлгүй хүлээн авсан нь хуулийн дээрх зохицуулалттай нийцэхгүй байна.

3.5. Хариуцагчаас 1,183,129,869.01 төгрөгийн орлогыг бууруулсан зөрчилтэй, тус мөнгөн дүн нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт бичигдсэн байна гэж, нэхэмжлэгчээс 1,183,129,869.01 төгрөгийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт санамсаргүй бичсэнээс тайлан зөрүүтэй гарсан гэж тайлбарлаж байна.

Д нь татварын албанд иргэдээс худалдан авсан алт, дагалдах мөнгөний мэдээг ирүүлж байсан ба 2020 онд голомт банкинд алт тушаасан нэгтгэлээрээ 2020 оны 05 сарын 01-ний өдөр, 06 сарын 15-ны өдөр, 07 дугаар сарын10-ны өдөр, 08 сарын 11-ний өдөр, 09 дүгээр сарын30-ны өдөр нийт 38,234.19 грамм алт, 3,267,88 грамм мөнгийг тушаасан борлуулалтын нийт орлого нь 6,666,804,304.70 төгрөг  байх бөгөөд  нэхэмжлэгчээс хувь хүний орлогын албан татварын тайланд  нийт орлогыг 5,495,791,641.26 төгрөг гэж, хасагдах зардлыг 5,478,759,867.81 төгрөг гэж тайлагнасан.

Улмаар Төв аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч нарын 2021 оны 11 дүгээр сарын17-ны өдрийн НА-142100000.... дугаартай Нөхөн ногдуулалтын актаар[10] нийт орлогоос дутуу тайлагнасан 1,183,129,869.01 төгрөгт, мөн 5,006,412,950.95 төгрөгийн зардал гэж нэхэмжлэгчийн тайлагнасан дүнг баримтаар нотлогдоогүй гэсэн үндэслэлээр орлогод тооцон нөхөн татвар ногдуулж, нийт 943,295,445.52 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

3.5. Татварын ерөнхий хуулийн 28.3 дах хэсэгт “Татвар төлөгч анхан шатны баримт бүрдүүлээгүй болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системд холбогдоогүйгээс орлого, зарлагыг нь тодорхойлох боломжгүй, эсхүл татвар ногдуулах орлого, татвар ногдох орлогоос хасагдах зардлыг тодорхойлохдоо бодит бус үнэ хэрэглэсэн тохиолдолд татварын алба татварын ногдлыг жишиг үнийн, эсхүл үнэ шилжилтийн тохируулга хийх аргаар тодорхойлж, холбогдох татварыг ногдуулна”, 6 дугаар зүйлийн 6.1.11 дэх заалтад "жишиг үнийн арга" гэж татвар төлөгчтэй ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагаа, орлого, зарлагын болон бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдлыг тодорхойлохыг, тийм татвар төлөгч байхгүй бол татварын алба өөрт байгаа мэдээллийг үндэслэн татварын ногдлыг тодорхойлохыг”, 36.2 дах хэсэгт “Татварын алба дараах үндэслэлээр татварын ногдлыг өөрт байгаа мэдээлэлд үндэслэн жишиг үнийн аргаар тодорхойлно” гээд 36.2.2 дах заалтад “татвар төлөгч тайлан, бүртгэлийг дутуу буюу буруу хөтөлсөн тохиолдолд жишиг үнийн аргыг хэрэглэж болохоор тус тус хуульчилсан байхад акт тавихдаа уг аргыг ашиглаагүй байна.

3.6. Ингэснээр нийт орлогоос дутуу тайлагнасан 1,183,129,869.01 төгрөгөөс хасагдах зардлыг хасалгүй нийт дүнд, мөн 5,006,412,950.95 төгрөгийн зардал гэж нэхэмжлэгчийн тайлагнасан дүнг баримтаар нотлогдоогүй гэсэн үндэслэлээр орлогод тооцон тус тус нөхөн татвар ногдуулсан нь илэрхий үндэслэлгүй байх ба нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн гэж шүүх үзлээ.  

3.7. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд тайлбарлахдаа 45 иргэнээс алт худалдан авсан гэж тайлбарлаад үүнтэй холбогдуулан депозит дансны дэлгэрэнгүй хуулга[11], Монгол банкинд тушаасан алтыг худалдан авсан жагсаалт[12], 2020 оны зээлийн баримтууд[13] зэргийг шүүхэд ирүүлсэн, хариуцагчаас 38,234.2 кг алтыг[14] худалдан авсан зардлыг хасч тооцоогүй гэдэгтэй маргаагүй.

3.8. Татварын улсын байцаагч нар нь дээрх хуулийн зохицуулалт болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтад “хуульд үндэслэх”, 4.2.5 дахь заалтад “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, мөн Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална” гээд 5.1.2 дахь заалтад “тодорхой байх” зарчимд үндэслэж шийдвэр гаргаагүй байх тул Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн НА-142100000.... тоот 943,295,445.52 төгрөгийн нөхөн ногдуулалтын акт[15] нь илт үндэслэлгүй гарчээ.

Хариуцагч нараас хасагдах зардлыг хасч тооцоогүй гэдэгтэй маргаагүй бөгөөд нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Монгол банкинд тушаасан иргэдээс алтыг худалдан авсан жагсаалт, зээлийн баримтууд болон холбогдох бусад баримтад дүгнэлт хийж, баримтаар нотлогдоогүй татварын ногдлыг цаашид тогтоох шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрч байна.

Иймд маргаан бүхий Төв аймгийн Татварын албаны улсын байцаагч Р, Ү нарын 2021 оны 11 дүгээр сарын17-ны өдрийн НА-142100000.... дугаартай Нөхөн ногдуулалтын актыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасны дагуу Төв аймгийн Татварын хэлтсээс Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт “Нөхөн ногдуулалтын актаар татвар төлөгчийн татварын ногдлыг нэмэгдүүлэх, эсхүл бууруулах өөрчлөлт хийх бөгөөд ногдол бууруулсан зөрүүг нөхөн ногдуулалтын акт үйлдсэн татварын жилийн татварын үлдэгдлийн тооцоололд оруулан тооцно” гэж зааснаар дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 28 дугаар зүйлийн 28.3, 30 дугаар зүйлийн 30.2, 30.2.5, 30.2.6, 30.2.9, 30.3, 30.4, 41 дүгээр зүйлийн 41.1, 42.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн НА-142100000.... дугаартай Нөхөн ногдуулалтын актыг Төв аймгийн Татварын хэлтсээс дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас дахин шинэ акт гаргах хугацааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаж буй НА-142100000.... дугаартай нөхөн ногдуулалтын акт хүчингүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Д-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

 

 

[1] 1хх-ийн 1-4 дэх талд

[2] 1хх-ийн 144 дэх талд

[3] 1хх-ийн 7-9 дэх талд

[4] 1хх-ийн 16-20 дах талд

[5] 1хх-ийн 7-9 дэх талд

[6] 1хх-ийн 16-20 дахь талд

[7] 1хх-ийн 93 дахь талд

[8] 1хх-ийн 38-39 дэх талд

[9] 1хх-ийн 40 дэх талд

[10] 1хх-ийн 7-9 дэх талд

[11] 1хх-ийн 125-143 дахь талд

[12] 1хх-ийн 146-147 дахь талд

[13] 1хх-ийн 148-152 дахь талд

[14] 1хх-ийн 69-79 дэх талд

[15] 1хх-ийн 7-9 дэх талд