Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 212/МА2021/00010   

 

   А.А-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2020/01274 дүгээр шийдвэртэй, Өлгий сумын 3 дугаар багт оршин суух А.А-ийн нэхэмжлэлтэй, Өлгий сумын 5 дугаар багт оршин суух Г.А-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны  01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.Еркегүл, нэхэмжлэгч А.А-, түүний өмгөөлөгч Д.Айбек, хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжан нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:      

 

Нэхэмжлэлийн шаардлага: А.Б-ын асрамжийг өөрчлөн тогтоолгох, А.Б-, А.М- нарыг эх нь Г.А-аар тэжээн тэтгүүлэх, А.М-ын хадгаламжийн мөнгө 1.200.000 төгрөгийг гаргуулах тухай.    

 

Нэхэмжлэлд: “Миний бие 2010 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Г.А-тай гэр бүл болсон ба 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүү А.Б-, 2012 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүү А.М-, 2015 оны 01 дүгээр сарын 23-нд хүү А.А- нар төрсөн. Эхнэр болох Г.А- бид хоёр гэр бүлийн таарамжгүй байдлаас болж 2019 оны 10 дугаар сарын 17-нд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 611 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцалсан, 9 настай А.Б- 5 настай А.А- нарыг эх нь болох Г.А-ы асрамжид үлдээж, надаар тэжээн тэтгүүлсэн. Харин А.М-ыг миний асрамжид үлдээсэн байсан ба тухайн үед би А.М-т тэжээн тэтгүүлэх асуудлыг хөндөөгүй байсан. Г.А-тай гэрлэлтээ цуцлуулсны дараа хүү болох А.Б-, А.М- нар байнга надтай хамт амьдарч байгаа. Хүү А.Б- нь ээжтэй хамт байхыг эрмэлздэг, дургүй байгаа юм. Тухайн үед хүү болох А.Б- ээжтэй хамт байсан ч хэд хоноод над дээр ирдэг. Мөн хүүхэд маань өөрийн хүсэлтээр аав, ээждээ ээлжлэн очиж уулзаж байдаг байсан. Гэтэл төрсөн ээж нь Г.А- нь 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүү болох А.Б-ын нүдэн хэсгийг гараар цохисон ба асуудал нь цагдаагаар шалгагдаж Г.А-д Зөрчлийн тухай хуулиар торгох арга хэмжээ авсан. Сүүлийн үед хүү А.Б-, А.М-, А.А- нар надтай хамт амьдарч, эрх чөлөөтэй явдаг болсон. Ээж дээрээ очиж нэг хоноод буцаж гэртээ ирэхэд янз бүрийн уг хэлж чамтай хамт амьдрах сайхан, ээжид очиход байнга дарамталж нүддэг гэж хэлдэг. Би 2020 оны 9 дүгээр сард Гэр бүл залуучуудын газарт дүгнэлт гаргуулахаар өргөдөл өгсөн. Тус байгууллагын газрын хүүхдийн эрхийн улсын байцаагч Б.Ерген бидний амьдалтай нүдээрээ танилцаж явсан. 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр улсын байцаагчийн дүгнэлтийг гардан авсан. Дүгнэлтэд хүүхэд өөрийнхөө хүсэлтээр аав ээжийндээ ээлжлэн очиж уулзаж хамт байдаг нь нэг талаар сайн боловч цаашид хүмүүжлийн хувьд дураараа болох, хичээл сурлага нь муудах зэрэг сөрөг үр дагавартай тул аль нэгний тогтмол хараа хяналтад байлгах, өсгөн хүмүүжүүлэх, асран хамгаалах эрхийг нь эцэслэн шийдвэрлэх эрх бүхий байгууллагаар шийдүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт гарсан. Хүүхдүүдийн эрх нь зөрчигдөж байна. Иймд А.Б-ын асран хамгаалагчийг өөрчилж, А.Б-ыг миний асрамжид үлдээж, эх болох Г.А-аар А.Б-, А.М- нарыг тэжээн тэтгүүлж өгөхийг хүсье.

Мөн Г.А- нь миний асрамжид үлдээсэн А.М-ын нэр дээр Капитрон банкны Баян-Өлгий салбарт байгаа хадгаламжийн мөнгийг авч, хадгаламжийн дансыг хаасан байна. А.М-ын хадгаламжийн мөнгө болох 1,200,000 төгрөгийг Г.А-аар гаргуулж олгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Би нөхөр болох А.А-тэй 2010 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болж, улмаар 2011 оны 5 дугаар сарын 18-ний өдөр хүү А.Б-, 2012 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүү А.М-, 2015 оны 01 дүгээр сарын 23-нд хүү А.А- нарыг төрүүлсэн бөгөөд А.А- бид хоёрын дундаас төрсөн нийт 3 хүүхэдтэй. А.А- бид хоёр гэр бүл болсон цагаас эхлэн нөхрийн аав, ээжийн гарт амьдарч байсан бөгөөд хадам аав, ээж намайг байнга ад үзэж дандаа миний эсрэг юм хэлж байдаг. Энэ мэт асуудлаас болж А.А- бид хоёрын хооронд таарамжгүй харьцаа үүссэн. А.А- нь заримдаа архи ууж, гэртээ согтуу ирээд надад гар хүрдэг байсан. Энэ бүхнийг би урт хугацаанд тэсэн өнгөрүүлж байсан. Жишээ хэлэхэд нөхөр маань өнгөрсөн жил миний хоолой руу хутга тулгаж ална хэмээн айлган сүрдүүлж байсан. Сүүлдээ энэ нь энгийн үзэгдэл болсон. Өөрөөр хэлбэл нөхөр маань надад ямар нэгэн муу зүйл хийчих вий хэмээн байнгын айдас түгшүүртэй явдгаас болж миний сэтгэл санаанд өөрчлөлт орж гутрах болсон. Энэ байдлыг аймгийн Цагдаагийн газарт хэлэх гэхэд нөхөр маань гар утсыг маань булааж аваад хэрэв энэ тухай хэн нэгэнд хэлбэл ална барина гэж айлгаж чамайг хэн ч тоохгүй, чи төрийн албан хаагч хүн шүү дээ нэр төрөө бодоорой, ер нь хуулийн байгууллагад хандаад олж долоосон хүн байхгүй шүү дээ. Баян-Өлгий аймаг маш жижигхэн учраас хүмүүс бие биеэ сайн таньдаг, цагдаагийн хүмүүс бүгд миний талын танил хүмүүс тэд намайг л хамгаалах болно, тэгэхээр больсон нь дээр шүү дээ гэж хэлдэг байсан. Үүнээс болж удаан хугацаагаар гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн дотроо хадгалаад шаналаад явж ирсэн. Ганц хоёр удаа нууцаар Хүчирхийллийн төвийн үндэсний төвийн лавлагаа мэдээлэл өгөх 108 дугаар утас руу залгаж зөвлөгөө авч байсан. Энэ олон хүчирхийллээс буу болон хутга тулгаж ална гэсэн байдлыг цагдаагийн газарт мэдэгдэж байсан. Эцэст нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч А.А-ийн талаар аймгийн цагдаагийн газарт гомдол гаргасан ба Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр түүний гэм буруутай болохыг тогтоож байсан. Улмаар гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 611 дугаар шийдвэрээр гэрлэлтээ албан ёсоор цуцалж, хүү Б-, А нарыг миний асрамжид үлдээсэн. Гэтэл шүүхээс М-ыг Б-, А- нараас салгаж эцгийн асрамжид үлдээснээс болж хүүхдүүд бие биеэ санадаг болж сэтгэл зүйд нь өөрчлөлт орж эхэлсэн. Үүнийг А.А- нь далимдуулж хүү Б-, А- нартай уулзахдаа тэдгээрийг уруу татаж, ээжийг нь муухай харагдуулж янз бүрийн муухай үг хэлж заасан байдаг. Үүнээс болж хүүхдүүд маань эцэг эхийнхээ аль нь муу аль нь сайн гэдэгт эргэлздэг болсон. Сүүлдээ хүү Б-, А- нарыг жаахан юмнаас болж загнахад /хүмүүжүүлэх зорилгоор/ аав руугаа очно гэх болсон. Энэ бүхнийг А.А- хүүхдийн тэтгэлэг төлөхгүйн тулд хийсэн гэж бодож байна. Нөгөө талаас А.А- нь надаас гэрлэлтээ цуцлуулсны дараа өөр эхнэр авсан, үүнээс хойш А.А- нь гэртээ хүн дуудаж байнга архи уудаг болсон, мөн 2 дахь удаа авсан эхнэр нь миний хүүхдүүдэд санаа тавьдаггүй юм байна. Үүнийг миний хүү Б-, М- нар надад хэлж байгаа. Мөн нэхэмжлэгч А.А- гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хүүхдийн дэргэд зүй бус үйлдэл гаргаж хүүхдийн эрхийг зөрчиж байсан болохоос биш миний бие хүүхдийнхээ мөнгийг хувьдаа зарцуулсан асуудал огт байхгүй тул нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.  

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2020/01274 дүгээр шийдвэрээр:

“1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү А- овогтой М-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эх нь болох Г.А-аар тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү А.Б-ын асрамжийг өөрчлүүлэх, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан 2012 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү А.М-ын нэр дээр байгаа хадгаламжийн мөнгө 1.200.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1,63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157553 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.А-аас улсын тэмдэгтийн хураамжид 27002 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.А-т олгосугай. гэж шийдвэрлэжээ.  

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа иргэний хэргийг тал бүрээс бодиттой дүгнэж үзээгүй, зөвхөн нэг талыг баримталж шийдвэр гаргасан.

Хариуцагч Г.А- нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2019/00611 дугаартай шийдвэрээр гэр бүлээ цуцлуулсан. Г.А- нь гэр бүл цуцлуулсны дараа 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр асаргаанд байсан хүү болох А.Б-ыг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн. Уг асуудлаар Цагдаагийн байгууллагад хандсан ба Г.А-ыг Зөрчлийн тухай хуулиар торгож арга хэмжээ авсан. Гэтэл анхан шатны шүүх уг асуудалд дүгнэлт хийгээгүй. Хариуцагч Г.А- нь анх шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 2019 оны 8 дугаар сард Голомт банканд А.М-ын нэр дээр хадгаламжид байсан хуулганд дурдагдсан 844.936.33 төгрөгийг дур мэдэн авч хувьдаа ашиглан зарцуулсан асуудлыг огт авч хэлэлцээгүй орхигдуулсан. Тухайн үед миний бие нэхэмжлэл гаргахдаа 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийг хариуцагч Г.А-аар гаргуулахаар нэхэмжилсэн. Ер нь хариуцагч Г.А- нь насанд хүрээгүй хүүхдийн эрх зүйн байдлыг дордуулсан асуудал гаргасныг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Сум дундын анхан шатны шүүх насанд хүрээгүй А.Б-ын саналыг асуухад аавдаа хайртай, аавтай хамт амьдахыг хүсдэг, ээж маань загнадаг, загнах байтугай зоддог гэж санал хэлсэн байхад анхан шатны шүүх хүүхдийн саналд дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Хариуцагч Г.А-ы гаргасан гэр бүлийн хүчирхийлэл, насанд хүрээгүй хүүхдийг зодсон асуудал мөн Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авагдсан зэргийг мөн хүүхдийн эрх зүйн байдлыг дордуулж, хадгаламжид байсан мөнгө төгрөгийг дур мэдэн авч хадгаламжийг хаалгасан зэрэгт анхан шатны шүүх тал бүрээс нь дүгнэж үзээгүй ба А.Б-ын асрамжийг өөрчлөх, А.М-ын хадгаламжид байсан мөнгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2020/01274 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, А.Б-ын асрамжийг өөрчилж тэтгэлэг тогтоож, А.М-ын хадгаламжаас авсан мөнгийг Г.А-аас гаргуулан өгнө  үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан тогтоож, тухайн маргаанд хамаарах хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Нэхэмжлэгч А.А- нь хариуцагч Г.А-д холбогдуулан “А.Б-ын асрамжийг өөрчлөн тогтоолгох, А.Б-, А.М- нарыг эх Г.А-аар тэжээн тэтгүүлэх, А.М-ын хадгаламжийн мөнгө 1.200.000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

А.А-, Г.А- нар нь 2010 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болж, 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүү А.Б-, 2012 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүү А.М-, 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүү А.А- нар төрсөн, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2019/00611 дугаар шийдвэрээр гэрлэлтийг цуцалж, 2012 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү А.М-ыг эцэг А.А-ийн асрамжид үлдээн, 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү А.Б-, 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү А.А- нарыг эх Г.А-ы асрамжид үлдээн, эцэг А.А-ээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэж байжээ.

Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байцаагч, цагдаагийн ахмад К.Ёлкагийн №0233022 дугаартай шийтгэлийн хуудсаар хариуцагч Г.А-ы үйлдсэн “хүүхдийг үл хайхарсан, биед нь халдсан” зөрчилд 300.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтийг үндэслэн анхан шатны шүүхээс 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүүхдийн амьдарч, сурч боловсорч буй ахуй нөхцөл, эцэг, эхийн зан төлөв, ёс суртахуун болон үүргээ гүйцэтгэж байгаа байдал, хүүхдүүдийг цаашид хэний асрамжид үлдээвэл тэдгээрийн ашиг сонирхолд илүү нийцэхийг тодруулах зорилгоор аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн эрх хамгааллын асуудал хариуцсан улсын байцаагч, Цагдаагийн газрын хүүхдийн ахлах байцаагч,  Эрүүл мэндийн газрын эх, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн нарыг шинжээчээр томилжээ. Тус шинжээч нарын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн  дүгнэлтээр “2011 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү А.Б-, 2015 оны 01 дүгээр сарын 23-ны төрсөн хүү А.А- нарыг эх Г.А-ы асрамжид үлдээх нь тэдний ашиг сонирхол, хүмүүжил, ёс суртахуун болон сурч боловсроход илүү нийцнэ” гэсэн байна.

Нэхэмжлэгч А.А- хүү А.Б-ын асрамжийг өөрчилж, эх Г.А-аар тэжээн тэтгүүлэхээр маргаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасан хүүхдийн асрамжийг өөрчлөх хууль зүйн болон бодитой үндэслэл тогтоогдохгүй байна. Г.А- нь “хүүхдийг үл хайхарсан, биед нь халдсан” үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээсэн, энэ талаарх үйл баримт тогтоогдсон байдал нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг харгалзан  үзвэл, хүү А.Б-ын асрамжийг өөрчлөх үндэслэл болохгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөн түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар хүү А.М-ын нэр дээрх Капитрон банкны Баян-Өлгий салбарт хамтран эзэмшигчээр Г.А- бүртгэгдсэн 3005009963 дугаартай хадгаламжийн дансны үлдэгдэл 844936.33 төгрөгийг хариуцагч Г.А- авсан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.А- нь хариуцагч Г.А-ыг хадгаламжийн мөнгийг авч хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй,  энэ талаарх татгалзал, тайлбараа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.  Түүнчлэн Г.А- нь уг 3005009963 дугаартай хадгаламжийн дансны хамтран эзэмшигч мөн байх тул түүнийг үндэслэлгүй хөрөнгө олж авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан дүгнэж гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдол заасан үндэслэлээр өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй байх тул “шүүх шийдвэр гаргахдаа хэргийг тал бүрээс нь бодиттой дүгнэж үзээгүй, зөвхөн нэг талыг баримталж шийдвэр гаргасан” гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.      

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2020/01274 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128.950.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

                       

Д.КӨБЕШ